Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

М.Ж, Г.Д, Л.О
 С.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор А.Д, 
шүүгдэгч М.Ж, Л.О, Г.Д, С.А,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.А, Н.У, А.Э, Т.М, Б.Б,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

         Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлсэн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ж, Г.Д, Л.О нарт холбогдох эрүүгийн 201501000114 дугаартай, 7 хавтас, 1362 хуудас бүхий эрүүгийн хэргийн шүүгдэгч Л.О, Г.Д, М.Ж, С.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.У, Б.Б, А.Э, Ц.А, Б.Дашдорж, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгч: Ж -нд холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар, 

          Шүүгдэгч: О , 

         Шүүгдэгч: А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар,

        Шүүгдэгч: Д -д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

         Шүүгдэгч М.Ж нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7,3 кг алтыг Ч.Маар дамжуулан худалдан авч, улмаар уг алтыг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Даар Дорноговь аймгийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Л.О нь яллагдагч М.Жаас 7,3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 4 цагийн орчим яллагдагч С.Аийнд очиж дамжуулан өгч дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
шүүгдэгч С.А нь уг хүлээн авсан алтыг өөрийн эзэмшиж буй 00-73 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж яллагдагч Г.Дад “чи гаргаад өгчих, миний машин асахгүй байна” хэмжээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
         Шүүгдэгч Г.Д нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор яллагдагч М.Жы бусдаас худалдан авсан 7,3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 35-77 УНТ улсын дугаартай hyundai stareх маркийн тээврийн хэрэгслээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

         Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Жыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.О, С.А нарыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Дыг онц их хэмжээтэй эрдэнэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жы 198000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, С.А нараас тус тус 100000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын 100000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэж,
      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан 5 жил 1 сарын, шүүгдэгч Л.О, С.А, Г.Д нарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жы цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч Л.Оын цагдан хоригдсон 146 хоног, шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 146 хоног, шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 132 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 7324,9 грамм жинтэй, 454161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алтыг улсын орлого болгох, 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашины үнэ болох 6000000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулж улсын орлого болгож, 
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтыг гадуур нь скочоор ороосон 5 ширхэг хар өнгийн гялгар уутнуудыг устгах, CD 1 ширхэг, DVD 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэн С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн, шүүгдэгч С.Аийн эзэмшлийн 0073 ДГА улсын дугаартай Land Cruizer-80 маркийн автомашинуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгож,
Шүүгдэгч М.Ж, Л.О, С.А, Г.Д нарын гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол болон мөнгө зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж,
         Эд мөрийн баримтаар хураагдсан 7324,9 грамм жинтэй, 454161637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд, 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин, 0073 улсын дугаартай Land Cruizer-80 маркийн автомашин нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Тагнуулын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдаж,
         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаас 623000000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Мд олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ж, Л.О, С.А, Г.Д нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,
          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгч М.Ж давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял авсан хурлын шийдвэрт гомдолтой байгаа тул давж заалдах шатны хуралд өөрийгөө цагаатгаж оролцох хүсэлтэй байна гэжээ.

           Шүүгдэгч Л.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ хэргийг үйлдээгүй, үйлдэх санаа сэтгэл байгаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Солонгос улсад 2000-2010 он хүртэл эхнэрийн хамт ажил хийсэн. 2004 онд Эрдэнэт хотод зам дагуу 4 өрөө байр худалдан авсан, 2010 онд өргөтгөл хийж цайны газраа одоог хүртэл ажиллуулж байна. 2015.09.09-нд Эрдэнэт хотоос өөрийн гуанзандаа тоног төхөөрөмж авахаар Эрээн орох зорилготой гарсан. 2015.09.09-нд би М.Жтай уулзаж, сэлбэгийг Ад авчирж өгсөн. Гэхдээ надад алт гэж хэлээгүй, сэлбэг гэж хэлж өгсөн. Атэй уулзаад маргааш Эрээн гарах уу гэхэд гарахгүй, машин эвдэрчихсэн байгаа. Ах нь үүнийг тавьчихая маргааш утсаар ярьж байгаад авъя гэж хэлж байснаас биш өөр зүйл ярьж тохиролцсон асуудал байхгүй. Дыг би танихгүй. Ямар зорилгоор авч гарсан талаар мэдэхгүй. Алт гэдгийг мэдсэн бол би авч явахгүй байсан. Би энэ хэргийг энэ хүмүүстэй бүлэглэж үйлдээгүй гэжээ. 

       Шүүгдэгч С.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байхад алт гэдэг нь тогтоогдсон тул чи хүлээ, энэ алт чиний алт гэж хэлдэг байсан. Чи хийсэн ч бай, хийгээгүй ч бай хүлээ, чи угаасаа ялтай гэдэг байсан болохоор тийм бол яахав гээд гарын үсэг зурчихсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Буруутах юм бол Ууганбаяр болон гүйцэтгэх ажилтнууд ч буруутай, мэдэж байсан юм бол хил гаргахаас өмнө барихгүй яасан юм. Бид нар ч алт гэж мэдсэн бол гаргачихаад оруулж ирэхгүй л байх байсан.  Ж, О нар алтыг аваарай гээд мөнгө төгрөг өгсөн зохион байгуулсан асуудал байхгүй. Д бид 2 байнга хоорондоо утсаар ярьж, урагшаа гарах уу гээд би утсаар ярьдаг, тэр утгаараа бид 2 маш их холбоотой байдаг. Үүнийг үндэслэн бид нарт ял өгч байгаад гомдолтой байна гэв. 

           Шүүгдэгч Г.Д давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би бичиг үсэг мэдэхгүй. Байцаалт аваад чиний ярьсан зүйл байгаа гэхээр нь уншсан чинь унших зүйл байхгүй. Чиний ярьсан зүйл байгаа гэж хэлсэн, тэгэхээр нь би гарын үсэг зураад явуулсан. Сүүлд нь уншихад миний ярьсан зүйл байхгүй байна лээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл миний хэлсэн “уг нь би суудлын хажууд тавьсан” гэдгийг “2 хүний суудлын тэнд хийсэн байсан” гэж бичсэн байсан.  ... Хил дээр ороход намайг зогсоогоод байсан. Би тэгээд яагаад намайг зогсоогоод байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь эрсдэлийн хүн хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд ороход бичлэг хийж байсан. Тэр бичлэгээ үзүүлэхгүй байгаа. Аийг над руу ярих үед Тагнуулынхан бичлэг хийсэн байх гэж бодоод тэр талаар үзье гэж хэлсэн. Намайг орж ирэхэд Тагнуулынхан Аийн өгч явуулсан зүйл хаана байна гэхээр нь юу юм гэхэд А бүх хэргээ хүлээсэн, чамд юм өгч явуулсан гэж хэлээд намайг өшиглөсөн. Би алт гэдгийг мэдээгүй, санамсаргүй, хайхрамжгүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдсон, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэм буруугүйг минь тогтоож өгнө үү гэжээ. 

           Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх .шаардлагыг хангаагүй. Г.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинж агуулагдаагүй. Дээрх гэмт хэрэг нь шууд санаатай, шунахай сэдэлттэй болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл Г.Д нь өөрийгөө онц их хэмжээний эрдэнэс болох алтыг улсын хилээр нэвтрүүлсэн болохоо мэдүүлээгүй, өөрийн үйлдлээс учрах үр дагаврыг ухамсарлан ойлгож, түүнийгээ хүсэж үйлдээгүй байдаг. Энэ нь алтыг авч гараад эргэж оруулж ирж байгаа үйлдэл болон түүний мөрдөн байцаалтын, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, С.Аийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Хэдийгээр гэрч Г.Билгүүний мэдүүлэг бусад нотлох баримтаар Г.Дын жолоодож байсан автомашинаас алт илэрсэн, тэр алт нь нүднээс нууц газар байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь Г.Дыг тэр эд зүйл алт байсан гэдгийг мэдсэн, ийнхүү алт гэдгийг мэдсээр байж хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэдгийг нотлох нотолгоо болж чадахгүй юм.  
Шүүхээс Г.Дыг шүүгдэгч нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгийг журамлан ял оногдуулсан. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь тооны хувьд 2 буюу түүнээс дээш этгээд нэгдсэн байх, ийнхүү нэгдэхдээ оюун санаагаараа тодорхой зорилгод чиглэж, түүнээс гарах үр дагаврыг хамтран оролцогч нар бүгд хүссэн байхыг ойлгоно. Гэтэл Г.Д нь М.Ж, Л.О нарыг урьд огт танихгүй, харилцаа холбоо байгаагүй, тэдгээртэй үгсэн тохиролцсон талаар нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, харин С.Атэй найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байдаг учраас түүний гуйлтаар машинаас нь шороо чулууны дээж гэх эд зүйлийг авч явснаар энэ хэрэгт холбогдсон байдаг. Түүнчлэн шүүхээс Г.Дыг дээрх этгээдүүдтэй гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгохдоо шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах ёстой байтал, зөвхөн Г.Даас гаргуулж шийдвэрлэсэн нь хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлттэйгээ зөрчилдөж байна. 
Г.Д нь 2015.09.12-ны өдөр С.Аийн автомашинд байсан алтыг мэдэлгүйгээр, өөр эд зүйлтэй андуурч Замын-Үүд шалган нэвтрүүлэх боомтоор хилээр авч гарсан байх бөгөөд, тухайн өдөртөө Тагнуулын ажилтны гүйцэтгэх ажлын шугамаар хийгдсэн ажиллагааны дагуу Замын-Үүд боомтоор буцаан оруулж ирсэн байдаг. Гэтэл шүүх Г.Дын аль үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж үзсэн нь тодорхойгүй байх бөгөөд улсын яллагч уг асуудлыг шалган тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх гэмт хэрэг гарсан байдал нотлогдон тогтоогдож чадаагүй гэж үзэхэд хүрнэ. Тодруулбал Г.Д нь С.Аээс анх алт авахдаа мэдэж байсан, гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзвэл онц их хэмжээний эрдэнэсийг улсын хилээр гаргасан, оруулсан үйлдэл гэж үзэх ёстой. Харин гаргасан үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзвэл түүнийг улсын хилээр хууль бусаар нууж гарсан гэдгийг нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Гаалийн улсын байцаагч шалгалтаараа илрүүлээгүй нь Г.Дыг алтыг нуусан гэж үзэх үндэслэл болохгүй, харин улсын хилээр оруулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл анх гарахдаа алт гэдгийг мэдээгүй буюу гэмт хэргийн субьектив санаа агуулагдаагүйг тогтоосон нөхцөл байдал болохыг анхааран үзнэ үү. Иймээс Г.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус хуулийн 323 дугаар зүйлд зааснаар Г.Дад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү гэжээ. 

          Иргэний нэхэмжлэгч Г.Мын өмгөөлөгч Г.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтооолын 5-д “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 7324,9 грамм жинтэй 45416637,25 төгрөгийн үнэлгээ бүхий алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Гэтэл дээрх  алтыг Ч.М 623 сая төгрөгөөр худалдаж аваад 2 хоногийн дараа 2 сая юань өгч авалцахаар М.Жтай тохиролцсон нь хавтаст хэрэгт буй нотлох баримтуудаар нотлогдсон. Ч.М, М.Ж нарын хооронд хийгдсэн энэ хэлцэл нь хуулиар хориглоогүй бөгөөд дээрх алт нь гэмт хэрэг үйлдэж олсон юм уу, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл биш юм. Хэрэгт хураагдсан алтыг ЭБШхуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар эд мөрийн баримтаар тооцон хурааж авсан бөгөөд алт нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох, гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдол бүхий эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцно гэсэнтэй зөрчилдөхгүй байгаа юм. Шүүх алтыг улсын орлого болгон шийдвэрлэсэн нь ЭБШХуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар уг алтыг гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйл гэж үзэж байгаа бол уг эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь эгүүлэн олгох бөгөөд хэрэв эзэмшигчийг нь тогтоох боломжгүй бол улсын орлого болгох гэснийг зөрчиж байна гэж үзэж байна. Уг алтыг Ч.Мын 623000000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдсон. 623000000 төгрөгийг М.Ж төлөөгүй байгаа тул алтны эзэмшигч нь Ч.М юм. Иймд алтны эзэмшигч нь тодорхой байхад улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, алтыг эзэмшигч Ч.Мд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

           Шүүгдэгч М.Ж, Л.О нарын өмгөөлөгч Ц.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Улсын хилийн дотор Л.Оын “алтыг зөвшөөрсөн...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлээр хуульчилсан, бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзэхийг хүсэж байна. Ялтан Г.Дын “алтыг улсын хил нэвтрүүлсэн гэх 2015.09.12-ны өдрийн “Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын “гарах” болон “орох” гарцанд түүний үйлдэлд ялтан Л.О “хамжиж” оролцсон байх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасан “үйлдлүүдээр” хамжиж оролцоогүй болох нь энэ үйлдлийг гэрчилж байгаа гэрчийн мэдүүлгүүд, сиди бичлэг, бичгийн бусад нотолгоо, баримтуудаар давхар тогтоогдож байгаа. Мөн ялтан М.Жы гэмт хэрэгт “зохион байгуулж” оролцсон гэх оролцоо болон Г.Дын үйл ажиллагааг удирдсан гэх үйлдэл холбогдол тогтоогдохгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 35.3-д заасан “идэвхтэй”,”удирдан зохион байгуулсан” чиглүүлсэн үйлдэл хийсэн гэх байдал мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанаар тогтоогдоогүй билээ. 
Улсын хилээр хууль бусаар гаргсан гэх алтны жингийн болон сорьцийн талаар бид гомдолтой байна. Үнэхээр жин болон сорьцийн дүн тохирч улсын үнэлгээ нь 623000000 төгрөг биш, 454161634,83 төгрөг байгаа бол иргэний хариуцагч Мд ч энэ мөнгө олгогдох ёстой бөгөөд М.Ж санамсар болгоомжгүй энэ байдлаас хэрэгт холбогдон, хураагдсан эд мөрийн баримт нь ЭБШХуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан хугацаанд хадгалагдаж ингэж хууль бусаар хувираагүй бол энэ хэрэг маргааны улмаас тэд ингэж хохирох ёсгүй. Иймд ялтан М.Ж, Л.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

          Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч А.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа авч яваагаа мэдээгүй, уг гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй, уг барааг А нь алт гэдгийг түүнд хэлээгүй байдаг. Тэгээд ч Д нь уг эд зүйлийг Аийн дуудсанаар буцааж Монгол улсын хилээр оруулж авчирч өгсөн. Тэрээр техникийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж санаатайгаар гаалийн шалгалтаас далдалсан зүйл байдаггүй юм. Монгол Улсын хил дээр орж ирээд Тагнуулын болон Гаалийн байцаагч нарт барааг өөрөө гаргаж өгсөн. Тэр үед нь хориотой барааг тээвэрлэсэн байна гэдгээ мэдсэн. Аийн гэрт очиж машин дотроос юм авахдаа түүнийг өөрөө ч задалж үзээгүй. А ч үзээгүй байдаг бөгөөд уг барааг “алт” гэдгийг тэр хоёр хоёулаа мэдээгүй байдаг. 
Иймд Г.Д нь уг гэмт хэргийг санаатайгаар субьектив санаа зорилго гаргаж үйлдээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд зааснаар түүний үйлдлийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэж өхөгийг хүсч байна гэжээ.

         Шүүгдэгч М.Жы өмгөөлөгч Б.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтэнд бичигдсэн хүрээнд дүгнэлт хийгээгүй. Хэрвээ яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийвэл тогтоол нь өөрөө ойлгомжгүй болох учир шүүхээс яллах дүгнэлтийг ойлгосон хэмжээндээ дотоод итгэлдээ үндэслэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Тодруулбал: Энэ хэрэгт яллах дүгнэлт 2 удаа үйлдэгдсэн байдаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт: “яллагдагч М.Ж нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7,3 кг алтыг Ч.Маар дамжуулан худалдан авч, улмаар уг алтыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Даар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан үйлдэлдээ ...” гэсэн байх ба шийтгэх тогтоолоор “эрдэнэсийг хууль бусаар нэвтрүүлэхийг зохион байгуулсан" гэж дүгнэх жишээтэй.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 188 дугаартай “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” тогтоолоор яллах дүгнэлт нь ойлгомжгүй, таамаглалд үндэслэсэн...” гэсэн үндэслэлээр хэргийг буцааж байсан бол ойлгомжтой болгож байна гээд зөвхөн “алтыг Ч.Маар дамжуулан худалдан авч” гэсэн үг нэмж оруулаад яллах дүгнэлтээ тэр хэвээр нь оруулж ирсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг нь бүхэлдээ ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Шийтгэх тогтоолд “онц их хэмжээтэй эрдэнэсийг” гэж ерөнхий нэр томъёо хэрэглэсэн нь ч хууль зүйд нийцэхгүй билээ. Зүй нь “Эрдэнэс” гэдэгт “... ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг” бүхэлд нь хамааруулан ойлгодог билээ.
2. ЭБШХуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэрэг гарсан байдалд хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, гэм бурууг тогтоох хөтөлбөргүй нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Жы хувьд тухайн гэмт хэргийг хэрхэн, хэдийд зохион байгуулав гэдэг нь тодорхойгүй. Шүүгдэгч Л.Оыг Аийнд очиж дамжуулан өгч гэж буруутгадаг. Тэгвэл А гар дээрээ уг алтыг тосож аваагүй. Д нь МУ-ын хилээр тухайн алтыг гаргаад эргүүлэн оруулж ирж байгаад ач холбогдол өгөх ёстой болов уу? Тэрээр МУ-ын хилээр гаргахдаа алт гэдгийг мэдээгүй байсан. Харин Аийг “буцаагаад аваад ир" гэж утсаар ярихад нь гадна уутыг урж үзсэн гэдэг. Харин хавтаст хэрэгт тухайн уутыг урсан байдлыг бэхжүүлж авсан бол хэрэгт түүнд ашигтай нөхцөл үүсэж болох байсан. Түүнчлэн  Д “Дөлгөөн байцаагч тэр юмыг онгойлгож үзээд надад алт байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэх субъектив санаагүйгээр асуудалд хандсан нь нотлогддог.
Жыг зохион байгуулсан гэх тухайд: Тэрээр санаачлан гардан зохион байгуулж, удирдсан зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэх Д, дэмжиж, хамжсан гэх А нарыг огт танихгүй, тэдэнд зааж зөвлөсөн, тэднийг зохион байгуулсан гэх байдал огт харагдахгүй байхад тийнхүү ялласан нь ойлгомжгүй байна. Хэрвээ Д санаатай ч бай санамсаргүй ч бай хилээр алтыг нэвтрүүлсэн гэж үзвэл тухайн үйлдэл нь найз Аийн гуйлт заавраар үйлдэл хийгээд байгаа болохоос бус Жы идэвхтэй үйлдэл харагддаггүй. Тогтоолд “М.Жаас 623.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мд олгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн алт нь 7.324.9 грамм, 454.161.637 төгрөгийн үнэ бүхий алт болох нь Монгол банкны Эрдэнэсийн санд ТЕГ, МБХ-ийн 2016/08/09-ний өдрийн Алтны тооцоогоор тогтоогдсон. Алтны ченж нар ч алтаа Монгол банкинд тушаадаг. Иймд бодит үнийг бус баримтгүй Мын амаар 623.000.000 төгрөг Сүнжидмаагийн өгсөн данснуудад шилжүүлсэн гэснийг үндэслэж хохирлыг тооцсон нь үндэслэлгүй.
Дээрх 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шийдвэрлэсэн нь ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь Монгол улсын дээд шүүхийн танхимын тэргүүний “шүүхийн харъяалал тогтоох тухай” захирамжаар...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр харъяалал тогтоосоор байхад хэргийг анхан шатны шүүхээс буцааснаас хойш мөн л ТЕГ-ын МБ хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргийг сум дундын шүүх хянан хэлэлцсэн нь үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болно.
Шийтгэх тогтоол-ын 8-д: “...мөнгө зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй” гэж мөнгө зарцуулах эрхэд нь халдаж шийдвэр гаргалаа. М.Жы хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцсан ба 6 дугаар хавтасны 69-р талаас хойш дугаарлаагүй, Улсын яллагчийн дүгнэлт нь өөр хэргийн буюу Отгонболд, нарын 4 хүнд холбогдох хэргийн дүгнэлтийг хавсаргасан, 6 хавтаст хэргийн 2 дугаар хавтас 146, 3 дугаар хавтас 218, 4 дүгээр хавтас 114, 5 дугаар хавтас 235 хуудсаар дугаарлагдсан нь “Эрүүгийн хэргийг хөтлөх стандарт “-ыг зөрчсөн. Түүнчлэн шүүхэд ч энэ зөрчил давтагдсан. Эцэст нь М.Жы гэм бурууг тогтоосон хөтөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байдал, гэмт хэрэг үйлдэх субъектив санаа тогтоогдоогүй зэрэг үндэслэлээр түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, дээр дурдсан нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Т.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А сэжигтэн, яллагдагчаар татагдсан цагаас эхэлж  мэдүүлэхдээ ... 9 цаг өнгөрөөд хил дээр очиход Тагнуулын албаны хүмүүс шалгаад алт байх ёстой гэхээр нь Д руу залгаад Отгоо ахын үлдээсэн юмыг аваад явсан байна, чи Хятад руу авч явсан зүйлээ буцаагаад аваад ир гэснээр Отгоогийн машинд орхисон зүйл алт гэдгийг л мэдсэн гэжээ.  Замын-Үүд дэхь шалган нэвтрүүлэхийн ажилтан И.Найдалмаа: 2015 оны 9 сарын 18 ний өдөр иргэний үнэлэх, баримт нь үзээд штамаа дараад хилээр нэвтрүүлсэн дараа нь 00-73 ДГА ланд 80 маркын автомашин жолоочийн хилээр нэвтрүүлсэн, Тагнуулын ажилтан Б.Билгүүн: 00-73 ДГА улсын дугаартай автомашиныг хамтарч шалгасан С.Аээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй, уг машинаас алт гараагүй болохоор тэмдэглэл хөтлөөгүй, С.Аптангэрлийн машинд үзлэг хийхэд ямар нэгэн эд зүйл байгаагүй алт байж болох бүх газраар хайж үзсэн гэжээ. ТЕГ-ын ажилтан Ц.Энхтулга,   
Э.Ууганбаяр, Дорноговь аймаг дахь Сум тагнуулын мөрдөн байцаагч Б.Санчирдорж нараас мэдүүлэг авч, ТЕГ-ын Замын- Үүд сум дах мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус байгууллагын ажилчид мөрдөн шалгах ажиллагаанд оролцож С. Аийн эсрэг мэдүүлэг өгснөөр огт болоогүй асуудлаар үүсмэл мэдүүлгүүд бий болж С.Аийн эрх зүйн байдлыг дордуулж, бодит нөхцөл байдлыг алдагдуулсан юм. Энэ нь ЭБШХуулийн 45 зүйлийн 45.1-д зааснаар хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухай хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх бөгөөд тус хэргийн мэдүүлгүүд нь хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
С. А нь тус хэргийн эд зүйлс болох алтыг огт хараагүй, мэдэх боломжгүй, Ж, О нартай алтыг хилээр гаргах тухай ямар нэгэн хэлэлцэн тохиролцоогүй, эрүүгийн хуулийн тусгай ангийн 175-д зааснаар хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг зохион байгуулалттай хэрхэн үйлдэх болсон талаархи гэмт хэргийн субьектив талын шинжгүй, С. Аптангэрэл нь гэмт хэргийн сэдэлтгүй болох талаар яллагдагчаар удаа дараалан өгсөн мэдүүлгүүд нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 зүйлийн 35.6-д зааснаар зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй харин ч тагнуулынханаас алт гэдгийг мэдэж хятдын хил руу орсон Г.Д руу ярьж ирүүлэх арга хэмжээ авсан байдаг юм. Энэ нь С.Аийг гэмт хэрэг үйлдээгүй, хамжигч биш гэдгийг харуулсан гэж үзэж байна. Г.Д С.А нарын хооронд улаан шавар буюу шороо гэгч зүйлийг ялтан Л.О, Ж нарын эд зүйлстэй хольж улмаар С.Аийг удаан хугацаагаар хорьж мэдүүлгийн эх сурвалжуудыг үүсмэл байдал руу оруулахад хүргэсэн гэж өмгөөлөгч үзэж байна.
ЭБШХуулийн 92 зүйлийн 92.1-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад байцаах, нүүрэлдэн байцаах, таньж олуулах, хураан авах, үзлэг нэгжлэг хийх, туршилт шинжилгээ болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох баримтыг цуглуулна гэсэн ба энэ талаар тус хэрэгт 1-р хавтас 128 талд шинжилгээ хийлгэх тогтоол 2015 оны 9 сарын 14-ний өдөр сэжигтэн, яллагдагч нарт хэнд нь ч танилцуулаагүй, мөн 2016 оны 7 сарын 05-ны өдрийн нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой сэжигтэн, яллагдагч нарыг танилцуулаагүй байгаа болно. Энэ нь ЭБШХуульд заасан сэжигтэн, яллагдагчийн шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцах байцаан шийтгэх ажиллагаанд оролцох,  С.А болон өмгөөлөгч нарт нь шинжээчийн тогтоолтой танилцах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
ЭБШХуулийн 86 зүйлийн эд мөрийн баримтыг бэхжүүлэх ажиллагаанд 35-77 УНП улсын дугаарт Хюндай Старекс маркийн микро автобусанд үзлэг хийсэн, 5 хэсэг 7350 грамм шар метал, микро автобусыг хураан авсан тухай тэмдэглэл,  7350 гр 5 хэсэг шар өнгө металлыг тагнуулын байгууллагад шилжүүлсэн гэтэл эд мөрийн баримт шүүхэд ирүүлээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд эд мөрийн баримт болох хэрэгт ач холбогдолтой алтыг зайлшгүй байлгах хуулийн шаардлага хангагдаагүй байхад анхан шатны шүүх хурлыг үндэслэлгүйгээр хэлэлцүүлсэн гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан 7,3 гр алтны үнэлгээ эд мөрийн баримтын эд зүйлс ирээгүйгээс хохиролын хэмжээ, хэний алт болох эсэхэд маш их  эргэлзээтэй байгаа болно.
Тус хэрэгт хураан авах, нэгжлэг хийх журмыг явуулахдаа ЭБШХуулийн 133 зүйлийн 133.1-д зааснаар прокуророор батлуулах тогтоолгүй, С. Аптангэрэлийн 00-73 УНП машиныг хураан авч битүүмжилсэн байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаа илтэд хууль зөрчсөн, үйдсэн гэмт хэргийн нөхцөл байдал гэмт хэрхэн үйлдсэн эсэх талаар бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

         Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн материалаас харахад Ж алтыг олж авч, От шилжүүлдэг. О нь Замын-Үүд суманд аваачиж цаашаа гаргадаг үйлдэл тодорхой харагддаг, үүнийгээ ч өөрсдөө мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж дүгнэж байна. Тийм учраас шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.


                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 139 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

    Учир нь 1. Анхан шатны шүүх шүүхийн харъяалалыг зөрчиж шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

        Нийслэлийн прокурорын газар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч М.Ж, Л.О, С.А, Г.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан гэмт хэргийн шүүхийн харъяалалыг тогтоолгохоор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгчид хүсэлт тавьсны дагуу Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байх тул  шүүхийн харъяалалыг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр харъяалал тогтоож өгсөн нь Нийслэлийн прокурорын газрын 5/509 тоот албан бичиг /3-р хх-ийн 43/,  Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний 73 тоот захирамж /3-р хх-ийн 44/ зэргээр тогтоогдож байна. 

Энэ дагуу нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан нь 188 тоот шүүхийн тогтоолоор тогтоогдож байна. /3-р хх-ийн 102-107/  

Гэтэл Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Отгонсүрэн нь шүүхийн тогтоолын дагуу ажиллагаануудыг хийж дахин яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэхдээ  Улсын дээд шүүхээр тогтоолгосон шүүхийн харъяалалыг зөрчиж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх рүү шилжүүлсэн нь буруу болсон ба Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар Улсын дээд шүүхээс тогтоосон харъяалах шүүхэд нь хэргийг шилжүүлэх байтал шилжүүлээгүй байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурор нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг уг гэмт хэрэг гарсан газрын харъяалах шүүхэд буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасны дагуу шууд харъяалуулан шилжүүлж шийдвэрлүүлэх эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20-д заасан прокурорын бүрэн эрхэд нь байж  байхад уг шүүхэд харъяалуулахгүйгээр Улсын дээд шүүхээр шүүхийн харъяаллыг тогтоолгосон атлаа тогтоосон харъяаллыг зөрчин Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т нийцээгүй гэж үзнэ. 

2. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 188 тоот шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан боловч шүүхийн тогтоолын заалтуудыг бүрэн биелүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа нэг талыг барьж гүйцэд биш хийсэн байна. 

Энэ нь: а. Шүүхийн тогтоолд ... шүүгдэгч М.Ж, Л.О, Л.Батсайхан, С.А, Г.Д нарын улсын хилээр хууль бусаар алт нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаа зорилгыг нэг бүрчлэн шалгаж нотлох баримтаар тогтоох заалт бүрэн хэрэгжээгүй, энэ заалтыг хэрэгжүүлэхдээ Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд буюу  гүйцэтгэх ажил явуулсан ажилтнууд болох Ц.Энхтулга, Э.Ууганбаяр, Б.Санчирдорж нарыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д  “... тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ. 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.5-д зааснаар буюу гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримтыг үндэслэсэн /эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166.1-д заасан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг дурьдаагүй/ гэж үзэхээр байх ба улмаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан ажиллагааг Ц.Энхтулга, Э.Ууганбаяр, Б.Санчирдорж нар гүйцэтгэжээ. 

Өөрөөр хэлбэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.6-д зааснаар гүйцэтгэх ажил нь гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход чиглэсэн эрэн сурвалжлах ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоосноор хязгаарлагдах тул тухайн хэрэгт гүйцэтгэх ажил явуулсан ажилтныг тухайн хэрэгт холбогдолгүй хүн буюу гэрч гэж үзэх боломжгүйн гадна тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар бүрдүүлж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авна гэдгийг мөн зөрчсөн болно.

Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т нийцүүлэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой талаар шүүхийн тогтоолд дурдсан байгааг анхаараагүй байна.

б. Мөн тогтоолд ... эд мөрийн баримтыг хэний тогтоолоор дур мэдэн хайлуулах ажиллагаа хийсэн болохыг тогтоох, ...Монгол банкны эрдэнэсийн санд хадгалуулахаар өгсөн зүйл нь ... энэ хэргийн эд мөрийн баримт мөн эсэхийг тогтоолгохоор заасан заалт мөн бүрэн хэрэгжээгүй.
 
Тодруулбал 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн /хх-1-128/ болон 2015 оны 07 дугаар сарын 25-ны  өдрийн /хх-5-29/ шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой шүүгдэгч нарыг танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.12, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг зөрчсөн, 

Мөн нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тогтоолыг 2015 оны 07 дугаар сарын 25-ны  үйлдсэн атлаа дүгнэлтийг 1 жилийн дараа ирүүлэхээр заасан нь ойлгомжгүйн гадна шинжээчийн дүгнэлт 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг зөрчсөн,   

Улмаар шинжилгээ хийлгэх тогтоолд шинжээч Л.Энхжаргал эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан атлаа Л.Энхжаргал, Ж.Батбаатар нар шинжилгээ хийсэн ба Ж.Батбаатарыг шинжээчээр биш гэрчээр байцаасан  зэрэг нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 163 дугаар зүйлийн 163.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д нийцээгүй зэргээс энэ талаарх шинжээчийн дүгнэлтийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1-д заасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл буюу нотлох баримт гэж үзэх боломжгүй, 

Мөн хх-1-131-д “Үнэт металл хайлсан тухай акт” –ыг хэн үйлдсэн нь тодорхойгүй, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 281 тоот тогтоолоор баталсан Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журмын 2 дугаар зүйлийн 2.2.2, Стандарчилал хэмжил зүйн газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/366 тоот тушаалаар тогтоосон журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тус тус алтны сорьцыг тогтоохдоо гулдмайнаас дээжийг  өрөмдөж авч  сорьцыг тогтоохоор заасан байхад Стандарчлал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар нь эд мөрийн баримтаар хураагдсан бохир жингээр 7.350 гр 6 хэсэг алтыг эдгээр журмуудын дагуу сорьц тогтоолгүй хайлуулж, биет байдлыг нь зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн шалтгаан нөхцлийг шинжээчээс журмынх нь дагуу асууж тодруулаагүй байна. 

в. Түүнчлэн шүүхийн тогтоолд зааснаар шар өнгийн металл зүйлийн эзэмшигч нь хэн болох буюу иргэний нэхэмжлэгчийг тогтоох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй.  Ч.Мыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон /хх-5-3-4-5/ атлаа гэрчийн мэдүүлэг авсан нь ойлгомжгүйн гадна энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд нийцээгүй болно. 

3. Эд мөрийн баримтаар хураагдсан алтны хэмжээ үнэт металл хайлсан тухай 00000808 тоот актаар хайлалтын дараах жин нь 7336.5 байхад /1-р хх-ийн 131/ Тагнуулын ерөнхий газраас Монгол банкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгсөн актаар 7.324.90 /3-р хх-ийн 125/ болж алтны хэмжээ багассаны шалтгааныг тодруулах  шаардлагатай. 

Дээр дурдсан асуудлыг шалгаж тогтоох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтооход ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иймээс давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж дүгнэлт хийх боломжгүй тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах,  иргэний нэхэмжлэгч Ч.Мын өмгөөлөгчийн гаргасан эд мөрийн баримтаар хураагдсан алтыг иргэний нэхэмжлэгчид олгуулах тухай давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Т.Мгаас гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.3, 320 дугаар зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 139 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О, С.А,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, прокурорын эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.
    

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                          Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС