Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 182/2022/05338/И |
Дугаар | 210/МА2023/00894 |
Огноо | 2023-04-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/00894
2023 04 28 210/МА2023/00894
А.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00879 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК-д холбогдох, нийт 14,580,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие У ХХК-тай 2021 оны 10 сарын 11-ний өдөр орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Ривер Вилла апартмент, В блок, 13-р давхар, 181 тоот, 2 өрөө, 74 м.кв байрыг нийт 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 40,000,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 14-ний өдөр тус компанийн Голомт банкны 1105118416 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр 145,000,000 төгрөгийг Голомт банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 144,760,000 төгрөг, зөрүү болох 240,000 төгрөгийг өөрийн Голомт банкны дансаар 2021 оны 12 сарын 02-ны өдөр шилжүүлж төлж дуусгасан. Хариуцагч У ХХК нь гэрээний 4.2.3-т заасны дагуу 2021 оны 4-р улиралд буюу 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг хугацааг хэтрүүлж 2022 оны 06 сарын 30-ны өдөр байр хүлээлцэх актаар байрыг хүлээлгэн өгсөн. 2022 оны 07 сарын 04-ний өдөр хариуцагчид хандаж дээрх гэрээний 4.2.4-т заасны дагуу торгууль төлөхийг хүсэж өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хугацаанд нь байрыг хүлээлгэн өгөөгүйн торгууль 4,625,000 төгрөг, хохирол 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Талууд байрыг 2021 оны 4-р улиралд багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Дотор заслыг хэрхэн хийх талаар захиалагч тал захиалгын дэвтэрт бичиж захиалга өгдөг бөгөөд уг захиалгаа өгөөгүйн улмаас байр ашиглалтад орох хугацаа хойшлох тохиолдол байдаг. Хариуцагчийн зүгээс байрыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн буюу 2022 оны 06 сарын 30-ны өдөр акт үйлдэж хүлээлгэж өгсөн гэдэгт маргахгүй. Хохирол гэж хэлээд байгаа 14,580,625 төгрөгийн хувьд үндсэн төлбөрийг төлөөд түүний дагуу зээл аваад хүүг төлж байгаа байж үүнийгээ хохирол гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч өөрөө ипотекийн зээлд хамрагдана гэж хүсэлт гаргаад түүний дагуу банк нь зээл олгосон болохоос манайх нэхэмжлэгчийг зээл ав гэж шахсан зүйл байхгүй. Байрыг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөс үл шалтгаалан нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр, хүүг төлөх болохоос зээлийн төлөлтийг хохиролд тооцоод хариуцагчаас гаргуулна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч байр хугацаандаа ашиглалтад ороогүй учраас хохирсон гэдэг. Яг хохирсон уу гэдэг нь эргэлзээтэй байна. 2022 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн торгууль тооцсон гэдэг. Гэрээнд заасны дагуу 925,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-аас 4,625,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,995,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч У ХХК-аас 88,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.а. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үнийн дүнг бүрэн төлсөн бөгөөд хариуцагчийн зүгээс орон сууцыг ашиглалтад оруулж 2021 оны 11 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган өгч, түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг.
4.б. Хариуцагчийн зүгээс 2022 оны 06 сарын 30-ны өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй бөгөөд гагцхүү шүүгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн буюу үүргээ гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа төлөхөөр урьдчилан тодорхой хэмжээгээр эсхүл тодорхой хувиар төлөхөөр тогтоосон нэг удаагийн шинжтэй анзыг торгууль гэж зохицуулсан болохоос алдангитай адил үргэлжлэх шинжгүй болохыг харгалзан үзээгүй. Алданги нь үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн тодорхой хувиар тооцдог, үргэлжлэх шинжээрээ торгуулиас ялгаатай бөгөөд торгууль нь нэг удаагийн шинжтэй тул 4,625,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 4,625,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 3,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний хувьд тус компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн, харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 6 сар гаруй хугацаагаар хэтрүүлэн биелүүлсэн үйл баримт, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн үр дагаврыг арилган торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагчаас тайлбарлаж буй үндэслэл нь хуульд нийцээгүй, анхан шатны шүүхээс тогтоосон шударга ёсны шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч У ХХК-д холбогдуулан гэрээнд заасан торгууль 4,625,000 төгрөг, банкны зээл, хүүд төлж хохирсон 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2/
Хариуцагч дээрх шаардлагаас 925,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг ...торгууль нь нэг удаагийн шинжтэй, нэхэмжлэгчийг банкны зээл ав гэж шахаж шаардаагүй, өөрөө авсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 73-74/
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.а. Талууд 2021 оны 10 сарын 11-ний өдөр Р-2021/0459 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр У ХХК нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Ривер Вилла апартмент, В блок, 13-р давхар, 181 тоот хаягт байршилтай 74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 4-р улиралд багтаан А.М-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх, А.М- нь гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 30-ны өдөр 145,000,000 төгрөг, нийт 185,000,000 төгрөгийг У ХХК-д төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 7-11/
3.б. А.М- нь 2021 оны 10 сарын 14-ний өдөр 40,000,000 төгрөгийг дансаар, 2021 оны 12 сарын 02-ны өдөр 144,760,000 төгрөгийг Голомт банкнаас авсан ипотекийн зээлээр, мөн өдөр 240,000 төгрөгийг дансаар, нийт 185,000,000 төгрөгийг У ХХК-д төлж барагдуулсан; /хх 13-20, 21-24, 25, 27/
3.в. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ А.М-гийн нэр дээр 2021 оны 11 сарын 14-ний өдөр гарсан боловч У ХХК нь орон сууцыг 2022 оны 06 сарын 30-ны өдөр А.М-д акт үйлдэж хүлээлгэн өгсөн. /хх 5, 54-55/
4. Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 185,000,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 7 сараар хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.
5. Анхан шатны шүүх хариуцагчаас 4,625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн гэж үзэв.
Талууд Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.4-т Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэсэн нөхцөлийг тусгажээ. /хх 8/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоог үндэслэн 4,625,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн зохицуулалтад нэг удаа гэсэн агуулга тусгагдаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Гэрээнд заасны дагуу 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд торгууль тооцоход 185,000,000 төгрөг х 0,5% = 925,000 төгрөг х 5 сар = 4,625,000 төгрөг гарч байх тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Анхан шатны шүүх банкны зээл, хүү төлж хохирсон гэх 9,995,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
Учир нь, хариуцагч орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь бусдаас авсан зээл, түүний хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй, уг үүргийг хариуцагч хүлээх үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00879 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 74,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.НЯМБАЗАР