| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0012/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/10 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Ганчимэг
Шүүгдэгч Б.Э-, Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн Б нарт холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, - овогт Б-ын Э,
Монгол улсын иргэн, - овогт Г-ийн Б,
Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн И сумын Ш багийн нутаг, Х гэх газарт оршин суух 2 Ш.Э-ын гэрээс “бурхан багш” нэртэй 1 ширхэг бурхныг хууль бусаар авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Г.Б- нь шүүгдэгч Б.Э-ын хохирогч Ш.Э-ын гэрээс “бурхан багш” хулгайлж ченжид худалдаалж олсон мөнгөнөөс 100.000 төгрөгийг нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн И сумын Ш багийн нутаг, Х гэх газарт оршин суух Ш.Э-ын гэрээс “бурхан багш” нэртэй 1 ширхэг бурхныг хууль бусаар авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,
Шүүгдэгч Г.Б- нь шүүгдэгч Б.Э-ын хохирогч Ш.Энхбатын гэрээс “бурхан багш” хулгайлж ченжид худалдаалж олсон мөнгөнөөс 100.000 төгрөг авсан үйлдэл нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой гэрийнхээ ойролцоо айлд байж байсан. Тэгээд оройхон тийшээ ойролцоогоор 00:00 цагаас 01:00 цагийн хооронд гэртээ иртэл хулгайч манай гэрт орсон байсан. Манай гэрийн урд байдаг шороон зам дээр машин зогссон мэт дугуйн мөр байсан. Тэр машинаас нэг хүн буугаад манай гэр лүү алхаж явсан мөр байсан... Модон хайрцгийг хүлээж авсан... Хулгай хийсэн хүн миний хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би Э-той эвлэрлийн гэрээ байгуулсан ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-33 дугаар тал/
Хохирогч Ш.Э-ын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн: “... Гэртээ ирээд гэрлээ асаагаад байж байтал манай эхнэр О “бурхан алга болсон байна шүү дээ” гэж хэлэхээр нь бурхан байдаг газар руу хартал бурхан багш алга болсон байсан Маргааш өглөө нь цагдаад хандаж дуудлага өгсний дараа хэд хоногийн дараа Энх-Оргил гэж манай нутгийн Баттулга гэж хүний хүүхэд манайхаар орж гарч байдаг байсан хүүхэд гэрийн гадаа мал хашиж байхад хүрч ирсэн. Намайг малаа хотлуулчхаад гэртээ явж ортол Орхонтой хамт гэрт сууж байсан. Тухайд үед надтай Э юм ярихгүй дуугарахгүй байхаар нь би Энх-Оргилоос “чи гэрээс бурхан багш хулгай хийж авахдаа гэр рүү яаж орж хулгай хийсэн юм” гэж асуухад “монгол цоожны цүүг нь суга татаж гэрт орж бурхан багш хулгай хийсэн” гэж хэлж ярьсан...Манай гэрт байсан бурхан багш өндрөөрөө 12-13 см орчим гуулин бурхан 3 багш, зүү гартаа бадар аяга барьсан, гурван мэлмий дээр завилж суусан бурхан багш байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар тал/,
Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Гэртээ очоод гэрт ирсэн хүмүүст цай хийж өгөх гээд ширээ рүү дөхтөл бурхан багш алга болсон, байхгүй байхаар нь нөхөртэй бурхан багш байхгүй алга болсон байна ш дээ гэж хэлсэн. Тухайн үед шөнө болсон байсан тул унтаж амраад маргааш нь цагдаад дуудлага өгсөн. Өглөө гэртээ орохоор нь гэрийнхээ гадуур явж үзэхэд гэрийн гадаа урд талд байдаг зам дээр машин ирж зогсоод машинаас нь хүн бууж алхаад гэр лүү явсан бололтой бүдэг ул мөр үүссэн байсан. Тухайн машины мөрийг Х гэх хүнтэй манай нөхөр Э хамт явж үзэхэд... Мөрөн талаас хуурай Баян голын гүүрний хавиас засмалаас салж орж ирсэн бололтой байсан” гэх мэдүүлэг, /хх- ийн 47 дугаар тал/
Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед - сумаас - сумын - баг Э гэж айлын гэрээс бурхан багш авахаар Б-тай хамт Б-ын - улсын дугаартай машинтай нь явсан. Тэгээд барагцаагаар 22 цагийн үед Э гэж айлын гэрт очсон. Тухайн айл гэрэлгүй байхаар нь гэрт явж очтол гэр нь түгжээтэй байл уу, гэрийнхээ хаалгыг юмаар даруулсан байл уу ямар ч байсан хүнгүй эзэнгүй байсан. Тэгэхээр нь гэрт явж орж хойморт нь бурхан багш байхаар нь хулгай хийж авч гараад Батбаатартай хамт буцаад Мөрөн рүү явсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу хүн тээврийн автобусаар Батбаатартай хамт явсан…Улаанбаатар хот орж интернетээр “хуучны эдлэл авна” гэсэн хүний утсыг олж авч утсаар ярьж байгаад зүс үл таних хүнд 800,000 төгрөгөөр зарсан. ...Түүний хохирлыг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 48, 64 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай найз Э нь надтай уулзаад “хөдөө нэг айлд очиж бурхан багш хулгай хийж аваад орхичихсон байгаа хамт явчхаад ирье” гэхээр нь Э-д “дэмий байхаа” гэж хэлсэн. Тэгээд онц юм яриагүй ... 75-42 ХӨВ улсын дугаартай авто машинаараа хамтдаа - сум руу 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хоёулаа хамт явсан. ...Э-ын зааж газарчилсан замаар уулынхаа баруун талаар шороон замаар явж байгаад өвөлжөөтэй хашаатай гэртэй айлын тушаа зам дээр зогсоолгоод, Э тухайн гэртээ айл руу явснаа хэсэг хугацааны дараа дөрвөлжин хайрцагтай юм барьж авч орж ирсэн. Хайрцагтай зүйлийг нь харахад дөрвөлжин хайрцган хэлбэртэй нүүрэн хэсэг нь шилтэй хайрцаг дотор бурхан багш байсан. Тухайн бурхан нь 10 гаруй см өндөртэй, зэс бололтой, зэсний гадна талаараа боронзтой толгойн хэсгээрээ буюу үс нь хөх билүү хар өнгийн бурхан багш байсан ... тэгээд Мөрөн сум руу айлд хүргүүлж буусан ... Энх-Оргил тухайн бурхныг надтай хамт Улаанбаатар хот орж зарсан. Миний санаж байгаагаар 800,000 төгрөг бил үү 1.000.000 төгрөгөөр ч бил үү зарсан. Тэр мөнгөнөөс нь би 100.000 төгрөг авсан ...Тухайн мөнгөөр машиндаа засвар үйлчилгээ хийсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар тал/
Эд мөрийн баримт хураан авсан тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-18 дугаар тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19- 20-р тал / Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө - аймгийн --- сумын - багийн нутаг- гэх газарт оршин суух Ш.Э-ын гэрээс “бурхан багш” нэртэй 1 ширхэг бурхныг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Г.Б- нь шүүгдэгч Б.Э-ын хохирогч Ш.Э-ын гэрээс “бурхан багш” хулгайлж ченжид худалдаалж олсон мөнгөнөөс 100.000 төгрөгийг 5 авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Шүүгдэгч Г.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-т холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Э- нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хохирогч Ш.Э нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1838000300423 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Г.Б-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Б.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 1838000300423 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР