Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-т холбогдох 1821007010410 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, гурван дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Ч. /РД: ...................../

 

Шүүгдэгч Ч.Ч нь Дорнод аймаг дахь Гаалийн хилийн боомтоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх бараа”-ны жагсаалт батлах тухай Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц”-ийн хавсралтад бүртгэгдсэн “саарал чоно” амьтны хоншоор 1 ширхэгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй…гэв.

            Иргэний нэхэмжлэгч Лхагвадашийн Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаалийн улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ “Хавирга” хилийн боомтоор Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлд гаалийн хяналтын бүсэд зорчиж явсан иргэн Ч.Ч нь гялгар уутанд чонын хоншоор хийж, өмдөндөө нууж, гаалийн хяналт шалгалтаас нуусан байсныг илрүүлсэн. ...гаалийн хяналтын бүсэд чонын хоншоор авч орох нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл юм...” гэжээ. /хх-ийн 29 тал/

            Гэрч О.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай хоттой хонь руу чоно орсон. Нохойнууд чоныг барихаар нь би гэрийнхээ хойд талын амбаар дээр тавьчихсан байсан. Ч нь манай гэрт ирээд “чонын хоншоорыг өгчих” гэхээр нь “ав” гэсэн. Надтай хамт хилээр гарахдаа чонын хоншоор аваад гарах гэж байгааг мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 30 тал/

            - Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд /хх-ийн 7-19 тал/

        - Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан асван тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-25 тал/

            - Байгаль, орчны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 39-04-173-12 тоот дүгнэлт /хх-ийн 37 тал/

            - Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын хавсралт /хх-ийн 50-54 тал/

            - Ч.Ч-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Эд мөрийн баримтаар: Чонын хоншоор 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Ч нь Дорнод аймаг дахь Гаалийн хилийн боомтоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх бараа”-ны жагсаалт батлах тухай Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц”-ийн хавсралтад бүртгэгдсэн “саарал чоно” амьтны хоншоор 1 ширхэгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал, гэрч О.Золбоо нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан асван тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, байгаль, орчны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 39-04-173-12 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Ч.Ч-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ч.Ч-ыг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-ыг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Чонын толгойгоор хүйсийг тодорхойлох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байх ба  /хх 37/ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний бүтэн эр чоноор буюу 510.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчид ашигтайгаар үнэлсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч Ч.Ч-с хууль бусаар хил нэвтрүүлсэн хязгаарласан эд зүйлийн үнэ 510.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Ч.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал нь шүүгдэгч Ч.Ч-с “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргалд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чонын хоншоор 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Ч-ын  ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ч.Ч-с 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чонын хоншоор 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ