| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2022/01917/И |
| Дугаар | 210/МА2023/01047 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/01047
2023 05 22 210/МА2023/01047
Н.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00841 дугаар шийдвэртэй, Н.А-ын нэхэмжлэлтэй, ОТ ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2008 оноос 2022 он хүртэл ОТ ХХК-ийн Далд уурхайн бүтээн байгуулалт, хөндлөн нэвтрэлт, агуйлан олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ашиглалтын эхний шат хүртэл 15 дахь жилдээ ажиллаж, одоо Далд уурхайн Өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллагаа, амь хамгаалах дүрэм журам, кемпийн дотоод дүрэм журам, ёс зүйн алдаа, харилцааны зөрчил зэргийг гаргаж байгаагүй.
Сургалтын багийн хамтрагч Ё.Д-, Б.Б- нарын хамт автомат өрөмдлөгийн сургалт явуулахаар болж, 2022 оны 03 сарын 26-ны өглөө 6 цагийн үед Чандмань оффист ажилдаа ирэхэд миний суудаг ширээнээс хоёр ширээ алгасаад хайрцагтай ажлын усны гутал байсныг хамт ажилладаг манай залуусын нэгнийх гэж бодож өөрийн ширээ, жижиг шүүгээ хоёрын завсар хямгадан тавьсан.
Ингээд 2 өдрийн дараа аюулгүйн албаны ажилтан надтай холбогдсоны дагуу тодруулга тайлбараа өгсөн. Хоёр өдрийн хугацаанд автомат өрөмдлөгийн сургалтаар өглөө эрт далд уурхай руу орж оройтож гарч байсан. Энэ хугацаанд хэн нэгэн гутал асууж сураглаагүй, би сургалтдаа анхаараад гутлын эзнийг хайх завгүй 5 хоног өнгөрсөн.
Хэн нэгний гутал алга болсон гомдол гаргаснаар тус алба камер шүүж надтай холбогдож хамт Чандмань оффист очиж миний ширээн доор байгаа гутлын зургийг авч, гутлыг аваад явсан байсан. Би тухайн гутал манай залуусынх биш гэдгийг мэдээд өөрсдийн залуусаас асууж лавлан бидний суудаг хэсэгт тур сууж байсан залуугийнх болохыг олж мэдээд тухайн залуугаас уучлалт гуйсан.
Надад тухайн ажлын усны гутлыг өөртөө завших, ашиг хонжоо олох санаа байгаагүй. Миний бие ажлын усны гуталтай болохыг хүсвэл хувийн хамгаалах хэрэгслийн агуулахаас захиалах, эсхүл цахилгааны залуусын нэгэнд хандах боломжтой.
1.2. 2022 оны 04 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хүний нөөцийн ажилтан, манай хэлтсийн ахлах мэргэжилтэн, хамт уурхайн талбараас миний бие онлайнаар оролцож тодруулга ярилцлага хийж, тус өдрийн үдээс хойш дахин уулзаж онлайн ярилцлагыг цаасан дээр хөрвүүлсэнтэй танилцаж гарын үсэг зурсан.
Хянан шалгах үйл явц дуусах 2022 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл намайг түр ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдлийг өгч, 04 сарын 25-ны өдөр ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай Б8810 дугаар тушаалыг танилцуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор оролгүйгээр шууд шүүхэд хандсан. Учир нь 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулиар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шинээр байгуулах ёстой ч өнөөдрийг хүртэл байгуулаагүй. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан ОТ ХХК-ийн Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсний олговрыг ажлаас халагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч Н.А- нь 2022 оны 03 сарын 26-ны өдөр уурхайн талбарын Чандмань оффис бусдын ширээн доороос компанийн өмчлөлийн эд зүйл болох цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутлыг зөвшөөрөлгүйгээр авч өөрийн ширээн дор нууж тавьсан болох нь тогтоогдсон. Энэ үйлдлийг компанийн холбогдох журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил хэмээн тодорхой заасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Б8810 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар дуусгавар болгосон.
2022 оны 04 сарын 18-ны өдөр Н.А-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл, хянан шалгах ажиллагааны тайлан зэрэгт хянан шалгах ажиллагаагаар илэрсэн нөхцөл байдлыг тусгасан. Хянан шалгах ажиллагааны тайлангийн хавсралтад 2022 оны 03 сарын 26-ны өдрийн Чандмань оффисын 2 давхрын хойд хэсгийн камерын бичлэгээс буулгасан гэрэл зураг, тус оффисын 2 давхрын урд, хойд хэсгийн хяналтын камерын бичлэгийн холбогдох хэсгийг хуулж хадгалсан тухай гэрэл зураг тус тус авагдсан.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гарган шүүхийн журмаар баримтуудыг бүрдүүлсэн.
М.Ачбилгүүний Аюулгүй байдлын багт 2022 оны 03 сарын 28-ны өдөр бичиж өгсөн тайлбар, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, Т.Т-г гэрчээр өгсөн мэдүүлэг, 2023 оны 03 сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Цахилгаанчны хамгаалалтын түрийтэй гутлын тухай албан бичиг зэргээр нэхэмжлэгчийн үйлдэл нотлогддог.
2.2. Н.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл ажилтны хүлээх үүргийн б-д ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх гэж, вд ажилтан компанийн бодлого, журам, дүрмүүдэд заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй гэж, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д ...Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах...-ийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэж, уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заасан.
Мөн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.4-д компанийн эсвэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, бараа материалыг зөвшөөрөлгүй авах үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.
Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ...ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам,)-д ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан. гэж заасны дагуу бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.
Хэргийн 64 дэх талд авагдсан Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар Н.А- нь ОТ ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, холбогдох бусад дүрэм журмуудтай уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ОТ ХХК-ийн Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и заалтад байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журмуудад заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай.
Хөдөлмөрийн гэрээ 2017 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлтүүд орсныг надад танилцуулаагүй, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг зөрсөн.
Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан гэх боловч ноцтой зөрчилд тооцож байгаа дотоод журмын заалтыг надад танилцуулаагүй, өөрөөр хэлбэл ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор нэмэлт, өөрчлөлт оруулсныг мэдэгдээгүй. Танилцуулсан талаар ямар нэгэн нотлох баримт шүүх хуралдаан дээр гаргаагүй.
4.2. Надад тухайн ажлын гутлыг хулгайлан санаа зорилго байгаагүй, хураагаад тавьсан ба үүнийгээ нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. ОТ ХХК шинээр орж буй ажилтанд компанид мөрдөгдөж буй дүрэм, журмыг урьдчилан танилцуулж, ажилтан хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Хэргийн 64 дэх талд нэхэмжлэгч Н.А- ОТ ХХК-ийн дүрэм журамтай танилцсан баримт авагдсан.
5.2. Нэхэмжлэгч Н.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8, 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ноцтой зөрчлийг тодорхой заасан.
ОТ ХХК-ийн дүрэм, 2005, 2015 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэгдэж байсан. ОТ ХХК байгууллагын дотоод дүрэм, журмыг ажилтнуудад нээлттэй байдлаар ажлын талбар, хоолны газар, нийтийн заал, мэдээллийн самбар, амрах байр, кэмп зэрэг газруудад фортал цахим хуудсанд болон мөн зурагт хуудсыг байршуулан танилцуулдаг. Иймд нэхэмжлэгч Н.А- танилцаагүй, мэдээгүй гэдэг нь өрөөсгөл юм гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажлын байран дахь бэхэлгээ болон өрөмдлөгийн машины сургагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Б8810 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Н.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ...Чандмань оффисын бусдын ширээн доороос компанийн өмчлөлийн зүйл болох цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутал /хайрцагтай, шинэ, өндөр үнэтэй/-ыг зөвшөөрөлгүйгээр авсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан... үндэслэлээр цуцалж, Н.А-ын ажилласан хугацаанд ногдох цалин хөлс, ээлжийн амралтын цалинг зохих журмын дагуу тооцож олгохыг Санхүүгийн хэлтэст зөвшөөрч шийдвэрлэжээ. /1хх 6/
Уг тушаалд Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.4, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9-р зүйл, Ёс зүйн зохисгүй хэм хэмжээний 9.1.5, 19.1, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 13.1.4, 17.1, 17.2, 17.2.7.4, 17.3, 18.7.1, 18.7.3-т заасныг тус тус үндэслэл болгосон байна. /1хх 6/
4. Дээрх тушаалыг эс зөвшөөрч ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /1хх 3-арын нүүрний дардас/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тухайлан зааж, тус хэсгийг И-д Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм ...-д ноцтой зөрчил гэж тооцсон ... зөрчил гаргасан даруй... ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ. /1хх105-107/
5.2. Хэргийн 79-90 дэх талд авагдсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах ... үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ гэж, мөн дүрмийн 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заасан байна. /1хх 79-90/
5.3. Нэхэмжлэгч Н.А- нь ОТ ХХК-ийн дүрэм журам, холбогдох гарын авлагуудтай танилцсан, тэдгээртэй холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөх тухайгаа хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт-аар баталгаажуулжээ. /1хх 64/ Мөн нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч компанид 2008 оноос хойш ажиллаж байгаа учир компаниас баталсан аливаа дүрэм, журмыг мэдэж байх ёстой тул ...дүрэм, журмуудад нэмэлт, өөрчлөлтүүд орсон байсныг надад танилцуулаагүй... гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.4. Түүнчлэн, ...ажлын усны гутал байсныг ... манай залуусын нэгнийх байх хэмээн бодож өөрийн ширээ, жижиг тумбочки хоёрын завсар хямгадан тавьсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч М.А, Т.Т, Ё.Д нарын мэдүүлэг, видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн хуулбар /1хх 163-166, 168-172, 207-210, 212-216, 184-193, 195/ зэрэг нотлох баримт, нотолгооны хэрэгслээр няцаагдаж байна.
6. Иймд нэхэмжлэгч Н.А-ын гаргасан бусдын ширээн доороос компанийн өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч ОТ ХХК түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв үнэлж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.НЯМБАЗАР