Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01086

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01086

 

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/00455 дугаар шийдвэртэй, КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э-, Т.Э- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 147,450,504 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Т.Э-, хариуцагч Т.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Т.Э- нь 2015 оны 04 сарын 01-ний өдөр тус банктай 3000-2015/73 тоот зээлийн гэрээ, 3000-2015/73 тоот зээлийн барьцааны гэрээг, мөн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг тус тус байгуулан 75,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ж.Ц-, Т.Э-, Т.Э- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол, 1-р байрны 000 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, фидуцийн гэрээгээр Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч Т.Э- нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа ноцтой зөрчдөг байсан бөгөөд тус банкны зүгээс зөрчлөө арилгахыг удаа дараа сануулж шаардаж байсан боловч зөрчлөө арилгахгүй байсан тул фидуцийн гэрээнд заасны дагуу экскаваторыг 2016 оны 12 сарын 07-ны өдөр 33,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Тус үнийн дүнгээс хариуцагчийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс 32,520,000 төгрөгийг, экскаваторыг хурааж авах, худалдан борлуулахтай холбоотой зардал гидрийн шингэн, үнэлгээний зардал 480,000 төгрөгийг тус тус суутган тооцсон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч нараас зээл 57,377,231 төгрөг, зээлийн хүү 78,081,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,859,547 төгрөг, нийт 147,450,504 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Бид КБ ХХК-аас 75,000,000 төгрөг зээлэхээр 2015 оны 04 сарын 01-ний өдөр №3000-2015/73 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 сарын 06-ны өдөр №3000-2015/73 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, БНСУ-д 2003 онд үйлдвэрлэсэн Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг банкны нэр дээр шилжүүлсэн. Т.Э- миний бие уг экскаваторыг 105,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 12 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч КБ ХХК-ийн эдийн засагч нь банкны зүгээс хөрөнгө шалгах ажиллагаа явуулж байгаа, экскаватор байгаа газрыг заагаад өгөөч, очиж үзэх шаардлагатай байна гэсэн тул хаягийг зааж өгсөн боловч эдийн засагч нь экскаваторыг авч явсан байсан. Зах зээлийн ханшаар хамгийн багадаа 105,000,000 төгрөгөөр үнэлэгдэх машин механизмыг ямар үнэлгээг үндэслэн зарсан талаар тодорхой мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл банкны зүгээс маш нууц зэрэглэлтэй мэдээлэл гээд өгөхөөс татгалзсан тул миний бие шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тухайн эд хөрөнгийг худалдан борлуулсан нь энэ зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байна. Банкнаас зээл авч хөрөнгөө эргэлдүүлж зээлээ төлж барагдуулах гэсэн санаатай байсан учир гэрээнд 105,000,000 төгрөгөөр авч байгаа хөрөнгийг 17 сая төгрөгөөр үнэлж байгааг ойлгоогүй, дараа нь ийм үр дагавар гарна гэж тооцоолоогүй. Надад банкнаас зээл төлөх тухай мэдэгдэл, барьцаа хөрөнгө зарах тухай мэдэгдсэн зүйл байхгүй. Би тухайн үед банканд очиж уулзсан. Худалдаж авсан хүнээс нь би өөрөө худалдаад авч болох уу, нэг бол хэн гэж хүн худалдаж авсан юм бэ надад хэлэх боломж байна уу гэхэд чамд хамаагүй банкны дотоод асуудал гэсэн. КБ ХХК-аас зарагдаад нэг, хоёр жилийн дараа Дундговь аймгийн орон нутгийн өмчит газар нь 130,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Энэ 2 жилийн хугацаанд би машинаараа ажил гүйцэтгэсэн бол зээлээ төлөөд ашгаа гаргаад авах хангалттай хугацаа юм. Өмнөх үнэлгээгээ алдахгүйгээр дахин зарагдсан баримт нь байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Хариуцагч Т.Э- сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: БНСУ-д 2003 онд үйлдвэрлэсэн Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг иргэн Д.З-гээс 2015 онд 105,000,000 төгрөгөөр худалдан авсан. Экскаваторыг Д.З-гээс шилжүүлэн авч, КБ ХХК-д 2015 оны 04 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор 2015 оны 04 сарын 06-ны өдөр №3000-2015\73 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан экскаваторыг Капитрон банк шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч Т.Э- миний бие хариуцагч КБ ХХК-д зээлийн эргэн төлөлтийн дагуу сар бүр зээлээ төлж байсан боловч Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг ажиллуулж байсан дүү З.Б- 2016 оны 06 сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан тул зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 сарын 05-ны өдөр КБ ХХК-ийн эдийн засагч н.О- нь банкны зүгээс хөрөнгө шалгах, оношилгоонд оруулна гэж хуурч Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 20-13 тоот хаягт байсан экскаваторыг авч явсан. КБ ХХК нь №3000-2015\73 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг цуцлах мэдэгдэл өгөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий экскаваторыг 2016 оны 12 сарын 07-ны өдөр №16/441 тоот машин механизм худалдах, худалдан авах гэрээг байгуулж хууль бусаар бусдад зах зээлд байж боломгүй үнэ буюу 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нэхэмжлэгч Т.Э- надад 120,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул КБ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 04 сарын 06-ны фидуцийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд барьцаанд байсан эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж авсан. Фидуцийн гэрээгээр хөрөнгийн үнэлгээг 28,000,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцсон. Тус банкны зүгээс барьцаанд авсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор нийтэд нээлттэй мэдээлж, 2016 оны 12 сарын 07-ны өдөр 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул 32,520,000 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцсон. Харин үлдэх 480,000 төгрөгийг экскаваторыг хурааж авах хөрөнгийн үнэлгээний гүйцэтгэл зэрэг зардалд суутгаж авсан. 2015 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний зөрчил үүсгэж эхэлсэн тул барьцаанд байсан эд хөрөнгийг КБ ХХК нь 2015 оны 12 сарын 05-ны өдөр хурааж авсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн барьцаа хөрөнгийг 120,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан гэж дурдаад байгаа нь тухайн эд хөрөнгийг ямар байдалтайг бодитоор харж үнэлэх боломжгүй байсан болохоор зөвхөн интернэтэд байсан зургуудыг харьцуулаад үнэлгээг гаргасан байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасныг тус тус баримтлан КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э-, Т.Э- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 147,450,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Т.Э-, Т.Э- нарын хохиролд 120,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,281,303.35 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 758,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

6.а. Хариуцагч нар зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг эргэн төлөөгүй буюу зээлийн гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчиж зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулж зээлээс хэсэгчлэн төлүүлснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй болохыг илэрхийлсэн нөхцөл байдал байсаар байхад шүүхээс Фидуцийн гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болно гэж заасныг үндэслэлээ болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд чиглэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн атлаа зээлдэгч нарыг зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй буюу үүрэг бүрэн дуусгавар болоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн гэрээгээр хүлээсэн талуудын үүргийг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний харилцаа дуусгавар болохоор хуульчилсныг шүүхээс анхаарч үзээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд зохих ёсоор шилжүүлэн өгсөн тул хариу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

6.б. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй. Шүүх 2016 оны 12 сарын 05-ны өдөр экскаваторыг 28,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргээс хэсэгчлэн төлснийг хариуцагчийн зээлийг бүрэн хааж зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж, дуусгавар болгосон мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Учир нь банк анх зээл олгохдоо тухайн фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах дүн нь 17,600,000 төгрөг, мөн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээгээр 28,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн зэргийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Итгэлт эстимэйт ХХК- ийн 2021 оны 09 сарын 29-ны өдрийн 86,165,000 төгрөг болон 2022 оны 02 сарын 07-ны өдрийн үнэлгээгээр 116,327,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус хөрөнгөнтэй биечлэн танилцаж үнэлгээ хийгээгүй нь тухайн хөрөнгийг бодитойгоор үнэлсэн гэж үзэхгүй боломжгүй юм. Тус хөрөнгө нь биет байдлын доголтой байсныг хүлээлцэх үеийн актан дээр дурдсан. Зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд харилцан тохиролцсон. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасалт хийгдсэний дараа үлдэх төлбөр болох 147,450,504 төгрөг үлдсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон байхад хариуцагч нь фидуцийн гэрээ дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөр төлөх үүргийг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Фидуцийн гэрээний зүйлийг 2016 оны 12 сарын 04-ний өдөр хураан авч, 2016 оны 12 сарын 05-ны өдөр үнэлгээ гаргуулж, 2016 оны 12 сарын 06-ны өдөр худалдсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад эд хөрөнгө өмчлөх, нэхэмжлэгчээс бусдад шилжсэн гэж үзэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөх гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо шаардсан. Шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд хэргийн оролцогч нар бүгд хүсэлт гаргасан. Уг асуудалтай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй. Хариуцагчийн зүгээс фидуцийн эд зүйл зарагдсан талаар 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Харин нэхэмжлэгч нь 2017 оноос хойш зээл төлөх үүргээ биелүүлэхийг шаардаагүй атлаа 2018 оны 05 сард нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 2016 онд тухайн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нь 75,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 04-ний өдөр хариуцагч талын зүгээс 74,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Т.Э-, Т.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 57,377,231 төгрөг, зээлийн хүү 78,081,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,859,547 төгрөг, нийт 147,450,504 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ж.Ц-, Т.Э-, Т.Э-ын нарын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол, 1-р байрны 000 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2, 126, 187/

Хариуцагч нар дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хохирол 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд харилцан маргажээ. /хх 44, 74, 93, 133/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц- хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.а.КБ ХХК болон Т.Э-, Т.Э- нар 2015 оны 04 сарын 01-ний өдөр 3000-2015/73 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 75,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 5,52 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамтаар буцаан төлөхөөр тохиролцож, зээлийг 2015 оны 04 сарын 02-ны өдөр 57,600,000 төгрөг, 2015 оны 04 сарын 06-ны өдөр 17,400,000 төгрөгөөр тус тус олгосон; /хх 17-19, 9/

3.б.Мөн өдөр КБ ХХК болон Т.Э-, Т.Э-, Ж.Ц- нар 3000-2015/73 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол, 1-р байрны 000 тоот хаягт байршилтай 30 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн; /хх 20-22/

3.в.Мөн КБ ХХК, Т.Э- нар 2015 оны 04 сарын 06-ны өдөр 3000-2015/73 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фицуци/ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2003 онд үйлдвэрлэгдсэн Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг КБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, ийнхүү шилжүүлсэн; /хх 23-24/

3.г.Улмаар, КБ ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн үндэслэлээр фидуцийн гэрээний зүйл болох Доосан /Doosan/ маркийн 00-00 УБ улсын дугаартай экскаваторыг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хураан авч, 2016 оны 12 сарын 07-ны өдөр иргэн С.М-д 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг дүнгээс 32,520,000 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцсон. /хх 59, 60, 57/

Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй. Харин фидуцийн гэрээний зүйлийг хураан авч, бусдад худалдан борлуулснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эсэх, үүнтэй холбоотой хариуцагч талд хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.   КБ ХХК болон Т.Э-, Т.Э- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, КБ ХХК болон Т.Э-, Т.Э-, Ж.Ц- нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа, КБ ХХК, Т.Э- нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүний тооцооллоос үзвэл хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт зээлд 17,622,769 төгрөг, хүүнд 37,290,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,713 төгрөг, нийт 54,923,300 төгрөгийг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2016 оны 07 сараас эхлэн зөрчигдөж эхэлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 189/

 

6.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

6.а.Экскаваторыг худалдан борлуулах үеийн зээлийн төлбөрийн үүрэг экскаваторын үнээс бага байсан тул зээлийн үүрэг дуусгавар болсонд тооцох буюу нэхэмжлэгч зээлийн үүргийг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх боловч экскаваторын үнийг 80,000,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6.б.Фидуцийн гэрээнд дурдагдсан үнэ 17,000,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон үнэ 28,000,000 төгрөгийг экскаваторын зах зээлийн бодит үнэ гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, шинжээч Итгэлт эстимэйт ХХК нь үнэлгээний зүйлийг үзэлгүйгээр үнэлгээ гаргасан тул түүний тогтоосон үнэ 86,165,000 төгрөг, мөн 116,327,000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. /хх 23-24, 61-62, 149-162, 208-219/

6.в.Харин хэрэгт авагдсан БНСУ-ын иргэн К- болон МУ-ын иргэн Т.Э- нарын хооронд 2012 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан тухайн экскаваторыг худалдах, худалдан авах гэрээний үнэ 54,000,000 вон буюу зээлийн болон фидуцийн гэрээ байгуулах үеийн ханшаар 97,200,000 төгрөг /1 төгрөг = 1.8 вон/, мөн тухайн экскаваторыг Дундговь аймгийн хэрэгцээнд худалдаж авсан үнэ 130,000,000 төгрөгийг зах зээлийн бодит ханш гэж тодорхойлох боломжтой гэж үзлээ. /хх 85-92, 104-107/

 

7.   Нэхэмжлэгч нь тухайн экскаваторыг худалдан борлуулсан 2016 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэг 73,886,353 төгрөг байсан нь 6.в-д дурдагдсан үнээс бага буюу экскаватораар зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд байсан тул зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 189/

 

8.   Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

9.  Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэл болгоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болохыг дурдав.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/00455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 859,203 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР