Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 65

 

                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Батхуягт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Шүүгдэгч Н.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Батхуягт холбогдох эрүүгийн 201625031690 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ван овогт Норжмаагийн Батхуяг, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-650 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: ЙР75032811/.    

          Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Батхуягт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байна. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг шалгаж нотлоогүй байна.

Гэмт хэргийн ул мөр болох автомашин дээр үлдсэн бусад гар хурууны хээ хэн хэнийх болох, ялангуяа шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр хэнийх болохыг тогтоож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгах шаардлагатай. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Уранчимэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Н.Батхуягийн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл нь мөн хуулийн 7 дугаар хэсэг Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, Арван есдүгээр бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаардаг бөгөөд шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, ...нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас ...хор уршиг учрах нь зайлшгүйг хүсэж гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн байна. Мөн Н.Батхуяг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулаагүй гэж мэдүүлдэг тул гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тодруулах боломжгүй юм.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Өлзийнасан нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 06-32 УБЦ дугаартай автомашинд буюу хэрэг учралын газарт үзлэг хийж, криминалстикийн шинжээч, цагдаагийн ахмад Г.Анхзаяа нь 06-32 УБЦ дугаартай автомашинаас 7 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авсан.

Шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 06/440 дугаартай дүгнэлтэд хэргийн газраас бэхжүүлэн авсан 3, 4 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа 4 дугаартай гарын мөр нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус тус санд бүртгэгдсэн Н.Батхуягийн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна. Харин 3 дугаартай гарын мөр нь санд байгаа хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэж дурдсан.

Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан 3, 4 дугаартай гарын мөрүүдээс бусад гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй учир хэн хэнийх болохыг тогтоох боломжгүй юм.

Мөн шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөрийг шинжээч санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан мөрүүдтэй харьцуулан дүгнэлтийг гаргасан тул 3 дугаартай гарын мөрийг хэнийх болохыг тогтоох боломжгүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдан байнга харьцуулах шинжилгээнд орж байгаа талаар дурдсан байна.

Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гар мөр нь хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нотлох баримт биш бөгөөд таамаглалд тулгуурлан хэргийг шалгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 8 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Н.Батхуягийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 12 дугаар сарын 27-ны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Батхуягийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа хийгдээгүй, нотлогдоогүй байна гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай оролцсон. Миний үйлчлүүлэгч автомашин засварын газрыг түрээслэн ажлуулж засварын ажил хийдэг. Хавтаст хэрэгт эргэлзээ бүхий нотлох баримтын хүрээнд автомашины эзэмшигч тухайн үед унаагүй түүний ах нь унаж байсан нь нотлогддог. Тухайн автомашин хэрэг болохоос хоёр өдрийн өмнө миний үйлчлүүлэгчийн засварын газарт ирж хагарсан цонхны доод тал харласан зураас байсан түүнийг нь цэвэрлэгээ хийж явуулж байсан. Уг машин мөн гэж мэдүүлдэг. Хэргийн газраас долоон гарын хээ илэрсэн. Түүнээс 4 дугаартай нь шүүгдэгч Н.Батхуягийн гарын хээ тохирсон. 3 дугаартай хээ нь хэнийх нь тогтоогдоогүй ч дардасны бүртгэлд тэнцэнэ гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ гарын хээ хэнийх вэ, мөн өнөөдрийн байдлаар “Приус-20” загварын автомашин их эрэлттэй автомашин тул үүнийгээ дагаад толь болон бусад эд ангиуд алдагддаг гэмт хэргийн тоо их байна. Үүнийг үйлдэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байдаг. Эдгээр гарын хээний дардасны эзэд тогтоогдох юм бол уг гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ эзэн тогтоогдож миний үйлчлүүлэгчийн гэм буруугүй асуудал шийдэгдэх учраас үүнийг заавал тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь зүйл заалтад заасны дагуу хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрөө кузов засвар түрээсээр ажиллуулдаг. Тухайн автомашин манайд ирж засвар хийлгэж байсан. Яагаад гэхээр хүмүүс хүний автомашиныг унаж байгаад жижиг сэв болгоод, өөрт нь мэдэгдэхгүйгээр засч янзлуулдаг асуудал байдаг. Тухайн үед эзэн нь гээд өөр эгч ирсэн. Янзлуулах гээд ирэх үед махлаг шар эгч байсан. Мөрдөн байцаагчид хэлээд хохирогчийн ээж нь юм болов уу гээд уулзахад биш байсан. Тэр автомашиныг хараад би танина, крылон дээр жижиг хонхор дарагдсан, хоёр хаалган дээр зураас болсон байсан. Манай засварын газар сэлбэг зардаггүй, зөвхөн гадна талын өнгөн засвар хийдэг. Тухайн үед махлаг шар эгчид зураасыг нь арилгах гээд шингэнээр арчиж өгсөн” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар 3 дугаартай гарын мөрийн дардсыг хэний гарын хээ болохыг заавал тогтоолгүйгээр Н.Батхуягт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашины их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйл хулгайлагдаж, иргэн Л.Батзаяад 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан үйл баримт нь шүүгдэгч Н.Батхуягийн гэмт үйлдэлтэй холбоотой эсэхийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх эрхтэй юм.       

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Н.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ