Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/11

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ч.Бямбажаргал,

Хохирогч Ц.Ж-,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч П.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ын С-д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт П-ын С, 

Шүүгдэгч П.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн өмчлөлийн Тоёота Королла маркийн 70-37 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7А дахь хэсэг, 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг зам дээр явганаар зорчиж байсан иргэн Ц.Ж-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7А дахь хэсэг, 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг зам дээр явганаар зорчиж байсан иргэн Ц.Ж-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад би гэртээ усаа авахаар усны тэргээ түрээд Дулаан хаан дэлгүүрийн цаана байдаг худаг дээр очиж усаа авсан. Тэгээд усаа аваад буцаж явтал өөдөөс цагаан өнгийн суудлын машин нэлээд хурдтай шороо манаргаж давхиж ирж байгаа харагдсан. Тэгтэл тэр машин миний өөдөөс чиглэж явсаар байгаад миний түрж явсан усны тэргийг ирж мөргөсөн. Тэгэхээр нь би тэргэндээ цохигдоод хойшоо унасан. Нэг мэдэхэд газарт хэвтэж байсан. Намайг мөргүүлээд унны дараа тэнд явж байсан хоёр хүүхэд эмнэлэг, цагдаа дуудсан байсан. Намайг мөргөсөн машин дотор хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн нийлсэн 4 хүн сууж байсан ч эмнэлэг цагдаа ирсэний дараа тэр хүмүүс машинаасаа бууж ирэхийг нь харахад тэр хүмүүс нэлээд согтуу байгаа бололтой байсан. Би машинд мөргүүлсэн тэр өдрөө аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж баруун талын бүдүүн гуяндаа 7 оёдол тавиулсан. Мөрөнгийн эмнэлгийнхэн намайг үзээд “зүгээр байна, зөөлөн эдийн гэмтэл байна” гээд байсан ч миний бие зүгээр болохгүй болохоор нь 2018 оны 9 дүгээр

сарын 30-ны өдрийн онгоцоор Улаанбаатар хот руу явж Гэмтэл согогын эмнэлэгт оношилгоо хийлгэсэн чинь зүүн талын 3-7 дугаар хавирга хугаралтай, зүүн ташааны аарцагны яс хугаралтай нь мэдэгдсэн. Тэгээд би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн...” /хх-н 19-21-р тал/

Гэрч Н.Б-й мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад би ээлжнээсээ буугаад ажлын газрын Бадамцэцэг, Хишигдүүрэн хоёрын хамт ажлаасаа гараад “жижүүрээс бууж байгаа юм чинь ганц юм уучих уу” гэх мэтээр тоглоом наргиан хийгээд явж байтал ажлынхаа газрын ойролцоо ажлынхаа Стэй тааралдсан. Тэгэхэд С өөрийнхөө Королла X маркийн машиныг унасан ганцаараа явж байсан. Стэй тааралдаад бид гурав машинд нь суугаад хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад бид дөрөв ярьж байгаад нэг шил архи авч уухаар болоод 13 дугаар хорооны Гангар супермаркет орж нэг шил 0.75 литрийн Соёрхол нэрт архи авсан. Бид дөрөв архи аваад дэлгүүрийнхээ ойрхон зогсоод авсан архиа хувааж уугаад талд нь орж байхад нь үлдсэн архиа Сийн гэрт очиж уухаар болоод хөдөлсөн. С машинаа унаад хөдөлсөн. 13 дугаар хороонд нэг гудамжны үзүүрээр эргэж байхад машины урд талын шил рүү ус цацраад юм мөргөх шиг болсон. Тэгээд машин зогсоод харахад нэг эмэгтэй хүн мөргүүлсэн бололтой газарт сууж байсан. С машинаас буугаад тэр хүнтэй юм ярьж байсан. Бадамцэцэг, Хишигдүүрэн бид гурав жагсаал хувцастай байсан болохоор машинаас буугаагүй. Тэгэж байтал цагдаа, эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг./хх-н 24-25-р тал/

Гэрч Д.Х-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Сийн гэрт очиж уухаар болоод хөдөлцгөөсөн. Хөдлөөд явж байхад ажлын газрын ард талын гудамжны зүүн үзүүрт явж байхад нэг юм мөргөх шиг болоод урд талын шил рүү ус цацарсан. Тэгтэл С “яанаа хүн мөргөчихлөө” гээд буусан. Бид гурав болохоор машины арын суудал дээр суусан. ...С хурдтай яваагүй, их л удаан явсан. Яг хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Миний барагцаагаар 20 км/цагийн хурдтай явсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “би ажлаасаа гарч явтал манай ажлын газрын хашааны гадуур С машинаа унасан явж байхаар нь гараа өргөж зогсоогоод Стэй уулзаад “яаралтай гэрт хүргэж өгөөч” гэсэн. Тэгэхэд Сийн машин дотор Билгүүн, Хишигдүүрэн, Бадамцэцэг нар арын суудал дээр нь суугаад явж байсан. Машин дөнгөж хөдлөөд л гудамжны үзүүрт нэг юм

мөргөх шиг болоод “түк” гэж дуугараад машин зогссон. Би “яасан бэ” гэсэн чинь “хүн мөргөчихлөө” гэсэн. Машин зогсохоор нь би машинаас буугаад Сэд “наад хүнээ хурдан эмнэлэг хүргэж өгөөрэй, цагдаа хурдан дуудаарай, би хүүхэд рүүгээ явахгүй бол болохгүй боллоо” гээд шууд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/

Гэрч М.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд ажлын газрын гудамж руу орж зогсоод архиа хувааж ууж байснаа архи талд орж байхад нь бид нар С ахын гэрт очиж үлдсэн архиа уухаар болоод хөдөлсөн. Хөдлөөд ажлын газрын урдуур явж байтал манай ажлын газрын Сэдэд ах гар өргөж зогсоогоод “хүүхдийн бие өвдөөд байна гэнэ, хүргээд өгөөч” гээд машины арын суудалд суусан. Сэдэд ахыг машинд суулгаад дөнгөж хөдлөөд явж байтал машин гэнэт зогсох шиг болохоор нь урагшаа харсан чинь урд талын шил рүү ус цацарсан байсан. Машин зогсонгуут С машинаасаа буугаад машины урд тал руу очоод тонгойгоод юм хийгээд байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би “хүн мөргөсөн юм байна” гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

Шүүгдэгч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 70-37 ХӨҮ улсын дугаартай Королла маркийн машинаар эхнэрээ ажилд нь хүргэж өгсөн. Тэгээд 13 дугаар хороонд байдаг ахынхаа гэрийг эргэчихээд ажлын газрынхаа урдуур өнгөрч явтал манай ажлын газрын Билгүүн, Хишигдүүрэн, Бадамцэцэг гурав явж байхтай нь тааралдаад тэр гурвыг машиндаа суулгасан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад “1 шил архи ууя” гэж ярилцаад Гангар дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Соёрхол нэрт архийг худалдаж аваад дэлгүүрийн ойрхон гудамжны үзүүрт зогсоод архиа уусан. Авсан архиныхаа талыг нь ууж байгаад би “үлдсэн архиа манайд очиж ууя” гэж хэлээд манайх руу явахаар хөдөлсөн. Би машинаа унаад явсан, нөгөө гурав машины арын суудалд суусан. Тэгээд явж байгаад 13 дугаар хороонд нэг гудамжны зүүн үзүүрт явж байхад нүдэнд хальт юм харагдахаар нь зогссон. Тэгсэн чинь машины урд цонх руу ус цацарсан. Тэгэхээр нь буугаад хартал нэг эгчийн гуянаас цус гарсан байдалтай газарт сууж байсан. Тэгэхээр нь би тэр эгчийг аваад “эмнэлэг явъя” гэсэн чинь тэр эгч “үгүй, би эмнэлэг, цагдаа ирэхээс нааш босохгүй” гээд босохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 475 дугаартай “Ц.Ж-ы биед баруун гуяны гадна дээд хэсэгт шарх, баруун долоовор хурууны өндөг, баруун алганы дунд хэсэг, баруун сарвууны ар

дээд хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, умдагны баруун хажуу хэсэг, умдагны үстэй хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн ташааны гадна дээд хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсгээс доод хэсэг хүртэл, зүүн шилбэний дотор дээд хэсэг, гадна дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. Ц.Ж-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн ээрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1162 дугаартай Хөвсгөл аймгийн ШША-ны шинжээч эмчийн 475 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Ц.Ж-ы биед баруун гуяны дээд хэсэгт шарх, дээд доод мөчид, умдагт цус хуралт, зүүн ташаа ясны шугаман хугарал, зүүн 3,4,5,6,7-р хавиргануудын суганы урд шугамаарх зөрөөгүй хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-44-р тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дугаартай : 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн хөрсөн замд хөдөлгөөнд оролцож явсан Тоёота Королла маркийн 70-37 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тухайн нөхцлийг зам тээврийн осол гэж үзэв. Жолооч П.С- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч Ц.Ж-ыг мөргөсөн үйлдэл гаргасан. Жолооч П.С- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.7А-Д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв... гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5-8-р тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р тал/, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 3-р тал/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 10-14-р тал/, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан тэмдэглэл /хх-ийн 15-р тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 101-р тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312 дугаартай шийтгэл хүчингүй болгох тухай шүүгчийн шийтгэвэр зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч П.С-ийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7А дахь хэсэг, 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, уг зам дээр явганаар зорчиж байсан иргэн Ц.Ж-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болгоомжгүй үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, зам тээврийн осол үүсгэсэн нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.С-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.С-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, 4.156.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.С-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгооомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.С-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн -дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.С-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.1,2.5,3.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.С-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4.156.000 /дөрвөн сая нэг зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Ж-д олгосугай.

6. Эрүүгийн 1838008370417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР