| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0015/Э |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00013
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1815003080187 дугаартай, 163/2019/0015/э индэкстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, Г овогт Н.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 3-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутгаас иргэн А. Х 14 тооны адууг хулгайлан 27200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815003080187 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Н.Б-ын өгсөн: 2018 оны 07 дугаар сард манай гэр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар баг Өл гэх газар зусаж байсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 30-ны үед Баг өл гэх газар байдаг өвөлжөөнийхөө хажуугаар хонио хариулаад явж байхад хэнийхэннь мэдэгдэхгүй 14 тооны адуу байсан. Тухайн үед манайх банкны эргэн төлөлт хийх гээд мөнгөний хэрэг болоод байсан. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед өвөлжөөний хажууд байсан 14 тооны адууг байна уу гээд өөрийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой очсон чинь урд өдөр нь харсан 14 тооны адуу байж байхаар нь би тууж авч яваад өөрийнхөө өвөлжөөндөө хашаад тэгээд би гэртэй хариад эхнэр Б-д би адуугаа өвөлжөөндөө хашчихлаа чи бой хийчих хүмүүс болон ачих машин дуудчих гэж хэлсэн чинь эхнэр бой хийх хүмүүс, мах ачих машин дуудсан. Тэгээд удалгүй бой хийх гээд Д. Б нар ирж 12 тооны адууг гаргасан тухайн үед адууг гаргаж байхад нэг даага, нэг гүү өвөлжөөний хашааг даваад хариагаад гараад явсан. Тэгээд 12 тооны адууг гаргаад байж байтал манай эхнэр малын гэдсийг цэвэрлэж янзлах гээд ирсэн. Тэгээд бойгоо хийгээд талдаа орж байтал мах ачих ачааны машиныг М жолоодон ирсэн. Тэгээд М махаа хийчихээд дуудаарай гээд машин дотроо ороод унтчихсан. Тэгээд бид нар махаа хийж дуусчихаад машинд ачаад эхнэр М-ийн хамт Улаанбаатар хот руу адууныхаа махаа зарах гээд явсан. Тэгээд нөгөөдөр нь гэртэй байж байсан чинь хашаанаас хариагаад явсан даага, гүү 2 гэрийн ойролцоо байхаар нь өвөлжөөндөө хашаад би өөрөө гаргаад эхнэр гэдсийг цэвэрлэсэн. Тэгээд эхнэрийн дүү Э-ын **-** БУЛ улсын дугаартай Рорестор маркийн тээврийн хэрэгсэлд ачаад би өөрөө жолоодоод Улаанбаатар хотруу эхнэрийн хамтаар явсан. Тэгээд даага болон гүүнийхээ махыг Улаанбаатар хотод байдаг Ж гэх хүнд 420 мянгад бодож өгсөн гэх мэдүүлэг /хх-93-94 тал/
Хохирогч А.Х-ын өгсөн: “Хадам аав Д.Б 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг Бага-Өл гэх газар Н.Б-ын өвөлжөөн дээр амбаартай машин, хар өнгийн Простер жижиг тэрэг гэрэл асаачихсан байхыг харсан ба удалгүй Простер хар өнгийн, амбаартай машин уначихсан А.М, Н.Б-ын эхнэр Б нар гар нь цус болчихсон орж ирэхээр нь аав Д.Б мал төхөөрсөн юм уу гэж асуухад мөнгөний хэрэг гараад өөрсдийнхөө 2 адууг гаргалаа гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-23 тал/
Гэрч А.Х-ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг Бага-Өл гэх газар Н.Б-ыг хонио хариулаад явж байхад нь очиж уулзаад адууг алсан талаар хэлсэн танай адууг таниагүй хийчихсэн байна төлье гэсэн гэх мэдүүлэг /хх-27 тал /
Гэрч С.Б-ийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын эхээр манай багийн өдөрлөгөөс өмнө манай нөхөр Б адуу зарна гэж ярьсан. Учир нь нөхөр Б бид хоёр Төрийн банкинд 5 сая төгрөгийн зээлтэй байж байгаад 1 сая төгрөгийн зээл төлөх үлдсэн байсан. Манай нөхөр Б Хул хээр азаргатай, хонгор азаргатай, шарга азаргатай адуунуудаа хураагаад өвөлжөөнд хашсан байсан. Би 98612255 утаснаас сумын төврүү мал янзалдаг Б уруу залгаж хот уруу явна хэдэн адуу янзлаад өгөөч гэж ярьсан. Б, Д, өөр нэг залуу ирсэн. Би өвөлжөөн дээр очиход 12 тооны адууны толгой, арьс, шир байсан би адууны зүсийг мэдээгүй. би 12 тооны гэдэс дотрыг нь арилгасан. Манай адуу байхаа гэж бодсон. Адууг янзлаад үүрээр 3 цагийн үед А.М-ийн бүхээгтэй машинаар ачиж М бид хоёр Улаанбаатар хотруу Эмээлт захруу орж 98119195 утасруу залгаж махны ченж У гэх хүнд 12 адууны махыг 1кг-ийг 5000 төгрөгөөр бодож 7 сая 800 мянган төгрөгийг бэлнээр авсан. Хоёр хоногийн дараа манай нөхөр хээр шүдлэн үрээ, хул шүдлэн адууг өвөлжөөний хашаанд хашсан байсныг нөхөр Б бид хоёр төхөөрөөд манай нөхөр Б-ын хар өнгийн Простероор **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хот уруу ороод Хишиг-Өндөр сумын Ж хочит залуу, эхнэр У-тайгаа ирж 400000 гаруй төгрөгөөр бодож зарсан. Арван хоёр тооны адууны махны гарал үүслийг А-ийн хүүхэд М-д хэлж авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/
Гэрч Б.Н-ийн өгсөн: “...Н.Б хониноосоо ирж байхыг хараад очиж уулзаад та манай адууг авсан байна цагдаад хэлнэ гэхэд танай адууг гэж би мэдээгүй ингээд гэрт нь ороход эхнэр Б нь манай нөхөр Н.Б танай адууг зөндөө хайж байгаа гэсэн би та 2 больдоо адууг та нар хулгай хийсэн гэхэд тохирье болцгоосон....2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 31 минутанд Хишиг-Өндөр сумын Хаан банкнаас Н.Б-аас гэж 17 сая төгрөг шилжүүлсэн болно” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/
Гэрч А.М-ын өгсөн: Аав А намайг чи ачаанд яваад ир хэдэн төгрөг хэрэгтэй гээд би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг Өлийн Ар гэх газар уруу **-** БУА улсын дугаартай цагаан өнгийн ардаа бүхээгтэй ачааны тээврийн хэрэгслийг унаж урьд нь хамт ажиллаж байсан Б-тай хамт Б-ын өвөлжөөн дээр очиход Б, түүний эхнэр Б, Б, Д нар адуу унагачихсан төхөөрч байгаа харагдсан Б бид хоёр дуусахаараа хэлээрэй гээд машины кабинд унтаад өгсөн. Өглөө 06 цагийн үед намайг сэрээсэн адуунуудыг өвөлжөөний ард хэсэг газарт янзалсан 12 тооны адууны махнуудыг дэлгээд тавьсан байсан. Миний машинаар ачуулсан 12 адууны махны зарсан мөнгийг Б авсан ба надал машины ачааны хөлс гэж 300000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-34-36 тал/
Гэрч Б.Я-ийн өгсөн: цагаан өнгийн Бонго-3 **-**УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр 12 ширхэг адууны бүтэн махыг ачуулаад нийт 7 сая гаруй төгрөг болсон. 12 адууны махыг 1 кг-ийг нь 4700 төгрөгөнд бодож худалдаж авсан юм гэх мэдүүлэг /хх-37-38 тал/
Гэрч Д.У-ийн өгсөн: Баатар түүний эхнэр Б хоёр хар өнгийн Простер **-** БУЛ улсын дугаартай машины ард талд 2 ширхэг адууны бүтэн мах ачсан байсан. Хоёр адууны арай том нь үнэр орчихсон байхаар нь адууны 2 махыг авахгүй гэсэн эхнэр Б нь та хоёрт зарья үнэ тохирч аваач гээд том үнэр орсон адууны махыг та 150000 төгрөгөөр ав гэсэн нөгөө адууны мах нь жижиг үнэр ороогүй байхаар нь 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр бодоод 270000 төгрөгөөр нийт 420000 төгрөгөөр худалдаж авсан юм гэх мэдүүлэг /хх-39-40 тал/
Гэрч Л.Ц-ын өгсөн: “2018 оны 07 дугаар сарын эхээр манай эхнэр У-ийн 99844093 утас руу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин Н.Б залгаж Хишиг-Өндөрөөс эмээлт дээр 2 адууны махтай ирсэн та худалдаж аваач гэхэд бид нар авахаар болцгоож Улаанбаатар хотын Моносын хажууд байдаг Анагаах ухааны их сургуулийн баруун талд хойшоогоо харсан хашаан дотор хар өнгийн Простер машинтай улсын дугаарыг нь санахгүй байна эхнэр Б-тэйгээ байж байсан. Урантуяа бид 2 ногоон өнгийн Истана маркийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж 2 адууны махыг авах болсон. Том бүхэл адууны мах нь муудсан ногоон туяатай байхаар нь авахгүй гэхэд бензиний мөнгө болгоё 150000, жижиг адууны махыг 1 кг 3000 төгрөгөөр бодож 90 кг болж 270000 төгрөг болсон. Нийт 420000 төгрөгийг бэлнээр Б-ын эхнэр Б-д тоолж өгөөд Нарантуул-2 зах руугаа ажилдаа буцаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,
Гэрч Д.Д-ийн өгсөн: “...Би Хишиг-Өндөр сумын Н.Б-ын хойд талд байдаг өвөлжөөнд хашаатай байсан хээр азаргатай 12 тооны адууг Б.Б түүний эхнэр Б нартай янзалсан. Б-ын эхнэр Б 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр надруу залгаад адуу янзлаад өгөөч гэсэн би Б-той хамт Б-ын өвөлжөөнд очиход Хээр азаргатай 14 тооны адуу хашаатай байсан. Б, Б, бид гурав Хээр азаргатай, Хонгор үрээ, Хул гүү, Хул гүү, Хүрэн байдсан гүү, хээр байдсан гүү, Хонгор гүү, Хээр байдсан гүү, Хонгор үрээ, Хүрэнбайдас гүү, Ухаа гүү, Хүрэн даага нийт 12 тооны адууг төхөөрч Б, Б, М нарын хамт Улаанбаатар авч явсан ба хашаанд байсан 14 тооны адуунаас Бор хээр гүү, Хонгор даага 2 хашаан дотроос харайгаад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/
Гэрч О.Батболдын өгсөн: орой 22 цагийн үед Баатарын очсон 2 залгаа өвөлжөөний ар талд 14 тооны адуу байсан 1 гүү, даага хоёр хашаанаас гараад зугтсан 12 тооны адууг бугуйлдаж унагаад янзалсан юм. Дэлгэрхүү бид хоёр өөрсдийнх нь адуу гэж ойлгож байсан. Нийт 14 тооны хээр азаргатай адуунаас 12 тооны адууг янзалсан юм. Үүнд улаан зүсмийн хээр азарга Ж үсгэн тамгатай, Хонгор үрээ зөв талын гуяндаа ширээтэй ромбо тамгатай, Хул гүү 2, Хонгор үрээ, Хүрэн байдсан гүү, Хээр байдсан гүү, Хонгор гүү, Хээр байдсан гүү, Хүрэн байдсан гүү ланзан тамгатай, Хүрэн даага, Ухаа гүү ширээд ромбон тамгатай зэрэг 12 тооны адууг Дэлгэрхүү, Баатар, Батцэрэн нарын хамт төхөөрсөн гэх мэдүүлэг /хх-49-40 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-03 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117-30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61-63 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 518-32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69-71 тал/, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хишиг-Өндөр сумын малын үнэлгээ /хх-02/305 тал/, Булганхайгай морин спорт уяачдын холбооны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хх-82 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-114-117 тал/, хохирол төлөгдсөн баримт /хх-165 тал/, эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л Н.Батбаатар нь 2018 оны 7 дугаар сарын 3-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутгаас иргэн А. Хосбаярын 14 тооны адууг хулгайлан авч 27200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч А.Хосбаярын өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч А.Хосбаяр, С.Батцэрэн, Б.Номин, А.Мэндбаяр, Б.Явуухүү, Д.Урантуяа, Д.Урантуяа, Д.Урантуяа, Л.Цогтбаатар, Д.Дэлгэрхүү, О.Батболд, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117-30 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-61-64 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 518-32 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-69-72 тал/, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хишиг-Өндөр сумын малын үнэлгээ /хх-079 тал/, Хишиг-өндөр сумын үнийн комиссийн хурлын тэмдэглэл /хх-80 талд/ Булганхайгай морин спорт уяачдын холбооны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хх-82 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-114-117 тал/, хохирол төлөгдсөн баримт /хх-165 тал/, эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Х-т 27200000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Н.Бр нь хохирогч А.Х-ын 14 тооны адууны хохиролд үнэ болох 29000000 сая төгрөг төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б-ыг ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл айдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор, хар хуванцар иштэй хутга 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 003878 тоот мал эмнэлэг-ариун цэврийн төлбөрийн хуудас 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/24 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилйн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор, хар хуванцар иштэй 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Ө-т даалгаж, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/24 дугаар тогтоолыг хүчингүй болгож, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 003878 тоот мал эмнэлэг-ариун цэврийн төлбөрийн хуудас 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ