Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 29

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө-д холбогдох 1821006240393 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Ө. /РД: ......../

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “Хэрлэн номин” бизнес төвийн урд талын төв зам дээр “Тоёота Дуна” маркийн 41-38 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 540 килограмм 300 грамм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч С.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

         Иргэний нэхэмжлэгч Санжаадоогийн Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн байгал орчин аялал жуулчлалын газарт ойн албаны даргаар 2003 оноос хойш ажиллаж байгаа. Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай Засгийн газрын тогтоолоор 1 кг ургамлыг 50000 төгрөгөөр тогтоосон. Нөхөн төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж тооцдог юм...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

        Гэрч Д.Сумъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би энэ машиныг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос машины ченжээс 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. ...Ө нь хөдөө гадаа явахдаа болон унааны хэрэг гарсан үед нь машинаа өгдөг. Би гадаад улсад ажлаар явж байхад Ө миний машиныг аваад энэ асуудал холбогдсон юм байна...” гэжээ. /хх-ийн 36-37 тал/

      Гэрч У.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагаас хөдөлгөөнт эргүүлд цагдаа Мөнхсоёмбын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Ингээд 22 цагийн үед “Хэрлэн номин” бизнес төвийн урд талд хяналт шалгалт хийж байхад цагдаа Мөнхсоёмбо “Тоёота Дуна” маркийн 41-38 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад их хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэсэн байсан учраас жижүүрийн офицерт танилцуулахад Цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед машины жолооч ганцаараа явж байсан бөгөөд бид хоёр цагдаагийн газарт авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Жин хэмжээг мэдэхгүй байна...тээврийн хэрэгслийг саатуулах үед жолооч Ө хогийн цэг дээрээс олсон гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 тал/

            - Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 15, 20 тал/

            - Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 16, 21 тал/

            - Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-18, 22-23 тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 24 тал/

            - Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 25 тал/

            - Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 26 тал/

            - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 тал/

          - Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 39-04-173-10 тоот дүгнэлт /хх-ийн 42-43 тал/

          - С.Ө-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-51 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           Эд мөрийн баримтаар: 263 килограмм 550 грамм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг шинжлэн судлав.

        Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “Хэрлэн номин” бизнес төвийн урд талын төв зам дээр “Toyota Dyna” маркийн 41-38 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 540 килограмм 300 грамм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан, гэрч Д.Сумъяа, У.Одхүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 39-04-173-10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

        Шүүгдэгч С.Ө-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч С.Ө-ийг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Шүүхээс шүүгдэгч С.Ө-ийг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгальд 27015.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 39-04-173-10 тоот дүгнэлт /хх-ийн 42-43 тал/-ээр тус тус тогтоогдож байх ба харин байгаль экологид учирсан нөхөн төлбөрийн шууд бус хохирлыг иргэний нэхэмжлэгч байгууллага нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

     Шүүгдэгч С.Ө-ийн зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал тээвэрлэсэн “Toyota Dyna” маркийн 41-38 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийн бус, Дамдинсүрэнгийн Сумъяагийн өмч болох нь гэрч Д.Сумъяагийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, 02016212 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 58/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, харин шүүгдэгч С.Ө-с гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины үнэ 2500.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө /эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэмжээгээр/ болох 263 килограмм 550 грамм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Цэгцэрийн 9-03 тоотод байрлах 700м2 газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Шүүгдэгч С.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

       Шүүгдэгч С.Ө-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

       Иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайхан нь шүүгдэгч С.Ө-с “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч С.Мөнхсайханд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

     Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч С.Ө-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ө-ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Ө-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Ө-ийн .......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

    6. Шүүгдэгч С.Ө-ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Цэгцэрийн 9-03 тоотод байрлах 700м2 газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, энэ хэрэгт Д.Сумъяагийн эзэмшлийн “Toyota Dyna” маркийн 41-38 ДОА улсын дугаартай 2500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Сумъяад буцаан олгох, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашины үнэ 2500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 263 килограмм 550 грамм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгасугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ