Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0073

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Х.Батсүрэн,

Шүүгчид:                   Б.Мөнхтуяа,

                                  Д.Мөнхтуяа,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:          М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 тоот албан бичгээр Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0613 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, З.С нарыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0613 дугаар шийдвэрээр: Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 тоот албан бичгээр Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О”ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 дугаар албан бичгээр Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л хяналтын гомдолдоо: “... а/ Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.2 дахь хэсэгт “гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ...”, мөн хуулийн 2691.1.1 дэх заалт “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;” гэж тус тус заасны дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болно.
  2. Нэхэмжлэлд дурдсан Д жургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Засгийн газраас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153 дугаар тогтоолоор тогтоосон “Ховор ургамлын жагсаалт”-ын 350 дугаарт Д ж(Saposhnikovia divaricata) нэрээр заагдсан байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.” гэж заасан.
  3. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс Д ж(Saposhnikovia divaricate) ургамалд дүгнэлт гаргахдаа “... хатаасан үндсийг ургамлын гаралтай эмийн түүхий эд бүтээгдэхүүн болгон бүтээгдэхүүн хийхэд ашиглах боломжтой.” гэж дурдсан байх тул Гаалийн байгууллагыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна.
  4. б/ Нэхэмжлэгч “О” ХХК нь 2017 онд түүж бэлтгэх зөвшөөрлийг авч түүн бэлтгэсэн бөгөөд барааны чанарт өөрчлөлт орох нөхцөл байдал үүсээд байна гэж нэхэмжлэлдээ дурдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 онд нийт 22 аж ахуйн нэгжид түүж бэлтгэж гадаадад гаргах зөвшөөрөл олгосон бөгөөд Гаалийн байгууллагын зүгээс тухайн аж ахуйн нэгжүүдэд адил тэгш шаардлага тавьж улсын хилээр гаргахыг хориглосон болно. Үүний улмаас дээрх аж ахуйн нэгжүүд хамтран шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч “О” ХХК нь 2017 онд зөвшөөрөл авснаасаа хойш Гаалийн байгууллагад удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж шийдвэрт дурдсан байтал (шийдвэрийн 8 хуудас) Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хийсэн тайлбарыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй.
  5. в/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхэд “О” ХХК нь 2017 онд зөвшөөрөл авснаасаа хойш Гаалийн байгууллагад удаа дараа хандсан.. ” гэх тайлбарыг хийж, харин давж заалдах шатны шүүхэд “О” ХХК нь 2017 онд зөвшөөрөл авснаасаа хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хандсан…” гэх тайлбарыг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтад “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” гэж заасныг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй.
  6. г/ Хянавал хэсэг 6-р хуудас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалд н.Батхүү гэх хүн төлөөлж байгаагүй байна. Уг хүн хэн болох талаар хэргийн материалд хавсаргагдаагүй” гэх тайлбар ... давж заалдах шатны шүүхээс энэ талаар тайлбар өгөх шаардлагагүй юм.” гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны хуралдаанд дээрх тайлбарыг гаргаагүй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийн санаачилгаар хариуцагчийн тайлбарыг өөрчилж шийдвэрлэсэн.
  7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлал нь нотлох баримтыг зөв үнэлээгүй,  илт үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагчаас “Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 тоот албан бичгээр Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Д ж ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх дараах байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.  
  2. Гаалийн тухай хуулийн 269дүгээр зүйлийн 2691.1-д “Гаалийн байгууллага дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ:”, 2691.1.1-д “Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;”, 2691.1.2-т “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;” гэж гаалийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэж зааснаар дээрх хяналтаа хэрэгжүүлэх эрх зүйн хүрээ хязгаарыг хууль тогтоогч тогтоожээ.
  3. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална”, 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж заасан; хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 153 дугаар тогтоолоор “ховор” ургамлын жагсаалтыг баталж, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаар тогтоолоор дээрх 153 дугаар тогтоолд нэмэлт оруулан, 1 дэх заалтаар “Ховор ургамлын жагсаалт”-д 318-355 дахь заалт буюу 38 ургамлын жагсаалтыг нэмж бүртгэсний дотор Д ж(saposhnikovia divaricata) ургамал багтсан; Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Д ж ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” А/43 дугаар тушаалаар “Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг (saposhnikovia divaricata) устгах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.
  4. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд 2013 оноос гадаад худалдаа, уламжлалт эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж, байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрлийн хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-16.016 тоотоор сунгуулсан; Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/122 дугаар захирамжаар тус суманд ховор ургамлын төрөлд багтах Д жургамлын үндэс түүж бэлтгэх, 5 тонн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах зөвшөөрлийг авч, мөн өдөр 2017/09 дугаартай байгалийн ургамал ашиглах гэрээг Халхгол сумын ургамлын асуудал эрхэлсэн ажилтан, байгаль хамгаалагчтай байгуулсан, үүний дагуу уг ургамлыг түүж бэлтгэсэн боловч тухайн жилдээ экспортод гаргаж чадаагүй гэж маргажээ.
  5. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн адил 2017 онд хэд хэдэн аж ахуйн нэгж   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Д ж ургамлыг бэлтгэн улсын хилээр нэвтрүүлж, экспортод гаргах гэсэн ч Гаалийн ерөнхий газраас зөвшөөрөөгүй учир нэр бүхий 14 компаниас уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг (Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох шаардлагын хамт) гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0333 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн; энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Гадаадад гаргах зөвшөөрөл олгох тухай” А/62 дугаар тушаал гарч, 2017 онд Д жургамал түүж бэлтгэсэн, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох компаниудыг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч компанийн нэр багтаж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0170557 тоот Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрлийг (2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй) олгосон үйл баримт тогтоогдох боловч энэ нь хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
  6. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь дурдсан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдийн адил 2017 онд зөвшөөрөл авч 5 тонн Д жургамал бэлтгэсэн гэх боловч энэ хугацаанд буюу 2020 он хүртэл экспортод гаргах хүсэлт гаргаж байгаагүй, эдгээр компанийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалах талаар арга хэмжээ аваагүй тул шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан нэр бүхий компаниудын тоонд ороогүй; мөн “... Гаалийн байгууллагад удаа дараа хандсан ...” гэж тайлбарлах  ч анхан шатны шүүхийн дурдсанчлан энэ талаараа нотлоогүй буюу “... 2019 онд эрүүл мэндийн шалтгаантай хүн асарч гадаадад байсан, компанийг төлөөлөх өөр хүн байгаагүй гэсэн ч тус компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичгийн өөрчлөлтөөр 2018 оны 01 дүгээр сараас компанийн захирлаар Б.Ширчинмаа томилогдсоныг бүртгэсэн байгаа нь дээрх цаг хугацаанд түүж бэлтгэсэн ургамлыг экспортод гаргах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр ... хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаалийн байгууллагад хандаж хүсэлт гаргасан бол уг хүсэлт нь системд бүртгэгдэж, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цахим бүртгэлд хадгалагдан харах боломжтой, түүнчлэн тус байгууллагад хандсан үед ажил хариуцсан албан тушаалтан амаар хариу өгсөн бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар үндэслэлтэй ...” гэж дүгнэснийг үгүйсгэх нотлох баримт, үндэслэл тогтоогдохгүй байна.
  7. Ийнхүү нэхэмжлэгчийн тайлбарласан үндэслэл нотлогдохгүй буюу хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх “ ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шинээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаал гаргаж, 2017 онд түүж бэлтгэсэн ургамлыг “Гадаадад гаргах зөвшөөрөл”-ийг нэр бүхий 21 компанид олгосон байгааг /анхан шатны/ шүүх харгалзаж үзээгүй ... Гаалийн ерөнхий газрын албан бичигт дурдсан эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёс,... тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчимтай нийцээгүй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд “эрх зүйн ижил нөхцөлд адил тэгш хандах” тэгш эрхийн зарчим зөрчигдөхгүй.
  8. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

           2. Улсын тэдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

             ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                    Д.МӨНХТУЯА

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                    М.БАТСУУРЬ