Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 2019       01        17                                         2019/ШЦТ/25

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Ад холбогдох эрүүгийн 1921000000004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1962 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 19-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................... регистрийн дугаартай, Боржин овогт Д.А.

 

Шүүгдэгч Д.А нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээл хорооллын 19-09 тоотод 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим согтуугаар иргэн Т.Оюунцэцэгийн нүүрэнд цохиж баруун хөмсөг орчмын няцарсан шарх нь дангаараа, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Т.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.А эгч бид хоёр үлдээд архиа үргэлжлүүлж уусан. Бид хоёр архиндаа нэлээн согтсон ба Д.А эгч надад “чи арчаагүй одоо болтол орон гэргүй яваа биздээ” гэж намайг доромжилсон. Тэгэхээр нь би Д.А эгчийг “таны арчаатай чинь хаана байгаа юм захын бөбөчин биздээ” гэж зөрүүлж доромжилсон. Тэр үед Д.А эгч зангидсан гараараа миний баруун нүд рүү цохисон бөгөөд би газар унахдаа ширээний хөл мөргөж унасан. Тухайн үед би хэсэг хугацаанд ухаан балартсан ба Д.А эгч намайг “чи манайхаас зайл” гээд намайг хөөж байсан. Тэгээд би тэднийхээс гараад такси бариад эмнэлэг явж үзүүлээд цагдаад хандсан юм. ...Миний эм авч ууж, боолтны хэрэгсэл болон сорвины тос, бариачид өгсөн зардал зэрэг нийлээд 150000 төгрөг болсон. Ирээдүйд томографид үзүүлэх мөнгө гэж 350000 төгрөг, нийт 500000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо би Д.А эгчээс өөрийнхөө бүх эмчилгээний зардал буюу 500000 төгрөг авчихсан байгаа. Би хохирлоо бүрэн авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  7-9/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 тоот дүгнэлтэд: “1. Т.Оюунцэцэгийн биед баруун хөмсөг орчмын няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн баруун хөмсөг орчмын няцарсан шарх нь дангаараа, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18/

 

-Шүүгдэгч Д.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ивээл” хорооллын 19-09 тоотод хохирогч Т.Оюунцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэнд цохиж биед нь баруун хөмсөг орчмын няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би уурлаад Оюунцэцэгийн нүүр рүү нь зангидсан гараараа 1 удаа цохисон. Оюунцэцэг газар хэвтэж байгаад босч ирэхэд түүний нүднээс нь цус гарч байсан...“ гэж /хх-ийн 23-25/, түүнийг давхар нотолсон хохирогч Т.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Д.А эгч зангидсан гараараа миний баруун нүд рүү цохисон бөгөөд би газар унахдаа ширээний хөл мөргөж унасан. Тухайн үед би хэсэг хугацаанд ухаан балартсан ба Д.А эгч намайг “чи манайхаас зайл” гээд намайг хөөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч Т.Оюунцэцэгийн эрүүл мэндэд учирсан “баруун хөмсөг орчмын няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь түүний нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон шүүгдэгч Д.Агийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.        

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Агийн .................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

 

1.Шүүгдэгч Б овогт Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ад мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Агийн ...................регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР