| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0034/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 34
2019 01 25 2019/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ц.Гэд холбогдох эрүүгийн 1821006530414 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .......................... регистрийн дугаартай, Боржгон овогт Ц.Г.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын 405 тоот өрөөнд Б.Цэрэнтогтохын толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Цэрэнтогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20-21 цагийн орчимд “Ханан булаг” гэдэг нэртэй пабад хамт ажилладаг Түвшинжаргал гэдэг залуугийн хамтаар орсон юм. Пабад ороод байж байхад Түвшинжаргалын танидаг хүмүүс байсан бөгөөд пабад сууж байгаад 01 цагийн орчимд пабаас гараад Рояал буудлын 406 тоот өрөөнд орж амарсан юм. Ингээд намайг буудалдаа амарч байхад гаднаас 405 тоот өрөөнд буусан Түвшинжаргал дуудсан болохоор орсон чинь танихгүй 2-3 залуу байсан. Тэдгээр хүмүүс бүгдээрээ архи уучихсан байсан болохоор согтсон байсан бөгөөд архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Яг юунаас болж хоорондоо маргалдах болсныг нь санахгүй байна. Ц.Г гэдэг залуу гэнэт миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон чинь шил нь хагарч миний толгойноос цус гарч эхэлсэн юм. Буудлын ажилтан цагдаа дуудсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирж хамт байсан хүмүүсийг эрүүлжүүлэхэд хийж намайг эмнэлэгт үзүүлсэн юм. ...Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Л.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баар тарах үеэр Цэрэнтогтох түрүүлээд буудал руугаа явсан. Харин миний нэг танидаг найз таарч би тэнд үлдсэн юм. Тэгээд би цаг гарны дараа найз Батсайхан, түүний найз Ц.Г нарын хамт манай өрөөнд орж тэнд нэг шил 0.75 л Болор архи, 3 шил 0.5 л Сэрүүн пиво хувааж уусан юм. Тэгсэн чинь манай найз Батсайхан Цэрэнтогтохыг “чи над руу муухай харлаа” гээд тэр хоёр юм ярьж байхад Цэрэнтогтохын цаад талд хажууд нь сууж байсан Батсайханы найз Ц.Г /би танихгүй/ гэх залуу ширээн дээр тавиатай байсан пивоны шил аваад Цэрэнтогтохын толгой руу цохиж пивоны шил хага үсэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 809 тоот дүгнэлтэд: “1. Б.Цэрэнтогтохын биед зулайн хуйханд язарч хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18/
-Шүүгдэгч Ц.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын 405 тоот өрөөнд хохирогч Б.Цэрэнтогтохын толгойн тус газарт пивоны шилээр цохиж биед нь зулайн хуйханд язарч хууларсан шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ингээд архи уугаад байж байхад Цэрэнтогтох гэдэг залуу “Дорнодынхон” гэх мэтээр хэлээд байсан учраас бид хоёр хоорондоо маргалдаж байгаад пивоны шилээр толгой руу нь цохисон юм...“ гэж /хх-ийн 24-26/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Цэрэнтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Яг юунаас болж хоорондоо маргалдах болсныг нь санахгүй байна. Ц.Г гэдэг залуу гэнэт миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон чинь шил нь хагарч миний толгойноос цус гарч эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь манай найз Батсайхан Цэрэнтогтохыг чи над руу муухай харлаа гээд тэр хоёр юм ярьж байхад Цэрэнтогтохын цаад талд хажууд нь сууж байсан Батсайханы найз Ц.Г /би танихгүй/ гэх залуу ширээн дээр тавиатай байсан пивоны шил аваад Цэрэнтогтохын толгой руу цохиж пивоны шил хага үсэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 809 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Цэрэнтогтохын эрүүл мэндэд учирсан “зулайн хуйханд язарч хууларсан шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь түүний толгой руу пивоны шилээр 1 удаа цохисон шүүгдэгч Ц.Гийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Гэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Гийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржгон овогт Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Гэд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Гийн...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР