| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2019/0015/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/19 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-д холбогдох эрүүгийн 1838007520382 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Н.
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ... тоот хашаанд Х.Д-н зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж түүний толгойн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны .... тоот хашаанд Х.Дамдинсүрэнгийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж түүний толгойн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний хажууд сууж байгаад нэг удаа үнссэн. Тэгээд би та чинь ямар хаашаа юм бэ, юм уухаараа бөгс рүүгээ орчихдог дахиад ингэх юм бол зүгээр байхгүй шүү гэж хэлээд сандлаа хийж байсан сүүлийн хадаасаа хадах гээд сүх барьж байхад дахиад шууд хүчээр татаж аваад үнсэхээр нь чи одоо яах гээд байгаа юм бэ гээд сүхтэй гараараа угзарсан чинь өө муу яасан их хүн цохьдог гичий вэ гээд босч ирээд бариад авсан. Тэгээд бид хоёр газарт ноцолдож байхад толгойноос нь цус гараад явчихаар нь сандраад хүүхдийнхээ өмд цамцаар толгойг нь дарсан чинь цус тогтохгүй байхаар нь хар хурдаараа мотоцикльтой эмнэлэг ороод эмч дуудаж ирсэн. ...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Хатгал тосгоны төвд мотоциклийн маань боолт суларчихаар нь мотоциклийнхоо дугуйных нь боолтыг чангалах зорилгоор айлын хашааны үүдэнд түлхүүр багаж сурахаар очоод хашаа руу нь ороход Н хашаан дотроо жижигхэн хүүхдийнхээ хамт сандал хийсэн 1 лаазтай 0.5 литрийн пиво уусан сууж байсан. Би амар мэнд мэдээд аавыг нь таньдаг байснаа ярихад надад тэр пивоноосоо өгөөд пиво аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр ороод 1 лааз пиво авч өгөхөд миний авч өгсөн пивийг голоод байхаар нь дахин 2.5 литрийн пиво авч өгсөн. Би хүүхдэд нь идэх юм авч өгөөд буцаж Н-тай пиво хувааж уугаад ярилцаад сууж байхад намайг голоо нүдлээ гээд хэрүүл хийгээд байсан. Би Н-тай маргалдаагүй байж байхад хажууд сандал хийж байсан сүхээ аваад миний толгой руу сүхээрээ цавччихсан юм. Би тухайн үед ухаан орж гараад байсан. Миний толгойн цусыг даавуугаар тогтоож дараад би хүн алчихлаа гээд орилоод байсан. Удалгүй эмч ирээд үзлэг хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан ба Н эмнэлгийн машин дотор явж байхдаа намайг цавчсан гэж та битгий хэлээрэй түлээ хагалж байгаад сүх сугараад цохьчихсон гэж хэлээрэй гэхээр нь би эмч нарт тэгж хэлсэн юм. Тэгээд аймгийн эмнэлэгт ирээд болсон зүйлийг үнэнээр нь өөрийн охин Г-т хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Н намайг ямар шалтгааны улмаас цохьсон болохыг одоо болтол мэдэхгүй байна. ...Би эрүүл мэндээрээ их хохирлоо. Мөн эдийн засгаараа ч хохирлоо. Би толгойдоо цавчуулсны улмаас мартамхай болчихсон. Надад 3.500.000 орчим төгрөгийн зардал гараад байна. Цаашид бас хот орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. ...Би Н-г танина. Өмнө нь Хилэн гэх газарт загасанд явдаг байсан. Тэгээд нэг удаа намайг загасны гэдэс гаргаад өгөөч гэхээр нь тусалж байсан. Өөрөөр танихгүй. Тухайн үед Хатгалд хүнээс цэргийн он жав Г тэгээд Х-н хүүхдүүдийг асуусан чинь зааж өгөөгүй тэр хойшоогоо байдаг гэсэн. Тэгээд хүнээс асуугаад Н-ын гэрийг заалгаад гэрт нь очсон юм. Тухайн үед би мотоцикльтой явж байсан. Намайг хашаанд яваад ороход Н сандал хийгээд пиво уугаад хүүхэдтэйгээ сууж байсан юм. Тэгээд би тэр пивоноос нь уулцаад өөрт нь нэг лааз пиво авч өгсөн чинь голоо нүдээд нэг лааз пиво авч өглөө гэхээр нь тэгвэл гурвуулаа гаръя гээд хамт дэлгүүр ороод том пиво аваад өөртөө жижиг 200 граммтай архи аваад хүүхдэд нь жимс авч өгөөд хашаанд нь ирээд суусан. Тэгээд би мотоциклио хашаанд нь оруулж тавьчихаад нөгөө авсан юмаа хоёулаа хувааж уусан. Тухайн үед Н сандлаа хийгээд би хажууд нь суугаад юм яриад сууж байхад гаднаас нь дүү нь гээд нэг хүүхэн орж ирэхээр нь өө хандгай Х-н охин уу? аавыг чинь сайн танина гэж хэлсэн тэгээд гараад явсан. Тэгээд өөр залуу орж ирээд Н-тай юм яриад гараад явсан. Тэгээд тэнд бид хоёр сууж байгаад би Н-ыг татаад хацар дээр нь үнсчихсэн юм. Тухайн үед Н дургүйцээд сүхээрээ цохьчих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад нэг сэрсэн чинь Н миний толгойг даавуугаар дараад цусыг нь тогтоох гээд тогтохгүй болохоор нь өөрөө мотоцикльтой явж эмч дуудаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Хатгалын хүн эмнэлгээс залгаад аав чинь толгойдоо гэмтэл аваад манай эмнэлэг дээр байна, бид нар анхан шатны тусламж үзүүлсэн. Одоо аймаг руу авч явах шаардлагатай байна гэж ярьсан. Тэгээд 22 цагийн үед ирээд аймгийн эмнэлэгт хэвтүүлж цагдаагийн газарт дуудлага өгүүлсэн. ...би ааваас болсон зүйлийг асуухад Н гэдэг эмэгтэй хүнтэй хашаанд нь пиво ууж байгаад пиво дуусахаар нь манай аавыг пиво аваад ир гээд авчрахгүй болохоор нь толгой руу нь сүхээр цохьсон гэж байсан. Мөн Н аавыг цохисныхоо дараа би хүн алчихлаа гээд орилоод байсан гэж надад ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 17 цаг 20 минутанд манай эмнэлгийн жижүүрийн сувилагч У Н-ын хашаанд хүний бие муудсан гэж хэлсэн. Тэгээд би дуудлаганд алхаад очиход түлээнийх нь орон дээр 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтсэн байсан. Н хар өнгийн өмдөөр толгойг нь дарсан сууж байсан. Би Д-н толгойг харахад том оёдол тавихаар шарх байсан. Мөн тэр газраас нь их цус гарсан байхаар нь Ц эмчийг дуудаад эмнэлэг дээр хүргээд С, Ц бид гурав нийт 13 оёдлыг толгойных нь баруун талын чамархайн тус газар тавьсан ба тэр шарх нь зүсэгдсэн гүнзгий ясандаа хүрсэн шарх байсан. Н тухайн үед надад ярихдаа Д манайд түлээ хагалж байгаад сүх сугараад цохьсон гэж ярьсан. Д манай эмнэлэг дээр ирээд түлээ хагалж байгаад сүх сугараад цохьсон гэж ярьсан боловч аймгийн эмнэлэг дээр очоод архи нь гараад охиндоо Н намайг сүхээр цохьсон гэж ярьсан байсан. Тэгээд аймгийн эмнэлгээс цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой 17 цаг 20 минутанд гаднаас Н эмч байна уу дуудлага өгөх гэсэн юм гэж орж ирээд надаас асуухаар нь У сувилагчийг зааж өгсөн. Тэгээд 18 цагийн үед Ц эмч, П эмч хоёр гаднаас толгой нь цус болсон танихгүй хүн дагуулж орж ирсэн. Тэр хүн манай сумын хүн биш байсан ба өөрийгөө Д гэдэг гэж ярьсан. ...Ц эмч, П хоёр сүх нь ишнээсээ сугараад толгойг нь цохьсон гэж хэлсэн. Би дотроо сүх мултраад цохиход ийм болохгүй Н цохьсон байх гэж бодсон. Тэр шарх угаасаа л цавчуулсан маягтай шарх байсан. Тэр орой П эмч над руу утсаар яриад нөгөө хүнийг чинь Н сүхээр цохьсон гэнээ гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ч.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой 17 цаг 30 минутын орчим Ньчихлоо цус нь тогтохгүй байна гэж дуудлага өгсөн юм. Н-н хоёр гар нь цус болчихсон байсан. Би тухайн дуудлагыг тэр даруйд нь жижүүр эмч П-д мэдэгдсэн юм. Тэгээд би жижүүрээ С эмчид хүлээлгэж өгөөд явсан юм. Би өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би 15 цагийн үед байх Н-ын гэрээр ороод гарахад Н сандал хийгээд хажууд нь нэг танихгүй ногоон нүдтэй өвгөн “Касс” уугаад сууж байхаар нь та чинь ямар хүн бэ харь гэж хэлсэн чинь нөгөө өвгөн би хандгай Х-н охидуудыг танина шүү дээ гэж хэлээд та нар Хилэн гэдэг газар байдаг байсан, би та нарыг сайн танина гэж хэлсэн. Тэгээд та одоо яваарай гэж хэлээд би ажил руугаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Д нь шүүгдэгч Х.Н-тай 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгдэгчээс “эмчилгээний зардал 1.100.000 төгрөг, хайнагын бор тарлан үнээ буюу 1.200.000 төгрөг, сарлагын тугалтай үнээ буюу 1.200.000 төгрөгт тооцож авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, 5 настай хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007520382 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН