| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2018/00061/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох 1840000810062 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны гадаа Н.О хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж доод эрүүний ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 38 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд М гэх залуу тааралдсан... Ингээд намайг явж байхыг хараад надтай мэнд мэдээд юм яриад зогсож байтал М сууж байсан сандалны эсрэг талын сандалын дэргэд Б.Б гэх залуу ангийнхаа охид болох 45 дугаар байрны бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг Б,С,Б нартай байсан. Тэгсэн Б.Б нь согтуу ирээд М бид хоёрыг юм яриулахгүй элдэв бусаар хэлээд байхаар нь “Чи цаашаа бай, би хүнтэй юм ярьж байна” гээд М-тай ярьж байтал гэнэт хойноос зүүн шанаа тус газар руу хүчтэй цохьсон. Тэгсэн би газар ухаан алдаад уначихсан байсан. Нэг сэрсэн би газар хэвтчихсэн байсан. Тэгээд сэргэхэд миний эрүү санжигнаж ярьж чадахгүй болсон байсан. Мөн миний амнаас их хэмжээний цус гарсан... Ингээд би эмнэлэг дээр ирж нэгдсэн эмнэлгийн дарга Б-т үзүүлэхэд миний эрүүг үзээд “Таны эрүү 2 хэсэг хугарсан байна, та өнөөдөртөө нэн даруй машин олоод Улаанбаатар хот яв” гэж хэлсэн. Би тэр өдөртөө боломж байхгүй болохоор явж чадаагүй. 2018 оны 8 дугара сарын 29-ний өдөр Б.Б надтай уулзаж “би эмчилгээний чинь мөнгийг хариуцана чи одоо үзүүлж бай” гэж хэлээд надад 240000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад мөнгө өгөхөд манай эгч миний хажууд байсан. Би Б-ы өгсөн мөнгийг аваад Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд миний эрүүний зааг хэсэг, шанааны яс хугарсан байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эрүүний хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Миний эмчилгээнд 1.500.000 төгрөг болсон. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад Н.О 15 цагийн орчим эрүүгээ боочихсон нүүр нь хөх туяа болчихсон орж ирсэн. Надаас Баярсайханыг асуухаар нь “Яасан юу болсон нүүр ам чинь яачихсан юм бэ өчигдөрхөн зүгээр явж байсан биз дээ” гэхэд Б.Б та хэдтэй байхдаа надтай муудалцахдаа намайг ийм болгосон гэсэн. Би та хоёрыг муудалцахад салгаж явуулсан шүү дээ гэхэд Б.Б намайг ийм болгосон гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Э.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хувиарын дагуу 16 цаг 30 минутаас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8 цаг 30 минут хүртэл үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр намайг ээлжинд гарч байх хугацаанд буюу 23 цаг 30 минутын үед эмнэлгийн хүлээн авах тасагт жижүүр эмч Ү.Алтанцэцэгийн хамт байхад Н.О гэдэг хүн нилээн согтуу баруун гараараа эрүүгээ доод талаас өргөж тулсан байдалтай орж ирсэн. Жижүүр эмч А юу болсон талаар асуухад “сая хүнд” зодуулчихлаа гэж байсан. Н.О ын гэмтсэн эрүүг үзэх гэхэд ойртуулахгүй болохоор өвчин намдаах тариа хийж байгаад гэмтлийн эмч буюу нэгдсэн эмнэлгийн дарга А.Б-ыг дуудаж үзүүлэхэд Н.О ын эрүү хоёр хугарсан байна. Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай яв гээд эрүүнд боолт хийж өгөөд явуулсан. Анхны шатны тусламж үзүүлж байхад нүүр ам болон бусад эд эрхтэнд ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 8 дугаар сарынм 25-ны өдөр гэртээ амарч байхад орой 23 цаг 35 минутын орчим эмнэлгийн яаралтай тусламжийн утсаар эх баригч бага эмч Э.Х залгаад “Гэмтэлтэй хүн ирлээ үзүүлье” гэхээр нь эмнэлгийн хүлээн авах тасагт ирэхэд Бор-Өндөр сумын харъяат Н.О гэгч нь нилээн согтолтын байдалтай ярьж чадахгүй байна гээд эрүүгээ нэг гараараа дороос нь тулсан байдалтай сууж байсан. Тэгээд үзлэг хийхэд эрүүний зүүн талын булан болон оч хэсгээрээ хугарч зөрсөн байсан. Би хугарсан хэсгийг эвлүүлээд эрүүний боолт хийж өгөөд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явуулсан. Н.О аас яагаад эрүү хугарах болсон талаар асуухад Н.О нь “Сая хүнд” цохиулсан. Тэгээд шууд ирсэн гэж байсан. Намайг үзлэг хийхэд уг эрүүний хугарсан гэмтэл шинэ гэмтэл байсан. Би хүнтэй зодолдоогүй, намайг хүнтэй уулзаж байхад буюу зүгээр зогсож байхад хажуунаас цохьчихсон гэж ярьж байсан. Практик дээр энгийн зүйлсээс унасан тохиолдолд эрүү хугарна гэж байдаггүй. Авто аваараар бол магадлалтай байдаг. Н.О ын эрүүний хугарал цохилтын улмаас үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн охин болох Сувдаа миний гар утас руу залгаж “Ангиараа нэг уулзалдъя, салхинд гаръя” гэхээ нь зөвшөөрсөн. Ингээд ангийнхантайгаа өглөө 11 цагийн орчимд уулзалдаж Бор-Өндөр сумаас баруун хойд талд байх Зугаалгын хад гэх нэртэй газар руу явсан. Уг газар руу би болон М, С, Б, М, Э нарын хамтаар явсан. Би очоод шорлог хийж идэнгээ 0.75 литрийн савлагаатай Соёрхол нэртэй архийг 2 шил, мөн зарим нэг нь хэдэн лааз пиво уусан... Зугаалгын хад гэх газар юм ярьж, ганц 2 шил архи ууж байгаад оройны 19 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын төв рүү орж ирж ангийн охин болох Бумаагийн гэр буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 38 дугаар байранд бүгд очсон. Бид Б-гийн гэрт ороод хоол цай хийж идэх зуураа мөн л 0.75 литрийн савлагаатай Соёрхол гэх нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Ингээд Б-гийн гэрээс манай ангийнхан уван цуван гарцгаасан юм. М, Б, М бид дөрөв Б-гийн гэрээс гараад хажуу орц буюу 38 дугаар байрны 3 дугаар орц буюу М-ын гэрийн орцны үүдэнд байх өөд өөдөөсөө харсан сандал дээр сууж байсан юм. Ингээд бид нарыг юм яриад сууж байтал Бор-Өндөр сумын харъяат манай доод үеийн залуу болох Н.О нь нилээн согтуу гуйвсан байдалтай ирээд бидэнтэй ярих гээд байхаар нь Мөнхмандах, Мөнх-Эрдэнэ Бумаа нар нь уулзахгүй гээд Н.О ыг яв гээд хөөгөөд байсан. Тэгсэн Н.О М дээр очиж уулзах гэтэл Мөнхмандах босоод Бумаа, Мөнх-Эрдэнэ бид гурвын сууж байсан газар ирэхэд Н.О хойноос дагаад ирсэн. Тэгэхээр нь би Н.О т хандаж “Чи яваа, яах гээд байгаан” гэхэд Н.О “Чи муу дуугүй бай, чамд ямар хамаатай юм” гээд над руу дайраад ирсэн. Тэгэхээр нь би өмнөөс босож ирэхэд манай ангийнхан бид хоёрыг муудалцах гэж байна гээд дундуур ороод Н.О ыг урд зүг рүү хөөж явуулсан. Ингээд удалгүй бид тэндээсээ гэр рүүгээ харьж амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 65 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны гадаа Н.О хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж доод эрүүний ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Э.Х, А.Б, П.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн 65 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Н.О нь Улаанбаатар хотод эмчлүүлж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар 740630 төгрөг байгаа боловч хохирогчид 1340000 төгрөг төлсөн байгаа болохыг дурьдах зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ы хувийн байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б-д торгуулийн мөнгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,
36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д торгуулийн мөнгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг сайн дураар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА