Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00712

 

“Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монтрак групп” ХХК-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний дагуу төлбөр 41 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Техник форум” ХХК нь өөрийн хөрөнгөөр Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам-37/2 тоотод орших офиссын барилга, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102 /, Товчооны зам-37/1 тоотод орших авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрийг 6009 м.кв газрын хамтад нь худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд “Техник форум” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Уранчимэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 сарын 1 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг “Монтрак групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилд нь шилжүүлсэн.Үүнээс хойш “Монтрак групп” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ авч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд “Техник форум” ХХК-д нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь өмч хөрөнгөө өмчлөлдөө авах талаар шаардахад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасны дагуу түрээслэх нэрээр “Техник форум” ХХК-ийн өмч хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа “Монтрак групп” ХХК-ийг “Техник форум” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод орших оффиссын барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод орших авто засварын төв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрээс албадан гаргуулж өгнө үү.Нэхэмжлэлийн 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2006 онд өөрийн мөнгөөр худалдаж авч, өргөтгөн сайжруулж, тохижуулсан. Энэ хөрөнгийн өмчлөлийн асуудлын талаар өнөөдөр нэхэмжлэгч тал маргаж байна. Миний бие эдгээр 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан эзэмшил, өмчлөлийг нь тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах гэж байсан хэдий ч н.Эрдэнэбилэг нь хүүхдийн маань эцэг учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хувь гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжпэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2 тоотод байрлах барилга, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам-1 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай сэлбэгийн дэлгүүр зэрэг нь одоогийн байдлаар үнэлгээ хийгдэж, битүүмжлэгдсэн байгаа. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрчүүдээс мэдүүлэг авч, ажиллагаа хийгдэж байгаа.Би анхнаасаа өөрийн хөрөнгөөр босгосон өөрийн эд хөрөнгөө ханийнхаа нэр дээр шилжүүлж байна гэдэг утгаараа “Техник форум” ХХК-д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар эдгээр объектуудад ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй байгаа ба “Монтрак групп” ХХК-ийн бүх хөрөнгө байгаа. Манай компанийн манаач тус үл хөдлөх эд хөрөнгийг манаж байгаа гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 740 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 167 350 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“Техник форум” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа “Монтрак” ХХК гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэ дагуу иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш 1 жилийн дараа нэхэмжлэгч тал хариуцагчийг сольж байгаа талаараа шүүхэд мэдэгдэн, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаа “Монтрак групп” ХХК болгон сольж, нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэ дагуу хариуцагчийг солих тухай шүүгчийн захирамж гарсан. Гэвч хариуцагчаар тодорхойлогдсон “Монтрак групп” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгдээгүй, тухайн компанид хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж олгогдоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 23, 25, 26, 28, 35, 36, 38, 42, 62, 66, 67, 72-р зүйл, 9, 10-р бүлэг гэхчлэн шинээр хариуцагчаар татагдан, тодорхойлогдсон “Монтрак групп” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байна.Шүүх 2015 оны 9 дүгээр сараас эхлэн “Монтрак” ХХК-д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 102/Ш32015/28955 тоот захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-д заасан арга хэмжээг “Монтрак” ХХК-нд холбогдуулан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28-р зүйлд заасан журмаар хариуцагчийг солиогүй байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/148 тоот албан бичгээр хариуцагчийг шүүх өөрийн санаачилгаар албан бичгээр сольж тодорхойлон бусдын эрх, эд хөрөнгөд халдах боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28-р зүйл болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад журмыг зөрчсөн байна....Нэхэмжлэгч тал 41 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн анхан шатны шүүх хурлаас өмнө татгалзсан байдаг ч шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан шүүгчийн захирамжийг гаргалгүй анхан шатны шүүх хуралдаанаар тухайн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэлэлцсэн. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 41 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан шүүгчийн 102/11132015/28955 тоот захирамжийг хүчингүй болгоогүй бөгөөд тухайн захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдлын нэг үндэслэл болгон тавьсан боловч тухайн үндэслэлийг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт байгаа нотлох баримтуудаар “Техник форум” ХХК нь Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгийг одоогоор өмчлөх эрхтэй гэдэг нь түүнд олгогдсон улсын буртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Харин өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл буюу хэн нэг этгээд тухайн эд хөрөнгийг хууль бусаар ашиглаад чөлөөлж өгөхгүй байгаа гэдэг нөхцөл байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна....“Техник форум” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлөх зорилгоор оффисын барилгыг 22 сая төгрөг, автозасварын төвийг 12 сая төгрөг, сэлбэгийн дэлгүүрийг 10 сая төгрөг, нийтдээ 44 сая төгрөгөөр үнэлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл анхан шатны шүүх үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх үүнийг дүгнэн хянаагүй явдлыг бид зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийн талаар зохицуусан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-60-р зүйл, түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэж байна....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэлээр “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Монтрак групп” ХХК-нд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-т заасан зохицуулалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх нөхцлийг тусгасан хуульчилсан болохоос бус 2 газарт байгаа хэргүүдийн маргааны төрөл, оролцогчид яг адилхан байх буюу давхцах тухай нөхцөл шаардаагүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа иргэний хэргийн оролцогчид өөр, маргааны төрөл адилгүй талаар дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тохиолдол гэж бид үзэж байна. Нөгөө талаас аль ч шүүх, шүүгч байсан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн маргаантай харилцааг нэг мөр шийдвэрлэх зорилгын барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой. Түүнээс бус чамд одоогоор гэрчилгээ байхгүй юм чинь чи гарч бай. Баянзүрх дүүргийн иргэний хзргийн анхан шатны шүүх дээр байгаа хэргээ шийдвэрлүүлчихээд дараа нь учраа олоорой гэсэн шийдлийг хэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болоод иргэний эрхийг хамгаалах зохицуулалтын зорилго биш юм. Иймд аль аль маргааны хувьд эд хөрөнгүүдийн өмчлөгч нь хэн болохыг шийдвэрлэх маргаантай хамтатган, эсвэл түүний дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс хэнийг нь албадан гаргах талаарх асуудлыг шийдвэрлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлэх юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг тодорхойлж, маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь хариуцагч “Монтрак групп” ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах, түрээсийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөр гаргуулах шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлийнх гэж маргажээ.  

Маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 \16102\, Товчооны зам 37\2 тоот үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбай бүхий хоёр давхар оффисын барилга, мөн хаяг дахь 37\1 тоот 200 м.кв талбай бүхий автозасварын төв, мөн дүүрэг, хорооны Сонсголонгийн зам №1 тоот 900 м.кв талбай бүхий сэлбэгийн дэлгүүр зэрэг үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, уг бүртгэл дээр үндэслэгдэн олгогдсон гэрчилгээгээр тогтоогдсон байна \хх-ийн 9-11 дүгээр тал\.

Хариуцагч “Монтрак групп” ХХК дээрх эд хөрөнгийг өмчлөх, эсхүл эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо нотлосон, хариуцагч “Монтрак групп” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баримтаар үгүйсгэж чадаагүй, өөрийн эзэмшлийн хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлоогүй нөхцөлд шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэд хоорондын дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан өөр шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй явдал нь хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн асуудлыг хянан шийдвэрлэхэд саад болохгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулга хууль зүйн үндэслэлгүй байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН