Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/14

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал

Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэ-Уулын А-эд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Э-ын А-,

Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хөлдөөгч, халуун тогоо, 10 литрийн бидон зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 969.400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн - сумын - тоотод оршин суух хохирогч Б.Б-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хөлдөөгч, халуун тогоо, халуун сав, будаа агшаагч, 25кг гурил, хөнжил, шаазан аяга, зурагтын станц, удирдлага, 14 инчийн зурагт, 10 литрийн бидон зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 969.400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан бөгөөд манай гэрт манай аав Бавуу хэсэг хугацаанд байж байгаад 7 дугаар сарын 02-ны өдөр гэр түгжээд сум руугаа хөдөө гэр лүүгээ явсан… Тэгээд би өнөө өглөө буюу 8 дугаар сарын 03-ны өглөө хотоос ирээд гэртээ ортол хаалганы цоожийг эвдэж газарт унагасан байдалтай хаалга онгорхой байсан. Тэгээд гэрт ороход авдар сав, эд зүйлийг онгичоод эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгч, цагдаагаас хүмүүс ирж хэргийн газарт үзлэг хийсэн дараа юмнуудаа бүртгэсэн. ...Эд зүйлүүдээ бүртгэхэд дараах эд зүйлүүд алдагдсан байсан. Үүнд: 2 жилийн өмнө шинээр нь 600.000 төгрөгөөр авч байсан шар өнгийн 2 хаалгатай хөргөгч, ноднин 20.000 төгрөгөөр худалдаж авсан 14 инчийн Sony маркийн өнгөт зурагт, 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан цагаан өнгөтэй Тод кабелын телевизийн станц, 10.000 төгрөгийн үнэ бүхий удирдлага, 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан ногоон өнгөтэй, шар залгууртай 6 литрийн халуун тогоо, 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан боронзон шар өнгөтэй 2 литрийн халуун сав, 35.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн 4 литрийн будаа агшаагч

, 27.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг-ын бүтэн шуудайтай гурил , 40 төгрөгөөр үнэлэх ууттай хөнжил, 1 ширхэг нь 600 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг шаазан аяга зэргийг тус тус авсан байсан. Намайг гэртээ байж байхад миний танил хүн болох Эрдэнэчимэг нь манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би манай гэрт хулгай орсон байна гээд алдагдсан зүйлүүдээ хэлсэн чинь “ Батсайханыд танайхаас алдагдсан шар хөлдөөгчтэй чинь адил шар хөлдөөгч байна лээ, чи очиж үзээч” гэхээр нь очиж үзэхэд байшингийнхаа мухрын өрөөнд тавьчихсан байхаар нь уг өрөөний завсраар хальт харчихаад хэн авчирч өгсөн талаар асуухад С гэх хүн усны тэргэн дээр түрж ирээд “хямдхан авчих” гээд бүгдийг нь 150.000 төгрөгөөр зарчхаад явсан гэж байсан. Надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-26 дугаар тал/,

Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Намайг Мөрөн сумын 1-38-18 тоотод гэртээ байхад манайхаас арагшаа 2 гудамжны үзүүрийн хаалганд байдаг зүс таних Эрдэнэ-Уулын А- буюу С нэг танихгүй залуутай хамт шар хөлдөөгч, ногоон халуун тогоо ягаан будаа агшаагч, халуун сав, 10-ын бидон зэрэг эд зүйл барьж ирээд “мөнгөний хэрэг болоод байна” гээд “авах уу” гэхээр нь би нийлүүлээд 180.000 төгрөг өгөөд авсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа манай ар тал руу нөгөө Сгийн гэрийн ойролцоо хөрш байдаг Б, Чимгээ нар ирээд “танайд С баахан юм авч ирж зарсан уу энэ танайд байгаа хөлдөөгч юмнууд манай алдсан зүйлүүд байна” гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд удалгүй Л.Мөнхбаатар гээд цагдаатай ирж нөгөө Сгийн зарсан эд зүйлүүдийг аваад явсан… Тухайн үед С буюу А- нь надад хандаж “гэрийнхээ эд зүйлийг авч явна, барьцаанд тавьчхаад ээжийг ирэхээр авчихъя. Цагдаа дээр асуудалтай болчихсон. Хохирлоо барагдуулъя” гэж хэлээд авч байсан. ... Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад С 180.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 дугаар тал/,

Шүүгдэгч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн: 2017 оны 7 дугаар сарын сүүлээр байсан санагдана. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-28-01 тоотод байрлах гэртээ байж байгаад архи уумаар санагдаад архины мөнгө олдохгүй байхаар нь хажуу айлынхаа хашаа руу ортол жижиг шавар байшин нь цоожтой байхаар нь чулуугаар цохиж эвдээд байшин руу нь ороод хөлдөөгч, халуун тогоо, 10 литрийн бидон, зурагтын станц болон бусад зүйлийг аваад байшингийнх нь гадаа тавиад буцаад өөрийнхөө хашаа руу ороод усны тэргээ аваад

хулгай хийсэн хөлдөөгчөө усны тэргэн дээрээ тавиад бусад авсан зүйлүүдээ хөлдөөгчин дотроо хийгээд хашаанаас нь гарч яваад Нямка буюу Нямдоржтой таарсан. Тэгээд Батсайхан гэх хүний гэрт нь очоод түүний Жүгдэрмаа гэх хүнд 180.000 төгрөгөөр бүгдийг худалдан борлуулсан. ...Намайг таньдаг хүмүүс намайг С гэж дууддаг. Архины мөнгө олох гэж хулгай хийсэн… Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхийг шахаж шаардсан, хамтран оролцсон хүн байхгүй. Би хулгай хийхдээ ямар нэг багаж хэрэгсэл ашиглаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг минь хөнгөнөөр шийдэж өгнө үү ... ” гэх мэдүүлэг / 31-32, 46-47 дугаар тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 15-16 дугаар тал/,шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-62 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Э.А-ийн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн - сумын - тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хөлдөөгч, халуун тогоо, халуун сав, будаа агшаагч, 25кг гурил, хөнжил, шаазан аяга, зурагтын станц, удирдлага, 14 инчийн зурагт, 10 литрийн бидон зэрэг эд зүйлүүдийг хууль бусаар авсан үйлдэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргахгүй байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б-, гэрч Д.Жүгдэрмаа нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Э.А-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.А- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738001120405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 54 хоногийг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Э.А-г1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Э.А-н цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1738001120405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР