Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1394

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 003 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр О.О-тай Зээлийн гэрээ байгуулж, 5 400 000  төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд О.О-ын өмчлөлийн ....... дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар гудамж ...... тоотод байрлаа, Улсын бүртгэлийн ........ дугаартай, ......... нэгж талбарын дугаартай, 550 м.кв талбай бүхий газар, мөн Улсын бүртгэлийн .......... дугаартай, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц зэргийг барьцаалж, Барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. О.О нь зээл авсан өдрөөс хойш нэг ч удаа зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй, төлөх ямар ч санаачлага гаргаагүй, зээл төлүүлэхээр гэрт нь очиход байхгүй, утсаа авахгүй болсон. О.О-т 5 210 000 төгрөгийг зээлдүүлсэн нь үнэн. Үндсэн зээлээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 1 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 2 сарын хүү 1 620 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ныг дуустал 85 хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 7 020 000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцоход, өдрийн 35 100 х 85 хоног нийт 2 983 500 төгрөг болж байгаа. Иймд О.О аас зээлийн гэрээний дагуу 10 003 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн О.О нь нэхэмжилсэн мөнгийг эс төлбөл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. ......дүүргийн ...... дүгээр хороо .........тоотод байрлах, Улсын бүртгэлийн ............. дугаартай, .............нэгж талбарын дугаартай, 550 м.кв талбай бүхий газар, мөн Улсын бүртгэлийн ............... дугаартай, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц зэргийг албадан борлуулж үнээс нь төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сонины зарын дагуу М.Б тэй уулзаж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Гэтэл зээлийг хугацаанд нь төлөх явцад ар гэрт гачигдал гарсан учраас зээлийг төлж чадаагүй. Би 5 000 000 төгрөгийн зээл авсны дараа 210 000 төгрөгийг нэмж авсан. М.Б 5 400 000 төгрөг гэж бичсэн нь үндсэн зээлийг 190 000 төгрөгөөр илүү тооцсон байна. Зээлийн хүү нь зээлдэгч миний амьдрал болон эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байна. Алданги 2 983 500 төгрөгийг, Анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү. Зээлийн төлбөрийн хэмжээнд маргаан байхгүй ч төлбөрийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт зааснаар О.О аас 9 651 525 төгрөгийг гаргуулж М.Б д олгож, М.Б-ийн нэхэмжлэлээс 351 975 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар О.О нь төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн............, .............. дугаарт бүртгэлтэй ............дүүргийн .............. дүгээр хороо, ............ гудамжны ............ тоотод байрлах, ................ нэгж талбарын дугаартай, 550 м.кв талбайтай газар, 60.59 м.кв талбайтай, мансардтай хувийн сууц зэргээр хангахыг НШГА-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О аас 169 374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авъя гэхэд шүүх өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, шүүх хуралдаанаа үргэлжлүүлэн явуулсан нь хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээ, хувь нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсоныг шүүх зээлийн хүүг багасгаж болно гэснийг зөрчсөн гэж бодож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг мөн тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Б хариуцагч О.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 003 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүү, алдангийн хэмжээ их гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 400 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, “Зээлийн гэрээ”, зээлийн үүргийн биелэлтийг хангуулахаар хариуцагч .......... дүүргийн ........... дүгээр хороо, ............ гудамжны .............. тоот 60.59 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын ............. дугаартай 550 м.кв талбайтай газрын хамт барьцаалж мөн өдөр “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдаж, хариуцагчид 5 210 000 төгрөгийг шилжүүлж өгсөн, төлбөрийг нэхэмжлэгч буцаан төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заагдсан шаардлагыг хангасан, хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон хүү, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гэрээний үүрэгт хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

 

Зээлийн хүүгийн хэмжээ хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин талууд гэрээгээр алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар зээлийн хүүгийн хэмжээ, үүргийн гүйцэтгэл өөр аргаар давхар хангагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс 85 хоногийн алданги 2 878 525 төгрөгийн хэмжээг 1 227 000 төгрөг болгон багасгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч О.О аас үндсэн зээл 5 210 000 төгрөг, зээлийн хүү 1 563 000 төгрөг, алданги 1 227 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэснийг “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар О.О аас 8 000 000 төгрөгийг гаргуулж М.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 003 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “169 374” гэснийг “142 950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.О-ын төлсөн 176 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

               

          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                          

                                                                                                  С.ЭНХТӨР