Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1840001040064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн эрэгтэй, яс үндэс халх, бүрэн  дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Д.Б Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат Д.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний зүүн гарын бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд хэсгүүдэд хутгаар хатгаж, доод үүдэн 2 дугаар шүдний булгаралт зэрэг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ 0.33 литрийн савлагаатай Ерөөл архинаас 100 граммыг татчихаад орой 18 цагийн орчим гэрээсээ гараад явж байхдаа 45 дугаар байрны гадаа Д.Б таарсан. Д.Б хоёулаа ганц юм ууя гэхээр нь тэгье гээд Оранж дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг авч Д.Б гэрт орж уусан. Би архи уучихаад “За хөгшин би явлаа” эмнэлэгт эхнэрийн бие муу байгаа болохоор би явлаа гэсэн чинь Д.Б гэнэт уурлаж “чи муу баян хулгайч гэсэн” гээд үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Намайг газар унахад миний цээж нь дээр өвдөглөөд хутга барьчихсан “хоолойг чинь огтолно” шүү гээд байсан. Д.Б намайг ална гээд гартаа барьж байсан хутгаараа 2-3 удаа хатгасан. Намайг зүүн гараар хаахад зүүн гарны шуунд 3 удаа, тохойнд 1 удаа хатгасан. Би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

Хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрт учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй. Улаанбаатар хот явж эмнэлэгт 15.000 төгрөг зарцуулсан. Цаашид эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрч Д.Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г  бид хоёр манайд 0.5 литрийн Ерөөл архи уусан. Г  манайд орж ирээгүй болохоор гэрээ танилцуулсан. Архи ууж байгаад би юу болсныг санахгүй байна. Өглөө сэрсэн орон дээрээ унтаж байсан. Г тэй уулзахаас өмнө би ганцаараа 0.5 литрийн савлагаатай Ерөөл архи ганцаараа уучихсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-нд гэрээсээ гараад явж байхдаа Г тэй таарсан. Надад агсам тавьж хутга шөвөг барьж миний гарыг 3-4 хатгасан, зодсон гэж байсан. Би уг байдлыг санахгүй байсан болохоор “найз нь мэдсэнгүй уучлаарай” гээд зөрөөд явчихсан юм. Тэгсэн Г  намайг цагдаагийн байгууллагад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Б үйлдлийн улмаас хохирогч Д.Г ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн эмчийн № 73 дугаартай дүгнэлт  /хх-ийн 16 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат Д.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний зүүн гарын бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд хэсгүүдэд хутгаар хатгаж, доод үүдэн 2 дугаар шүдний булгаралт зэрэг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн 73 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь  зүйтэй байна.

Хохирогч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд “...Миний бие Д.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Б-д зодуулж, гарандаа хутгалуулсан нь үнэн. Б-д гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт бичиж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар

зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.  Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

              4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ                                   С.БАЙГАЛЬМАА