Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд, Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Т.М, Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М, Ц.З нарт холбогдох эрүүгийн 1821000990406 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын .......... багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Хэрлэн сумын 9 дүгээр баг, 3 дугаар байрны урд орцны подвалд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Т.М. /РД: .............../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ..... дугаар баг, ......... гэх газарт оршин суух, Ц.З. /РД: ................./

Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн И.Цэрмаагийн 1 тооны үхрийг Ц.Зоригтын хамт хулгайлж, 1500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Зоригт нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн И.Цэрмаагийн 1 тооны үхрийг Т.Мөнхбаярын хамт хулгайлж, 1500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хулгай хийхгүй. Хохирлоо төлнө...” гэв.

 Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэв.

 Хохирогч И.Цэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд гэрээсээ зүүн тийш үхрээ бэлчээрт гаргасан. ...орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Сундуй үхрээ татаж авчирахад шар эрээн зүстэй эр үхэр байхгүй байсан...бид маргаашнаас нь эхлээд 7 хоног эрэл хайгуул хийсэн боловч олдоогүй... яллагдагч Ц.З-с 500.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо хохирол 1 сая төгрөгийг Т.М, Х.Г нараас нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 31-35 тал/

Гэрч Х.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...он сарыг нь сайн санахгүй байна. Ц.Харка нэг юнителээс залгаад “үхрийн махны ханш хэдтэй байгаа вэ, танд нэг үхэр зарах гэсэн юмаа” гэхээр нь Харкаг “аваад ир” гэсэн. Тэгэхэд “аавын машин эвдэрсэн, та машин аваад хүрээд ир, ирэхээр нь машины зардлаа хувааж төлнө” гэхээр нь 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын зогсоол дээрээс цагаан өнгийн жижиг машины  жолоочтой Чойбалсан сум руу ирж очихын 80000 төгрөгөөр тохироод орой 22 цагийн орчим Чойбалсан сум руу гарсан. ...Харка гэрийн хойд талын дэрсэн дотор байна гэсэн. ...очиход нэг үхэр нядалчихсан, үхрийнхээ арьсан дээр махаа дэлгээд тавьсан Харка, М хоёр зогсож байсан. Нядалсан үхрийн махаа 1 кг-ийг нь 3500 төгрөгөөр бодоод нийт 170 кг мах гэж бодож зарсан. Би Харкад бэлэн 100.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө гарал үүслийн гэрчилгээгээ өгөөд аваарай гээд явсан. ...Харка, М хоёр харанхуй шөнө хөдөө, дэрсэн дотор үхэр нядалчихсан байхыг хараад хулгайн үхэр гэдгийг мэдсэн...маргааш нь М, Харка хоёр над дээр ирээд мөнгөө нэхсэн. Би тэр үед байгаа мөнгө нь гээд 200 гаруй мянган төгрөг өгсөн. Үүний дараа 150.000 төгрөг, 50.000 төгрөг, 60.000 төгрөг гэх зэргээр цувуулаад мөнгийг нь өгсөн. ...Адуучин байгаагүй, өмнө нь байж байгаад явсан байсныг нь мэдэхгүй байна. Намайг очиход ямар ч байсан байгаагүй...” гэжээ. /хх-ийн 45-47 тал/

 

- Гэмт хэргийн талаарх 0497 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 тал/

- Гэрч Ц.Адуучингийн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- Гэрч С.Урантуяагийн мэдүүлэг /хх-ийн 53 тал/

- Т.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/

- Ц.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 76 тал/

- Дорнод аймгийн Чойбалсан сумын “Малын жишиг үнэлгээ тогтоосон” тогтоол /хх-ийн 77-78 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Т.М, Ц.З нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч И.Цэрмаагийн 1 тооны үхрийг хулгайлж, 1500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч И.Цэрмаа, гэрч Ц.Адуучин, С.Урантуяа, Х.Ганчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Чойбалсан сумын “Малын жишиг үнэлгээ тогтоосон” тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

   Шүүгдэгч Т.М, Ц.З нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Т.М, Ц.З нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.М, Ц.З нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М, Ц.З нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Т.М, Ц.З нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.М, Ц.З нарын үйлдлийн улмаас хохирогч И.Цэрмаад 1500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.З нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн ба харин шүүгдэгч Т.М нь 500.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан, иргэний хариуцагч Х.Г нь 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө зөвшөөрч мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.М, иргэний хариуцагч Х.Г нараас нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч И.Цэрмаад олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.М нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.З-ын эзэмшлээс 10 толгой эм ямаа битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.М-ын ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч Ц.З-ын ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.М, Ц.З нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М, Ц.З нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.М, Ц.З нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.М, Ц.З нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдоогүй ба шүүгдэгч Т.М нь 30 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Т.М-ын ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч Ц.З-ын ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.М-ын эзэмшлээс битүүмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.З-ын эзэмшлээс 10 толгой эм ямаа битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, иргэний хариуцагч Х.Г нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багт оршин суух, Бүргэд овогт Ичинхорлоогийн Цэрмаа /РД: ЖЬ43032069/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.М, Ц.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ