Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00666

 

“Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Х.Сонинбаяр, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00253 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 735 дугаар магадлалтай,

“Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Отгонцэцэг, Ц.Гантөмөр нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 375.431.177 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Э.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Япон улсын иргэн Аsoo-тай  хамтран Скай групп холдинг ХХК болон Ц.Гантөмөрийн “Хайрхан трейд” ХХК-ийн  50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК-ийг 2015 онд байгуулж хамтран ажиллахаар болсон. Гэвч Хайрхан Трейд ХХК мөнгөний бололцоогүй шалтгаанаар компанид оруулах хөрөнгөө өгөөгүй байгаа.  Ц.Гантөмөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, мөн гадаад явахад мөнгө хэрэгтэй байна гээд “Скай Групп холдинг” ХХК-с  100.000 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг сарын хугацаатай зээлсэн ба уг ам долларыг Худалдаа хөгжлийн банкаас чекээр бэлнээр гаргаж түүнд өгсөн, ингэхдээ шимтгэлд 250 ам.доллар төлсөн. Тэрээр мөнгө авсны маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дүү Ц.Отгонцэцэгийг явуулж Б.Алтан-Өлзийтэй  зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж 113/14 барилгын 2 тоотод байрлах хөрөнгийг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ц.Гантөмөр, Ц.Отгонцэцэг нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 100.000 ам.доллар, алданги 50.000 ам.доллар, бэлэн мөнгө гарсны шимтгэл 250 ам.доллар нийт 375.431.177 төгрөгийг гаргуулж, мөнгийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Алтан-Өлзийгийн аав болох Г.Бат-Эрдэнэ нь “Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц” ХХК-ийн Ерөнхий захирал, “Sky group holding of Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тэрээр  миний төрсөн ах “Хайрхан трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Гантөмөртэй 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №2015/01 дугаар “Хамтран ажиллах санамж бичиг" байгуулж Япон Улсын “Nikke group" ХХК-ийг Монгол Улсад татан оролцуулах үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болсон.Тус санамж бичгийн 2 дахь хэсгийн 4-т Монгол Улсын цэргийн оёдлын үйлдвэр болон цагдаагийн оёдлын үйлдвэрүүдийг тус тус хувьчлан авах үйл ажиллагаанд зориулж “Хайрхан трейд” ХХК-д “Sky group holding of Mongolia” ХХК-иас 250.000 ам долларын зээлийг гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Түүний дагуу “Скай Хөдөө Аж Ахуйн Нөөц” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499238264 тоот данснаас 100.000 ам долларыг бэлнээр хүлээн авах эрхийг Ц.Гантөмөрт олгож 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот итгэмжлэл, бэлэн мөнгө хүлээн авах чекийг бичиж өгсний дагуу Ц.Гантөмөр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 100.000 ам долларыг бэлнээр хүлээн авсан байдаг. Ингээд маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ах Ц.Гантөмөр над руу залгаж Г.Бат-Эрдэнэ захирлын хүү Б.Алтан-Өлзийтэй нотариат ороод 100.000 ам долларын үнийн дүн бүхий “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулаад өөрийнхөө амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалчих гэж хэлсний дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед гэрээг гэрчилсэн нотариат мөнгөө бэлнээр хүлээн авсан юм уу гэж асуухад Б.Алтан-Өлзий хүлээлгэн өгсөн байгаа гэж хариулаад гэрээний  ард гараар хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж гарын үсэг зуруулсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний 3-т “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно...” гэж заасан. Б.Алтан-Өлзий бид хоёрын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан боловч бодит байдлаар бидний хооронд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ямар ч мөнгө, доллар байхгүй тул нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг өгөх үүрэггүй гэжээ.

Хариуцагч Ц.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Японы даавууны үйлдвэртэй хамтарч ажиллахаар болж, Скай хөдөө аж ахуйн нөөц ХХК-ийг байгуулсан. Надад 250 000 ам.долларын хэрэг байна гэхэд туслахыг зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санамж бичиг үйлдээд 250 000 ам.доллараас энэ онд багтаагаад 100.000 ам.долларыг өгөхөөр болсон. Санамж бичигт хүү, алданги тооцохгүй гэж гарын үсэг зурсан. Энэ мөнгийг авахад хүү болон алдангийн талаар яриагүй. Санамж бичигт заасны дагуу Асо Ёшуцугу-aac 100.000 ам.доллар авсан гэж ойлгосон. Хамтарсан компанийн ашигт суутгаад явна гэж тохирсон гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00253 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Ц.Гантөмөрөөс 232 658 000 төгрөгийг гаргуулан Скай хөдөө аж ахуйн нөөц ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 142 773 177 төгрөг болон Ц.Отгонцэцэгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан Тохой 13130 гудамж, 113/14 барилгын 2 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Скай хөдөө аж ахуйн нөөц ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 035 104 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гантөмөрөөс 1 321 240 төгрөгийг гаргуулан Скай хөдөө аж ахуйн нөөц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 735 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00253 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “281.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, “232.658.000” гэснийг “250.495.677”, “142.773.177” гэснийг “124.935.500” гэж, 3 дахь заалтын “1.321.240” гэснийг “1.410.428” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Гантөмөр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 321.240 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Скай хөдөө аж ахуйн нөөц ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2.035.105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дурдсан магадлалыг хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй хэмээн дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх барьцааны гэрээтэй холбогдуулан анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар бидний гаргасан гомдлыг хүлээж авсангүйд гомдолтой байна.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэний хүү Б.Алтан-Өлзий, хариуцагчийн дүү Ц.Отгонцэцэг нарын хооронд хийгдэж, нотариатаар гэрчлэгдсэн 100.000 ам.долларын зээл болон барьцааны гэрээ “Скай Хөдөө аж ахуйн нөөц” компани Ц.Гантөмөр нарын хооронд амаар хийгдсэн гэх гэрээнд хамааралтай болохыг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн болох нь тус шүүхийн “Скай Хөдөө аж ахуйн нөөц компани Ц.Гантөмөр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хэлцэл амаар байгуулагдсан байхад нэхэмжлэгч байгууллагын захирлын хүү Б.Алтан-Өлзий хариуцагчийн дүү Ц.Отгонцэцэг нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг нөхөж хийсэн байна” гэсэн дүгнэлтээс харагдаж байгаа юм. Б.Алтан-Өлзий, Ц.Отгонцэцэг нар “Скай Хөдөө аж ахуйн нөөц” компаний захирал Г.Бат-Эрдэнэ болон Ц.Гантөмөр нараас тэдэнд амаар олгосон бүрэн эрхийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-нд 100.000 ам.долларын зээл болон барьцааны гэрээ хийж, нотариагаар гэрчлүүлсний дээр хариуцагч Ц.Отгонцэцэг ах Ц.Гантөмөрийнхээ хэлсний дагуу түүний авсан зээлд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалахын тулд Улсын бүртгэлийн албанаас үл хөдлөх хөрөнгөд ногдуулсан үүрэг бүртгэгдээгүй тухай лавлагаа авах, барьцааны гэрээгээ барьцааны бүртгэлд бүртгүүлэх зэрэг идэвхтэй үйлдлүүд хийсэн нь зүгээр л ямар ч зорилгогүй, ач холбогдолгүй, хий хоосон үйл ажиллагаа байгаагүй болох нь Ц.Отгонцэцэгээс 2016 оны 12 дугаар сарын 19-нд анхан шатны шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог. Ийнхүү Ц.Отгонцэцэг ах Ц.Гантөмөрийнхөө бусдаас авсан зээлд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө барьцаалж байгаагаа ойлгож, барьцаалуулахад шаардлагатай өмнө дурдсан хуульд заасан бүхий л арга хэмжээг өөрийн хүсэл зоригийн дагуу авсан байна. Иймд Ц.Гантөмөрийн 100.000 ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэгийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах өөрчлөлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102\ШШ2017\00253 шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 735 дугаар магадлалд тус тус оруулж өгнө үү.

Түүнчлэн Ц.Отгонцэцэгийн өмнө дурдсан тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч Ц.Гантөмөр нар ч анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд дээр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн тул энэ үйл баримтыг тэднээс Ц.Отгонцэцэг болон Б.Алтан-Өлзийд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу олгосон бүрэн эрх \итгэмжлэл\ гэж үзэж болохоор байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн энэ зүйлийг хэрэглээгүй бөгөөд үүнээс үүдэн бид нэхэмжилсэн 50.000 ам. долларын алдангиа авах боломжоо алдсан болно.

Иймд Ц.Отгонцэцэг, Б.Алтан-Өлзийд нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-нд бичгээр хийсэн гэрээний дагуу энэхүү алдангийг ч мөн гаргуулах тухай өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ

 

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК нь зээл 100.000 ам доллар, алданги 50.000 ам доллар, шимтгэл 250 ам доллар буюу нийт 375.431.177 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  зээлийн болон барьцааны гэрээг дурджээ.  Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Ц.Отгонцэцэг “...мөнгийг аваагүй...” гэж, хариуцагч  Ц.Гантөмөр “...хамтарсан компаний ашигт суутган тооцохоор тохирсон...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч “Скай хөдөө аж ахуйн нөөц” ХХК нь хариуцагч Ц.Гантөмөрт  2015 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 100.000 ам долларыг чекээр олгосон ба шимтгэлд  250 ам доллар төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Ц.Гантөмөр уг мөнгийг буцаан өгөх үүрэгтэй эсэх, нэхэмжлэгч алданги шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч Ц.Отгонцэцэг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ХарУсанТохой  гудамж, 113/14 барилгын 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Б.Алтан-өлзийгээс 100.000 ам долларыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 30 хүртэл хүүгүй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирч, зээлийн  болон барьцааны гэрээ байгуулжээ /хэргийн 5-6 дугаар тал/.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба нэхэмжлэгч гэрээнд заасан ам долларыг Ц.Отгонцэцэгт хүлээлгэн өгөөгүй, энэ тохиолдолд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Түүнчлэн Ц.Отгонцэцэг нь Ц.Гантөмөрийг төлөөлөн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин хариуцагч Ц.Гантөмөр нь нэхэмжлэгчээс 100.000 ам доллар авснаа үгүйсгэж чадаагүй тул анхан шатны шүүх буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ.

Нэхэмжлэгч хариуцагчид 100.000 ам доллар өгөхдөө шимтгэлд 250 ам доллар төлсөн, давж заалдах шатны шүүх уг шимтгэлийг хохиролд тооцон шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасныг буруутгах боломжгүй байна.  

Хариуцагч Ц.Гантөмөр болон нэхэмжлэгч нарын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

Түүнчлэн Ц.Отгонцэцэг Б.Алтанөлзий нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хариуцагч Ц.Гантөмөрийн авсан зээлийн гэрээний үүрэгт хамааруулан уг хөрөнгөөр түүний хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ, хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ, үүргийг барьцаагаар хангуулах шаардлага болон хариуцагч Ц.Отгонцэцэгт холбогдох шаардлагын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын15-ны өдрийн 735 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр төлсөн 2.035.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ