Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00965

 

 

 

 

 

 

 

 

2023               05            08                                         210/МА2023/00965

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03415 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т-т холбогдох, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч П.Т-, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “2019 оны 08 сарын 12-ны өдөр ЭИ ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж нийт 110,833,500 төгрөгийн бараа материал, ажил үйлчилгээ үзүүлж, төлбөрийг бүтэн төлж, тооцоо нийлсэн акт үйлдэж байр худалдан авсан. Хан-Уул дүүргийн 4-р хороо, Наадамчдын зам гудамж, Ханбогд хороолол, 406-р байрны 1-р орц, 2 давхрын 7 тоот бүхий 59,91 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н ХХК ба одоо уг орон сууцыг П.Т- гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьсан ч байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул дээрх орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч хариу тайлбартаа: “2020 оны 06 сарын 08-ны өдөр зарын дагуу Д.Б- гэдэг хүнээс Хан-Уул дүүрэгт байрлалтай байрыг очиж үзээд 83,500,000 төгрөгөөр худалдан авч, түлхүүрийг гардан авсан. Тухайн үед орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байсан учир орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарлаж байсан. Удаа дараа шаардсан ч Д.Б- нь ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр гэрчилгээг гаргаж өгөөгүй. Гэтэл 2021 оны 01 сард Ж.М- гэх хүн ирж “...би энэ байрны эзэн, байрыг суллаж өгөөрэй...” гэж хэлээд явсан талаар Д.Б-д хэлтэл “...санаа зоволтгүй, удахгүй гэрчилгээг чинь гаргаж өгнө, наад хүн чинь худлаа сүржигнэж байгаа юм...” гэж хэлсэн. Мөн Д.Б- нь Н ХХК-ийн захирал Ж.М-тай дээрх байрыг худалдан авах гэрээ байгуулсан тухайгаа хэлж, гэрээний хувийг үзүүлсэн. Бид хууль бусаар бусдын өмчлөлийн орон сууцанд амьдраагүй бөгөөд уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206081803 дугаартай, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Наадамчдын гудамж, 406 байр, 1-р орц, 7 тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцнаас хариуцагч П.Т-ыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 712,117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.  

            4.а. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 2210003300344 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор “2021 оны 09 сарын 03-ны өдөр П.Т-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулах өргөдөл гарга гэж ятган, орон сууцны төлбөрт авсан 83,500,000 төгрөгийг, 41,750,000 төгрөгийн алданги тооцож, нийт 125,250,000 төгрөг өгөхөөр тохиролцсон, энэхүү эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 10926 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн, гэвч Д.Б- нь П.Т-тай илтэд биелэх боломжгүй эвлэрлийн гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх зэрэг аргаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох тогтоогдож байна" гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж Д.Б-ыг яллагдагчаар татсан.

            Гэтэл анхан шатны шүүхээс намайг Д.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг хэрэглэж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Миний хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдаж авах үеэс эхлэн залилан мэхлүүлсэн, Д.Б-ыг энэ асуудлаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байхад анхан шатны шүүх үүнийг хүлээн авч үзэхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03415 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

  1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тухайн хэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэх хуудсаа бичиж өгсөн. Манай орон сууцыг өмчлөгч бус этгээдээс худалдаж авсан гэдгийг мэдэж, иргэний хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа эвлэрлийн гэрээг 145,000,000 төгрөгөөр байгуулсан. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээ байгуулж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн гомдлын хурлаар хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч П.Т-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг /17110/, наадамчдын зам гудамж, 406-р байрны 7 тоот хаягт байршилтай 59,91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2/

Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...уг орон сууцыг Д.Б-аас 83,500,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь төлсөн, Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа...” гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх 19-20/

 

3. Хэрэгт авагдсан 2019 оны 08 сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нэхэмжлэгч Н ХХК нь ЭИ ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 3-р ээлжийн Д блок, 59,91 м.кв талбайтай Г тоот орон сууцыг захиалан бариулж, үнийг бартер буюу ажил үйлчилгээгээр төлсөн, улмаар Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг /17110/, наадамчдын зам гудамж, 406-р байр, 7 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. /хх 8, 9-10/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв тогтоосон байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчид холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

 

4. Хариуцагч П.Т- нь маргаан бүхий орон сууцыг Д.Б-аас 83,500,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлах боловч Д.Б- нь хэлцэл хийх үед уг орон сууцны өмчлөгч биш байсан тул хариуцагчийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй.

Эрх бүхий байгууллагаас Д.Б-д холбогдуулан 2022 оны 01 сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлийн 221000330 дугаартай хэрэг нээж, эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдал нь Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Т-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Иймд хариуцагч талын гаргасан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэсэн татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03415 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...106.2 дахь...” гэснийг “...106.1 дэх...” гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 712,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

  

                          

                                            ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР