| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0030/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 32
2019 01 24 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Н.Т-д холбогдох 1821007050408 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техник ашиглалтын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Мөнхөт гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овогт Н.Т.
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 15 дугаар байрны гадаа иргэн У.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...У.Т бол манай хүргэн ах л даа. Намайг гадуур явж байхад эгч утсаар залгаад У.Т согтуу ирээд байна, хүрээд ир гэхээр нь очоод ийм зүйл болсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Н.Т-тэй маргасан юм. Н.Т “Чи манайхаас яв, эгчийг маань дуртай үедээ хөөж явуулаад дуртай үедээ авчирдаг хүн чи биш, зайл” гэж хэлсэн. Би Н.Т“чамд хамаагүй” гэтэл “Хамаагүй гэсэн юм байхгүй” гэж хэлээд намайг тэндээс чирч гаргаад орцны зүүн талд миний толгой руу маань мангасдаж намайг түлхэж унагаасан. Тэгээд намайг газар унасан үед Н.Т миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд Н.Т-тэй заамдалцаад хэрэлдэж байх үед хоёр цагдаа ирсэн. ...би буцаад Баасансүрэнгийн гэр рүү нь алхсан. Би тэднийд очиход хаалга нь онгорхой байсан ба хаалгаар нь яваад орсон. Тухайн үед тэднийд Баасансүрэн, Н.Т, Түвшин болон өөр нэг танихгүй залуу байсан. Би дахиад Н.Т-тэй маргалдсан. Би Баасансүрэнтэй юм яръя гээд куртикнээс нь татахад Н.Т “Наадах чинь одоо явахгүй гээд байна шүү дээ, чи одоо яагаад байгаа юм” гэж хэлээд намайг гэрээсээ татаж гаргасан. Намайг орцны гадаа зүүн талд гаргаад түлхэж унагаасан. Тэгээд миний цээж, хавирга орчимд өшиглөсөн. Цээж рүү минь 5-6 удаа өшиглөх шиг болсон. Дараа нь Баасансүрэн гэрээсээ гарч ирээд дүүгээ боль гээд загнаж байсан. ...Надад учирсан хохирлын 480.000 төгрөгийг Н.Т бүгдийг нь бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Миний хохирол 100 хувь төлөгдсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 13-15, 17 тал/
Насанд хүрээгүй гэрч Н.Түвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Т ахыг У.Т ахтай цуг орцны гадаа маргалдаж зодолдож байх үед Батзориг бид хоёр гэр рүү орж гараад байж байсан. Миний харсан зүйл гэвэл У.Т ахыг Н.Т ахад дагз руугаа 3-4 удаа алгадуулж байхыг л харсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч П.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Т У.Т хоёр маргалдаж байгаад манай дүү Н.Т маань У.Тийг гэрээс чирч гаргаад орцны гадаа У.Тийг түлхэж унагаасан. Тэр үед У.Т нүүрээрээ газар унасан. У.Т босч ирээд Н.Тийг цохих гэтэл Н.Т хойшоо зайлж холдоод У.Тий дагз руу гараараа алгадсан. Тэгээд би тэд нараас холдоод цонхныхоо хажуунаас харж байтал Н.Т У.Т хоёр хоорондоо маргалдаж байсан” гэжээ. /хх-ийн 39-40 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 838 тоот актын дүгнэлтэд
1. У.Т-ий биед баруун нүд, хацар, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 42 тал/
- Н.Т-ийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-35, 48-49 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Харгана овогт Н.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ... дугаар байрны гадаа хохирогч У.Т-ийг зодож, түүний биед баруун нүд, хацар, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Намайг цохих гээд гараараа далайсан. Тэгэхээр нь би бултаад нүүр рүү нь өшиглөсөн. Гэр рүү орох гээд дайраад байхаар нь түлхэж унагаагаад цээж рүү нь өшиглөсөн...“ гэх мэдүүлэг, хохирогч У.Т, гэрч П.Баасансүрэн, насанд хүрээгүй гэрч Н.Түвшин нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 838 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Н.Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Н.Т нь хохирогч У.Т-д гэм хорын хохиролд 480.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Тийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харгана овогт Н.Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Тийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ