| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0005/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 13
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч: Г.О ,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.А ,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ланган овгийн Б.Ж ад холбогдох 1828000000159 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг .................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ланган овгийн Б.Ж , регистрийн дугаар ........................
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б овогтой Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Г овогтой Г.О ийг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б.Ж ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Прокурорын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой 4 цагийн үед би М-ийг явахаасаа өмнө хоолонд оръё гэж дуудсан. Нөхөртэйгөө цуг ирнэ гэж би мэдээгүй. Тэгээд М Б.Ж 2 хамт ирээд хэдүүлээ хоол идсэн. Тэгэхэд М, Б.Ж хоёр 2, 2 пиво уусан. Тэндээсээ караоке оръё гээд Онги караоке ороод 500 грамм архийг дөрвүүлээ хувааж уусан. Тэр үед М, Б.Ж хоёр 1, 1 шил пиво авч, М.Мө бид 2 шүүс аваад караокены өрөөнд орсон. Тэгэхэд Б.Ж 1 шил 0,5 грамм архи гаргаж ирсэн. Түүнийг мөн дөрвүүлээ хувааж уусан. Тэндээс гараад Б.Ж гэр рүүгээ харьсан. Бид 3 яваад бааранд ороод хүн хүний 2, 2 пиво уусан. Би бага хүүхдээ М, Б.Ж хоёрын гэрт аваачиж орхих гээд 10 цагийн үед баарнаас гарсан. Удалгүй хүүхдээ аваачиж орхичихоод эргээд ирэхэд энэ 2 маргалдаад байсан. Тэндээсээ гараад Б.Ж баарны гадаа хүмүүстэй муудалцаад удсан. Тэндээсээ Мтэй хамт такси бариад гэрт нь очиж хүүхдээ авахаар явсан. Хашааных нь гадаа очиход Б.Ж ирээд эхнэрийгээ буу гээд татаад уурлаад байсан. Тэгэхээр нь би “чи ямар сонин юм бэ наадах чинь унтаж байна” гэж хэлж амжаагүй байхад таксины жолоочийн түлхүүрийг булааж аваад уурлаад агсраад байхаар нь “чи болиоч ямар бүдүүлэг юм бэ би хүүхдээ аваад харьлаа” гэдэг зүйлийг хэлсэн. Тэгсэн эргэж хараад түлхүүртэй гараараа миний нүүр рүү цохьсон. Тэгээд дээрээс дэвсэлж өшиглөсөн. Б.Ж аа чи гар хугалчихлаа гээд хашхирсан чинь Б.Ж холдоод явсан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн эмчилгээний зардал 429.573 төгрөг, олох ёстой байсан орлого 4.438.927 төгрөг, шатахууны зардал 131.500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед найз М тэй хамт хоолонд орохоор болсон юм. Тэгсэн М нөхөртэйгөө хамт ирсэн. Тэгээд бас манай найз охин М.Мө бид нар хамт Рояал гэдэг газар хоолонд орсон. Тэгж байхдаа тэр гурав 3, 3 лааз пиво уучихаад гараад үргэлжлүүлээд караокед оръё гэхээр нь караокед 1 цаг аваад нэг шил 0,5 грамм архи захиалж авч уусан. Тэр архинаас бид нар бүгд уусан. Тэндээс гараад орой 20 цагийн үед “Онги” караокед орцгоосон. Тэндээс М нөхөртэйгөө 2 пиво, М.Мө бид хоёр 2 жүүс авч уусан. Тэгээд сууж байтал Б.Ж нэг шил 0.5 грамм архи авч ирснийг бид нар бүгд адилхан хувааж ууцгаасан. Тэндээсээ 21 цагт гараад М.Мө шууд гэррүүгээ явсан. М , Б.Ж бид гурав бааранд орж хүн бүр нэг пиво захиалж авч уусан. Тэгж байгаад Б.Ж дахин 2 шил пиво авсан. М намайг манайд хоночих гэхээр нь би түрүүлж гараад таксигаар хүүхдээ аваачиж М ийд хүргэж өгчихөөд эргээд бааранд очсон чинь М Б.Ж нар бааранд жаахан муудалцсан бололтой байж байсан. Тухайн үед Б.Ж хажуугийн ширээнд сууж байсан 2 хүүхэнтэй уулзчихаад ирсэн чинь М хардсан бололтой муудалцаад байсан. 23 цаг 40 минутын үед бид нар харих гээд гарсан. Б.Ж баарны гадаа байсан залуучуудтай муудалцаад зодолдох гээд байхад нь М болиулах гээд хорьсон. Тэр үед би такси дуудсан байсан юм. Удалгүй такси ирсэн. Бид гурав таксигаар М ий гэррүү нь явсан. Тэгээд гадаа нь очоод би орж хүүхдээ аваад буцаж гарч ирээд таксинд суухад Б.Ж эхнэрийгээ машинаас татаж буулгаад зодоод байхаар нь таксины жолооч болиоч гэсэн чинь Б.Ж таксины жолоочийн түлхүүрийг нь аваад жолоочруу уурлаад “чи хэн юм бэ чамд ямар хамаатай юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад чи яасан бүдүүлэг юм бэ гэж хэлсэн чинь Б.Ж шууд миний нүүррүү гараараа цохьсон. Газар унасан дараа дээрээс дэвслээд өшиглөөд байсан. Би “Б.Ж аа чи гар хугалчихпаа шүү дээ” гэж хашгирсан чинь холдоод явсан. Тэгээд би босоод машинд орж суусан. Тэгсэн удалгүй М ий ээж нь гарч ирээд “юу болсон бэ” гэж надаас асуусан. Тэгэхэд нь би юу ч хэлээгүй. ...Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...Надтай огт уулзаагүй, эмчилгээний төлбөр төлөөгүй. Гарандаа массаж хийлгээд шарлага хийлгэх, өвчин намдаах эмнүүд уугаарай гэсэн. Хохирол төлбөр барагдуулахгүй бол шүүх хуралдаанд оролцож гомдол саналаа илэрхийлнэ. /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч М.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 11 сарын 17-ны үдээс хойш 18 цагийн үед Г.О хамт хоолонд оръё гэж намайг дуудсан. Намайг очиход Г.О ийн найзууд гэх эхнэр, нөхөр хоёр хамт байсан. Бид нар хоол идээд би нэг пиво уусан. Г.О болон нөгөө 2 найз нь мөн удалгүй нэг нэг пиво уусан. Бид нар бүгд хамтдаа караокед орж нэг шил архи авч ууцгаасан ба би бараг уугаагүй. Тэндээс гараад караоке руу орцгоогоод гаднаас нэг шил архи оруулж уусан. Би бас уугаагүй. Намайг явахад Г.О гайгүй нөгөө хоёр нь согтуу байсан /хх-ийн 15-р хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Намайг “Марал” дэлгүүрийн өмнө талын зогсоол дээр зогсож байхад 19 цагийн үед нэг эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс ирж “таксинд явах уу” гээд надтай хамт яваад “Онги” караокед хүргүүлж үлдээд эрэгтэй нь “бид нар гарахдаа чамайг дуудъя такси хэрэгтэй” гээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд нэлээд удсаны дараа 22 цагийн үед нөгөө залуу дуудахаар нь “Онги” төвөөс нөгөө залууг очиж аваад баар руу хүргэж өгсөн. Тэгэхэд нэг эмэгтэй нь байхгүй байсан. Би эдгээр хүмүүсийг бааранд буулгасны дараа нэлээд байж байгаад нэг эмэгтэй нь намайг дуудаад Баруунсайханаас нэг хүүхэд авч яваад ................... тоотод очиж хүүхдээ орхичихоод буцаад бааранд хүргүүлсэн. Тэгээд дараа нь 23 цаг нэлээд өнгөрөөд 00 цаг дөхөж байх үед би баарны гадаа очсон. Тэгсэн чинь нөгөө залуу хэдэн хүнтэй хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь би яваад таксины зогсоол дээр очоод зогсож байхад нөгөө эмэгтэй нь залгаад баарны гадаа хүрээд ир гэхээр нь би очиж авсан. Намайг очиход нөгөө залуу нь байгаагүй хоёр эмэгтэй байсан. Би тэр хоёрыг аваад ................... тоот хашаанд нь хүргэж өгөөд машинаа хашаанд нь ороод зогсоосон чинь нэг эмэгтэй нь хүүхдээ авна гээд байшин руу орсон. Удалгүй нөгөө хүүхэн залгаад “би хүүхдээ тэврээд шатаар бууж чаддаггүй, чи буулгаад өг” гэхээр нь би очиж хүүхдийг нь тэвэрч шатаар буулгасан. Тэгээд тэр хүүхэн хүүхдээ тэврээд миний хажууд суусан. Би машиндаа суусан чинь арын суудалд сууж байсан эмэгтэй нөхөртэйгөө утсаар яриад хэрэлдээд байсан. Нөхөр нь уурлаад чамайг ална гэж ярьж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би хөдлөх гэж байхад нэг машин миний яг ард ирээд зогссон. Тэгсэн чинь нөгөө хоёр эмэгтэйтэй хамт явсан залуу бууж ирэхэд ард сууж байсан эмэгтэй мөн машинаас буусан. Тэр хоёр зодолдох чимээ гарсан. Тэгж байтал нөгөө залуу над дээр ирээд машины хаалга нээгээд миний машинаас буу гэхээр нь би таксины хүн байна гэсэн чинь намайг машинаас татаж буулгаад миний машины түлхүүрийг сугалаад авчихсан. Тэгснээ намайг чирээд арын машинд чихээд суулгасан. Намайг наад таксигаараа зайл гэж хэлсэн. Тэгээд би тэр машины жолоочоос нь та такси юм уу гэсэн чинь тийм байна гэсэн. Удалгүй тэр машин хөдлөөд явчихсан. Би хашааны гадаа гарч байгаад цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй, хальт алгадсан болохоор өвдсөн зүйл байхгүй. Надад гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Намайг тэр хашаа руу ороход тэр эмэгтэй гараа бариад би энэ залууд зодуулчихлаа гээд байж байсан. /хх-ийн 16-17-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №563 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Г.О ийн биед зүүн богт ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 21-р хуудас/
Шинжээч Ж.Жаргалтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлэгт: 2018 оны 11 сарын 21-ний өдөр мөрдөгчийн тогтоолын дагуу шинжлүүлэгч Г овогтой Г.О ийн биед гэмтлийн зэрэг тогтоох шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Тухайн сэтэрсэн, сэлтэрхий үүсгэсэн хугарал гэдэг нь нэг ойлголт юм. Г.О ийн 563 тоот дүгнэлтийг гаргахдаа 2018-11-19-ний өдрийн зүүн бугуй ясны 2 байрлалын рентген зурагт тусгасан гэмтлийг үндэслэн гаргасан. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Г.О ийн биед учирсан тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах ойчих үед үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай эхнэр бид хоёр гадуур дэлгүүрээр явж байсан. Тэгсэн чинь эхнэрийн найз Г.О манай эхнэр рүү утсаар яриад хамт хоолонд оръё гэж байна гэсэн. Тэгээд явж байгаад 15 цагийн үед Г.О тэй хамт хоолонд орсон. Тэгэхэд найз нь гэх нэг эмэгтэй хамт байсан. Би тэр хүнийг танихгүй. Бид 4 хоолонд орчихоод хамт караокед орж нэг цаг аваад юм захиалах болсон чинь Г.О архи авна гээд нэг шил 0.5 литрийн архи аваад бид нар хувааж уусан. Тэнд архинаас гадна нөгөө эмэгтэй, манай эхнэр бид 3 нэг нэг шилтэй пиво захиалж уусан. Тэгээд караокены цаг дуусаад тэндээсээ шууд гараад Онги гэдэг нэртэй караокед дөрвүүлээ хамт орсон. Нэлээд орой болсон байсан ойролцоогоор 19 цагийн үед байсан байх караокед нь 1 цаг аваад 1 шил 0.5 литрийн архи, 4 пиво ундаатай захиалж аваад ууцгаасан. Захиалсан архи пивоо дуусгаад эхнэр бид хоёр гэртээ харъя гэж байсан чинь Г.О “хэдүүлээ байнга уулздаг биш ганц удаа уулзчихаад явах гэлээ” гээд явуулахгүй байсан. Тэгээд би гадаа гарч тамхи татаж байтал Г.О гарч ирчихээд “хэдүүлээ хамт бааранд оръё” гээд байсан. Орой 21 цагийн үед “Гандирс” төвийн доод давхарт байрлах бааранд манай эхнэр, Г.О бид 3 хамт орсон. Нөгөө эмэгтэй нь “Онги” караокеноос гарахад явлаа гээд гэррүүгээ явчихсан. Бид 3 бааранд ороод хүн бүр нэг нэг пиво, нэг шил 0.5 литрийн архи захиалж авсан. Тэгээд захиалсан зүйлүүдээ ууцгаачихаад би гадаа тамхи татаж байгаад буцаад орсон чинь манай эхнэр Г.О хоёр байхгүй байхаар нь би гарч яваад зам дээрээс такси авч суугаад гэртээ очиход манай эхнэр гэрт байгаагүй. Намайг гадаа гарахад манай байрны гадаа хашаан дотор нэг таксины тэмдэгтэй приүс машин зогсож байхаар нь би очиж уулзсан чинь машиных нь арын суудал дээр манай эхнэр хэвтэж байсан. Г.О урд суудалд нь сууж байсан. Би эхнэрийгээ дуудсан чинь эхнэр сэрэхгүй байсан. Тэгсэн чинь Г.О явъя гээд таксины жолооч нь хөдлөх гэхээр нь би машиных түлхүүрийг авсан чинь жолооч нь надтай хэрэлдэж байгаад утсаар яриад хашаанаас гарсан. Би эхнэрээ дахиад дуудаж байтал Г.О ирээд надтай зууралдаад зайлаач пизда минь явмаар байхад гээд хувцаснаас зулгаагаад байхаар нь би Г.О ийг түлхсэн чинь Г.О ойчсон байх гэж бодож байна. Би харж амжаагүй. Г.О таксины урд суудалд суусан. Цаанаас нь манай хадам ээж гэрээсээ гарч ирэхээр нь би хашаагаа даваад гарч явсан. Би Г.О тэй хэрэлдэж муудалцаагүй /хх-ийн 37-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 27-30 хуудас/, хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 85-95-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 24 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ганболд овогтой Г.О ийг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Г.О ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Б.Ж ын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь: гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Баарнаас тэр хоёр эмэгтэйг суулгаад хүргэж өгөөд хүүхдийг нь байшингаас гаргаж өгч байхад тэр эмэгтэйн биед гэмтэл шарх байгаагүй. Сүүлд хашаа руу ороход тэр эмэгтэй гараа бариад би энэ залууд зодуулчихлаа гээд байж байсан...” /хх-ийн 17-р хуудас/, Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...намайг түлхэж унагаад дээрээс өшиглөөд дэвслээд байсан...” /хх-ийн 09-р хуудас/ гэх мэдүүлэг болон Б.Б.Ж ын яллагдагчаар өгсөн: ...би Г.О ийг түлхсэн чинь Г.О ойчсон байх гэж бодож байна.../ХХ-ийн 37-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Гэрч болон хохирогч нарын мэдүүлэг нь хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг байх тул шүүх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б.Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №563 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Г.О ийн биед зүүн богт ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 21-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.Б.Ж ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Ж аас нэхэмжилсэн ба үүнд: эм тариа худалдан авсан болон эмчилгээний зардал 429.573 төгрөг, унаа бензины зардал 131.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох орлого 4.438.927 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааны өмнө холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжлэн судалсан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг шалгаж өөрийн дотоод итгэлээр үнэлсэн ба хохирогчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 5.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:
Хохирогч Г.О эмийн сангаас эм худалдан авсан 429.573 төгрөгний үнийн дүн бүхий Е баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгч, эмчилгээний зардал гэж үзэн нэхэмжилсэн байх боловч уг баримтууд нь өндөр настан нэр бүхий иргэдийн регистрийн дугаартай, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдсан гэх мэдээлэл бүхий эмийн сангаас олгосон Е баримтууд байх төдийгүй гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө буюу 2018 оны 11-р сарын 17-ны өдрөөс өмнө 10 дугаар сард эм худалдан авсан талаарх баримтууд байна.
Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар хэрэгт авагдсан ба уг картад 1 сар уух эмийн эмчилгээг эмч тэмдэглэсэн байх боловч эдгээр эмийн нэр хохирогчийн шүүхэд ирүүлсэн эм худалдан авсан талаарх баримтад байхгүй байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн хохирогч Г.О нь нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан би мөнгөгүй учраас эмчийн бичиж өгсөн эмийг худалдан авч чадаагүй, эм худалдан авсан баримтуудыг анзаараагүй авчирч өгсөн нь миний буруу” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн эм, эмчилгээний зардал 429.573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид зүүн гарын богт ясны сэлтэрхий хугарал гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Г.О нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг гэх боловч Сүхбаатар аймгийн Онгон суманд “үсчин”-ээр ажилладаг тул 2 сарын турш олох байсан орлого 4.438.927 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №563 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 21-р хуудас/ гэж тусгай мэдлэгийн шинжээч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлсон байх тул энэхүү гэмтлийн улмаас хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдагдсан гэж үзэх үндэслэлгүй төдийгүй хохирогч нь өөрийн орлогоо тодорхойлж, нотолсон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 4.483.927 төгрөг гаргуулах тухай хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн хохирогч нь өмгөөлөгчийн хөлс буюу эрх зүйн туслалцаа авсны төлбөр 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэл гаргаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт ...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасны дагуу шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Харин хохирогчийн “шүүх хурлын өмнө Сүхбаатар аймгийн онгон суманд байсан, улмаар Замын үүд орж, Замын үүдээс Улаанбаатар, Улаанбаатараас Өмнөговь чиглэлд ирж шүүх хуралд оролцож байгаа” гэх мэдүүлгийг үндэслэн билетийн тасалбар болон бензиний баримтад бичигдсэн үнийн нийлбэр 61500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэн, 2019 оны 1-р сарын 3-ны өдөр бензин авсан гэх 70.000 төгрөгний үнийн дүн бүхий баримт нь хэрэгт хамааралгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрт 300.000 төгрөг төлөх хүсэлт гаргасан, хохирогч нь “...эмчийн бичсэн эмийн эмчилгээг авах гэсэн боловч мөнгө байхгүй...” гэх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн түүний эмчилгээний зааварт бичигдсэн эм тариаг авах боломжийг хангах зорилгоор 300.000 төгрөгийг хор уршиг, гэм хорын төлбөрт хохирогчид төлөх тухай шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ийнхүү дээрх үндэслэлээр шүүх гэм буруугийн шийдвэрийг танилцуулж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 300.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны завсарлага авах үед шүүгдэгч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.000.000 төгрөгийг хохирогчид төлж, хохирогч Г.О , шүүгдэгч Б.Ж нар Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.Ж ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА