Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01033

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19 210/МА2023/01033

 

 

МД ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МД ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ТЧ ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 497,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компанийн Ипотекийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний даатгуулагч Ч.Н-ын Баянгол дүүрэг, 1-р хороо, 136Б байрны 0000 тоот орон сууцны гадна хананд ан цав үүссэн байсан ба ан цав үүссэн хэсгүүдээр борооны ус нэвчин орж даатгуулагчийн эд хөрөнгөд 497,520 төгрөгийн хохирол учруулсан. Уг орон сууцыг барьсан байгууллага нь ТЧ ХХК бөгөөд уг орон сууцны СӨХ-ны үйл ажиллагааг ТЧ ХХК-ийн харьяа Тэргүүн өргөө ХҮТ хариуцан явуулдаг. ТЧ ХХК нь Барилгын тухай хуулийн 14.6, 40.1.8-д заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүрэгтэй байсан. Ч.Н-ын эд хөрөнгөд учирсан хохирол болох 497,520 төгрөгийг манай компаниас барагдуулсан тул Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гэм хорын хохирол болох 497,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани тус орон сууцыг 2019 оны 10 сарын 15-ны өдөр 19/467 гэсэн дүгнэлтээр Улсын комисст хүлээлгэж өгсөн. 2022 оны 08 сарын 30-ны өдрийн Тэргүүн өргөө ХҮТ-ийн тодорхойлолтоор хариуцагч ТЧ ХХК-ийг гэм буруутай гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болж байгаа Барилгын тухай хуулийн 14.6, 40.1.8 дахь заалт нь барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа талуудын хооронд буюу гэрээний үүргийн харилцаанд хамаарах зохицуулалт болохоос эд хөрөнгөд учирсан хохирол шаардах харилцаанд хэрэглэгдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТЧ ХХК-аас 497,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МД ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТЧ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 15,580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МД ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.а. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх тохиолдолд буруутгагдаж буй этгээдийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх учиртай.

4.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

4.в. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасан хэм хэмжээ нь барилгын үйл ажиллагаа эрхэлж буй талуудын хооронд буюу гэрээний үүргийн харилцаанд хамаарах зохицуулалт болохоос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол арилгах харилцаанд хэрэглэгдэхгүй.

4.г. Анхан шатны шүүх ...хариуцагч даатгалын гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй гэжээ. Хариуцагчийн зүгээс гэрээ уншигдах ямар ч боломжгүй байна. Талууд ямар эрх үүрэг хүлээж, ямар зохицуулалттай тухай танилцмаар байна. Уншигдаж брорх хэлбэрээр танилцахыг хүссэн.

4.д. Тус орон сууцыг чанаргүй барилга гэсэн мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий ямар ч байгууллагын болон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч ТЧ ХХК-д холбогдуулан 497,520 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...даатгуулагч Ч.Н-ын эд хөрөнгөд 497,520 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг даатгагч нөхөн төлсөн, хариуцагч нь орон сууцны засан сайжруулалтыг хийх үүрэгтэй... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2, 41-46/

Дээрх шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...орон сууцны барилгыг 2019 оны 10 сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн, хохирол гарсан явдалд хариуцагч гэм буруугүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 28, 41-46

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Ч.Н-, П.Х- нар 2021 оны 05 сарын 28-ны өдөр МД ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 11 жил 6 сарын хугацаатай байгуулж, амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийг даатгуулсан; /хх 6/

3.б. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 08 сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол /16051/, Нарны зам гудамж, 136Б байрны 0000 тоот хаягт байршилтай орон сууцны давхар хоорондын заагаар борооны ус нэвчин орсноос үүдэн том, жижиг өрөөний тусгаарлагч хана дагуу ус нэвтэрч, таазны замаск хагарч, хананы обой хууларсан; /хх 11/

З.в. Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 сарын 17-ны өдрийн 13 дугаартай тайлангаар хохирлын үнэлгээг 690,900 төгрөг гэж үнэлсэн; /хх 13-16/

3.г. Даатгуулагч Ч.Н- 2022 оны 08 сарын 30-ны өдөр хүсэлт гаргаснаар даатгагч МД ХК нөхөн төлбөр болох 497,520 төгрөгийг 2022 оны 09 сарын 29-ний өдөр олгосон; /хх 9, 17/

 

4.   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт ...даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зохицуулжээ.

Дээрхээс үзвэл даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих боловч гуравдагч этгээд буруутай байх урьдчилсан нөхцөл тавигдсан байна.

 

5. Даатгуулагч Ч.Н-ын өмчлөлийн орон сууцанд гэм хорын хохирол учирсан явдалд хариуцагч ТЧ ХХК-ийг гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тэргүүн өргөө ХҮТ-ийн 2022 оны 08 сарын 30-ны өдрийн 03/077 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг, ТЧ ХХК-ийн инженерийн гаргасан гэх Шугам сүлжээ, тоноглолын гэмтэл, аваар, саатал тодорхойлох, засварлах акт зэргээр хариуцагч ТЧ ХХК-ийг гэм хорын хохиролд гэм буруутай гэж эргэлзээгүйгээр үзэх боломжгүй. /хх 10, 11/

 

6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ТЧ ХХК-аас 497,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МД ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТЧ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 15,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР