Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00966

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00966

Улаанбаатар хот

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00725 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-ад холбогдох,

ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт нийт 9,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, цалингаас үндэслэлгүй суутгасан 1,025,859 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г.М- нь М ХХК-тай 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид инженерээр ажиллаж байсан. 2019 оны 03 сарын 26-ны өдөр санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан орон сууц худалдан авахад нь зориулж 6,000,000 төгрөгийг Г.М-ын Худалдаа хөгжлийн банкны 452598103 тоот дансанд шилжүүлсэн. Санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажилтан тус компанид 5 жилээс доошгүй жил тогтвортой ажиллах үүргийг биелүүлэх шаардлагатай. Гэтэл Г.М- нь энэ үүргээ биелүүлэхгүй 2022 оны 02 сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэрээний 3.4.1-т ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд талуудын санхүүгийн туслалцааг ажилтан буцааж компанид төлөх үүрэгтэй гэж заасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Гэрээний 4.1-т заасны дагуу алдангийг хуульд нийцүүлэн 50 хувь болох 3,000,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Компанийн зүгээс орон байраа шинэчилэхэд зориулж 2019 оны 03 сарын 26-ны өдөр Г.М-ын данс руу 6,636,363 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүнгээс 6,000,000 төгрөг нь буцалтгүй тусламж, 636,363 төгрөг нь цалингийн урьдчилгаа байсан. 2020 оны 05 сарын 18-ны өдөр компанийн хүний нөөцийн ажилтан Г.М-ын хувийн и-мэйл хаяг руу Гэ Га гэх хаягаас ...ажилтанд нэг удаа олгох буцалтгүй тусламжийг журмын дагуу санхүүгийн дэмжлэг авсан ажилтантай энэхүү гэрээг байгуулж байгаа болно... гэх утгатай и-мэйл ирсэн. Би тус гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан боловч хүчээр зурах ёстой гэсэн шахалтыг үзүүлж гарын үсэг зуруулсан. Мөн тус гэрээний огноог 2020 оны 05 сарын 18-ны өдрөөр байх байтал 2019 оны 03 сарын 26-ны өдрөөр тогтоосон байдаг. Шүүхийн зүгээс ажиллагааны явцад үзлэг хийхэд и-мэйл хаягт тухайн огноог 2020 оны 05 сарын 18-ны огноогоор гарсан байдаг. 2016 оны 02 сарын 01-ний өдрийн тушаалын хавсралтад цалин хөлс, урамшууллын журмаар ажилтанд олгосон буцалтгүй тусламжийг буцааж олгох зохицуулалт байдаггүй. Мөн 2016 оны 12 сарын 01-ний М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.9-д зааснаар ажилтанд буцалтгүй тусламж олгох талаар зохицуулсан байдаг. Үүнд ажилтанд олгогдсон буцалтгүй тусламжийг буцааж авах талаар зохицуулаагүй. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 03 сард орон сууц худалдан авахад 6,000,000 төгрөг дутаж компанийн удирдлагад 6,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн агуулгатай өргөдөл бичиж өгсөн. Улмаар 2019 оны 03 сарын 26-ны өдрийн В-19/24А тоот ерөнхий захирлын тушаалаар 6,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, мөнгийг миний дансанд шилжүүлсэн. 2020 оны 05 сарын 18-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Гэ-гаас Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-г явуулсан. Би анх надад 6,000,000 төгрөг олгохдоо буцалтгүй тусламж гэж олгосон, гэрээ байгуулах талаар огт ярьж байгаагүй гэдгийг хэлсэн боловч н.Гэ ...чи компанийн мөнгө авсан л юм бол гэрээнд гарын үсэг зур... гэж загнасан. Би гэрээний учир байдлыг сайн ойлгохгүй байсан ч шахалт үзүүлж байсан учир 2020 оны 05 сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний огноог 2019 оны 03 сарын 26-ны өдөр гэж бичсэн боловч үнэндээ гэрээг 2020 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний дагуу ямар ч эрх, үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл, огт хэрэгжээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийг буцаан төлөх ямар ч үндэслэлгүй байхад 2022 оны 01 сарын 30-ны өдөр миний цалин хөлснөөс 1,025,859.37 төгрөгийг суутган авсан. Иймд үндэслэлгүй суутган авсан 1,025,859.37 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээг заавал бичгээр хийхийг шаардаагүй. Тушаалаа үндэслээд 6,000,000 төгрөгийг ажилтанд олгосон. Тушаалыг хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагад мөрдөгддөг цалин хөлс, урамшууллын журамд зааснаар олгосон. Тухайн журамд зааснаар 5 жил ажиллагаагүй бол буцаан төлөх үүргийг ажилтан хүлээхээр заасан. Үүнийг баталгаажуулан гэрээг нөхөн байгуулсан явдал нь ямар нэгэн дарамт шахалтаар хийсэн зүйл биш. Г.М- өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсгээ зурсан. Гэрээг 2020 онд нөхөн байгуулсан талаар маргах зүйл байхгүй. Харин цалингаас нь суутгасан 1,025,859.37 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Г.М-ад холбогдуулан гаргасан ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас 1,025,895.37 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,900 төгрөг, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 140,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М-ад олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.а. Бичгээр гэрээг 2020 онд нөхөн байгуулсан хэдий ч талуудын хооронд 2019 оны 03 сарын 26-ны өдөр үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан. 2019 оны 03 сарын 26-ны өдрийн М ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар Г.М-ад 6,000,000 төгрөгийн тусламж өгч, хариу үүрэгт компанид таваас доошгүй жил ажиллах үүргийг хүлээлгэсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 39.2 дахь хэсэгт Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Г.М- нь М ХХК-аас 6,000,000 төгрөгийг хүлээн авснаар үүрэг үүссэн гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог.

6.б. 2018 оны 03 сарын 12-ны өдөр Цалин хөлс, урамшууллын журамд өөрчлөлт оруулж, нарийвчилсан байдаг. 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Г.М-ад тусламж олгосон тушаал нь огнооны хувьд 2018 оны 03 сарын 12-ны өдрийн журам үйлчилж байсан нь тодорхой байдаг. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хууль хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, цагаар тодорхойлно гэж, мөн хуулийн 71.2 дахь хэсэгт Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан. Үүнээс харахад талуудын хооронд үүссэн харилцаа нь 2016 оны журам мөрдөгдөж байх үед бус 2018 оны журам мөрдөгдөж байх үед үүссэн ба уг журмаар Г.М- нь туслалцаа авснаас хойш компанидаа 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах үүрэг хүлээж, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд компанид авсан мөнгөө буцаан төлөх үүрэг үүссэн байдаг.

6.в. Хөдөлмөрийн дотоод журмын 6.8-д тухайн албан тушаалтанд урамшуулал олгох талаар заасан нь хувь хэмжээ давтамжтайгаар олгох зохицуулалтыг тусгаснаас бус буцалтгүй тусламжийн талаар заагаагүй байдаг.

6.г. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс 1,025,895.37 төгрөгийг цалингаас суутгаж авсан дээр маргадаггүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,025,895.37 төгрөгийг хасаж 4,974,104.63 төгрөг болон алданги 2,487,052.32 төгрөг, нийт 7,461,156.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.М-ад холбогдуулан 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, цалингаас үндэслэлгүй суутгасан 1,025,859 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигчид харилцан маргажээ. /хх 1, 24, 26-27, 163-168/

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Г.М- нь нэхэмжлэгч М ХХК-д 2017 оноос хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2022 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон. /хх 5-7, 66/

Түүнчлэн, М ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн B-19/А тоот тушаалаар орон сууцны дэмжлэг болгон Г.М-ад 6,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн үйл баримтын тухайд зохигчид маргадаггүй.

 

4. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

4.1. Компанийн зүгээс өмнө дурдсан 6,000,000 төгрөгийг Г.М-ад буцаан авах болзолтойгоор өгсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

4.2. Тушаалд мөнгөн хөрөнгийг буцалтгүй тусламж гэсэн агуулгаар тодорхойлсон нь буцааж авахгүй гэсэн утга санааг илэрхийлж байна.

4.3. Талуудын хожим 2020 онд нөхөж байгуулсан 2019 оны 03 сарын 26-ны өдөр гэх огноотой Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ нь буцалтгүй тусламж гэж олгосон 6,000,000 төгрөг болон алданги 3,000,000 төгрөг шаардах эрхийг олгохгүй.

 

5. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

5.1. Ажилтан түүний цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан гэж үзвэл ийнхүү суутгаснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацаанд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Хариуцагч Г.М- нь түүний цалин хөлснөөс 2022 оны 01 сарын 30-ны өдөр 1,025,859 төгрөгийг үндэслэлгүй суутган авсан гэж тайлбарласан тул шаардах эрхээ 2022 оны 05 сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу.

5.3. Сөрөг нэхэмжлэлд гаргасан ...цалингаас нь суутгасан 1,025,859.37 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцоход татгалзах зүйлгүй... гэсэн нэхэмжлэгч М ХХК-ийн тайлбарыг тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлд гаргасан уг тайлбар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад түүнээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан мөнгөн дүнг суутгахад татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00725 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-д холбогдох, цалингаас үндэслэлгүй суутгасан 1,025,859 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Г.М-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...үлдээж, нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140 150 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М-ад олгосугай гэснийг ...үлдээсүгэй гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 134,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР