| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0024/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 22
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч У, хохирогч Д.Тунгалагтамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.У-т холбогдох эрүүгийн 18 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 07 дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний дүгээр ангид танкийн дадлага сургагч багш ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЖ регистрийн дугаартай, Х овогт С.У.
Шүүгдэгч У нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 72б байрны 16 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Тунгалагтамиртай маргалдан улмаар зодож биед нь тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Тунгалагтамир шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Миний хувьд У-т гомдол санал байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 тоот дүгнэлтэд: "1. Д.Тунгалагтамирын биед тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 46/
-Шүүгдэгч У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч У нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 72б байрны 16 тоотод гэртээ хамтран амьдрагч хохирогч Д.Тунгалагтамиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Д.Тунгалагтамир намайг хоёр хүүхдүүдээсээ татгалзаж байна гэж цаасан дээр бичиж өг гэхэд нь миний уур хүрсэн учраас түүний толгойн тус газарт нь гараараа 2 удаа, ташаа руу 2-3 удаа цохиж өшиглөсөн. Мөн гутал таарахаар нь гутлаар нь цохьсон, яг хаана нь хэдэн удаа цохьсон гэдгээ санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Тунгалагтамирын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөртөө өөр хүнтэй сууж байгаа бол би хүүхдүүдээ авъя гэж хэлсэн нь миний буруу байсан юм байлгүй дээ намайг тэгж хэллээ гээд зодсон, зодохдоо гутлаараа толгой руу 4-5 удаа цохьсон мөн гэдэс рүү 3-4 удаа, зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү 2-3 удаа өшиглөж зодсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 тоот дүгнэлт /хх-ийн 46/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Тунгалагтамирын биед учирсан “тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч У-ын хохирогч Д.Тунгалагтамирыг гутлаар толгой нь хэсэгт нь 4-5, мөн гэдэс рүү нь 3-4 удаа, зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү 2-3 удаа өшиглөж зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ЖЖ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт С.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У-т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У-ын ЖЖ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР