Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

          Иргэдийн төлөөлөгч Д.Зориг

          Улсын яллагч Б.Догмиддорж

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболор, М.Нямханд

          Шүүгдэгч А.А

       Гэрч Б.Болдбаатар, Б.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 1821000000088 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эгчийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ......... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.А. /РД: ........../

          Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хаялагийн цагаан” гэх газарт оршин суух Б.Мөнхбаатарын гэрийн гадна М.Нямдавааг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Болдбаатараас 2 адууны авлагатай байгаад тэрийгээ авахаар очсон юм. Намайг очиход Түвшин, Болдбаатар хоёр архи ууж байсан. Би тэндээс гараад Мөнхбаатар ахынд очоод байж байтал Болдбаатар араас ирж надтай уулзсан. Тэгээд Болдбаатар бид хоёр сум руу явж архи уусан. Буцаад ирэхэд 20 цаг 10 минутад гардаг кино гараад дууссан байснаас үзэхэд 20 цаг болж байсан байх. Мөнхбаатар ахынд буцаад ирэхэд Нямдаваа ах ирчихсэн байсан. Хамгийн анх Болдбаатар талийгаач Нямдаваа ахтай маргаж гэрээс байн, байн орж гарсан. Би эхэндээ болиулах гэж хорьсон. Тэгээд нэг мэдэхэд тасарсан байсан. Намайг сэрэхэд тэр гурав гаднаас орж ирээд Нямдаваа ах салгасан гэх шалтгаанаар над руу хутга барьж дайрсан. Би гараад мотоциклоо унаад явах гэтэл талийгаач араас гарч ирээд нэг юмаар цохих шиг болсон. Би эхэндээ хутгалж байна гэж мэдээгүй. Намайг цохиод байхаар нь би зөрүүлээд цохиод унахаар нь хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Гэрэлд хартал талийгаач хутга барьчихсан байсан. Би Болдбаатарыг гарч ирэхээр нь хутгатай хүн араас гаргасан байна гэж уурласан. Би буцаж ороход Нямдаваа ах над руу хутга барьж дайрсан, явлаа гэдгээ Мөнхбаатар ахад хэлсэн. Тэндээс гарч яваад ахынх руугаа очмоор байсан боловч архи уусан байсан болохоор айгаад очоогүй. Намайг Түвшингийн гэрийг хайгаад олохгүй гадаа даараад байж байхад Өсөхбаяр гэх хүн гэртээ хонуулсан. Намайг Мөнхбаатарынхаас явах үед Нямдаваа ах зүгээр байсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна...гэв.

          Хохорогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад гэртээ харьж амарчихаад 15 цагийн үед буцаад сургууль явж байхад аавыг нас барсан гэдгийг утсаар дуулгасан.  Хичээл орж байхад хамаатнууд над руу залгахад утас холбогдохгүй байсан. Тэр өдөртөө 16 цагийн орчим Цагаан-Овоо сум руу гараад орой нар орсны дараа очсон. Би юу болсон талаар мэдэхгүй болохоор бусад хүмүүсээс асуусан. Бүх юм тодорхойгүй байгааг надад хэлсэн. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа нас барсан шалтгаан тодорхой болно гэсэн.  Маргааш өдөр 11 цагийн орчим цагдаатай уулзахад “гадны нөлөөлтэй нас барсан байна” гэсэн. Шинжээчийн дүгнэлт гартал юу болсон гэдгийг сайн мэдээгүй байсан. Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 8700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 4300.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямханд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед талийгаачийг нас барсан гэдгийг хүүхдүүдээс сонсоод итгээгүй. Талийгаач 2018 оны 03 дугаар сарын 16-нд манайд хоночихоод явсан.  Би талийгаачтай 2018 оны 03 дугаар сарын 16-наас хойш дахиж уулзаагүй. Би анх нас барсан гэдгийг сонсоод итгээгүй учраас эмнэлэг очоод хэн эмч анх хэргийн газарт очсоныг лавласан. Манай сумын эмч Мядагмаа очоод үзлэг хийхэд цогцос хөрсөн байсан гэсэн. Намайг эмнэлэг очиход Мөнхбаатар надад нэг юм хэлээд байсныг тухайн үед сайн ойлгоогүй. Шинжээчийн дүгнэлт гарснаар толгойн тус газраа маш хүнд гэмтэл аваад тэрнээсээ болоод нас барсан байна гэж мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэв.

          Гэрч Б.Болдбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг тухайн өдөр адуундаа яваад ирэхэд Мөнхбаатар ахынд 4 хүн 1 шил архи хувааж ууж байсан. Тэгээд 5-уулаа тэнд 1 шил архи хувааж уугаад халаад сумын төв рүү очиж архи авахаар явсан. Сумаас 2 шил архи авч очоод Мөнхбаатар, талийгаач, А бид дөрөв 1 шил архи ууж дуусгаад би тасарсан. Намайг тасараад сэрэхэд А, талийгаач хоёр маргалдаж байсан. Юунаас болсон гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нэлээд маргалдаж байгаад талийгаач А руу хутга барьж дайрсан. Би хутгыг нь аваад ширээн дээр тавьтал буцаж аваад А-ын араас гарсан. Тухайн үед А мотоциклоо асаагаад гэрлээ тусгаад талийгаачийг дуудаж байсан. Тэгээд зодоон эхэлсэн. Би Мөнхбаатар ахыг сэрээх гээд чадаагүй. Намайг гартал А талийгаачийн мөр рүү модоор цохиж байсан. Би салгах гэж оролдож байгаад өөрөө модоор нуруу руугаа цохиулаад газарт унасан. Би арай гэж босч ирээд зугтсан. Хөдөө хээр унтаад үүрээр ирэхэд ийм зүйл болсон байсан...” гэв.

     Гэрч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад А, Жаргалсайхан, Түвшин нар 1 шил архи аваад орж ирсэн. Болдбаатар гаднаас ирээд бүгдээрээ нийлж 1 шил архиа уучихаад А, Болдбаатар хоёр сум руу яваад Түвшин, Жаргалсайхан хоёр харьсан. Нямдаваа ахыг би очиж аваад, бид 2 гэртээ кино үзээд байж байтал Болдбаатар, А 2 ирсэн. Тэр хоёр 2 шил архи, 1 ундаа авчирсан байсныг хувааж уусан. Болдбаатар эхний шил архинаас жаахан ууж байгаад тасраад унтсан. Намайг унтахаас өмнө ямар нэгэн зодоон болоогүй. Би тэгээд тасраад унтсан. Өглөө Болдбаатар гаднаас орж ирээд “Нямдаваа ах гадаа унтаж байна” гэсэн. Намайг гараад хартал нэг л биш байхаар нь цагдаа, түргэн дуудсан...” гэв.

      Гэрч У.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр залууг анх удаа харсан танихгүй хүн байсан өөрийнхөө нэрийг хэлээгүй би ч асуугаагүй хаанаас явж байгаа талаар надад юу ч хэлээгүй Түвшингийн гэрийг л надаас асуусан. Бид хоёр өөр зүйл яриагүй...мотоциклтой явж байсан. Гадуураа урт ногоон өнгийн куртик өмссөн шар царайтай надаас өндөр залуу байсан. Нэлээд даарсан байдалтай байсан. Намайг очиход нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан...унтаж босоод явахдаа унтаж байсан газартаа хар өнгийн бариултай хутга үлдээгээд явсан байсан...гаднаас нь харахад нүүр ам царай зүс нь зүгээр байсан...” гэжээ. /1-р xx-ийн 104-105 тал/

         Шинжээч Ж.Жаргалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач нь тархины хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан. Тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, дагз хэсгийг хамарсан тархины хатуу хальсан доор цусан хураа, тархи дарагдалт тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн оройн аалзан хальсан доор цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, олон хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нойр булчирхайн хальсны цус хуралт, ходоод, 12 хуруу гэдэсний холбоосны цус хуралт, хуйхны цус хуралт, баруун чамархайн цус хуралт, хуйханд зүүн зулай хэсгийн няцарсан шарх, дух, хамар, зүүн хацарын зулгаралт, зүүн шанааны цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун шанааны зулгаралт, цус хуралт, баруун чихний урд хэсгийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зулгаралт, хамар орчмын зулгаралт, дээд, одоод уруул, эрүүний зулгаралт, хүзүү, зүүн мөр, цээжний баруун дээд хэсэг, хэвлийн баруун тал, хүйс орчмын, зүүн гуяны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн шууны цус хуралт, зүүн сарвуу, ташааны зулгаралт, баруун зүүн өвдөгний цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нурууны зулгаралт, баруун дээд 2 дугаар, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарны. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /1-р хх-ийн 141-143 тал/

          - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 05 тал/

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-14 тал/

          - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-21 тал/

          - Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22/

          - Хүний биед хойшлуулшгүйгээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-36 тал/

          - Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 37-39 тал/

          - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 40-43 тал/

          - Хувцсанд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-48 тал/

          - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 49 тал/

          - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболорын мэдүүлэг /1-р хх-ийн 51-51-52 тал/

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 64, 65, 63 тоот дүгнэлт /1-р хх-ийн 114, 119, 122 тал/

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74, 259 тоот дүгнэлт /1-р хх-ийн 129, 117 тал/

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 76 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 124-125 тал/

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 54 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 133-138 тал/

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 39, 62 тоот дүгнэлт /1-р хх-ийн 140, 139/

              - Шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг /1-р хх-ийн 141-143 тал/

              - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 92 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 145-147 тал/

             - Шүүх сэтгэц эмгэг судлалын  25 тоот дүгнэлт /1-р хх-ийн 150 тал/

          - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3884 тоот дүгнэлт /1-р хх-ийн 155-156 тал/

          - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5126 тоот дүгнэлт /1-р хх-ийн 164-166 тал/

          - Яллагдагч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 188-194 тал/

          - Цэргийн үүрэгтний үнэмлэх /1-р хх-ийн 201-202 тал/

          - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 208 тал/

          - “Шинь шинь” ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 212 тал/

          - Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 214-244 тал/

          - Гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 56-63 тал/

          - Гэрч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 64-70 тал/

          - Яллагдагч А.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 тал/

          - Гэрч Ж.Цэнджавын мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 тал/

          - Гэрч Г.Наранхүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 тал/

          - Гэрч М.Гансүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 тал/

          - Гэрч М.Долгоржавын мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 тал/

          - Гэрч М.Тамирын мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 тал/

          - Гэрч Б.Жаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 тал/

          - Гэрч У.Өсөхбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 103-105 тал/

          - Гэрч Б.Хорлоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 тал/

          - Гэрч Г.Ганбатын мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 тал/

          - Гэрч П.Болорцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 тал/

       - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 тоот шүүх эмнэлгийн нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 21-23 тал/

          - Шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг /2-р хх-ийн 24-25 тал/

       - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 127 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 27-30 тал/

          - Шүүгдэгчээс хохирогчид 1000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай дансны хуулга /2-р хх-ийн 35 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

        Эд  мөрийн баримтаар: 134 см урттай модны тайрдас 1 ширхэг, мотоциклийн төмөр яндан 1 ширхэг, ерөөл архины шил 2 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн урт куртик 1 ширхэг, хөх өнгийн ажлын өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хагас түрийтэй гутал 1 хос зэргийг шинжлэн судлав.

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас шүүгдэгч Дэлгэр галзууд овогт А.А-ыг хохирогч М.Нямдавааг зодож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, аргагүй хамгаалалт хийсэн...” гэсэн санал гаргаж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

          Гэрч Б.Болдбаатарын мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...А.А Нямдаваа нар маргаад эхэлсэн. А Нямдаваа ахад “чи хүмүүсийн дунд шургуу хийж хэрэлдүүлэх гээд байгаа юм уу” гэж хэлж байсныг санаж байна...Нямдаваа хаанаас авсныг мэдэхгүй гартаа хутга бариад “чамайг ална” гэхэд А гэрээс гараад зугтсан Нямдаваа араас нь гарах гэхээр нь би түүнийг тэвэрч бариад “ахаа боль” гэж хэлээд ширээний хажууд суулган хутгыг нь авч ширээн дээр тавьсан. Хоёулаа унтахаар болоод сууж байтал гадаа А мотоциклоо асаагаад гаднаас “яасан их хутга барьдагийн гараад ир” гэж Нямдавааг дуудаж бахираад байсан. Би Мөнхбаатар ахыг сэрээх гээд татаж байх хооронд Нямдаваа ах ширээн дээрээс хутгаа авч бариад гарсан. Мөнхбаатар ахыг татаж байгаад сэрэхгүй болохоор нь 3-4 орчим минутын дараа Нямдаваагийн араас гарахад Нямдаваа гэрийн үүдний таамбарын хаалганы зүүн хажууг налаад хөлөө жийсэн байдалтай газарт суучихсан А гэрийн гадна хашаа болон таамбарын хаалган дээр Нямдаваагийн өөдөөс харж гартаа бүдүүн урт мод барьчихсан зогсож байснаа Нямдаваагийн зүүн хөл рүү модоор 2 удаа цохихоор нь түүнийг “чи яагаад аав шигээ хүнийг цохиж байгаа юм бэ, боль” гээд түлхээд хашаанаас гаргасан...түүний баруун хацар нь хавдаад овойсон байсан. А Нямдавааг өмөөрлөө гээд миний нуруу руу гартаа барьсан модоор 1 удаа хүчтэй цохисон, цохиулаад газарт унахад цээж рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг “мотоцикл бариад сумын төв рүү яв” гэхээр нь “чадахгүй” гээд зугатаасан. Тэр үед цаг хэд болсон байсныг мэдэхгүй байна. А Нямдаваатай маргалдаад гэрийн гадна үлдсэн...гэгээ орж байхад сэрж Мөнхбаатарынд очиход Нямдаваа хашааны хаалган дээр зүүн урагш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Миний архи сайн гараагүй согтуу байсан учраас цамцнаас нь хальт татахад хөдлөхгүй байхаар нь согтуу унтаж байна гэж бодоод гэр рүү орсон...А-ын араас гэрээс гараад зодуулсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг,

     Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...21 цаг өнгөрч байхад А, Болдбаатар хоёр мотоциклтой 0,75 литрийн 2 шил ерөөл архитай ирж 4-үүлээ уусан. Нэг харахад Болдбаатар шалан дээр унтаж байснаа удаагүй босож архинаас ууж байсан...намайг сэрүүн байхад гэрт хэрүүл маргаан зодоон болоогүй...би гэрээс гарахад Нямдаваа гэрийн урд хашааны гадна толгой нь зүүн урагш чигтээ дээшээ хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

      Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан ба “...шүүгдэгч нь амь хохирогчтой архи ууж байгаад маргасан. Амь хохирогч нь шүүгдэгч рүү гэрт хутга барьж дайрсан боловч довтолгоон дууссаны дараа шүүгдэгч нь амь хохирогчийг гэрээс дуудан гаргаад модоор цохиж алсан” болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

        Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хаялагийн цагаан” гэх газарт оршин суух Б.Мөнхбаатарын гэрийн гадна амь хохирогч М.Нямдавааг зодож тархины хатуу хальсан доорхи цусан хураа бүхий гэмтлийн улмаас тархи дарагдаж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболор, М.Нямханд, гэрч Б.Болдбаатар, Б.Мөнхбаатар нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Наранхүү, шинжээч Ж.Жаргалан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хүний биед хойшлуулшгүйгээр үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 63, 64, 65 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 259 тоот, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 76 тоот, 2018 оны 03 дугар сарын 27-ны өдрийн 74 тоот, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 54 тоот дүгнэлт,  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 39, 62 тоот дүгнэлтүүд, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3884 тоот, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5126 тоот дүгнэлтүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 тоот нэмэлт дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 127 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч А.А-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.А-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Шүүхээс шүүгдэгч А.А-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

         Шүүгдэгч А.А-ын үйлдлийн улмаас М.Нямдаваагийн амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболор, М.Нямханд нар нь шүүгдэгч А.А-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 8700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба шүүгдэгчээс хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон зардалд /буяны ажил, ирэх очих зардал, бензин тосны гэх мэт/ 5810.712 төгрөгийг /1-р хх-ийн 214-244 тал/ гаргуулах нь зүйтэй боловч шүүгдэгчийн төлсөн 4300.000 төгрөгийг /2-р хх-ийн 35 тал/ төлөх ёстой мөнгөнөөс нь хасч, үлдэгдэл 1510.712 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Усанболор, М.Нямханд нарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 166 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 134 см урттай модны тайрдас 1 ширхэг, мотоциклийн төмөр яндан 1 ширхэг, ерөөл архины шил 2 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн урт куртик 1 ширхэг, хөх өнгийн ажлын өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хагас түрийтэй гутал 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

      Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч А.А-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэлгэр галзууд овогт А.А-ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 166 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

        5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 134 см урттай модны тайрдас 1 ширхэг, мотоциклийн төмөр яндан 1 ширхэг, ерөөл архины шил 2 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн урт куртик 1 ширхэг, хөх өнгийн ажлын өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хагас түрийтэй гутал 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч А.А-ын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с бусдад учруулсан гэм хорын хохиролд ний 1510.712 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, Хуацай овогт Нямдаваагийн Усанболор /РД: ЖЛ94022600/, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаарбагт оршин суух, Баруун хуасай овогт Мядагмаагийн Нямханд /РД: ЖЛ53012502/ нарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧИД                         С.НАСАНБУЯН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ