Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1386

 

Ө.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И” ХХК-д холбогдох,

 

9 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө , М.Э ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ........... дүүрийн Зайсанд байрлах ............ хотхоны ............дүгээр байранд шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Баригдаж байгаа барилгын давхар бүрээр нь шаврын ажил хийгээгүй ба шавар хийх шаардлагатай гэсэн газарт шаврын ажил хийнэ гэж “I” ХХК-ийн захирал О.А хэлсэн. 101 дүгээр байрны 7 ба 8 дугаар давхар тус бүр 600 м.кв талбай, 5 давхарт 300 м.кв талбай шавардаж нийт 1500 м.кв талбайд шаврын ажил хийсэн ба талбайг тухайн үед хэмжсэн. Гэрчээр асуугдсан Ж.Г энэ талаар мэдүүлсэн байгаа. н.Ү гэх инженертэй хамт явж хийсэн ажлаа хүлээлгэн өгч, шаардлага хангаагүй хэсэгт шаврын ажил хийгээгүйг хасч 1500 м.кв талбайд шавар хийсэн гэж тооцсон. 1 м.кв-ыг 6 500 төгрөгөөр тооцоход 9 750 000 төгрөг гарсныг хариуцагч мэдэж байсан ба энэ талаар бичиг хийж өгсөн.

Хариуцагчаас 9 750 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 7 000 000 төгрөгийг хариуцагч төлнө гэж зөвшөөрвөл энэ үнийн дүнд эвлэрэхэд татгалзахгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хийсэн ажлын хөлс шаардаж байгаа, захирал О.А тэй уулзсан, гэрээ хийгээгүй гэж ярьдаг боловч хийх ажлаа амаар тохирч, сүүлд бичгээр баримт үйлдсэн. Ажлын үр дүнг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн, нийт 1900 м.кв талбайд шаврын ажил хийсэн боловч 1500 м.кв талбайд ажлын хөлс өгнө гэж О.А хэлж, баталгаа хийж өгсөн.

Хариуцагчийн тайлбарыг сонслоо, хийсэн ажлын хөлсийг Ж.Г-т өгсөн учраас Ж.Г-ээс нэхэмжлэх эрхтэй гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ барилгын ажлыг Ж.Г зуучлан олж өгсөн болохоос Ж.Г-тэй тохирч шаврын ажил хийгээгүй. Миний бие нэхэмжлэлдээ Ж.Г-тэй тохирсон гэж бичиж бичгийн алдаа гаргасан байна.

Ө.У миний бие Солонгос иргэдийг ажиллуулж байсан, эдгээр хүмүүс Монголд ажил хийх зөвшөөрөлтэй байсан, би бригадын ахлагч байсны хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь хариуцагч “I” ХХК-тай би амаар тохирч ажил хийлгэсэн, захиалагч нараас мөнгийг би авч тэдэнд өгөх үүрэгтэй байсан. Иймд 7 000 000 төгрөгөөр тохирохгүй бол 9 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х , өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ж.Г-тэй барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 1 сарын хугацаатай байгуулсан. Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтаар Ж.Г нь баригдаж байгаа барилгын дотор засал хийх үүрэгтэй байсан. Гэрээний 1.3-д заасан шаврын ажлыг Ж.Г нь Ө.У тэй харилцан тохиролцож хийлгэсэн байдаг. Манай компани гэрээний дагуу урьдчилгаа 30 000 000 төгрөгийг Ж.Г-т шилжүүлэн өгсөн.

Иймд Ж.Г-т урьдчилгаа болгон өгсөн 30 000 000 төгрөгөөс Ө.У-ийн хийж гүйцэтгэсэн шаврын ажлын хөлс багтсан ба Ө.У нь манай компаниас ажлын хөлс шаардах эрхгүй. Манай компани ажил гүйцэтгэх гэрээг Ж.Г-тэй байгуулсан, харин Ж.Г нь Ө.У тэй тохиролцож шаврын ажил хийсэн учраас Ө.У нь Ж.Г-ээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Ж.Г-тэй тохирсны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн гэж бичсэн байгаагаас үзэхэд гэрээг И ХХК-тай байгуулаагүй, Ж.Г-тэй тохирч шаврын ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Харин өнөөдөр өмгөөлөгч авчихаад өөр тайлбар гаргаж байна.

“I” ХХК-иас өгсөн баталгаа бол Ж.Г-тэй тохирсон туслан гүйцэтгэгч гэж ойлгож баримт үйлдсэн байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хуулийн 347 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэсэн тул Захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.Ө.У хийсэн ажлын хөлсөө Ж.Г-ээс шаардах эрхтэй, өөрөөр хэлбэл Ж.Г-тэй ажил хийхээр тохирсон учраас. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “I” ХХК-иас нийт 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “I” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.У т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна.

1.Шүүх талуудын хоорондын харилцааг Ажил гүйцэтгэх гэрээгээр тодорхойлж, нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн тухайд:

Хариуцагч “И” ХХК нь анх 2013 оын 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ж.Г-тэй Заслын ажлыг гүйцэтгэх гэрээ /хх-42-46/ байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр гэрээний 1.3-т заасан ажил буюу “Тааз-гипсэн уналттай тааз, замаск, эмульс, туузан гэрэл, нүдэн гэрэл, Хана замаск,обой, хуулга /зарим нэг унтраалга, разетк/, шал-плинтус, өрлөг-шавар, плита, суултуур, ванн суулгах, цэвэрлэгээ” зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

“И” ХХК нь гэрээний хөлс төлөх хуваарийн дагуу буюу 4.1-т заасны дагуу дотор заслын ажлын үнийн дүнгийн 30% болох 30 000 000 төгрөгийг /урьдчилгаа төлбөр бөгөөд өрлөгийн ажилд зориулагдсан төлбөр гэж ойлгоно./ Ж.Г-т олгосон. Үүнийг Ж.Г гэрчийн мэдүүлэг өгөхдөө 30 000 000 төгрөг урьдчилгаа төлбөрт авсан талаар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Ө.У нь манай компанитай ямар ч тохиролцоо хийгээгүй, гэрээ хэлцэл байхгүй, гүйцэтгэгч Ж.Г-тэй тохиролцсон үндсэн дээр тухайн шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “I” ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч Ж.Г-тэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ныг хүртэл хийж гүйцэтгэсэн гэж тодорхой бичсэн байдаг. /хх-1-2/

Түүнчлэн Ө.У хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2014.02.24-ний өдрийн баталгааны бичиг бол Ж.Г-ийг үргэлжлүүлэн ажлаа хийж дуусгана, шаврын ажилд туслан гүйцэтгэгчээр Ө.У-ийн бригад ажиллуулж байгааг мэдсэн учраас аргагүй эрхэнд баталгааны бичиг үйлдсэн болно. /хх-3/

Уг баталгааны бичигт ........... орон сууцны хотхоны ....... дүгээр байрны ......дүгээр орцны ..............дугаар давхрын шаврын ажлын хөлсийг Хөрөнгө оруулагч тал санхүүжилт хийгдсэний дараагаар санхүүжүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд Ө.У-ийн шаврын ажил хийсэн гэх 7, 8, 5 дугаар давхруудад 1500 м.кв талбайд шаврын ажлын үр дүнг хүлээн авсан талаар дурдаагүй бөгөөд үргэлжлүүлэн хийх ажлын хөлсийг гэрээний нэг тал болох Ж.Г-т санхүүжүүлнэ гэсэн утгаар гаргасан байдаг.

Гэрээний гүйцэтгэгч тал болох Ж.Г нь заслын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан ч энэ хугацааг 4 сар хэтрүүлж, ажлаа орхиж явсан бөгөөд бид аргагүй эрхэнд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “M” ХХК-тай гэрээ байгуулж заслын ажлыг дуусгасан.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд захиалагч болно” гэж зааснаар Ж.Г нь “И” ХХК-ийн хувьд ерөнхий гүйцэтгэгч, нэхэмжлэгч Ө.У-ийн хувьд захиалагч болж байгаа юм.

Тиймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар “… захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнэ хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө.У-ийн ажлын үр дүнг Ж.Г хүлээн авч, түүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй юм. /хх-53-54/

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие анх Ж.Г-тэй ярилцаж барилгын ажил байна гэдгийг мэдсэн, ямар хөлсөөр, хэдий хугацаанд хийх талаар тохиролцсон байдаг…” гэхчлэн хүсэлт гаргаж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23459 дугаартай Шүүгчийн захирамжаар Ж.Г-ийг уг хэрэгт хамтран хариуцагчаар татсан байдаг. /хх-66/

Ж.Г-ийг хариуцагчаар татсан хэдий ч оршин суух хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдсон учир нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг./хх-76-78/

ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан бөгөөд хариуцагч болон гэрчийн эрх зүйн байдал хуульд зааснаар нэн ялгаатай юм. Гэтэл нэхэмжлэгч нь Ж.Г-ийг хамтран хариуцагчаар татуулж, эрэн сурвалжлуулж тодорхой ажиллагаа хийгдсэний дараа гэнэт хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, Ж.Г-ийг өөрсдөө олж авчран түүнийг гэрчээр оролцуулсан нь ойлгомжгүй байхад шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй талаар:

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн баримтыг /хх-2/ хариуцагч урьд нь харж ч байгаагүй бөгөөд баримтад гарын үсэг зурсан этгээд О.Т нь тухайн үед барилга дээр хяналт тавьж ажилладаг байсан ажилтан бөгөөд компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрхгүй этгээд байхад анхан шатны шүүх О.Т-ийг гэрээний нэг тал, нөгөө талаар захиалагч гэж үзэн “Ажлын хөлсийг тохиролцсон” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хөдлөшгүй үнэн зөв байх талаас нь анхаарч үзээгүй.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарыг амаар тохиролцсон хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч “И” ХХК нь Ө.У тай анхнаасаа тохиролцоогүй, иргэн Ж.Г-тэй албан ёсны гэрээ байгуулан тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэдэг тайлбарыг өгч, удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарыг өгч байсан. /хх-42-46/

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон” бол талуудыг амаар хэлцэл хийсэнд тооцно гэж заасан байх бөгөөд, нэхэмжлэгч Ө.У болон хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдохгүй байхад ийнхүүд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажилчдыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус, тухайн ажлыг нэхэмжлэгч өөрөө хийгээгүй, тэдгээр ажилчидтай гэрээ байгуулсан нь тодорхой бус, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч энэ талаарх асуултанд хариулах албагүй гэж байсан гэхчилэн эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэснийг шүүх анзаараагүй, мөн ажлын үр дүн тоо хэмжээний талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гар бичмэл, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баталгаа өгөх тухай бичгүүдийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ө.У нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 9 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.У нь ......... дүүргийн ........... байрлах ............. хотхоны ...........дүгээр байранд 1 м.кв-ыг 6 500 төгрөгийн хөлстэйгээр 1500 м.кв талбайд шаврын ажлыг хийж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь гэрч Ж.Г-ийн “Ө.У нь м.кв-ийг нь 6 500 төгрөгөөр тохиролцож, 1500 м.кв шаврын ажлыг хийж гүйцэтгэж, хэмжиж “И” ХХК-д хүлээлгэн өгсөн, Ө.У-ийн ажлын хөлсийг би аваагүй” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Ө.У т шаврын ажлын хөлсийг санхүүжилт хийгдсэний дараа төлөхийг мэдэгдсэн хариуцагч байгууллагын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг зэргээр нотлогдож байна. /хэргийн 3, 122-124, 138 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хариуцагчаас ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь ............ хотхоны ......... дүгээр байрны .............дүгээр орцны ........... айлын дотор заслын ажлыг гүйцэтгэхээр Ж.Г-тэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн урьдчилгаа 30 000 000 төгрөгийг Ж.Г-т шилжүүлсэн. Харин Ж.Г нь Ө.У тэй тохиролцож шаврын ажил хийсэн. Дээрх үнийн дүнд Ө.У-ийн ажлын хөлс багтсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаа татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасну дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, хөлсний хэмжээний талаар хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахад татгалзахгүй гэснийг үндэслэн шүүх 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ж.Г-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх мөн өдрийн 17750 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

/хэргийн 31, 38 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23459 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Г-ийг хамтран хариуцагчаар татаж, улмаар хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлт гаргасныг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/14653 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, гэрчээр асуулгах хүлэлтийн дагуу түүнээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг тус тус авсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам зөрчсөн гэж үзэхгүй юм.

/хэргийн 71-75, 76, 82, 93, 94, 122-124 дүгээр тал/

 

Имйд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                      С.ЭНХТӨР