Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

Х.О, Б.М нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Х.Оын өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаар магадлалтай Х.О, Б.М нарт холбогдох эрүүгийн 2028000410024 дугаартай хэргийг шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1990 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцад ээлжийн инженер ажилтай, ял шийтгэлгүй, Д овогт Х О,

2. Монгол улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ял шийтгэлгүй С овогт Б-ийн М

Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Б.М-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.М нь  2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна талд Х.О-ыг нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.О, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О, Б.М нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгч Х.Оын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 55 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “шүүгдэгч Х.О-аас 621,400 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-д олгож”,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “зардалгүй” гэсний дараа шүүгдэгч Б.М нь хохирогч Х.О-д 190,100 төгрөгийн хохирол төлсөн” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлтээс харахад Х.О зодоон эхлүүлсэн мэтээр ойлгогдож, улмаар харилцан зодолдсон байхаар байна. Камерын бичлэгт шүүхийн хийсэн дүгнэлт өөр байдлаар дүрслэгдэн нотлогдох юм. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулан, мушгиж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Камерын бичлэгт миний үйлчлүүлэгч Х.О өөрийн эзэмшлийн машинтайгаа төрсөн эгчийн хамт Өмнөговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Хаан банкны өмнө ирж зогссон. Зогсоход түүний эгч машинаас бууж банк руу орж байгаа харагддаг. Үүний дараа удалгүй Б.М нь өөрийн эзэмшлийн машинтай хохирогч Х.О-ын машины дэргэд хэрэгцээ байдлаар ирж зогсдог ба түүний найз гарч явж банк руу орсон. Б.М нь жаахан байж байгаад шууд Х.О-ын машины хажууд очиж түүнийг хэл амаар доромжлон хэрүүл хийж эхэлсэн. Хэрүүл маргаан болох үед Х.О машинаас бууж чи олон нийтийн газар явж байна, яагаад хэрүүл хэл ам хийгээд байгаа юм, болиоч гэсэн боловч Б.М нь түүнийг улам хашхичин хэл амаар доромжилж байгаа бичлэг байдаг. Үүний дараа Б.М нь Х.О руу урагш алхаж давшлах үед нь Б.М гараараа хорьж, цааш түлхэх үйлдэл харагддаг. Гэтэл алхаж давшлах үед нь Б.М гараараа цохиж, цааш нь түлхэх үйлдэл эхэлж хийсэн гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэж өгөөгүй.

Мөн үүнээс цааш Б.М нь Х.О-ын үснээс шууд зулгаан доош нь тонгойлгон дарж үснээс чирч тодорхой зайнд Б.Мын машины урд талд аваачин зодсон. Энэ үед Х.О нь үснээсээ чирүүлэн явах үедээ өөрийгөө хамгаалан мөн түүний үснээс зулгааж байгаа үйлдэл харагддаг юм. Б.М Х.О-ын эрх чөлөөнд халдсан эхний үйлдлийг Б.М-тай хамт явсан хүмүүс салган авсан үйлдэл харагддаг.

Энэ үед Б.М нь хохирогч Х.О-д хэргийн 39 дэх талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 23-ны 114 тоот Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Пүрэвжавын гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... нүүрний зүүн  талд зулгаралттай баруун хацар хавдсан, доод уруулын баруун тал урагдаж сэтэрсэн шархтай, баруун хөлийн өвдөгний гадна доод хэсэгт хөхрөлт үүссэн гэмтүүдүүдийг Х.О нь хэргийн 41 дэх талд авагдсан Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Пүрэвжавын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.М-ын биед зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, хамрын уг, 2 хацар, баруун зүүн нүдний гадна хэсэг, хүзүү хоолой баруун хэсгүүдэд зулгаралт, хөхрөлт, зүүн чихний дэлбэнгийн дотор 2 шалбаралт гэмтлүүдийг үүсгэсэн байдаг.

Өмгөөлөгч миний бие энэ байдлаас юуг тодотгон нягтлан шалгуулах шаардлага гарав. Х.О нь Б.М-ын халдсан довтолсон үйлдлээс өөрийгөө хамгаалах явцад Б.Мын биед гэмтэл учруулсан байдаг. Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэх хуулийн заалттай тохирох юм.

Өөрөөр хэлбэл эхэлж зодуулсан газар болж байгаа нөхцөл байдал бусдын эрх чөлөөнд халдах санаатай үйлдэл хийгээгүй. Х.О нь өөрийнх нь машины дэргэд тулгарсан, халдсан довтолгооноос өөрийгөө хамгаалсан буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байгаа юм.

 Өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалт хийсэн. Х.О нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөн хүнд зодуулсан талаар мэдээлж, Б.М-ыг явуулахгүй байх, мөн маргах, цагдаагийн газар очиж нүүр рүү ёворч авах зэрэг санаатай үйлдлийг Б.М-ын машины дэргэдээс эхлэн гаргасан. Дараагийн гаргасан, цохьсон гэх үйлдлүүдээс үзвэл тухайн газруудад Б.Мын биед учирсан гэмтлийг тухайн цаг хугацаанд учруулаагүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

Энэ гомдлын үндэслэлийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хэргийн 14 дэх талд авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.О-ын мэдүүлэг, 16 дахь тал гэрч Х.О-ын мэдүүлэг, 22 дахь тал гэрч Э.Болорцэцэгийн “...зодолдсоны дараа салгасан чинь Б.М нь надад уруулаа үзүүлсэн чинь уруулнаас нь цус гарч байсан, бас нүүрийг нь самардчихсан байсан” гэх мэдүүлэг 24 дэх тал гэрч Б.Болорын “... М машинаасаа буугаад банк руу орох гэж явснаа нэг хүүхэнтэй муудалцаад ... салгасан чинь хоёулаа самардчихсан, улаан зураас болсон, нөгөө хүүхний... уруулаас цус гарчихсан маажуулсан байсан” гэх мэдүүлэг, 26 дахь талд гэрч Б.Ариунгэрэлийн “...М байж бай гээд машинаасаа бууж яваад хажуугийн машины хүнтэй уулзаад байгаа харагдсан... тэгж байтал хэрэлдээд чанга яриад эхлэхээр... М араас нь үсдээд зуурсан чинь нөгөө эмэгтэй зөрүүлээд үснээс нь зулгаагаад ... М О-ыг үсдээд харилцан үсдэлцээд байхаар нь бид нар салгасан” гэх мэдүүлэг, 29 дэх тал гэрч Б.Бат-Эрдэний “...102-оос Хаан банкны гадаа хүн зодуулсан гэсэн дуудлага ирлээ гэснээр ... банк руу очсон ... нэг эмэгтэйн уруулнаас цус гарчихсан энэ хүн намайг зодсон гээд машин дотор байсан эмэгтэйг заагаад байсан” гэх мэдүүлэг, 31 дэх тал гэрч Х.Мөнхсувдын “...би нэлээд удчихаад гараад ирсэн чинь дүү Б.Мын уруул ам нь сэтэрчихсэн цус гарчихсан байсан... эд нар ийм болгочихлоо гээд уйлаад байсан... нөгөө эмэгтэйчүүд явах гээд машиндаа сууцгаасан чинь манай дүү цагдаа ирсэн хойно яв гээд хориод байсан тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг зэргийг анхааран үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Х.О-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...хэргийг шүүх давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ...гомдол эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

Энэ байдал нь хэргийг илтгэгч шүүгч болон шүүх бүрэлдэхүүн оролцогчид хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэрэгт хавсаргагдан ирсэн нотлох баримтуудтай танилцах ёстой. Гэтэл шүүх хуралдаан дээр бичгийн нотлох баримт шинжлэн судлуулах үе шатанд хэрэгт авагдсан камерын сиди бичлэгийг үзэх гэтэл болохгүй, гарах боломжгүй байдал үүссэн ба хэргийг шийдвэрлэж буй шүүгч нар уг камерын сиди бичлэгт ямар ямар хэргийн үйл баримт бичигдсэн талаар огт үзээгүй, сиди бичлэг хаана аль үе шатанд гарах боломжгүй болсон талаар ямар ч мэдээлэл аваагүй байсанд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт хэний үйлдлээс болж нотлох чадвар алдагдав аа, хэн хариуцлага хүлээх ёстой вэ... одоо бид цаашид яах вэ... Гол нь Хаан банкны гадаа Б.М, Х.О-ын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийг харуулсан нотолгоог үзээгүй байх гэмээ нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хэвээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээгүй. Өөрөөр хэлбэл миний анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцээний шатанд өөрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэргийн 41 дэх талд авагдсан Б.М-ын биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлттэй марган мэтгэлцсэн.

Мэтгэлцэх гол үндэслэл шалтгаант холбоогоо шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, түүний өгсөн хариулттай холбон тайлбарлаж маргадаг. Энэ байдлаа мөн давж заалдах шатанд дурдаж шийдвэрлүүлэх асуудлынхаа нэг болгосон.

Шинжээч эмч миний асуултанд оновчтой бүрэн дүүрэн хариулж чаддаггүй юм. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д шинжилгээний аргачлал, явц, үр дүн тусгахаар тус тус хуульчилж өгсөн. Уг шинжилгээг гаргахдаа та ямар шинжилгээний аргад тулгуурлан хийв гэх асуултаа эхлэн тавьсан. Гэтэл үүнд шинжээч хариулж чадаагүй. Ямар аргад тулгуурлаж шинжилгээгээ хийж байгаагаа мэдэхгүй хүн шинжээч эмч болон дүгнэлт гаргах нь арай ч дээ гэмээр санагдсан.

Дараа нь Б.М-д учирсан гэмтлүүд нь тухайн хүний алганы хэмжээнээс илүү юу биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү гарч байж гэмтлийн зэрэгт хамаарагддаг. Өөрөө хэлбэл шинжээч эмч Естийн дүрмийг ашиглах шинжилгээний аргачлалд хийгдсэн эсэхэд эргэлзээ төрж байгаагаа илэрхийлэн үүнтэй холбоотой асуултыг асуусан. Б.М-д учирсан гэмтэл нь түүний алганд багтах хэмжээний гэмтлүүд байдаг. Алганы хэмжээс буюу түүний биеийн 1 хувиас илүү гараагүй байхад гэмтлийн зэрэг тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй болсон талаар марган мэтгэлцсэн боловч шинжээч эмч үүнд бодитой хариулт өгч ч чадаагүй байхад шүүх дүгнэлтийг үндэслэн гэмтэл учруулсан гэж үзсэн нь хэр зэрэг бодит үнэнд нийцсэн болохыг шийдвэрлэж өгнө үү.

Хохирогчийн зүгээс Б.М-аас цалингийн 1,326,364 төгрөгийг нэхэмжилснийг тогтоох хэсэгт зөрүүтэй байдлаар бичигдсэн. Х.О-ын зүгээс цалингийн тодорхойлолтыг байгууллагынхаа ерөнхий нягтлан бодогч болон цалин хөлсний нягтлан бодогч нараар тодорхойлуулан нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн нь хууль бус өөрөөр хэлбэл хэргийн 164-165 дахь талд авагдсан цалингийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангасан, харин хэргийн 170 дахь талд авагдсан бичгийн нотлох баримтад цалин хөлсний нягтлан бодогч гарын үсэг зураагүй, нэг хүний гарын үсэгтэй, тамга тэмдэггүй баримтыг шүүх үнэлсэнд оршино.

Хэрэв шүүх уг нотлох баримтыг үнэлж байгаа бол шүүх хуралдаан дээр Х.О-ын зүгээс би заавал өөрийн нэхэмжилж буй цалин болох 1,326,364 төгрөгийг авна, зөрүү гаргасан тооцооллоор 1,284,031 төгрөгийг авахгүй гэж маргаж мэтгэлцсэн зүйл байхгүй. Б.М-ын зүгээс Х.О-ын нь дутуу авсан цалин 1,284,031 төгрөг болно гэж нотлох баримт гаргасан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн зөрүү 42,333 төгрөгийг заавал авна гэж бидний зүгээс маргаж мэтгэлцээгүй. Х.О-ын холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Маас 1,326,364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М, Х.О нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Аргагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлан тогтоожээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны гадна талд эр, эмийн хардалтаар Б.М нь Х.О-тай маргаан үүсгэснээр хүч хэрэглэсэн үйлдлийг харилцан хийж, хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгч нь тухайн үйл явдал болсон гудамжинд байрлах Хаан банкны гадна талын баруун урд хэсэгт байрлах хяналтын камерын бичлэгээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагаас хойшхи нийт 15 минут 02 секундын бичлэгийг сиди картанд хуулбарлан авсныг (хэргийн 1 дэх хавтас, 93 дахь тал) анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (хэргийн 1 дэх хавтас, 241 дэх тал) “Хаан банкны урд талын машины зогсоол дээр Х.О, Б.М нар нь уулзалдаж, улмаар харилцан маргалдаж байгаа байдалтай дохио зангаа хэрэглэсэн дүрс харагдах бөгөөд Х.О нь эхлээд Б.М-ыг түлхэх үйлдэл хийж байгаа, үүний дараа Б.М нь Х.О-ын үснээс зулгааж, улмаар харилцан үснээсээ зулгаах үйлдэл хийж, хөндлөнгийн этгээдийн тусламжтайгаар зодооныг зогсоож байгаа үйл явдал бичигджээ” гэж тусгасан байна. (Уг сиди хагарч гэмтсэн шалтгаанаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй)

Хоёр шүүгдэгчийн хооронд тухайн орон зай, цаг хугацаанд болсон үйл явдал хяналтын камерт ийнхүү дүрслэгдэн бичигдсэн болон энэ хоёрыг тэнд байсан хүмүүс салгаж, цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагаар хүрэлцэн ирсний дараа Х.О нь Б.М-д хүч хэрэглэн халдаж байсан талаар гэрч О.Батдоржийн мэдүүлэг зэргийг үндэслэн хоёр шатны шүүх Х.О-ын үйлдлийг  өөрт учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй талаар тодорхой дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан байна.

Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед иргэний нэхэмжлэгч Х.О-ын нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан зарим баримт нь эргэлзээ төрүүлэхүйц болон бүрдэл дутуу байсан тул түүний өвчтэй байсан хугацааны цалинг шүүгдэгч Б.М-аас гаргуулах нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг шийтгэх тогтоолд тусгайлан заасан нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцжээ.

Шүүгдэгч Б.М, Х.О нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, тэдгээрийн гэм буруу, ялын тохироо, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн,  мөн шүүхүүдээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН