Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 2019       01        15                                         2019/ШЦТ/20

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Цт холбогдох эрүүгийн 1821003830421 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Төвийн 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл гэх, ......................регистрийн дугаартай, Б овогт М.Ц.

 

Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 1-10 тоотод иргэн А.Ган-Эрдэнийг зодож, улмаар эрүүл мэндэд нь эрүү ясны зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч А.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд найз Нэргүйтэй уулзахаар гэр рүү нь явж байгаад бөмбөгтэй хөшөөний баруун урд талд нөхөр М.Ц халамцуу явж байхтай нь таарч, бид хоёр цугтаа Нэргүйгийн хашаа руу орсон чинь Нэргүйгийн гэрт хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд нөхөр М.Ц намайг Нэргүйгийн гэрийн урд талд газар суу гэж хэлэхээр нь би гайхаад доошоо суухад М.Ц намайг гэр орондоо үр хүүхдийнхээ хажууд гэр орноосоо хөөж туудаг гээд миний зүүн талын хавирга руу 2-3 удаа өшиглөж дараа нь баруун шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь би нөхөр М.Цт зодуулж байгаад гэр рүүгээ зугтаад орсон чинь охин Золзаяа сууж байхаар нь ээж нь сая М.Цт зодуулаад ирлээ гэж хэлсэн чинь охин Золзаяа гадагшаа гарч М.Цыг гадуур хэсэг хайж байгаад олоогүй гэртээ ирсэн. Тэгээд маргааш орой 17 цагийн орчимд гэртээ хэвтэж байхад нөхөр М.Ц согтуу орж ирэхээр охин Золзаяа Цагдаагийн газар руу дуудлага өгч М.Цыг бариулсан. ...Би яс төлжүүлэх Алтангагнуурын ханд ууж байгаад өөрөөрөө эдгэсэн. Би М.Цаас ямар нэгэн мөнгө нэхэмжлээгүй бөгөөд надад хөдөөнөөс ирэхдээ 300000 төгрөг өгсөн. Би одоо М.Цт ямар нэгэн гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 32-34/

Гэрч Г.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 17 цагийн орчимд гэртээ хүүхдүүдээ хараад сууж байхад гаднаас ээж Ган-Эрдэнэ орж ирснээ орон дээр хэвтээд гэдсээ бариад ёолоод байхаар нь таны бие зүгээр үү, юу болсон бэ? гэж асуухад сая Нэргүйгийн хашаан дотор М.Ц намайг хүүхдүүдийнхээ хажууд дандаа өөрийг нь хөөж туудаг гээд намайг зодсон гэж хэлэхээр нь би гадагшаа гарч М.Цыг хайсан боловч олдохгүй болохоор нь гэртээ ирж ээжийг асарч хоносон. ...М.Ц зүгээр байсан ээжийг минь айлын хашаан дотор зодоод хаяад явсан байсан. Манай ээж Ган-Эрдэний эрүүний доод хэсэг нь хөхөрч, зүүн талын хавиргыг нь эвгүй болгосон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд: “1. А.Ган-Эрдэнийн биед эрүү ясны зөрөөтэй хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлийн эрүү ясны зөрөөтэй хугарал нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хүзүүний цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 45/

 

-Шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

     Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 1-10 тоотод хохирогч А.Ган-Эрдэнийг зодож, улмаар биед нь эрүү ясны зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Цын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би шанаанд нь 1 удаа л баруун гараараа алгадсан юм. Би өөрөө багаасаа боксоор хичээллэж байсан учраас миний гар маань хүчтэй туссан байх...Би Ган-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна“ гэж /хх-ийн 50-52/, түүнийг давхар нотолсон хохирогч А.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...М.Ц намайг гэр орондоо үр хүүхдийнхээ хажууд гэр орноосоо хөөж туудаг гээд миний зүүн талын хавирга руу 2-3 удаа өшиглөж дараа нь баруун шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь би нөхөр М.Цт зодуулж байгаад гэр рүүгээ зугтаад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 29-34/, гэрч Г.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Ган-Эрдэний эрүүний доод хэсэг нь хөхөрч, зүүн талын хавиргыг нь эвгүй болгосон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч А.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны зөрөөтэй хугарал, хүзүүний цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл /хохирол/ нь түүний нүүр рүү нь гараараа цохисон шүүгдэгч М.Цын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Цт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.        

 

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Цын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Борон овогт М.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Цын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР