| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0170/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 187
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.О ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Иргэний хариуцагч “МСМгрупп” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д , С.Жавхлан,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: И.Г ,
Шүүгдэгч: Д.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Энхбаяр,
Гэрч: Д.Л ,
Шинжээч: Ж.Жаргалтуяа,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн 1828001600143 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө******* аймаг, Даланзадгад сумын төвөөс Улаанбаатар явах засмал замын 56 дахь километрт “МСМ групп” ХХК-ий эзэмшлийн 34-22 УНН улсын дугаартай Жийп Компасс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.11 “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна..." гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Э ын жолоодож явсан улсын дугааргүй Фекон маркийн мотоциклийг мөргөсний улмаас С.Э нь******* аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Шүүгдэгч: 2018 оны 09 сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн ах болох Лх той экскаваторын засвар үйлчилгээ үзүүлэхээр явж байсан. Тухайн осол гарах үед шөнийн 01 цаг болж байсан.******* аймгаас 55 км зайтай явж байхад өмнөөс нэг машин гарч ирээд зөрсөн. Яг машин зөрөөд урд мотоцикль гараад ирсэн тэгээд би хажуу тийш дарсан. Тэгээд буугаад харахад саяын мэдүүлэг дээр байсан шиг талийгаач доош харсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд хойноос найзууд нь гээд портертой хүмүүс ирээд нэг нь бууж ирж харчихаад яваад өгсөн. Тэгээд бас нэг жижиг тэрэгтэй хүмүүс ирээд цагдаа, эмнэлэг дуудах гэсэн боловч утсанд нь сүлжээ байхгүй байсан болохоор түрүүлж ороод мэдэгдээд ирье гээд явсан. Тэгээд талийгаач цус алдаад ухаангүй байсан болохоор машиндаа суулгаад******* аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” Хохирсон зүйл бол маш их байна. 1 дүгээрт би аавыгаа алдаад өнчирчихөөд зогсож байна. 2018 оны 09 сарын 22-ны өдөр миний утас руу хүн залгасан байсан. Тэгээд би аавын нь дүү, аав нь зам тээврийн ослоор нас барчихлаа гэсэн. Таны аав зам тээврийн ослоор нас барсан гэсэн. Тэгээд болсон хэргийн талаар хэлсэн. Тэгээд намайг төрөөд 1 сар болж байгаа учраас хэлж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд ирж аавынхаа талаар явахгүй бол болохгүй байна гэсэн. Тэгүүл би ингэж хэлсэн, дайраад алсан юм бол би тэр хүнийг чинь дайраад алчъя гэсэн. Тэгээд би юу ч ойлгохгүй байсан. Тэгээд байцаагч надаас ажил явдалд нь оролцсон уу? гэсэн би ороолцоогүй гээд тэгээд мэдүүлэг өгөөд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон. Талийгаачийн ганц охин нь юм байна гээд тогтоосон. Миний аав 56 настай байхад энэ хорвоогоос явуулсанд харамсалтай байна. Миний бодож байгаагаар миний аав дахиад 20 жил амьдрах байсан. Эв эрүүл хүн байсан. Өнөөдөр байхгүй, маш их гомдолтой байна. Хохирол төлбөртэй холбоотой цуглуулсан баримт нь байна. Гэхдээ энэ мөнгөөр миний аавыг солихгүй шүү дээ. Надад дахиад олдохгүй, надад ганц л байсан. Та бүхэнд ч гэсэн тийм л байна. Би одоо ч эвлэрэхгүй байна. Өмнө нь намайг ярихад миний охин хаана байна,аав тэнд явж байна гээд ярьдаг байсан. Би бүх гэрэл зургийг нь үзсэн. Хамар нь хугарсан, толгой нь хэдэн см нээгдсэн, бие нь хөхөрсөн, цус болсон байсан. Би хэзээ ч тийм байдлаар харж байгаагүй. Энэ хүмүүс миний аавын буруу, машины өмнө орчихсон юм шиг яриад байгаа юм шиг байна. Өөрийгөө өмгөөлүүлэх гээд олуулаа ирсэн байна. Гэтэл би ганцаараа өнчин ботго шиг сууж байна, баримт цуглуул гэсэн, би цуглуулсан. Тэгээд зарим хүмүүс тухайн үедээ авахгүй яасан юм гэсэн. Тэр үед юун баримт, надад баримтаас илүү аав минь хэрэгтэй байсан. Тэгээд би эгчээсээ асуухад 5.800.000 төгрөг орчим байх сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би явсан замын зардлаа хэлээд нийт 7 сая гаран төгрөг төлчихөөр миний аав босоод ирэх биш, миний сэтгэл тайвшрах биш, үгүй шүү дээ. Энэ хүмүүс 6 сая төгрөг өгснөөрөө би хохирлоо төлсөн юм чинь гэм зэмгүй өнгөрөө, би гэрэл гялбаснаас, эдний аав гэрэл гэгээгүй мотоцикль унаж явснаас би хэрэгтэн болох гээд байна гэж байх шиг байна. Үгүй, чи аавтайгаа, ээжтэйгээ хамт ирсэн, харин би хэнтэйгээ ирсэн юм бэ. Чи суухгүй ч гарч ирэх юм билүү. Чамд нар байна. Амьдрал байна. Чи яаж, юугаар төлөхийн, ганцхан ээжээс нь уучлалт гуйхаар болчих юм уу? үгүй, чи битгий андуур. Намайг ганц өнчрүүлээгүй, чи миний хэдэн хүүхдийг өнчрүүлсэн. Би хохирлыг боломжоороо төлж байгаа, би боломжоороо төлнө гээд юу яриад байгаа юм бэ. Чи яагаад хүнийг бодохгүй байгаа юм бэ. Би чамайг санаатай алсан гэж хэлээгүй. Гэхдээ хүнд жоохон ч гэсэн хүн чанар хэрэгтэй. Чи тэр ажил явдал дээр нь очоогүй, тэр ээж нь 80 гарсан хөгшин хүүгийнхээ ард орчихлоо гээд үгээ бараад сууж байна. Тэр сайхан уу? би ч бас чамайг үзэн ядаж байна. Манай охин одоо ээж намайг өвөө рүү явуулахгүй яасан юм бэ, өвөө нээрээ байхгүй болсон юм уу гэдэг. Баримт цуглуул гэсэн. Би хагасыг нь олж чадаагүй, тэгээд цуглууллаа. 5.800.000 байх гэж бодож байсан. Тэгээд яг цуглуулахад 9 сая гаран төгрөг болж байна. Би энэ хооронд 6 явсан байна. Одоо 25.505.234 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоо төлсөн байгаа нь 6.217.000 төгрөг төлсөн байна. Хасаад бодохоор 19.288.233 төгрөг одоо нэхэмжилж байна. Оршуулгатай холбоотой зардал нь 9.921.234 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал 1.597.078 төгрөг, банкны зээл 3.300.000 төгрөг байсан. Манай аав өөрөө байсан бол өөрөө л төлнө. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ бол бага, миний аав босохгүй, Эд хөрөнгийн хохирол дээр би мотоциклыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээгээр 217.000 төгрөг өгсөн. Тэгээд 783.000 төгрөг үлдэж байна. Би сар гаран хугацаанд наашаа цаашаа их явсан, нөхрийн хамтаар, тэгээд би хувиараа оёдол эрхэлдэг. Би ажил дээрээ суугаад юм аа оёод сууж байсан бол өдөртөө 100.000 төгрөг олдог. Сардаа би багаар бодоход 1.500.000 төгрөгийг олдог байсан. Би энэ хооронд явсаар байгаад сар гаран хугацаа алдсан. 1.500.000 төгрөг олох ёстой байсан орлого, хор уршиг учирсан. Би энэ хохирлоо шүүгдэгч болон иргэний хариуцагчаас нэхэмжилж байна. Нэмж хэлэхэд энэ хүн ганц, хоёр жил суугаад гарч ирнэ гэж бодож байгаа байх. Миний хувьд болдог бол амийг амиар гэмээр байна. Гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 1828001600143 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Хэрэг учрал болсон гэх газар нь******* аймгийн төвөөс Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай авто замын 56 дахь километрт байх бөгөөд уг авто зам нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун, баруунаас зүүн тийш чиглэсэн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ авто зам байв. Уг замын ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэсэн буюу Цогт-Овоо сумаас аймгийн төв рүү чиглэсэн зорчих хэсэг дээр цайвар өнгийн хойд хэсэг нь эвдэрсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль, ертөнцийн зүгээр баруун хойшоо харж баруун талаараа унасан, уг мотоциклоос зүүн тийш мотоцикль болон автомашины гэрлийн хагархай эд анги бутарч унасан, мөн шар өнгийн нойтон салфетка, салфетикны хажууд зам дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл 0.9м X 0.56 метрийн диаметртэй гоожиж бохирлогдож зам дээр хатсан байдалтай байв. Салфетакнаас зүүн тийш мөн тээврийн хэрэгслийн гэрлийн хагархай тарж зам дээр унасан байдалтай байх ба тухайн газарт авто машины тод мөр буюу тоормозны мөр үүссэн байв. Зам тээврийн осол болсон замын ерөнхий байдлыг авч үзвэл зүүнээс баруун тийш буюу тээврийн хэрэгслүүдийн явж байсан чиглэл бага зэрэг үл ялиг өгсүүр тул ойролцоогоор 500 метрийн цаана өөдөөс ирж яваа машиныг харах боломж бага буюу тэр чиглэлийн үзэгдэх орчин хязгаарлагдсан, хоёр талаараа шороон хөвөөтэй нийт өргөн нь 11.1 м, асфальтан хэсгийн өргөн нь 7 метрийн өргөнтэй дундуураа тасархай цагаан зураастай, хуурай гадаргуутай зам байв. Мотоциклийг босгож үзэхэд мотоциклийн хойд ачаасаг хэсэг нь урагшаа чихэгдэж, гэрэлтүүлэх хэрэгсэл хагарсан, мотоциклийн урд их гэрэл гадуураа скочоор бүрхэж хуучирсан, гэрэл холбогдож асах зориулалттай цахилгааны утаснууд тасарсан, мотоциклийг асаах гэхэд асахгүй байв.” /хх 4 дүгээр хуудас/,
Яллагдагч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байсан санагдаж байна тэр өдрийн орой Улаанбаатар хотоос ах Д.Л ийн хамтаар ахын найзын машинтай Даланзадгад сум руу гарсан. Даланзадгадаас 54 км-т явж байхад миний хажуугаар нэг машин зөрсөн чинь гэнэт өмнө талд нэг мотоцикль гэнэт гараад ирсэн. Би машинаа зогсоож чадаагүй хажуу тийш нь дараад амжаагүй мотоцикльтой хүнийг мөргөсөн. Машиныг би жолоодож явсан. Осол болоход мотоциклийн жолооч байсан. Өөр хүн байгаагүй. Араас нь портертой найз нь ирж харчихаад яваад өгсөн. Осол болсон дараа цаг харахад шөнийн 01 цаг өнгөрч байсан. Би Жийпкомпасс маркийн тээврийн хэрэгсэлтэй, 70 км цагийн хурдтай явж байсан. Миний хажуугаар хэд гэсэн дугаартай машин зөрснийг нь анзаараагүй. Дунд оврын жийп юм уу, альпард зөрсөн, өнгийг нь анзаараагүй. Миний хажуугаар өнгөрсөн тээврийн хэрэгсэл зогсоогүй, тэр тээврийн хэрэгсэл өөдөөс зөрсөн юм. Би машиныхаа баруун урд талаар мотоциклийн ар хавиас нь мөргөсөн. Би тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Гэнэт өмнө талд мотоцикль гараад ирсэн. Тэгээд тоормозоо гишгээд хажуу тийш нь дараад амжаагүй осол болсон. Осол болсон дараа нь араас ирсэн портероос нэг хүн бууж ирээд хараад явсан. Эмнэлэгт ирсэн дараа нэг ах ирээд ах нь энэ хүнтэй хамт явж байсан, машинд гурвуул явсан. Цогт-Овоогоос гарахаас өмнө бид нар нэг шил архи хувааж уугаад гарсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 87-88 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 9-17 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн ээж*******гаар овоглодог. Манай аав ээж 2 1993 онд салсан юм. Тэр цагаасаа хойш би ээжтэйгээ хамт амьдарсан. Иргэний үнэмлэх авах үед би ээжээрээ овоглосон. Манай аав ээж 2 3 хүүхэдтэй байж байгаад манай 2 дүү нас барсан юм. Би хөдөө гэрээр ирж очоод аавтайгаа утсаар ярьдаг байсан. Би талийгаачид үлдсэн ганц хүүхэд нь байгаа юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хамгийн сүүлд утсаар ярихад зүгээр л ярьж байсан. Түүнээс хойш 09 дүгээр сарын 12-ны өдөр залгахад аавын утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байгаад байсан юм. Тэгсэн нэг өдөр******* гэх манай аавын төрсөн дүү залгаад аав чинь зам тээврийн осолд орж нас барсан ажил явдал нь болоод өнгөрсөн чамд хэлэх гэсэн боловч чамайг жоохон хүүхэдтэй учраас шоконд орох байх гээд хэлээгүй гэж хэлсэн юм. Тэгээд би******* аймагт ах дүү нартайгаа уулзсан юм. Зам тээврийн ослын талаар бол сайн мэдэх зүйл байхгүй байна.******* аймгийн******* суманд мал маллаж ганцаараа амьдардаг байсан. Ганаа гэж нэг эгч ирж очиж амьдардаг байсан. Би гомдолтой байна. Оршуулгын зардлыг нь мөн мотоциклийг нь нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/,Top of FormBottom of Form
Иргэний нэхэмжлэгч И.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “МСМгрупп” ХХК-д засвар үйлчилгээ хариуцсан менежер ажилтай юм. Тус машиныг би харилцагчийн тоног төхөөрөмж эвдэрсэн, гэмтсэн, дуудлага ирсэн тохиолдолд унаж ашигладаг машин байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Гэмтэл согог судлалын үндэсний төвд төлөвлөгөөт эгэмний 2 дахь удаагийн хагалгаанд орох гээд эмнэлэгт хэвтэж байхад манай найз Д.Л миний унадаг албаны Jeep Compass маркийн авто машинаар******* аймаг яваад ирье. Би өөрийнхөө машинаар явах гэхээр зардал их гарах гээд байна гэж хэлээд гуйхаар нь би зөвшөөрөөд машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд би хагалгаанд орохдоо гар утсаа унтраачихсан байж байгаад 7 хоногийн дараа утсаа нээхэд Д.Л над руу залгаад******* аймагт явж байгаад зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн юм. Зам тээврийн ослын улмаас машинд эвдрэл гэмтэл гарсан байна. Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хх 45 дугаар хуудас/
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сар 14-ний шөнө 04 цагт би гэртээ унтаж байхад утас дуугарахаар нь авахад Цагдаагийн газраас ярьж байна. Манай ахын нэрийг хэлээд ийм хүн таних уу аваарт ороод эмнэлэгт хүнд ирсэн байна. Та энэ хүний талаар мэдэх үү гэж хэлсэн. Би өглөө босоод 10 цагийн үед эмнэлэг дээр ирэхэд манай ах огт ухаангүй тархи толгой нь хагархай сэхээний тасагт байсан юм. Тэгээд би сэхээнд харсан юм. Ах минь ухаангүй байж байгаад 19 цаг 15 минутад зүрх нь зогсож нас барсан юм. Ам бүл ганцаараа сая сүүлд нэг******* гэдэг хүнтэй сууж байсан юм.******* сумын 2 дугаар багийн Элст гэдэг газарт мал маллаж амьдардаг байсан юм. Сууж байсан хүнээс нь асуухад******* гэдэг хүн аваад явсан гэж хэлсэн. Ямар учраас хаашаа явсан талаар сайн мэдээгүй юм. Архи уудаг байсан. Талийгаач ганцаараа голдуу л байдаг байсан. Сууж байсан хүүхэн нь******* суманд тогооч ажилтай учраас хааяа нэг очдог байсан юм. Гомдолтой л байна. Манай ахыг гэрээс нь авч явсан******* гэдэг хүнд мөн гомдолтой байна.” Гэх мэдүүлэг /хх 46 дугаар хуудас/
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Э гэдэг талийгаачтай 2015 оноос эхлэн найзалж нөхөрлөсөн юм. Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр манай эгч, ах нар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас яриад мах ямар үнэтэй байна. Мал зарах гэсэн юм ирээд ачаад******* аймаг хүргээд өг гэж хэлсэн юм. Би энэ тухай найз Э т ярихад Э тэгээд явах гэж байгаа юм бол манайд байгаа хэдэн малаа ах, эгч нар дээрээ тавихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би 4 дэх өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймаг руу өөрийн машинаар танил Ур-гийн хамтаар гарсан юм. Замаараа найз Э ын гэрээр очиж 4 шүдлэн ямаагаа ачаад явах гэхэд Э цуг явъя, ухна олж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл мотоциклио үлдээгээд миний машинд суучих гэж хэлсэн чинь мотоцикльтой яваад эргэж ирэхдээ Цогт-Овоо сумаас наашаа тэмээ шүүрдэж ирнэ гэж хэлсэн юм. Тэгээд мотоциклийг нь ачиж яваад Цогт-Овоо сумын төвд очиж Цогт-Овоо дээр мотоциклийг нь үлдээгээд цаашаа Дэлгэрхангай явсан юм. Дэлгэрхангай сумын тэнд байх эгч Эр-гийнд очиж 18 хонь ачсан. Талийгаач манай эгчээс 1 ухнан ишиг худалдаж авсан. Тэрийг нь ачаад буцаад явсан явахдаа миний машинд Уртнасан, Э манай эгч Эрдэнэцоо нар явсан юм. Цогт-Овоо сумын төвд орж ирэхэд 22 цаг орчимд орж ирсэн болуу гэж бодож байна. Тэгээд Цог-Овоо суман дээр ирээд байж байхад Э халааснаасаа 2 ширхэг 5000 төгрөг гаргаж ирээд намайг 1 шил архи аваадах гээд өгсөн. Би дэлгүүр орж 1ш Ерөөл 0.5л архи аваад буцаад аавын төрсөн дүү Цэвэл эгчийд ирсэн. Цэвэл эгч цай чанаж өгсөний дараа нөгөө авсан архиа задалсан. Тэгээд би Э аас хоноод явах юм уу гэхэд хонохгүй одоо гарна гэхээр нь тэгвэл одоо архи уухаа болио гээд тал шил архийг Цэвэл эгчийн гэрт үлдээгээд гарсан юм. Би талийгаачийг хоноод яв гэсэн хонохгүй шөнөө яваад харина гэж хэлсэн. Тэгээд талийгаач мотоциклио асааж унаад хөдөлсөн. Би араас нь хөдөлсөн юм. Цогт-Овоо сумаас наашаа гараад 10 орчим км газарт явж байхад талийгаач Э замаас гараад зогсохоор нь би хажууд нь очиж зогсоод яаж байна гэхэд зүгээрээ дажгүй явж байна гэж хэлсэн. Тэгээд би түрүүлээд хөдөлсөн. Талийгаач араас явсан юм. Замдаа нэлээд хэд хэдэн удаа зогссон юм. Талийгаач миний өмнө хойно гараад зогсоод явсан юм. Тэгээд ханангийн антены тэнд зогсоод өндөрлөгөөний төмөр хугарсан байсныг боож байхад талийгаач араас хүрээд ирсэн юм. Талийгаач ирээд хажууд зогсож байгаад би ер нь түрүүлээд явлаа гэртээ очиж хоноод маргааш өглөө мал хуйгаа эргэчихээд нэг хонь аваад очъё гэж хэлээд талийгаач хөдлөөд явсан юм. Би өндөрлөгөөгөө хүлчихээд хөдөлсөн юм. Тэгээд би Ур-тай юм яриад замын самбар хараад явж байхад******* 55 Даланзадгад 60 гэсэн самбар байсныг хараад одоо 60 километр юм байна гэж яриад өгсөөд гараад ирэхэд зам дээр аваар татсан машин байсан. Тэгэхэд хойноос их хүчтэй явдаг жижиг тэрэг хаажуугаар гараад нөгөө аваар татсан машины өмнө очоод зогсохоор нь би аваар татсан машины буруу талаар нь тойроод шороон замаар гарахад манай найз аваарт орсон байдалтай засмал дээр их цус болсон байсан. Тэгээд би зогсоод машинаас буугаад харсан чинь нас барчихсан юм шиг харагдахаар нь би буцаж машиндаа ороод утсаа үзэхэд утас цэнэггүй болсон байсан. Тэгээд би яаралтай явж цагдаа, түргэн дуудъя гэж бодоод машинаа асаагаад давхисан юм. Тэгээд аймаг дээр ирээд гэртээ ороод утсаа цэнэглээд 103 дугаар луу залгаад ханангийн антены тэнд осол гарсан байна гэхэд тэр ослын хүн нь эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн. Би хамт явсан хүн нь байгаа юм гэхэд намайг эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж шөнө 04 цаг өнгөрч байхад өнгөрч байхад талийгаачийг харж хоносон. Би талийгаачийг нас барсан байна гэж бодоод хамгийн хурдан цагдаа, түргэнд мэдэгдэе гэж бодсон. Ослын газарт нэг хар жип машин Цогт-Овоогоос Даланзадгад чиглэлтэй явж байсан бололтой замын эсрэг урсгал руу ороод аваар татаж зогссон, мотоцикль замын баруун талд нилээд зайтай шидэгдсэн байдалтай байсан. Хүн машины буруу талд хэвтэж байсан. Толгойг нь нэг хүн түшээд баж байсан. ”гэх мэдүүлэг /хх 47-48 дугаар хуудас/
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгтээ: “Би өөрийн төрсөн дүү Эр-хийг 10-аад хоногийн өмнөөс боломжоороо ирээд мал ачаад өгөөч гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 14-нд Эр хоёр танихгүй хүнтэй ирж 18 хонь 1 ухнан ишиг ирж авсан. Талийгаач найз нь ухна хэрэгцээтэй байна гээд нэг ухнан ишиг авсан. Тэгээд малаа ачаад Эр танихгүй хүн бид хэд Цогт-Овоо руу ирсэн. Талийгаач залуу мотоциклио Цогт-Овоод үлдээсэн гээд нэг айлын хашааны гадаа ирж зогсоод Эр тэр 3 айл руу орж би машинд үлдсэн. Тэр хэд нээх удаагүй гарч ирэн талийгаач залуу мотоциклоо унасан. Тэгээд танихгүй залуу.дүү бид 3 машиндаа суун Эр машинаа барин******* аймаг руу хөдөлсөн. Наашаа нилээд явсаны дараа би зүүрмэглэж хэсэг хугацаанд унтсан байсан. Нойрон дунд дүү тэр 2 хамт явсан хүнийг аваарт орсон байна, машин дайрчихсан юм байна яаралтай түргэн, цагдаа дуудах хэрэгтэй байна гэж хэлээд наашаа явсан. Тэгээд би сэрээд юу болсон гэж асуухад хамт явсан хүн маань аваарт орсон юм шиг байна гэсэн Тэгээд нээх удаагүй аймаг руу орж ирсэн. Гэрт ирж Эр утсаа цэнэглээд түргэн туслаж руу залгасан. Тэгээд Эр нөгөө залуу хоёр эмнэлэг рүү явсан. Архи дарс хэрэглээгүй. Бидний өмнө хойно ороол зүгээр л давхиад явсан. Би наашаа явж байгаад сэрэхэд л манай дүү тийм юм ярьж байсан. Би өөрийн нүдээр хараагүй.” гэх мэдүүлэг /хх 49 дүгээр хуудас/
Гэрч Н.Ур мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгтээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би танил Эр рүү залгаад цемент ачих ажил байна завтай байна уу гэхэд завтай байна гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад гэрт нь очоод цемент ачих гэхэд манай эгч цемент ачихаа больчихлоо гэж хэлсэн юм. Тэгсэн Эр намайг завтай байна уу гэхээр нь завтай байна гэсэн чинь хоёулаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт байх манай эгчийнд очиж хэдэн мал ачаад ирье гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр аймгаас өдөр 14 цагийн үед гарсан. Эр аймгаас гарч яваад ханангийн антены тэнд байх найз гэх Эрдэнээ гэдэг хүнийд очиж хүүхдийн бэлэг гэх 4 шүдлэн ямаа ачаад явах гэхэд тэр найз нь би ерөөсөө хамт яваад Дэлгэрхангайгаас нэг ухна олоод ирье гэж хэлсэн. Тэгээд явах гэхэд талийгаач мотоциклио ачиж явна гэсэн. Мотоциклиор яах гэж байгаа юм бэ гэхэд би буцахдаа Цогт-Овоогоос наашаа тэмээ шүүнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийн мотоциклийг ачаад цаашаа явсан юм. Цогт-Овоо сум ороод Эр эгч гэж нэг айлд очоод мотоциклийг нь буулгаад тэндээ хоноод маргааш өглөө нь цаашаа Дэлгэрхангай сум руу яваад тэр айлдаа өдөр очоод малнаас нь 18 хонь 1 ухнан ишиг ачаад Эр ийн эгч гэж нэг эгч хамт суугаад бид нар буцаад явсан юм. Цогт-Овоо сумын төвд орой 22 цагийн орчимд ирсэн юм. Цогт-Овоо сумын төвд орж ирэхэд хамт явсан ах бие жаахан эвгүй байна ганц юм авч ууя гэж хэлсэн. Тэгээд Эр дэлгүүр орж нэг шил 0,5 грамын ерөөл архи аваад Эр эгчийнхээ гэрт ирж буугаад цай буцлах хооронд нөгөө архиа задлаад ууцгаасан. Цай болоод мөн цай уусан. Тэгээд архи дуусаагүй байхад Эр бид нар явлаа талийгаачийг миний найз эндээ амраад өглөө яв гэсэн тэгсэн чинь талийгаач үгүй найз нь одоо явна ухнан ишигний орны төлгийг аймагт аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас та архи уусан байж яваад яах вэ гэхэд ах нь согтсон юм байхгүй байна зүгээр давхиад харьчихна гэж хэлсэн. Тэгсэн Эр талаас доош нь орсон архийг цааш нь аваад тавчихсан юм. Тэгээд бид нар тэндээс хөдөлсөн юм. Бид нартай хамт явсан эгч тэр айлд ороогүй машинд сууж байсан юм. Талийгаач мотоциклио унаад түрүүлээд хөдөлсөн. Бид нар араас нь хөдөлсөн. Талийгаачийн мотоцикль хойноо гэрэл байхгүй байсан. Талийгаач нэг хойно гараад нэг өмнө гараад яваад байсан. Тэгж яваад ханангийн антены цаана нэг зогсоод Эр машинаас буугаад машины ачааны өндөрлөгөөний төмөр хугарсан байсныг боож байхад талийгаач араас хүрч ирж хажууд ирж зогсоод за за манайх дөхчихлөө би түрүүлээд харилаа. Өглөө эрт төлгөө аваад аймагт хүрээд очъё гэж хэлээд хөдлөөд явсан юм. Эр бид хоёр нөгөө төмрөө боогоод бие засаад мал дарагдсан эсэхийг шалгачихаад 10 орчим минутын дараагаар хөдөлсөн. Хөдлөөд 2-3 км газар явж байхад******* 60,******* хэд гэж байлаа нэг самбар байсан түнийг хараад Эр бид хоёр аймаг одоо 60 км юм байна гэж ярьж байсан юм. Тэгээд 4-5 км газар явж байхад нэг машин аваар татчихсан зогсож байсан. Тэр машинд деөөөд ирэхэд тэр машины хамар эсрэг урсгалд ороод зогчихсон байсан. Тэгээд бид хоёр тэнд нэг асуудал болсон байна гэж ярилцаад явж байхад араас нэг машин ирсэн. Тэр машинд зам тавиад тэнд аваар татаад зогсож байсан машины буруу талаар нь ороод ирэхэд нэг цагаан цамцтай залуу нэг хүний толгойг өргөөд сууж байсан. Тэгсэн Эр энэ манай найз байна ш дээ гээд зогссон. Тэгээд Эр машинаас буугаад машины ард оччихоод манай найз байхгүй болчихсон юм шиг байна гээд буцаад машинд хүрээд ирсэн Эр утсаа бариад эхнэрт нь хэлье гээд залгах гэтэл утас нь цэнэггүй байсан. Тэгээд яах вэ гэж байгад аймаг орж цагдаа, түргэн хурдан дуудъя гээд аймаг руу явсан. Аймагт 03 цаг өнгөрөөгөөд орж ирээд Эр ийн гэрт ирээд Эр утсаа цэнэглээд эхнэр лүү нь залгахад утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд 103 руу залгаад ханангийн антены хажууд аваар гарсан байна гэхэд тэр хүн чинь эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд мөн цагдаа ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд Эр бид 2 эмнэлэг рүү яваад очиход талийгаач хүлээн авахын орон дээр ухаангүй хэвтэж байсан. Эр би найзыгаа харж хононо гэсэн. Тэгээд би явсан. Хэргийн газарт нэг залуу зогсож байсан. Хажууд нь цагаан цамцтай залуу талийгаачийн толгойг өргөөд байж байсан. Тэр хавиар их цус болсон байсан. Хар өнгийн гэр бүлийн жиип машин Цогт-Овоо сумаас Даланзадгад сум руу чиглэлтэй явж байсан болтой эсрэг урсгал руу хамраа оруулаад аваар татаад зогсож байсан. Мотоцикль нилээд зайтай Даланзадгад явдаг урсгалд зам дээр хажуугаараа байсан. Цогт-Овоо сумын төв дээр 1 шил 0,5 граммын архи 3 уулаа хувааж уусан байсан. Талийгаачийг харахад согтсон зүйл харагдаагүй., замд уулзахад зүгээр ярьж хөөрөөд явж байсан.” /хх 50-51 дүгээр хуудас/
Гэрч Д.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгтээ:”Би барилгын сан салхивч угсардаг ажил хийдэг юм. 2018 оны 09 дүгээр сар 14-ний өдөр******* аймаг явах ажил гарсан юм.******* аймагт очиж эксковаторын засвар үйлчилгээ хийх ажилтай******* аймаг явах болсон юм. Тэгээд******* аймаг явах гэхэд би ганцаараа байсан учраас Хан-Уул дүүрэгт байх удирдлагын академийн байранд очиж өөрийн төрсөн дүү*******ыг******* аймаг хамт яваад өгөөч гэж гуйсан. Манай дүү зөвшөөрөөд хамт явахаар болсон юм. Тэгээд найз Га-гын улсын дугаартай Жипкомпус маркийн авто машинтай******* аймаг руу 19 цаг өнгөрч байхад гарсан. Улаанбаатараас гарахдаа би дүү*******д машинаа бариулаад явсан юм. Дундговь аймагт 23 цаг өнгөрч байхад ирсэн. Дундговь аймагт хоол унд идээгүй шууд гарсан. Тэгээд Цогт-Овоо сум өнгөрөөд******* аймгаас 55 орчим километр газарт явж байхад өмнөөс хурц гэрэлтэй машин гараад ирэхээр нь би дүүдээ хандаж хурдаа хас гэж хэлэхэд манай дүү хурдаа нэлээд хасаад зөрөхөд зам дээр мотоцикльтой хүн зогсож байсан. Тэгээд дүү тоормоз гишгэсэн боловч амжаагүй очоод мотоцикльтой хүнийг мөргөсөн. Мотоцикльтой хүн машины копутан дээр гараад ирсэн. Мотоцикпь нь цаашаа шидэгдсэн юм. Тэгээд бид хоёр буугаад очиход хүн машины баруун гар талд газар доошоо хараад унасан байхаар нь очоод дээш нь харуулахад ухаангүй амьсгалахгүй байхаар нь дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь зөөлөн дарахад амьсгалж эхэлсэн юм. Толгойноос нь цус гарч байхаар нь машинаас даавуу олоод толгойн ар хэсэгт нь дарсан. Тэгээд цус нь тогтохгүй их гоожоод байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудах гэсэн боловч сүлжээ байхгүй байсан учраас хүнийг машинд өргөж суулгаад******* аймаг руу явсан.******* аймагт ирээд шууд эмнэлэгт ирээд яаралтай тусламжийн эмч нарт хүлээлгэж өгсөн. Тэгээд мөн ийм осол болсон талаар цагдаад мэдэгдсэн юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний төрсөн дүү Д.Б машиныг жолоодож явсан. Би харахдаа зогсож мотоцикльтой хүнийг зогсож байна гэж харсан юм. Ямар ч байсан засмал зам дээр ертөнцийн зүгээр баруун урагшаа хараад зогсож байх шиг байсан. Мотоцикль дээрээ мордоотой байсан. Их хурдан болоод өнгөрсөн болохоор сайн мэдэхгүй байна. Араас нь харахад ямар нэгэн гэрэл гэгээ юу ч байгаагүй. 3422 унү улсын дугаартай машин манай найз И.Г-ын Жипкомпус маркийн машин байгаа юм. Яг хэний нэр дээр байдгийг сайн мэдэхгүй байна. 70 орчим цагийн хурдтай явж байсан байх. Мотоцикльтой хүн осолд орсны дараа машинд оруулж ирэхэд их архи үнэртэж байсан. Тэр хүн архи уугаад согтуу явсан юм шиг байгаа юм. Осол болоод мотоцикльтой хүнд анхны тусламж үзүүлж байхад хамт архи уусан хүмүүс нь портер машинтай ирсэн. Ирээд зам дээр зогсохоор нь аваар гарчихлаа утсанд чинь сүлжээ байна уу гэж хэлэхэд тэр машинтай хүмүүс яанаа нөгөөх чинь аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь таньдаг хүмүүс чинь юм уу гэхэд шууд хөдлөөд яваад өгсөн. Дүүгээ би гэртээ байж байхад нь аваад явсан юм. Хариуцлагыг нь би үүрмээр байна. Мөн зам дээр ирж зогсоод шууд яваад өгсөн портер машинтай хүмүүст гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх 54-55 дугаар хуудас/
Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгтээ: “Би Эр гэж хүнийг танина. Манай төрсөн ахын хүү байгаа юм. Ц.Э манайд 09 дүгээр сарын эхээр манайд ирсэн. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд хөдөө байдаг дүүгийндээ очиж мал хүнс авах ажлаар явж байна гээд 2 танихгүй эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Манайд ирэхдээ архи уусан эсэхийг мэдээгүй, согтуу харагдаагүй. Дэлгэрхангайд дүүгийндээ оччихоод******* аймаг руу буцах замдаа 22 цагийн үед манайд ирэхэд нь би цай хоол хийж өгөөд байж байхад хэн нь гаргасаныг мэдээгүй 0,5 грамаар савласан архи гаргасан байсан. Ямар архи байсныг санахгүй байна. Хувааж ууж байгаад 4 хуруу хэртэй архи үлдээгээд 23 цагийн үед явсан.” гэх мэдүүлэг /хх 56 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 02-ны 10143 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “С.Э хими-д Даланзадгад” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Цусанд бусад төрлийн хорт бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй.” гэх дүгнэлт /хх 76-77 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ий 2018 оны 10 сарын 05-ны Автомашин техникийн үнэлгээний 237 дугаартай дүгнэлтэд:... “Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 216.000 төгрөг” гэжээ. Мотоциклийн гэрэл зураг /хх 64, 65 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ий 2018 оны 10 сарын 05-ны Автомашин техникийн үнэлгээний 223 дугаартай дүгнэлтэд:... “Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 1.883.000 төгрөг” гэжээ. Автомашины гэрэл зураг /хх 68, 69 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 06-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаачийн биед гавлын духны зүүн талд ухархайн дээд хана, үнэрлэхүйн мэдрэлийн ялтасны ар хэсэг хүрсэн, дагзны баруун доод хэсгээс баруун зулайн төвгөр хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дагзны хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн духны дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, хамар ясны битүү хугарал, хуйханд шарх, дух, хацар нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 58-59 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн автотээврийн үндэсний төвийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн №10/02 дугаартай дүгнэлтэд:” А. БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн, Fekon маркийн улсын дугааргүй мотоциклийн урд өндгөвч /хамгаалалт/ байхгүй, хянах самбар болон гаран дээрх товчлуурууд ажиллахгүй, цахилгааны гэмтэлтэй, урдаа болон ардаа дохио байхгүй, тоормозны гэрэл бүрхүүл байхгүй, урд их гэрэл цахилгааны масстай маш бүдэг асдаг тоормосны пидал муруйж дээш өргөгдсөн, ачаасаг хугарсан салсан, арын дугуйны шаврын хаалт буюу карлан хугарч нугарсан, банк болон суудал сууринаасаа салж хөдөлгөөнтэй болсон зэрэг эвдрэл гэмтэлүүдтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Б. Тухайн тээврийн хэрэгслийн одоогийн байгаа нөхцөлд: Жолоодлогын механизмд ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй, харин хөл тоормосны пидал дээш өргөгдөж муруйсан байсныг тэгшлэн тоормосыг гишгэж үзэхэд хойд дугуй эргэхгүй байсан нь хөл тоормосны үйл ажиллагааг хэвийн гэж үзэх үндэслэл болж байна. Харин гар тоормоз буюу урд дугуй тоормосны пидал, татуурга торос байхгүй байна. Урд их гэрэл нь цахилгааны масс үүссэнээс маш бүдэг асах, баруун талын урд болон арын дохио байхгүй, зүүн талын арын дохио байхгүй, тоормосны гэрлийн ламп, гэрлийн бүрхүүл хагарч байхгүй болсон, гэрлийн суурь хагарсан, муруйсан эвдрэл гэмтэлүүдтэй байна. В. Тухайн тээврийн хэрэгсэлийн хөл тормосны пидал муруйсан, баруун гар талын урд дохио, арын хоёр дохио, тоормосны гэрлийн бүрхүүл, суурь салсан нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байна. Осол гарахын өмнө гэрэл дохио нь хэвийн ажиллаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй. Иймд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.” гэх дүгнэлт /хх 72 дугаар хуудас/
******* аймгийн автотээврийн үндэсний төвийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн №10/03 дугаартай дүгнэлтэд: А. Jeep compass маркийн 34 22 унн улсын дугаартай автомашины урд шил их хэмжээний хагаралтай, баруун талын урд гэрэл, кобуд, карлан, гупр хагарч урагдсан эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Б. Jeep compass маркийн 34 22 унн улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр жолооны механизм, тоормозны -системийн, явах эд ангиудад үзлэг хийхэд ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй хэвийн ажиллагаатай тоормозны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалт зэрэг нь Монгол улсын MNS 5011:2011 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага гэсэн стандартын үзүүлэлтийг хангаж байна. В. А-д дурьдагдсан эвдрэл гэмтлүүд нь тухайн осол болох үед үүссэн гэмтэл гэж үзэж байна.” гэх дүгнэлт, дүгнэлтийн хуудас /хх 61-62 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...”Дамбийням овогтой******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дахь хэсэгт заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн.” гэх дүгнэлт /хх 74 дүгээр хуудас/
С.Э ын нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 37-42 дугаар хуудас/
Хохирол төлбөрийн нэхэмжлэл /хх 43 дугаар хуудас/, Өвчтөний түүх /хх 110-138 дугаар хуудас/
Д.Б , Д.Л нарын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 7-8 дугаар хуудас/, Д.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух газрын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, ял шалгах хуудас /хх 91-95 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 97-102 дугаар хуудас/ шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Б ын гэм бурууг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө******* аймаг, Даланзадгад сумын төвөөс Улаанбаатар явах засмал замын 56 дахь километрт “МСМ групп” ХХК-ний эзэмшлийн 34-22 УНН улсын дугаартай Жийп Компасс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8,11 ддэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болонхажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, фекон маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Э ыг мөргөсөн үйл баримт тогтоогдсон байна.
Зам тээврийн ослын улмаас хохирогч С.Э ын биед гавлын духны зүүн талд ухархайн дээд хана, үнэрлэхүйн мэдрэлийн ялтасны ар хэсэг хүрсэн, дагзны баруун доод хэсгээс баруун зулайн төвгөр хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дагзны хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн духны дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, хамар ясны битүү хугарал, хуйханд шарх, дух, хацарт шарх бүхий гэмтэл учирч******* аймгийн БОЭТ-д эмчилгээ хийгдсэн боловч хохирогч С.Э ослоос учирсан гавал тархины битүү гэмлийн улмаас нас баржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Д.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Б ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Э ийн мэдүүлэг /хх46 хуу/, гэрч Н.Ургийн мэдүүлэг /хх50-51хуу/, гэрч Д.Л ийн мэдүүлэг /хх54 хуу/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,******* аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...”Д овогтой Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дахь хэсэгт заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн.” гэх дүгнэлт /хх 74 дүгээр хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 06-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,******* аймгийн автотээврийн үндэсний төвийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн №10/02 дугаартай дүгнэлтэд:” ... “Жолоодлогын механизмд ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй, харин хөл тоормосны пидал дээш өргөгдөж муруйсан байсныг тэгшлэн тоормосыг гишгэж үзэхэд хойд дугуй эргэхгүй байсан нь хөл тоормосны үйл ажиллагааг хэвийн гэж үзэх үндэслэл болж байна. Харин гар тоормоз буюу урд дугуй тоормосны пидал, татуурга торос байхгүй байна. Урд их гэрэл нь цахилгааны масс үүссэнээс маш бүдэг асах, баруун талын урд болон арын дохио байхгүй, зүүн талын арын дохио байхгүй, тоормосны гэрлийн ламп, гэрлийн бүрхүүл хагарч байхгүй болсон, гэрлийн суурь хагарсан, муруйсан эвдрэл гэмтэлүүдтэй байна. В. Тухайн тээврийн хэрэгсэлийн хөл тормосны пидал муруйсан, баруун гар талын урд дохио, арын хоёр дохио, тоормосны гэрлийн бүрхүүл, суурь салсан нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байна” гэх дүгнэлт,******* аймгийн автотээврийн үндэсний төвийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн №10/03 дугаартай дүгнэлтэд: “А. Jeep compass маркийн 34 22 унн улсын дугаартай автомашины урд шил их хэмжээний хагаралтай, баруун талын урд гэрэл, кобуд, карлан, гупр хагарч урагдсан эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Б. Jeep compass маркийн 34 22 УНН улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр жолооны механизм, тоормозны системийн, явах эд ангиудад үзлэг хийхэд ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй хэвийн ажиллагаатай тоормозны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалт зэрэг нь Монгол улсын MNS 5011:2011 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага гэсэн стандартын үзүүлэлтийг хангаж байна. В. А-д дурьдагдсан эвдрэл гэмтлүүд нь тухайн осол болох үед үүссэн гэмтэл гэж үзэж байна.” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Б хэргээ хүлээн мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байсан санагдаж байна тэр өдрийн орой Улаанбаатар хотоос ах Д.Л ийн хамтаар ахын найзын машинтай Даланзадгад сум руу гарсан. Даланзадгадаас 54 км-т явж байхад миний хажуугаар нэг машин зөрсөн чинь гэнэт өмнө талд нэг мотоцикль гэнэт гараад ирсэн. Би машинаа зогсоож чадаагүй хажуу тийш нь дараад амжаагүй мотоцикльтой хүнийг мөргөсөн. Машиныг би жолоодож явсан. Би тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Гэнэт өмнө талд мотоцикль гараад ирсэн. Тэгээд тоормозоо гишгээд хажуу тийш нь дараад амжаагүй осол болсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.Б ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх зорилготой шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Б ын үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлсэн, оршуулгын зардалтай холбоотой төлбөрийг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 4 дүгээр курсын оюутан зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Баримтаас: Хохирол төлбөрийн баримтын жагсаалт, хохирол төлбөрийн баритууд /хх 182, 192-240 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Б ын хохирол төлбөр төлсөн баримт /хх 183-191, 245 дугаар хуудас/ шинжлэн судлав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын амь нас, эрүүл мэнд... эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр /эс үйлдэхүй/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зохицуулсан байна.
Хэрэгт авгдсан нотлох баримтуудын талаар: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О ыг хэрэг хэянан шийдвэрлэх ажиллагаанд ирж байсан цаг хугацааг нэг бүрчлэн шалгаж үзсэн болно. Үүнд: “2018 оны 10 дугаар сарын 03, 04-нд хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч байсан байна, 2018 оны 10 дугаар сарын 16-нд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон мэдүүлэг өгсөн, мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцсан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. 2018 оны 12 дугаар сарын 12-нд буюу өнөөдөр шүүх хуралдаанд оролцсон...” гэх зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэв.
Үүнд: 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 209.600 төгрөгийн барааны зарлагын баримт /хх 197 дугаар хуудас/ 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 1.789.500 төгрөгийн барааны зарлагын баримт /хх 198 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 176.700 төгрөгийн барааны зарлагын баримт /хх 199 дүгээр хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 335.200 төгрөгийн барааны зарлагын баримт /хх 200 дугаар хуудас/, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 213000 төгрөгийн зарлагын баримт /хх 201 дүгээр хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1.046.400 төгрөгийн барааны зарлагын баримт /хх 202 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 211000 төгрөгийн шатахууны баримт /хх 203 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 180.000 төгрөгийн дизель түлшний зарлагын баримт /хх 204 дүгээр хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 65.000 төгрөгийн авто газын зарлагын баримт /хх 205 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 11-ний өдрийн 51.120 төгрөгийн автогазын баримт, 2018 оны 11 сарын 28-ний өдрийн 42.410 төгрөгийн автогазын баримт /хх 206 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр 28-ны өдрийн 66.360 төгрөгийн автогазын баримт, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42.500 төгрөгийн автогазын браимт /хх 207 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 11-ний өдрийн 71.952 төгрөгийн авто газын баримт /хх 208 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 11-ний өдрийн 110.000 төгрөгийн буудлын баримт, 2018 оны 10 дугаар 28-ний өдрийн 110.000 төгрөгийн буудлын баримт /хх 209 дүгээр хуудас/, 2018 оны 09 дүгээр 16-ны өдрийн 499.800 төгрөгийн мах авсан баримт /хх 210 дугаар хуудас/ 2018 оны 10 дугаар 06-ны өдрийн 275.000 төгрөгийн буудлын баримт /хх 213 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 250.000 төгрөгийн хүрдний зарлагын баримт /хх 214 дүгээр хуудас/, 2018 оны 11 дүгээр 04-ний өдрийн 43.000 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 11 дүгээр 04-ний өдрийн 38.450 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 217 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 61.000 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 230 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 33.100 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 10 дугаар 15-ны өдрийн 58.000 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 231 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар 01-ний өдрийн 40.000 төгрөгийн и баримтын бүртгэл 2018 оны 10 дугаар 04-ний өдрийн 30.000 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 23.960 төгрөгийн и баримтын бүртгэл, /хх 233, 234 дүгээр хуудас/ нийт 6083052 төгрөгийг хангах үндэслэлтэй.
Мотоциклийн шууд болон шууд бус хохирол “Ашид билгүүн”ХХК-ийн Хөрөнгө үнэлгээгээр тогтоогдсон 217.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 999.956 төгрөгийн дизель түлш, А-92 шатахууны зарлагын баримт зарлагын баримт /хх 205 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн 39.000 төгрөгийн авто газын баримт /хх 207 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 10-ны өдрийн 83.570 төгрөгийн автогазын баримт /хх 208 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр 16-ны өдрийн 145.000 төгрөгийн махны баримт /хх 211 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар 06-ны өдрийн 16.638 төгрөгийн и баримтын бүртгэл 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 40.000 төгрөгийн и баримтын бүртгэл, /хх 216 дугаар хуудас, 2018 оны 11 дүгээр 02-ны өдрийн 47.570 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 11 дүгээр 02-ны өдрийн 36.210 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 218 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр 02-ны өдрийн 28.290 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 84.980 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 219 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар 23-ны өдрийн 30.000 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 230 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 85.500 төгрөгийн и баримтын бүртгэл, 2018 оны 10 дугаар 06-ны өдрийн 70.000 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 232 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар 01-ний өдрийн 112.792 төгрөгийн и баримтын бүртгэл /хх 235 дугаар хуудас/, Баримт олгох боломжгүй зарцуулагдсан мөнгө 1997000, олох байсан орлого 1500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг зэрэг иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөг, Хаан банкны зээл 3300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: Хохирогч, түүний хууль ёсны нь хуульд заасан өмгөөлөгч авах эрхийн үндсэн дээр өмгөөлөгчөө сонгон авч үйлчилгээний хөлсөнд зохих хөлс төлбөр төлснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
2018 оны 8 сарын 27-ны өдөр Хаан банкнаас зээлдэгч С.Э , Б.Б нар нь малчны зээл 3000000 төгрөг авсан байх ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Хаан банкинд байх тул иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б зам тээврийн осол гаргахдаа “МСМ групп” ХХК-ийн өмчлөлийн 34-22 УНН улсын дугаартай “Jeep compass” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан ба уг тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас 1.883.000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгч И.Г “нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг Д.Б болон гэр бүлийн зүгээс хохирлыг төлж барагдуулсан” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар “МСМ групп” ХХК-ийг татан оролцуулсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлыг дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас “МСМ групп” ХХК нь чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Тухайн тээврийн хэрэгсэл нь “МСМ групп”ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч тухай компаний Гадаад харилцааны менежер И.Г ажил үүргийн хуваарийн дагуу эзэмшиж байсан бөгөөд шүүгдэгч Д.Б д эзэмшүүлж, ашиглуулах талаар ажил олгогчоос зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй байжээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Б ын №952072 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б хохирол төлбөрт 6.352.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,
36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Билэгт ламынхан овгийн Д.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б ын В ангиллын 952072 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О т оршуулгын зардал 6.352.000 төгрөг төлснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэлэлцэхгүй орхисон сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, олох байсан орлого 1.500.000 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсэний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс ХААН банкны зээл 3.300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ