Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01087

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01087

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00827 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б-д холбогдох, гэм хорын хохиролд нийт 8,291,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2021 оны 10 сарын 29-ний өдөр 22 цаг орчим Төв аймгийн Лүн сумын төвд У.Б- нь 00-00 УНД улсын дугаартай FAW маркийн ачааны машин жолоодон яваад машинаа зөв зогсоож байрлуулаагүйн улмаас машин нь өнхөрч манай гэрийг дайрч, гэрт байсан охин Ц.О-, Ц.Н- нарын биед хөнгөн гэмтэл учруулж, биднийг орох оронгүй болгосон. Миний бие У.Б-ын жолоочийн хариуцлагын даатгалыг хөөцөлдөн Хаан даатгалаас 6,236,478 төгрөгийг гэрийн эд хогшил, гэрийн нөхөн төлбөрт авсан. Үүний улмаас 2 хүүхдээ байнга эмнэлгээр авч явж, эмчилгээ хийлгэж байна. Манай гэр бүл орох оронгүй болсон тул Улаанбаатар хотоос 1 сарын 250,000 төгрөгөөр тооцон 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл нийт 1,750,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийж, эхний төлбөр болох 4 сарын төлбөрт 1,000,000 төгрөг бэлэн өгөөд байна. Улаанбаатар хотоос түрээслэх гэрээ ачиж явахад жолоочийн хөлс 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. И ХХК хохирлын үнэлгээг 10,377,000 төгрөг гэж гаргасан. Иймд хариуцагчаас гэр худалдан авах үнэ Хаан даатгалын нөхөн төлбөрийн зөрүү 4,140,522 төгрөг, хүүхдүүдийн эмчилгээний болон бусад зардал 1,224,838 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 1,750,000 төгрөг, түрээсийн гэр тээвэрлэсэн жолоочийн ажлын хөлс 200,000 төгрөг, гэр, эд хогшлын үнэлгээний ажлын хөлс 416,000 төгрөг, эвдэрсэн хоёр гар утасны үнэ 560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт 2021 оны 10 сарын 29-ний өдөр болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан нь үнэн. Жолоочийн хариуцлагын даатгалаас 6,236,478 төгрөгийг гаргуулж гэрийн нөхөн төлбөр, эд хогшлын төлбөрт төлж барагдуулсан байгаа. Иймд түрээсийн гэрийн төлбөр, эд хогшлын үнэ, жолоочийн ажлын хөлс, эмчилгээний зардал зэргийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. И ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Нарантуул зах дээр 5 ханатай иж бүрэн бүрээс давхаргатай гэр үнэлгээний комиссын үнэлсэн үнээс тал хувиар одоо ч зарагдаж байгаа. Миний зүгээс 2,548,400 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б-аас 6,813,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 377,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 123,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 1,750,000 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а. Хэрэгт авагдсан түрээсийн гэрийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Түрээслүүлэгч Ц.М- гэж бичигдсэн, ийм хүн байдаг эсэх нь эргэлзээтэй.

4.б. Энэ гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг удаа дараа шүүх хуралд хариуцагч талаас тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь Ц.М-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байсан боловч энэ хүсэлтээсээ татгалзсан байдаг.

4.в. Ц.М- гэгчтэй түрээсийн гэрийн гэрээ хийсэн гэж үзэх боломжгүй байтал шүүх 1,750,000 төгрөгөөр гэр түрээсэлж байсан гэж төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Гэр түрээслэхэд 1,750,000 төгрөг төлсөн нь үнэн. Зарын дагуу гэр түрээсэлсэн. Ц.М- болон эхнэртэй нь очиж уулзаж 5 ханатай тавилгагүй гэр түрээсэлсэн. Гэрээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцож, бэлнээр 200,000 төгрөг өгч, сум руу машинаар гэрээ ачуулж, хүргүүлсэн. Одоо 4 хүүхэдтэйгээ түрээсийн гэртээ сумандаа амьдарч байгаа. Гэрч Ц.М- нь гадаад руу эмчилгээнд явсан тул хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч тухайн үед ажил хийдэггүй, шатахуун түгээх станцад хааяа ажилладаг байсан. Тэр мөнгөнөөсөө төлбөрөө төлдөг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч У.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд даатгалын олговрын зөрүү 4,140,522 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 416,000 төгрөг, эвдэрсэн 2 ширхэг гар утасны үнэ 560,000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 1,750,000 төгрөг, гэр тээвэрлэсний ажлын хөлс 200,000 төгрөг, охин Ц.О-, Ц.Н- нарын эмчилгээний болон бусад зардал 1,224,838 төгрөг, нийт 8,291,360 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /хх 1, 109, 157-159/

Нэхэмжлэлийн шаардлагын нийлбэр дүн 8,291,360 төгрөг болж байхад нэхэмжлэгч болон шүүх нийт 7,191,360 төгрөг гэж бичсэнийг техникийн алдаа гэж үзэв.

 

3.   Хариуцагч Б.Б- нь дээрх шаардлагаас 2,548,400 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан бол 5,063,710 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гарган маргажээ. /хх 102, 157-159/

 

4.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.а.2021 оны 10 сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт жолооч У.Б- нь FAW маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг уруу газар зогсоосноос болж өнхөрч Б.Б-гийн гэрийг дайрсан; /хх 8, 9/

4.б.Уг үйлдэлд жолооч У.Б- гэм буруутай буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэж заасныг зөрчсөн, эрх бүхий байгууллагаас жолооч У.Б-ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан; /хх 24, 25/

4.в.Зам тээврийн ослын улмаас Б.Б-гийн охин Ц.О-, Ц.Н- нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, гэр, эд хогшилд нийт 10,377,000 төгрөгийн хохирол тус тус учирсан; /хх 15, 16, 43-49/;

4.4. Хаан даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болгож 2021 оны 12 сарын 28-ний өдөр Б.Б-д 6,236,478 төгрөгийг олгосон. /хх 20, 21/

 

5.   Өөрөөр хэлбэл, хариуцагч У.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Б-гийн охидын эрүүл мэндэд, мөн нэхэмжлэгч Б.Б-гийн эд хөрөнгөд тус тус хохирол учирсан, гэм буруу болон хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч У.Б-аас гэм хорын хохирол шаардах эрхтэй, хариуцагч У.Б- нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

6.   Анхан шатны шүүх Б.Б-гийн охин Ц.О-, Ц.Н- нарын эрүүл мэндэд учирсан хохиролд 507,188 төгрөг, гэр, эд хогшилд учирсан хохиролд 4,140,522 төгрөг, үнэлгээчний ажлын хөлсөнд 416,000 төгрөг, нийт 5,063,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

7.   Харин анхан шатны шүүх гэр түрээсэлсэн гэх 1,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Учир нь, хэргийн 7-р талд авагдсан Түрээсийн гэрийн гэрээ гэх гар бичмэлээр нэхэмжлэгч Б.Б- нь 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гэр түрээслэн нийт 1,750,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлж хохирсон гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, түрээслүүлэгч тал гэх Ц.М- нь дээрх гар бичмэлийн үнэн зөвийн талаар шүүхэд мэдүүлэг өгөөгүй, нэхэмжлэгч тал нь Ц.М-ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 5,063,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,227,650 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хувь, хэмжээнээс дутуу улсын тэмдэгтийн хураамж төлснийг анхан шатны шүүх анзаараагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

9. Иргэдийн төлөөлөгч Ө.Х-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00827 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...6,813,710... гэснийг ...5,063,710... гэж, ...377,920... гэснийг ...3,227,650... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 9,110 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч У.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 95,969 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 43,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.НЯМБАЗАР