Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 675

 

                                                              Ц.О, М.М нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1181 дүгээр магадлалтай Ц.О, М.М нарт холбогдох эрүүгийн 1906005140302 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Т овогт Ц-ийн О,

2. Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Т овогт М-ийн М

Ц.О, М.М нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-ын нүүр рүү нь гараараа цохих, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1805 тоотод хамтран амьдрагч М.М-тэй маргалдан түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.О, М.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Ц.О-ийг хүнийг эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох,

М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т оногдуулсан торгох ялын хорих ялд дүйцүүлэн тооцож, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 1181 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.О гаргасан гомдолдоо: “Миний бие 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа болно. Тус гомдолдоо “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 1381 дүгээр тогтоолоор шийтгэгдсэн 409 дүгээр хаалттай хорих ангид давж заалдахаар хүлээж байхад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин яллаж эрх зүйн байдлыг маань илтэд дордуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд орохоос өмнө болон хуралдааны явцад өмнөх шийтгэх тогтоол гарсан тухай болон ялтай байгаа талаараа хэлж мэдэгдсэн боловч хоёр удаа шийтгэлээ. Иймд би хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялтай нэг бие хүн болоод байна. Миний ойлгосноор нэг хүн хэд хэдэн хэрэгт ял шийтгэгдсэн бол уг тогтоолыг нэгтгэж нэг тогтоолоор эдлэх ялыг тогтоодог болохыг мэдлээ. Иймд шийтгэх тогтоолуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэж тусгасан болно. Одоогоор дээрх гомдлын дагуу хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн хурлын тов гараагүй байгаа болно. Миний үйлдсэн гэмт хэргээс улбаалан М.М-ийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 916 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч  байна. Мөн тухайн үед М.М-ийн өмсөж байсан шүүх шинжилгээнд өгсөн хувцасны зүсэгдэж исгэгдсэн хэмжээ, хутганы мөр зэрэг дүгнэлтэд тусгагдаагүй байдаг ба тухайн хэмжээ хутганы нэвтэрсэн диаметртэй зохих ба түүнээс урагш үйлчилж болох бодит хэмжээ зэрэг нь М.М-ийн биед учирсан тэдгээр олон эд эрхтэн гэмтэхээр үйлчилсэн болох мөн Цэргийн төв Госпитал эмнэлгийн эмч нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг дахин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилон бодит гэмтлийг тогтоолгох хүсэлтэй байгаа тул тогтоол болон магадлалыг хүчингүй болгож дахин шалгаж өгнө үү. Миний давж заалдах шатны шүүхэд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гомдлыг Улсын дээд шүүх хянаж үзэж хоёр шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэн хууль ёсны дагуу эрх зүйн байдлыг минь дордуулалгүйгээр шийдвэрлэх шаардлага хуулийн дагуу үүсч байгаа тул 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1181 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа ухамсарлаж хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийн охиныг ямар нэгэн гэмт хэргийн золиос болгохгүйн тулд мөн хохирогчид үүссэн гэмтэл зэргийг хэргийн үнэн зөвөөр бодит байдлаар нь шийдвэрлүүлэхийн тулд иргэний хувьд хуулийг хүндэтгэж Улсын дээд шүүхэд хандаж гомдол гарган шударга шүүхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагаа журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус тодорхой заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр ... хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.О-ийг таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүхийн шүүгч нь Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсгээр түүнийг шүүхэд шилжүүлсэн (хэргийн 2 дахь хавтас, 15-16 дахь тал) байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг, 33.1-33.4 дүгээр зүйлүүдэд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг шүүгч дангаар гүйцэтгэж, эдгээр зүйлүүдэд заасан аль нэг шийдвэрийг шүүгчийн захирамж гарган шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд мөн хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол энэ хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан хэргийн хувьд бүх асуудлыг хамтын зарчмаар хэлэлцэж, шүүхийн тогтоол гарган шийдвэрлэх ёстой билээ.

Хуулиар тогтоосон энэхүү шаардлагын хүрээнд Ц.О, М.М нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж 102 дугаар тогтоол гарган (хэргийн 2 дахь хавтас, 176-178 дахь тал) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Гэтэл ийнхүү хамтын зарчмаар хянан хэлэлцэж гаргасан шүүхийн тогтоолоор түдгэлзүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч С.П нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2587 дугаар шүүгчийн захирамжийг дангаар гарган (хэргийн 2 дахь хавтас, 191-193 дахь тал) сэргээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул уг захирамжийг үндэслэн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэж гаргасан 1381 дүгээр шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан яллагдагчийн шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах бүхий л ажиллагааг шүүгч дангаар гүйцэтгэж, шүүгчийн захирамж гарган шийдвэрлэх эрхтэй бол яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийн хувьд буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэргийн бүх ажиллагаа, гаргах шийдвэр зөвхөн хамтын зарчмаар гүйцэтгэгдэх ёстой билээ.

Иймд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гаргасан шүүгчийн захирамжийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн энэхүү шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ц.Отгонцэцэгт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 722 дугаар шийтгэх тогтоол гаргаж түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүгдэгч Ц.О хоёр өөр шийтгэх тогтоолоор өөр хэмжээний хорих ялууд оногдуулсан бөгөөд эдгээр ялууд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэгдээгүй орхигдож, түүний биечлэн эдлэх ялын хэмжээ тодорхой тогтоогдоогүй байх тул үүнийг нэг мөр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1381 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1181 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.О, М.М нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Ц.О, М.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН