Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01084

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01084

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00686 дугаар шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, ИХ ХХК, Г ХХК, Х.Б-, З.О-, Х.Г- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 936,648,981 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нотариатын зардал 34,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Л, Г.Н, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч ИХ ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б-, З.О- нар Х ХХК-аас 2013 оны 05 сарын 08-ны өдөр № ЗГ/91 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан гэрээ болон барьцаалбаруудыг зохих журмын дагуу бүртгүүлж, 1,200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгчид зээлийн гэрээний барьцаанд Х.Б-, З.О- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019945 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Фловерс таун /17012/, Зайсангийн гудамж, 46 Е байрны 00 тоот 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зээлдэгч Х.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009107 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 32-р байрны 000 тоот30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, зээлдэгч ИХ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031015 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо /18131/, Сонсголонгийн зам, 96 тоот, 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, зээлдэгч ИХ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2201032034 дугаарт бүртгэлтэй Сонсголонгийн гудамж, Г96/1 тоот 850,30 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, зээлдэгч Х.Б-гийн эзэмшлийн нэгж талбарын 8028/502 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд байрлалтай 10,000 м.кв, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч бизнесийн орлого буурсан шалтгаанаар зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тул 2015 оны 09 сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан бөгөөд энэ үед зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болох 650,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба зээлийн хүү жилийн 18 хувь, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл 36 сараар сунгагдаж зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн. Зээлдэгчийн зүгээс дахин түрээсийн орлого буурсан, барилгын салбарын уналтаас шалтгаалж хайрганы борлуулалт буурч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан учир 2016 оны 10 сарын 07-ны өдөр №ЗГ/91-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан ба ингэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г ХХК, иргэн Х.Г- нар нэмэгдэж гэрээ байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 590,000,000 төгрөг байсан. Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн болно. Зээлдэгч нар зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 143,586,687 төгрөг, хүүгийн төлбөрт 211,635,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 571,713 төгрөг, нийт 355,793,700 төгрөгийг төлж барагдуулсан. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлдэгчидтэй удаа дараа уулзах, зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл өгөх, төлөхгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж, мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд зээлдэгч ИХ ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б-, З.О-, Г ХХК, иргэн Х.Г- нараас үндсэн зээлийн төлбөр 506,580,978 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 393,069,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36,998,210 төгрөг, нийт 936,648,981 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нотариатын зардал 34,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч ИХ ХХК хариу тайлбартаа: Манай компани 2013 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан № А-2/06 тоот дэд хөтөлбөр батлах тухай тушаалд зааснаар Барилга хот байгуулалтын яамтай бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах №121 тоот гэрээг 2003 оны 05 сарын 02-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар, Монгол банкны санхүүжилттэй 1,200,000,000 төгрөгийг жилийн 5,5 хувийн хүүтэйгээр Х ХХК-иар дамжуулан 2013 оны 05 сарын 08-ны өдөр гэрээ хийж зээл авсан. Бид гэрээнд зааснаар зээлийг зориулалтын дагуу зарцуулж өөрийн эзэмшилд байсан МУ-016822 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уулын чулуу бутлан ангилах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч 2013 оны 06 сард угсарч суурилуулан бэлэн болгосон. Гэвч үйлдвэрийн ажлаа эхлүүлэх үед Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийг лацдан хууль бус шаардлага тавьж, үйлдвэрийн ажлыг зогсоосон. Улмаар манай компанийн МУ-016822 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамж гарган цуцалсан. Ийм шалтгааны улмаас зээл авч хөрөнгө оруулсан төсөл бүрмөсөн зогсож орлого олох боломжгүй болсон тул зээл болон зээлийн хүүг төлөхөд хүндрэл үүссэн. Гэсэн хэдий ч өөрийн дотоод нөөц боломж болон автомашин текникүүдээ худалдан борлуулж 2013 оны 05 сараас 2015 оны 09 сар хүртэл үндсэн зээлээсээ 550,000,000 төгрөг төлж барагдуулсан. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 693,419,022 төгрөг, хүүнд нь төлсөн. Манай компанийн зүгээс Хаан банкны нэхэмжилж буй 936,648,981 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн зээлийг зориулалтын дагуу Ашигт малтмал ашиглалтын МУ-016822 дугаартай талбайд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан ба Төр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-т Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д зааснаар нөхөн олговор олгож төлөх ёстой. Х ХХК нь 2015 оны 09 сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот зээлийн гэрээний сунгалтыг хийхдээ 2013 оны 01 сарын 09-ний өдрийн №А-2/06 тоот Монгол банкны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал, түүний хавсралтанд заасан Монгол банкнаас тогтоосон хүү, оролцогч банкны хүүний маржины дээд хязгаар нь жилийн 5,5 хувийн хүүтэй байтал үүнийг зөрчин жилийн 18 хувийн хүүтэй зээл олгож төрийн мөнгийг хууль бусаар угааж ашиг олж зээлдэгч манай компанийг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.   Хариуцагч Х.Б- хариу тайлбартаа: Анх 2013 онд Монгол Улсын Засгийн газраас байгуулсан барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт шалгуур хангаж энэ зээлд хамрагдсан. Монгол банк, Хаан банк хоёрын дээрх дэд хөтөлбөрийг дамжуулан зээлдэх гэрээг үндэслээд 2013 оны 05 сарын 08-ны өдөр Хаан банктай манай компани гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээ байгуулж тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Гэтэл Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчөөгүй байхад манай үйлдвэрийг лацдаж олон жил ажиллуулаагүй, дараагаар нь манай тусгай зөвшөөрөлтэй талбайг давхцуулж Мон хаус гэх компанид барилга барих зориулалттай газар олгож бидний ажилд саад учруулж байсан. Мөн 2017 онд Нийслэлийн засаг дарга А609 тоот захирамж гаргаж манай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан. Түүнчлэн би өөрөө Г.Баатаржавыг Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй, хууль бусаар алтны уурхай ажиллуулж байна гэж шалгуулж огцруулах тэмцэл хийж байгаад өөрөө хилс хэрэгт гүтгэгдэж шүүхээс 2 жил 2 сарын хугацаатай ял авч хоригдож байсан. Дараагаар нь цар тахалтай холбоотойгоор 2022 оны 05 сар хүртэл Засгийн газрын тогтоолоор хил гааль хаагдаж бизнес хийх боломжгүй болсон. Тиймээс манайх зээл авсан цагаас хойш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хэдий ч өнөөдрийг хүртэл үндсэн төлбөрт 693,419,000 төгрөг, хүүнд нь 350,273,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 984,570 төгрөг, мөн Хаан банканд үндсэн зээл, хүү хоёр нийлээд 1,044,673,000 төгрөг төлсөн байдаг. Хаан банк анхнаасаа бидний энэ нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээ цуцлах нөхцөл байдал үүссээр байтал өөрсдөө ашиг олохын тулд гэрээг удаа дараа сунгах хүүг нэмэх байдлаар хандаж ирсэн нь бизнесийн хамтрагч биднийг хүүгийн дарамтанд оруулж, эдийн засгийн хувьд хохироож ирсэн. Хэрэв гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан бол бид худалдаж авсан тоног төхөөрөмжөө ядаж шинэ байгаа дээр нь зарж зээлээ төлөх боломжтой байсан. Одоо бол тухайн тоног төхөөрөмжийг зарсан ч гэсэн загвар нь хуучирч, сэлбэг нь олдохгүй нөхцөл байдалд хүрээд байна. Мөн хүүнд нь 350,254,000 төгрөгийг төлж хохирохгүй байсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин бусад хэсгийн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.   Хариуцагч Х.Г- хариу тайлбартаа: Би 2013 оны 05 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй. Зээлдэгч Х.Б- нь зээлийг авч барилгын салбарт зориулахаар тоног төхөөрөмж болон бусад бараа материал авахаар зарцуулсан. 2016 оны 09 сард би ИХ ХХК-тай хамтран ажиллахаар тухайн компанийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаад Х.Б-гийн эзэмшлийн газрын хэсэг буюу 20 хувь дээр нь өөрийн хийдэг байсан засварын үйл ажиллагааг явуулж байгаад 2019 оны 12 сараас эхлэн манай компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2016 оны 09 сард Хаан банк болон Х.Б- нь тухайн компанийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаагийн хувьд зээлийн гэрээнд хамтран эзэмшигчээр оролцуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан гарын үсэг зуруулан цаашид хамтран ажиллая гэсэн. 2020 онд эхэлсэн цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ИХ ХХК-ийн одоогийн 50 хувийн хувьцааг 2021 оны 10 сард буцаан шилжүүлсэн. Иймд энэхүү зээлийг аваагүй болохоор 2021 оны 10 сараас Х ХХК болон ИХ ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа больсон гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ИХ ХХК, Х.Б-, З.О-, Г ХХК, Х.Г- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 899,650,771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,032,210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ИХ ХХК, Х.Б-, З.О-, Г ХХК, Х.Г- нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны гэрээний зүйл болох хариуцагч З.О-, Х.Б- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Flowers town, Зайсангийн гудамж, 46Е байрны 00 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Х.Б-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол, 32-р байрны 000 тоотхаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хариуцагч ИХ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, ИХ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,911,564 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИХ ХХК, Х.Б-, З.О-, Г ХХК, Х.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,656,203 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү болох 36,998,210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн хүүг зөвхөн цар тахлын үед тооцсон биш, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.1.5-д зааснаар зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцож байсан. Иргэний хуульд зааснаар зээлдэгч нь зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

4.б. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2013 оны 05 сарын 08-ны өдрийн №БГ/91 тоот барьцааны гэрээг гаргаж өгсөн. Уг гэрээг зохих хууль журмын дагуу зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлсэн. Газар эзэмшигч Монголжодоо интернэшил ХХК болохыг тодорхойлсон Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт №37 гэсэн хавтаст хэргийн 40-р талд байгаа. Эдгээр баримтуудыг үнэлж үзэхгүйгээр шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч, хариуцагч нар барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 013-р Цэргийн ангийн урд байрлах 10,000 м.кв газрыг барьцаалуулсан талаар маргаагүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний үүрэгт 936,648,981 төгрөг гаргуулж, барьцааны гэрээнд заасан бүх үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч Х.Б- давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Банкны барьцаанд манай 2 орон сууц, 1 оффисын байр, 1 гарааж байр, нийт 4 үл хөдлөх хөрөнгүүд болон гэрчилгээ байдаг. Харин 10,000 м.кв талбайтай газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчид байхгүй. Би Х ХХК-аас 1,200,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд төлөх нь үнэн. Шүүх талуудын зээлийн маргааныг гэрээний үүргийг гүйцэтгэсэн, эсхүл эс гүйцэтгэсэн эсэхээс хамаарч шийдвэрлэх байх гэжээ.

 

6.   Хариуцагч Х.Б- давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 7.7-т ...харин хариуцагчийн цар тахалтай ковид-19 цар тахалын улмаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 36,998,210 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтийг хариуцагч миний үзэж байгаагаар зээлийн хүү болох 393,069,793 төгрөгийн хувьд ч адил дүгнэлт хийх боломжтой байсан гэж үзэж байгаа учир шийдвэрийн зээлийн хүүнд 393,069,793 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч миний бие Хаан банктай холбоотой зээлийн харилцааныхаа хүрээнд үндсэн зээлийн төлбөрт 693,419,000 төгрөг, хүүнд 350,273,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 984,570 төгрөгийг буюу нийт 1,044,676,815 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 506,580,978 төгрөгийг мөн төлье гэх байдлаар илэрхийлж байгаа гэдгийг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье. Иргэн Х.Б- би банкнаас зээл аваад ямарваа нэгэн төлөлт хийхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал огт байхгүй бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр буюу ковид-19 цар тахалаас шалтгаалан үйл ажиллагаа явуулахад доголдол үүссэн байдаг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж хуульчилсан. Иймд зээлийн гэрээний хүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Х ХХК нь 2015 оны 09 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний сунгалтыг хийхдээ 2013 оны 01 сарын 09-ний өдрийн №А-2/06 тоот Монгол банкны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал, түүний хавсралтад заасан Монгол банкнаас тогтоосон хүү, оролцогч банкны хүүний маржины дээд хязгаар нь жилийн 5,5 хувийн хүүтэй байтал үүнийг зөрчин жилийн 18 хувийн хүүтэй зээл олгож төрийн мөнгийг хууль бусаар ашиглаж зээлдэгч биднийг хохироосон гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн харилцаа нь хууль ёсны байх, бодит байдалтай нийцсэн байх зарчимд суурилах ёстой. Х ХХК нь өөрт байгаа давуу талаа хэт ашиглан гэрээний сунгалтыг хийхдээ цаг үеийн нөхцөл байдалд нийцээгүй, зохих хууль, дүрэм журмаас давсан тохиролцоог хийсэн нь шударга ёсонд нийцээгүй тул хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь Х ХХК-д 2015 оны 08 сарын 19-ний өдрийн 08/3 дугаартай зээлийн үлдэгдэл 720,000,000 төгрөгийг гэрээний дагуу хугацаандаа төлөх боломжгүй болсон тул зээлийг бизнесийн зээлийн төрөлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Х ХХК нь тухайн хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хүү 5,5 хувийг 18 хувь руу шижүүлсэн. Тухайн гэрээнд өөрчлөлт оруулсан үйл баримтад хэн нэгнийг дарамт, шахалтанд оруулсан зүйл байхгүй. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх, тухайн үндэслэл нь нотлох баримттай байх ёстой. Монгол Улсад 2020 оны 01 сараас эхлэн цар тахлын нөхцөл эхэлсэн. Харин тус зээлийн гэрээ 2013 онд 36 сарын хугацаатай байгуулагдсан. Хариуцагчийн гомдолд дурдсан давагдашгүй хүчин зүйл нь энэ зээлийн гэрээнд хамааралгүй. Хариуцагч талаас зээл төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай банкинд хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд энэ талаарх баримт мөн хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ИХ ХХК, Г ХХК, Х.Б-, З.О-, Х.Г- нарт холбогдуулан үндсэн зээл 506,580,978 төгрөг, зээлийн хүү 393,069,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,998,210 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 936,682,981 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргажээ. /1хх 1-3/

Дээрх шаардлагыг хариуцагч ИХ ХХК, Х.Г- нар бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг, хариуцагч Х.Б- нь зарим хэсгийг зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг гаргасан бол хариуцагч Г ХХК хариу тайлбар гаргаагүй байна. /1хх 73-75, 81, 2хх 23, 37-41/

 

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а.Х ХХК болон ИХ ХХК, Х.Б-, З.О- нар 2013 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ/91 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 1,200,000,000 төгрөгийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгийг 2013 оны 05 сарын 09-ний өдөр олгосон; /1хх 12-16, 47/

3.б.Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр БГ/91 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр З.О-, Х.Б- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Flowers town /17012/, Зайсангийн гудамж, 46Е байрны 00 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Х.Б-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хороолол, 32-р байрны 000 тоотхаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ИХ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар, тээврийн хэрэгслүүд болон шинээр бий болох хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн; /1хх 17-18, 32-40/

3.в.Улмаар зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 09 сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдлийг 650,000,000 төгрөгөөр тодорхойлж, 2013 оны 05 сарын 08-ны өдрийн ЗГ/91 тоот гэрээний 3.1.4 дэх заалтыг зээлийн хүү 18 хувь, жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно гэж, 3.1.6 дахь заалтыг зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл 36 сараар сунгах гэж тус тус өөрчлөлт оруулж, зээлийн хүү болон хугацааны нөхцөлийг өөрчилсөн. /1хх 19-20/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч нараас үндсэн зээл 506,580,978 төгрөг, зээлийн хүү 393,069,793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2 ширхэг орон сууц, конторын барилга, гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн байна.

 

6.   Харин анхан шатны шүүх Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шаардсан 36,998,210 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

6.а.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

6.б.Зээлийн эргэн төлөлтийн зөрчил нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байхаас гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулиар нэмэгдүүлсэн хүү-г зогсоох үүргийг Банкинд ногдуулаагүй байна.

 

7.   Мөн анхан шатны шүүх нэгж талбарын дугаар зөрүүтэй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. Учир нь:

7.а.Зохигч талууд дээрх эзэмших эрхтэй газар нь барьцааны зүйл мөн эсэх тухайд зохигч талууд маргаагүй.

7.б.Барьцааны гэрээ зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн; /1хх 17-18/

7.в.Хэргийн 40-р талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 37 дугаартай Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт-д Монголжодоо интэрнэшнл ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай 10,000 м.кв талбайтай газар нь Хаан банкны 2013 оны 05 сарын 08-ны зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй тухай дурдсан; /1хх 40/

7.г.Нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

8.   Өмнө дурдсанчлан, зээлийн эргэн төлөлтийн зөрчил нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байхаас гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулиар нэмэгдүүлсэн хүү-г зогсоох үүргийг Банкинд ногдуулаагүй тул ...нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр зээлийн хүү 393,069,793 төгрөгийг ч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

9.   Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн хүүгийн хэмжээг өөрчилж, хугацааг сунгасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ...Монгол банкнаас тогтоосон хүү, оролцогч банкны хүүний маржины дээд хязгаар нь жилийн 5,5 хувийн хүүтэй байтал үүнийг зөрчин жилийн 18 хувийн хүүтэй зээл олгож төрийн мөнгийг хууль бусаар ашиглаж зээлдэгч биднийг хохироосон... гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 34,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00686 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2019 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИХ ХХК, Г ХХК, Х.Б-, З.О-, Х.Г- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 936,648,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 34,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...гаражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...гаражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, тэдгээрийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...4,656,203 төгрөгийг... гэснийг ...4,841,195 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 413,141 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 2,123,299 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР