Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0091

 

 

 

“Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Даргалагч, шүүгч:                         Б.Мөнхтуяа,

          Танхимын тэргүүн, шүүгч:        Ч.Тунгалаг,

          Шүүгчид:                                   Х.Батсүрэн,

                                                                               П.Соёл-Эрдэнэ,

          Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь,

          Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

         Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”,

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0654 дүгээр шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

         Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл  дэх  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2020  оны  10

дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0654 дүгээр шийдвэрээр: Ашигт  малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т заасныг тус тус баримтлан “Ч ц” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““Ч ц” ХХК-ийн эзэмшлийн XV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал хяналтын гомдолдоо: “... “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагын тухайд: Нэг. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь, Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 дугаар албан бичгээр ““Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-13719 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болохыг мэдэгдсэн” байдаг. Мөн үүний дараа Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч “тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг мөн нэхэмжлэгчид өгсөн. 2017 оноос эхлэн тусгай зөвшөөрлийг хүчинтэй хадгалж байгаагийн хувьд 2017, 2018, 2019 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх шаардлагатай гэсний дагуу нэхэмжлэгч төлбөрөө төлж ирсэн.
  2. Нэхэмжлэгч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дараа 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээг түдгэлзүүлж, хүчинтэй хэвээр хадгалуулах хүсэлт гаргах тухай” хүсэлт гаргасан ба хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр энэхүү хүсэлтийн зарим хэсгийг хангаж, тус хүсэлтээс тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс татгалзаж, харин хязгаарлалтын бүртгэлд бүртгэж хүчинтэй хэвээр хадгалсан байдаг. Харин 2019 оны 11 дүгээр сард яг ямар үндэслэлээр өмнө нь гаргасан шийдвэр өөрчилж цуцалсан нь тодорхойгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс сүүлийн 4 жил хайгуулын ажлаа хийж чадаагүй ч жил бүр их хэмжээний төлбөр сул төлж ирсэн нэхэмжлэгч компанийн эрх ашгийг огт бодолцож үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
  3. Хоёр. Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах үр дагаврыг үүсгэхгүй гэжээ. Нэхэмжлэгч эхлээд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчинтэй байлгах хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргаж шийдвэрлүүл гэснийх нь дагуу нэхэмжлэгч хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр гаргахад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах шийдвэр гаргасан ба үүнийгээ нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт хийсэн байгаа нь хэрэгт хамааралгүй байна. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 тоот албан бичиг нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болохыг нотолсон баримт бичиг мөн бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах үр дагаврыг шууд үүсгэж байна.
  4. Гурав. Нэхэмжлэгч “Ч ц” ХХК 2018, 2019, 2020 онуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явц, хүндрэлийн талаар хариуцагчид байнга мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр байлгахыг хүсч, мэдэгддэг байсан. Гэтэл энэхүү хүсэлтийг огт хүлээж авахгүй шийдвэр гаргаж, хязгаарлалтын бүртгэлдээ үргэлжлүүлэн бүртгэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзсэн. Харин шүүх энэ эс үйлдэхүйг огт анхаарч үзээгүй алдаа гаргасан байна. Иймд, С м сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэж чадахгүй хүндэтгэн үзэх, өөрөөс үл хамаарах шалтгаантай байгаа нөхцөл байдлыг шүүх огт харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
  5. Дөрөв. Нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22.2 дахь хэсэгт заасан эрх нь зөрчигдөж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага гаргаж байгаа. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1-д “нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн XV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасныг хүчингүй болгож, ХV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай гэсэн өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү” гэжээ.
  6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б хяналтын гомдолдоо: “... Нэг. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт ...” гэжээ. Хуульд заасан үүргээ нэхэмжлэгчийн зүгээс биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайд ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, хуулийн хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй байна” гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын хариу тайлбар, бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэл болсон гэж үзэж байна.
  7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсаргаж өгөхөөр хуульчилсан. Нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлд болон хариу тайлбаруудад тус компани дээр дурдсан хуулийн шаардлагад нийцүүлэн Завхан аймгийн С м сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч хэлсээр байхад давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Ч ц” ХХК ашигт малтмалын хайгуулын ХҮ-013719 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүх баримт бичгийг хуулийн хугацаанд бүрэн өгсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
  8. Хоёр. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “... Бодит нөхцөл байдал ийм байхад хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг харгалзан үзэлгүй захиргааны акт гаргасан байна” гэжээ. Төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчимд нийцүүлэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг гаргасан. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу  давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
  2. Нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн; давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсэг (эхний шаардлага)-ийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлтэй байна.
  3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ч ц” ХХК-ийн ХV-013719 тусгай зөвшөөрлийн хугацааг “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй ...” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимтай нийцээгүй байна.
  4. Тухайлбал, анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Завхан аймгийн С м сумын нутагт байрлах Сант нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 13719Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэс-Импекс” ХХК-д олгосон; нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан; 2017 онд хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй (тусгай зөвшөөрлийн 4 дэх удаагийн 3 жилийн хугацааны сунгалтыг) хугацаа дуусахаас өмнө 2017 оны 03 дугаар сард С м сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн боловч татгалзсан хариуг авсан; улмаар Засаг даргын тус татгалзал хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг С м сумын Засаг даргад даалгахаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр[1] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн С м сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн; улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаар магадлал[2], Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор[3] “нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгынх нь хувьд хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон; нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг биелүүлэх хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан удаа дараа гаргаж байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.
  5. Үүнээс үзэхэд, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болгосон  байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь бодит байдал дээр нэхэмжлэгчээс  өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу төрийн захиргааны байгууллага /С м сумын Засаг дарга/-ын буруутай үйлдлийн улмаас батлагдаагүй, улмаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй ажиллагааны улмаас захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн байна.
  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байхад анхан шатны шүүхээс “... хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь зөвхөн 2017 оны байгаль орчны төлөвлөгөө батлахад хамаарна, ... 2017 оны 06 дугаар сарын 02-нд ийнхүү бүртгэснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тухайн баримтыг ирүүлж болох хангалттай хугацааг олгосон гэж үзэхээр байна, ... тухайн маргаан бүхий харилцааг үндэслэн захиргааны байгууллагаас гаргасан хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй юм.
  7. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч кадастрын бүртгэлийн системд ЕХ-007684 дугаараар бүртгэсэн; тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой хүсэлтүүдийг 2019 онд хариуцагч байгууллагад удаа дараа гаргаж байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017, 2018, 2019 онд төлсөн; “Тусгай зөвшөөрлийн шилжүүлэг, барьцаа, хязгаарлалтын бүртгэл” хариуцсан мэргэжилтэн Н.Н-ын компьютер дахь “Хязгаарлалт” гэсэн файлын 961 дугаарт “Ч ц” ХХК, 2017 оны 06 дугаар сарын 02, хязгаарлалт хийх үндэслэл хэсэгт Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар захирамжаар Завхан аймгийн С м сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн” гэж тэмдэглэл хийгдсэн; өмнө дурдсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн бөгөөд жил болгон байгаль орчны төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар огноог шинэчлэн өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан, хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүй байна.
  8. Иймээс хэргийн үйл баримттай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 561 дүгээр захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол няцаагдана.   
  9. Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргахад захиргааны байгууллагын эс үйлдэхүй (татгалзал) хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ холбогдох захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжтой байх ёстой; өөрөөр хэлбэл, “даалгах” шүүхийн шийдвэр нь “хүчингүй болгох”, “илт хууль бус болохыг тогтоох” (эрх зүйн үйлчлэлгүй болгох) шийдвэрээс ирээдүйд хандаж, захиргаанд “үүрэг” болгох онцгой төрлийн шийдвэрийн хувьд захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлснээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцэх учир “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, шүүхүүдийн шийдэл зөв тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг мөн хангах боломжгүй.
  10. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧИД                                                                         Х.БАТСҮРЭН

                                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                 М.БАТСУУРЬ

 

[1] 1хх-ийн 17-22 дахь хуудас.

[2] 1хх-ийн 23-25 дахь хуудас.

[3] 1хх-ийн 26-27 дахь хуудас (ар, өвөргүй).