Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 04

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш

Улсын яллагч Н.Бадам, 

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1833001100086 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7 аав, ээж, дүү, ах нарын хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1-р баг, Рашаантын хөдөө оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, овогт ******* *******.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-наас 10-ны хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт иргэн *******ийн алдуул 10 тооны хонийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/
  2. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
  3. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 25-р  хуудас/,
  4. Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
  5. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ

тогтоох комиссын хурлын тогтоол /хх-ийн 09-р хуудас/,

  1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1-р багийн Рашаант тосгоны

захирагчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 39 хуудас/

  1. Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын

14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 45 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдож буй байдал болон гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-наас 10-ны хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт иргэн *******ийн алдуул 10 тооны хонийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

1. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Төв аймгийн Заамар сумынхаа гэр лүү явчихаад 02 дугаар сарын 10-ны өдөр ирчихээд хонио тоолсон чинь 20 хонь дутчихаар нь би ******* гэх айлаас хонио сураглатал байхгүй ирээгүй гэсэн юм. Тэгэхээр нь тоолгүй бусад айлуудаар хайгаад явсан ерөөсөө олдоогүй юм. Тэгээд би 2018 оны 02-р сарын 12-ны өглөө 10 цагийн орчимд мод хагалах гэсэн сүх байхгүй *******ийнхээс гуйх гээд өвөлжөө рүү нь яваад очсон чинь хонь нь хотноосоо гарч байхаар нь ойртоод харсан чинь манай нэг хонийг имнэчихсэн байсан юм. Тэгэхээр нь би гайхаад буцаж хашаа руу нь хонийг нь оруулаад шүүгээд хартал манай 10 хонийг имнэчихсэн байсан юм. Тэгэхээр нь би хонь хариулдаг залууг нь чи намайг өчигдөр хонь асуухад ягаад хонь ирээгүй байхгүй гэж хэлсэн юм, энд хонийг имнэчихсэн байна шдээ юу болж байгаа юм гэсэн чинь тэр залуу наадах чинь манай хонь өгөхгүй чи хонио танихгүй байна гэхээр нь би ээжийг нь дуудсан чинь ээж нь гарч ирээд тэр залууг загнаад чи яах гэж имнэж байгаа юм. Наадах чинь айлын л хонь байна шдээ өгөөч чи гэсэн чинь тэр залуу дуугархаа больчихсон юм. Тэгээд би *******ийнд байсан 10 хонио аваад явсан юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/

2. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би гэх хүний туслах малчин байгаа юм. Тэгээд ах 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сум руу ажлаар явчихаад ирье гээд явсан юм. Тэгээд 2018 оны 02-р сарын 11-ний өдөр төв аймгийн Заамар сумаас ирчихээд ах хонио тоолчихоод хүүе ээ дутчихсан байна айл амьтандаа хонио нийлүүлээгүй биздээ гэхлээр нь би нийлээгүй болохоор нийлээгүй гэж хэлсэн. Тэгээд ах энэ хавийн айлуудаар байж магадгүй гээд морьтой 2 өдөр хайж байгаад над руу Эрдэнэбилэг гэх хүний хажуу талд байдаг хүний утсаар ярьж байна нөгөө алдсан хонинууд чинь  Эрдэнэбилэгийн байна чи хүрээд  ир гэхээр нь яваад очсон чинь миний маллдаг 10 тооны хонь байсан. Тэр 10 хонийг чихийг нь имнээд, зүүн талын хойд гуян дээр нь байсан цэнхэр өнгийн будгийг хайчлаад хаячихсан байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/  

            3. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...******* манайд морьтой хонь хайчихсан сая Заамар явахад 7 хонь дутчихсан байсан. Тэгээд ирсэн чинь 20 хонь дутаад байх юм танайд ирэв үү гэхээр нь би мэдэхгүй юм чинь манайхаар байхгүй ирээгүй байхаа гэж хэлээд явуулсан юм. Тэгээд 2018 оны 02-р сарын 13-ны 10 цагийн  орчим  сүх байна уу гэж гэрт орж байна уу гэж асуучихаад гарсан юм. Тэгээд байж байсан чинь  гэрийн гадаа хүн хашгараад байхаар нь гайхаад гарсан чинь эгчээ юу болж байгаа юм. Танайхыг ийм айл гэж бодсонгүй гэхээр нь яасан  гэсэн чинь танай хүүхэд чинь хонь имнэчихсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд би хүүхдээсээ юу болж байгаа юм, тэгсэн юм уу чи гэсэн чинь  өөдөөс дугарахгүй байсан. Тэгээд би хонины хотруу орсон чинь чихийг нь имнэчихсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд би хүүхдээсээ юу болж байгаа юм тэгсэн юм уу чи гэсэн чинь өөдөөс дугарахгүй байсан. Тэгээд би хонины хотруу орсон чинь чихийг нь имнэчихсэн хүний 10 хонь байхаар нь гаргаж ялгаж өгөөд явуулсан юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

            4. Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Манайх Төв аймгийн Заамар сум Орхонтуул хоёрын хил дээр байдаг юм. 12 сарын 3,4-ний үед өвөлжих газар хайж явж байгаад нэг өвөлжөө байхаар нь унасан хашааг нь босгож байгаад манайх өвөлжсөн юм. Малчиндаа тоолж үлдээчихэд Заамар явж ирээд тоолоход 20 хонь дутсан байсан. Хүн авсан гэж бодоогүй. Тасраад айлын малтай нийлчихсэн юм байлгүй, айлын малтай нийлсэн бол тэр айл нь хэлэх байлгүй гээд нэг их ч тоогоогүй юм. Эднийд яваад очиход Хүрэлбаатар ээжтэйгээ цуг байж байсан. Манай хонь танай хонинд ирж нийлэв үү? гэхэд нийлээгүй, байхгүй гэж хэлсэн. Ээж нь ч тэгж хэлсэн. Өөрөө ч тэгж хэлсэн. Тэгээд би энэ айлд байхгүй юм байна гэж бодоод өөр айлуудаар бас асууж сурагласан. Бүгд байхгүй гэж байсан. 11-ний өглөө сүх байхгүй болохоор нь эднийхээс сүх гуйх гээд яваад очиход эдний мал нь хашаан дотроосоо гарч ирж байсан. Нэг харахад манай нэг хонь харагдах шиг болохоор нь ороод манай хонь танайд байх шиг байна гэхэд өөрийнхөө хонийг таньдаггүй юм уу гэж элдвээр хэлж, хэл амаар доромжилсон. Шүүгээд үзэхэд имийг нь авч хаяад өөр имээр имнэсэн байсан. Тэндээс 10 хонь гарч ирсэн. Би үлдсэн арван хонийг нь авчирч өгөөрэй гэж хэлсэн. Би хүнээс илүү юм нэхээгүй. Алдсан хонио л нэхэмжилж байгаа. Би энэ талаар Батсаруулд гомдлоо өгсөн. Одоо бараг шийдэгдэхгүй жил болж байна. Хамгийн гол нь урьд өдөр нь ирж асуухад байхгүй гэсэн мөртлөө маргааш нь шүүгээд үзэхэд имнэсэн арван хонь олдсон. Тэгэхээр би нөгөө арван хонио энэ хүнээс нэхэхгүй өөр хэнээс нэхэх бил ээ. Арван хонийг нь имнэчхээд аравыг нь нааш цааш болгоход бол асуудал биш шүү дээ. Аав нь Орхонтуулд сургуулийн хүүхэдтэй байдаг. Ирэн очин байдаг юм байна лээ. Би аавтай нь таараад өгөх газраа өгч хохирлоо барагдуулж авна гэхэд аав нь дуугүй явсан. Би одоо хохиролгүй болмоор байна. Гомдолтой байна гэв.

5. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 02 сарын 10-ны орой манай хонийг дагаж 6 хонь орж ирсэн. Анзаараагүй хашаандаа хашчихаад унтсан. Өглөө нь манай хонь биш байна гэдгийг мэдсэн. 12-нд 4 муу хурга манай муу малыг дагаад хүрээд ирсэн. Нийт 10 хонь болсон. ах өөрийнхөө 10 хонийг ирж авсан. Үйлдсэн гэм буруугаа ойлгож байна... гэх мэдүүлэг,

6. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “10 хонийн нийт үнэ 1.060.000 төгрөг” гэх тогтоол /хх-ийн 09-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг зөрчсөн хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй. Тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-наас 10-ны хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт иргэн *******ийн алдуул 10 тооны хонийг завшсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч *******т холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “алдуул малыг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг  мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ******* “20 тооны хонь хулгайд алдсан. ******* нь 10 хонийг минь имнээд өөрийн болгочихсон байсан учир үлдсэн 10 хонийг ******* авсан. 10 хонины хохиролоо нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байх боловч ******* нь ямар им тамгатай, ямар насны, ямар зүйстэй хонь алдсан болохоо тодорхой хэлж мэддэггүй. Хохирогч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.

Мөн шүүгдэгч ******* нь *******ийн 20 тооны хонийг завшсан, хулгайлсан болох нь тогтоогдоогүй учир Прокуророос *******ыг “бусдын 10 тооны малыг завшсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана... гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* завшсан 10 тооны хонийг хохирогч *******т хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /500.000 төгрөг/ торгох ялаар шийтгэх нь  үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Ц-н Х-г алдуул малыг бусдын, өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй /таван зуу/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Х-т мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДЭЛГЭРСАЙХАН