Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2023/00019

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

  Мын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00198 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Ад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 28,743,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Эд хөрөнгийн үнэ 22,164,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Аын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, хариуцагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ 1.1. ... А нь ... энэтхэгчүүдтэй ажлын гэрээгээ хийчихлээ гээд намайг 30 сая төгрөг гаргаад компанийн цэвэр ашгийн 50 хувийг ав харин ажлын явцад хамтарч ажиллах гэрээгээ хийе чиний гаргасан 30 сая төгрөгийг чинь ажлын гүйцэтгэлийн эхний ашгаас буцааж өгье гэж хэлэхэд нь би тохиролцсон. ... 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр эхлээд эхнэрийн данснаас 30 гаран сая төгрөгийг тав таван саяар өөрийн дансанд хуваан авч ажлаа хийж эхэлсэн.

1.2. ... А, Б хоёр Хатанбулаг Хөвсгөл сумруу даатгалын ажлаараа 7 хоног томилолтоор явж,... бүх ажил үүргээ даатгасан. ... 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүх техник бараа багаж, хоол хүнс, хүн хүчээ аваад ажлын байран дээрээ очсон бай гэсний дагуу би бүх ажлыг хийсэн. ... Иймээс би хамтарч ажиллах гэрээгээ хийе гэсэн боловч зөвшөөрөөгүй. ... би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр худалдаж авсан портер дээр ачаатай байсан генераторыг авч Сайншандруу унаж ирсэн маргааш нь бид уулзахад хамтран ажиллах гэрээ хийгээгүй учир би гаргасан мөнгөө авахаар болоод 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд миний мөнгийг гаргаж өгье гээд нотариатаар батлуулсан бичиг баримт үйлдсэн. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр портер генераторыг өгч явуулсан. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 19-нд 5,000,000 төгрөгийг миний дансруу хийсэн энэ өдрөө надруу залгаад хоёр портероо энэтхэгчүүдэд түрээсэлж байгаа жолооч хэрэгтэй байна. Эндээс олсон ашгаараа чиний үлдсэн мөнгийг бүрэн төлж барагдуулъя гэхэд нь би дахин итгэж хоёр дүүгээ ахин жолоочоор явуулсан. 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн машин ажиллуулж ажил бүр мөсөн дууссан боловч одоог хүртэл миний үлдэгдэл мөнгө болох 25,543,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.3. Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 сар “***” ХХК-нд ажилласан хөлсөнд 3,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байна.

1.4. Мөн 2022 оны 10 дугаар сарын 25-нд нэг портерт нь халаагч тос масло нийт 200,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн, гэрч байгаа болно. Иймээс миний нэхэмжлэлийн шаардлага болох 28,743,00 төгрөгийг иргэн Ааас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Аын тайлбар, татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “...  28,743,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. ... Дээрх нэхэмжилж байгаа зарим эд зүйл нь Мад байгаа болно. Тухайлбал Портер *** ДГА машин, гэр бүрэн тоноглолтой, бусад хоолны болон хэрэгцээний эд зүйлүүд байгаа юм. Нэхэмжлэгчийн өөрөөсөө мөнгө гаргаж худалдаж авсан гэх зарим эд зүйлийн нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж болно. Мтай ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд М нь ямар нэг байдлаар хамтран ажиллаагүй болно. ...М нь тус компанид ямар нэгэн ажил эрхлээгүй бөгөөд хааяа нэг очиж ажилчидтай уулзаж байсан байх. Иймд Мад ажлын хөлс болох 3 сая төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч М нь 28 сая төгрөг нэхэмжилж байгаа бол Мад байгаа автомашин, гэр бусад одоо байгаа эд хөрөнгийг зарж борлуулах, захиран зарцуулахгүй байх шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. Эдгээр ... 30,982,770 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нэхэмжлэх болно. Мөн нэг портерт засвар ... үйлчилгээг хэний зөвшөөрлөөр хийсэн эсэх, ямар үйлчилгээ хийснээ нотлох баримтаар нотолж байж нэхэмжлэх нь зүйтэй байна.” гэжээ.

 

3. Хариуцагч Аын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...миний өмчлөлийн 17 төрлийн 22,164,000 төгрөгийн эд зүйлийг М нь өөрийн эзэмшилд авч ашиглаж байгаа болно. ... Иймд өөрийн эзэмшлийн хөрөнгө хэвийн бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй байх тул үнэ өртгийг мөнгөөр тооцож нэхэмжилж байна.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Мын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар,  татгалзал, түүний үндэслэлийн агуулга:  “...М миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аын нэхэмжлээд байгаа эд хөрөнгөнүүд бүгд биет байдлаараа ямар нэгэн гэмтэлгүй бүрэн бүтэн байгаа. ... Би хүний эд хөрөнгүүдийг ил задгай хаяад алга болчихвий гэж бодоод Сайншанд сумын 7 дугаар баг 116-07 тоотод байх Д гэх айлын гражид гуйж хийсэн. ... Гражийн эзэн Д энэ эд зүйлсээ авч, манай гражийг суллаж өг гээд байхаар нь Аруу яриад юмаа ав гэсэн боловч одоо болтол авахгүй байгаа. А нь өөрөө эд зүйлсээ авахгүй байж Маас надаас үнийн дүнг гаргуулна хэмээн нэхэмжилж байгаа нь хууль бус, үндэслэлгүй юм. ... Мөн А нь надаас огт байгаагүй 380 цахилгааны утас, гриндер, таслагч савхин бээлий, кабель утас, данкрат, гриндрийн ир, дочел, зүлгүүр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. А нь худлаа зүйл ярьж, нэхэмжлэл гаргаж, санаатайгаар цаг хугацаа хожиж, хэргийг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаад гомдолтой байна. Аын дээрх эд зүйлсүүд нь надад огт байхгүй, надад хэрэггүй, би авсан зүйлгүй, миний эзэмшилд огт байхгүй, би Аын эд хөрөнгийг эзэмшээгүй болно. Харин би өөрийн данснаас бэлнээр гарсан 28,743,000 төгрөгийг яаралтай гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ааас 24,743,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мад олгож, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Маас нэхэмжилсэн хариуцагч Аын 22,164,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Маас улсын тэмдэгтийн хураамжид 301,665 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ааас 281,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мад олгож, хариуцагч Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

 

Нэхэмжлэгч Мын эзэмшилд байгаа эд зүйлийг хариуцагч Ад хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Аын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... Нэхэмжлэгч М нь гагнуурчин н.Год 2022 оны 05 дугаар сарын 24 өдөр 5 сая төгрөгийг “зээл” гэсэн утгаар шилжүүлсэн байдаг. Гэвч нь н.Г нь ажил хийгээгүй. Хэрэв Мтай зөвхөн зээлийн гэрээ байгуулж үйл ажиллагаанд оролцуулаагүй байсан бол үүнийг хариуцагч хариуцах билээ. Гэтэл н.Г нь үйл ажиллагаанд оролцож хамтран ажиллаж байсан учраас Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-р хэсэгт заасны дагуу талууд хамтран хариуцах нь зүйтэй юм. Учир нь зээлдүүлэгч ба хамтрагч нь нэг этгээд тул 6,500,000 төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Нөгөө талаар “зээл” гэдэг үгийн утгыг шууд ойлговол М нь н.Гоос шаардах эрхтэй байна.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх 17 нэр төрлийн хөрөнгөө шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 106.1, 106.2-т зааснаар мөнгө шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Хэдийгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Мын эзэмшилд байгаа эд зүйлсийг хариуцагчид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрдөггүй эд хөрөнгийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, Мын эзэмшилд ямар эд хөрөнгө байгаа талаар нарийвчлан тогтоолгүй шийдвэрлэсэн.

6.3. Энэ хэрэгт хариуцагч миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д нь урьд өмнө нь нэхэмжлэгчид яг энэ хэрэгтэй холбоотойгоор хууль зүйн зөвлөгөө өгч байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “Би Д гэх хүнээс зөвлөгөө авч анх энэ 30,000,000 төгрөгийн нотариатаар батлуулсан баримтаа олж авч байсан” гэж дурдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ нөхцөл байдлаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчим огт хэрэгжээгүй гэж үзэж байна. Хуульч, өмгөөлөгч нь Иргэний хуулийн итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ч хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйн дүрмийг чанд сахих ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчид зөвлөгөө өгөөд эргээд тэр зөвлөгөөгөө няцаана гэж байж боломгүй.

6.4. Монгол Улсад тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг түүний улсын бүртгэлд дурдагдсан этгээд хүлээдэг бөгөөд нэхэмжлэлийн хүрээнд үнэ өртөг нь багтсан 6,600,000 төгрөгөөр худалдаж авсан *** ДГА улсын дугаартай портер машиныг хэний нэр дээр бүртгэлтэй гэдгийг анхан шатны шүүх тогтоогоогүй бөгөөд үнийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож шийдвэрлэсэн. Гэтэл бодит байдал дээр энэ машин нь нэхэмжлэгч Мын нэр дээр байдаг гэх боловч нэхэмжлэгч тал энэ тал дээр нэг ч удаа дурддаггүй. Энэ машины өмчлөгчийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа тайлбар хэргийн баримтад огт байдаггүй. Хэрэв дурдагдсан бол үндсэн нэхэмжлэлийн хэмжээ болон сөрөг нэхэмжлэлийг хангахад нөлөөтэй гэж үзэж байна. Энэ машины талаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлэх зарчмыг баримтлаагүй. Давж заалдах болон хяналтын шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна.

6.5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан, нэг нотлох баримтыг нөгөө нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн тухай дүгнэлтээ шүүхийн шийдвэрт заавал дурдах ёстой атал анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй байдаг. Тухайлбал, гэрч Б нэхэмжлэгч М нарын тайлбар, мэдүүлэг хоорондоо зөрүүтэй бөгөөд хэрхэн няцаасан нь тодорхойгүй байна. Мөн Аын 2022 оны 07 дугаар сарын 09 өдөр 600,000 төгрөгийн зээл төлсөн баримт /хх 23/, 2022 оны 09 дүгээр сарын 27 өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт нэхэмжлэгч гагнуурын хэрэгсэл гриндерийг огт байгаагүй гэдэг боловч хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтад гриндерийг 90,000, 121,000, 150,000 төгрөг гэж тус тус тэмдэглэсэн /хх 55-58/ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, мөн хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв. 

 

7. Нэхэмжлэгч Мын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “7.1. ... Нөхөр нь ... зээл гээд шилжүүлчих гэсэн үүднээс би зээл гэж шилжүүлсэн юм. Тэгээд Г гэдэг хүн тэнд 2 сар ажилласан, олон хүн батална. 6,500,000 төгрөгөөс давуулж ажлаа хийсэн гэдэгт би итгэлтэй байна.

7.2. *** ДГА улсын дугаартай портер автомашиныг ажил эхлэхэд ав гэж хэлсэн би авч байсан. Энэ хоёр хүн эзгүй өөр ажлаар явсан хойгуур ажлыг би анх эхлүүлсэн. Ингээд өөрийнхөө нэр дээр авахаас ямар ч аргагүй болсон. Би Дорноговиос хоёр портер, хоёр гэр болон хойно байгаа улаан өнгийн крантай автомашиныг 9,000,000 төгрөгөөр түрээслүүл гэж хэлсэн баримт нь байна. Одоо энэ автомашинаа өөр дээрээ шилжүүлээд аваад зараад миний мөнгийг бушуухан өг гэж жил энэ хүнээс гуйж, хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. ... Бүх баримт нь зурагтайгаа байгаа гражид хүлээлгэн өгсөн баримт бичиг байна.

7.3. Зөрчлийн талаар гээд байгаа 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа энэ нь баримт нотолгоотой зүйл. Миний дансны хуулга дээр байгаа. Надаас эхэлж 500,000 төгрөг шилжүүлчих би хэд хоногийн дараа өгье гэхэд би шилжүүлсэн. Дараа нь миний төрсөн өдрөөр буюу 07 дугаар сарын 09-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд 100,000 төгрөг илүү орсон байна гэхэд 100,000 төгрөг нь чиний төрсөн өдрийн бэлэг, хамтарч ажиллахад чи их мөнгө гаргасан, их ажил хийсэн тул би чамд бэлэглэж байна гэсэн. Тэгээд энэ хүн сүүлд нь надаас 600,000 төгрөг аваагүй гэж худлаа хэлж, энэ мөнгөө хасах талаар ярьсан байсан. Гриндерүүд гээд бичсэн байгаа энэ зүйлсийг тэнд зунжин ажил хийсэн юм чинь тэнд эвдрэл гэмтэл гарна. Очоод нүүлгээд ав гэхэд тэнд юу ч байхгүй, ажилчид нь байхгүй байсан. Бүх зүйл байхгүй болсны дараа над руу бухаад сүүлд нь надаас нэхэмжилсэн байдаг. Эвдэрхий буйдангаа хүртэл 2,800,000 гээд надаас нэхэмжилсэн байдаг.

7.4. ... Би олон өмгөөлөгчтэй уулзсан. Яаж энэ хүнээс мөнгөө авах талаар нэхэмжлэгчтэй аман гэрээ хийсэн. Бичгээр гэрээ хийе гэсэн чинь энэ хүн шүүхээр шийдвэрлүүлж аваарай гэсэн. Ингээд би гурван өмгөөлөгч дээр очихдоо дандаа мөнгө төлсөн. ... Би бүх зүйлээ ярьсан чинь хамгийн гол нь чи энэ хүнээс нотариатаар батлуулсан гэрээ гаргаж ав гэж гурван өмгөөлөгч хэлсэн. Ингээд хариуцагч тал Д өмгөөлөгчийг итгэмжлэлээр авсан байсныг би мэдээгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ааас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

1. Нэхэмжлэгч Маас  хариуцагч Ад холбогдуулж “ ... хамтарч ажиллах гэрээгээ хийе гэсэн боловч зөвшөөрөөгүй тул би гаргасан мөнгөө авахаар болсон ба 2022 оны 09 дүгээр сарын 19-нд 5,000,000 төгрөгийг авсан, ... үлдэгдэл мөнгө болох 25,543,000 төгрөг,  2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 сар “***” ХХК-нд ажилласан хөлсөнд 3,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-нд нэг портерт халаагч тос масло, засвар үйлчилгээ хийсний төлбөрт 200,000 төгрөг, бүгд 28,743,000 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Ааас “... Дээрх нэхэмжилж байгаа зарим эд зүйл нь Мад байгаа, ... Мтай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд М нь ямар нэг байдлаар хамтран ажиллаагүй ...  М нь тус компанид ямар нэгэн ажил эрхлээгүй тул ажлын хөлс 3 сая төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй ... мөн нэг портерт засвар үйлчилгээг хэний зөвшөөрлөөр хийсэн эсэх, ямар үйлчилгээ хийснээ нотлох баримтаар нотолж байж нэхэмжлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Хариуцагч Ааас нэхэмжлэгч Мад холбогдуулан “ ... миний өмчлөлийн 17 төрлийн 22,164,000 төгрөгийн эд зүйлийг М нь өөрийн эзэмшилд авч ашиглаж байгаа болно. Иймд ... эд хөрөнгийн үнэ 22,164,000 төгрөгийг ... мөнгөөр тооцож нэхэмжилж байна” гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

4. Нэхэмжлэгч М “... 2022 оны 11 сарын 1-ны өдөр А над руу яриад Алтанширээ сумын Хөөврийн говь гэх газар байгаа манай компанийн 2 гэр, 2 машин болон бусад эд зүйлсүүдийг аваад ирээч гэж гуйсан, би гуйлтынх нь дагуу эд зүйлүүдийг авчираад хаана хийх вэ гэхэд надад хийх газар алга, чи аргалаад нэг газар хийчих, би удахгүй авна гэсэн ... эд зүйлүүдийг Д гэх айлын гражид гуйж хийсэн. Аын эд зүйлс одоо хүртэл тэр айлын гражид байгаа, гражийн эзэн гражийг суллаж өг гэдэг, Ад юмаа аваа гэсэн боловч одоо болтол авахгүй байгаа, ... А өөрөө юмаа авахгүй байж надаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Маас хөрөнгө оруулалтад гаргасан мөнгөний үлдэгдэл болох 24,743,000 төгрөгийг хариуцагч Ааас гаргуулж нэхэмжлэгч Мад олгох, нэхэмжлэлээс ажлын хөлсөнд нэхэмжилсэн 3,000,000 төгрөг, хариуцагчаас өгсөн 1,000,000 төгрөг бүгд 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Ааас гаргасан 22,164,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэсэн.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч А эс зөвшөөрч “ ... анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Маас Год зээлсэн 5000,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн, *** ДГА улсын дугаартай “Портер” маркийн автомашины өмчлөгчөөр М байгаа учир надаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй,  ... анхан шатны шүүхэд намайг төлөөлж оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д  урьд нь нэхэмжлэгч Мад зөвлөгөө өгсөн байж дараа нь миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан нь миний эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... нэхэмжлэгчийн зөвшөөрдөггүй эд хөрөнгийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, Мын эзэмшилд ямар эд хөрөнгө байгаа талаар нарийвчлан тогтоогоогүй ...“ гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан.

 

7. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар болон зохигчдын тайлбараар “***” ХХК нь газрын тосны үйлдвэрийн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа Энэтхэг улсын “***” компанитай шугам хоолойн гагнуурын ажил үйлчилгээг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хөөврийн говь гэх газарт хийхээр гэрээ байгуулсантай холбоотойгоор хариуцагч А болон түүний нөхөр Б нар нь уг ажлыг хийх зорилгоор нэхэмжлэгч Мтай хамтран ажиллах, хөрөнгө оруулах санал тавьж, улмаар уг саналыг нэхэмжлэгч М зөвшөөрч өөрөөсөө тодорхой хөрөнгийг гаргаж, А, Б нарын даалгаснаар шугам хоолойн гагнуурын ажил явуулахад шаардлагатай ажилчдын байрлах гэр, портер автомашин, түрээсээр ажиллах крантай автомашиныг олж урьдчилгаа төлбөрийг төлж ажиллуулах, туслах ажилтан, тогооч нарыг авч, ажилчдын урьдчилгаа цалинг олгох, ажилчдын хоолны материалын болон автомашинуудын ажиллах бензин тосны зардлыг гаргах зэрэгт зарцуулсан боловч зохигчдын хооронд таарамжгүй харилцаа үүсч, хамтын үйл ажиллагаа явуулаагүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

8. Хэргийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэхэд зохигчид анх  ашиг олох зорилгоор нэхэмжлэгч хөрөнгөөрөө, хариуцагч үйл ажиллагаагаараа хамтран ажиллахаар амаар тохиролцсон боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “…хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг  хүлээнэ” гэсэн хамтран ажиллах гэрээний агуулга, шаардлагад талуудын хүсэл зориг нийцээгүй, тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байна.

Гэвч  хариуцагч Аын буюу “***” ХХК нь Энэтхэг улсын “***” компанитай шугам хоолойн гагнуурын ажил үйлчилгээ хийхээр байгуулсан гэрээний дагуу ажил үйлчилгээг эхлүүлэх шаардлагатай эхний хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч М гаргаж, ажлаа эхлүүлсэн,   30,543,000 төгрөг хөрөнгө оруулалтад зарцуулагдсан  болохыг талууд харилцан зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбар, “***” ХХК-ны  “...Маас 30,543,000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар зээлсэн, мөнгийг 10 дугаар сарын 01-ны дотор мөнгөн дүнгээр төлж барагдуулна” гэсэн агуулга бүхий албан бичиг /хх 12/, нэхэмжлэгчээс 30,543,000 төгрөг гарч зарцуулагдсан тухай түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-31/, хөрөнгө оруулалтад гаргасан хөрөнгийн зарцуулалтын тухай Мын гараар бичсэн тэмдэглэл /хх 54-58/, хөрөнгө оруулалтаар авсан гэр, автомашин, бусад ахуйн хэрэглээний эд зүйлүүд нь бэлнээрээ байгаа тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх 46-47/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Иймд  энэхүү нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхээс зохигчдын хооронд 30,543,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь “ …зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй иж төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэнд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлсон гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

8.1. Анхан шатны шүүх энэхүү зээлийн гэрээний үүргийг дүгнэхдээ буюу зээлийн тооцооллыг хийхдээ нэхэмжлэгч М  нь зээлээс буюу 30,543,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 19-нд авсан, үлдэгдэл 25,543,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг, машинд тос, масло засвар үйлчилгээ хийсэн зардал 200,000 төгрөг, нийт 28,743,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд талууд хөлс төлөх талаар тохиролцоогүй тул 3,000,000 төгрөгийг, хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 08-нд “...ажилчдын цалинд” гэж Ааас 6,000,000 төгрөг шилжүүлсний 1,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгч М хэрэглэсэн “ гэж үзэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь үндэслэл бүхий болсон, энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй.

 

8.2. Харин нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  портер автомашинд тос масло, засвар үйлчилгээ хийсэн гэх 200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хянаж үзвэл анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ч портер маркийн автомашинд масло халаагч тос 200,000 төгрөгөөр хийсэн нь түүний гараар бичсэн тэмдэглэл /хх 58/-д тэмдэглэгдсэнээс  үзэхэд уг зардал нь нэхэмжлэгчээс гаргасан зардалд хамаарч байгаа буюу хангаж шийдвэрлэсэн 24,743,000 төгрөгийн тооцоонд багтсан байна.

 

8.3. Түүнчлэн хариуцагчаас анхан шатны шүүхийн дээрх тооцооллыг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байх ба гомдолд дурдсанчлан нэхэмжлэгч Маас “Г” гэгчид 2022 оны 05 дугаар сарын 24-нд  “… зээл... “ гэж шилжүүлсэн 5,000,000 төгрөг /хх 15/ нь хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн 30,543,000 төгрөгийн тооцоонд орж тооцогдсон, уг хүнийг хариуцагч талаас үйл ажиллагаандаа гагнуурчнаар ажиллуулахаар санал болгосноор гагнуурчнаар ажиллуулсан боловч хэдий хэмжээний хөлс төлөх талаар тохиролцсон болохыг зохигчид нотлоогүй ч нэхэмжлэгч түүнд хариуцагчийн даалгаснаар уг 5,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд төлсөн болох нь  зохигчдын тайлбар болон гэрч Б /хх 94-96/, Т.Номинцэцэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хх 116-118/ нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас гагнуурчин Год төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй.

 

8.4. Мөн гомдолд дурдсан автомашины хувьд хариуцагч Аын зүгээс “ …уг автомашины өмчлөгч нь М тул автомашиныг Мад үлдээж, үнэ болох 6,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна …” гэж,  нэхэмжлэгч Мын зүгээс “ …уг автомашин Аын ажил үйлчилгээнд хэрэглэх зорилгоор өөрийнх нь зөвшөөрснөөр авч хэрэглэсэн, ажил эхлэх үед А нар өөрсдөө байгаагүй учир арга буюу би өөрийн нэр дээр автомашиныг бүртгүүлсэн, ажил дуусаад айлын гражид өөрийнх нь зөвшөөрснөөр аваачиж тавьсан, өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд машинаа ав гэдгийг хэлдэг боловч өөрсдөө шилжүүлж аваагүй” гэж тус тус маргасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд *** ДГА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг шугам хоолойг гагнах ажил үйлчилгээнд хэрэглэх зорилгоор нэхэмжлэгч Мын хөрөнгөөр худалдан авч үйл ажиллагаанд хэрэглэсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг зохигчдоос гаргаж ирүүлээгүй боловч улсын бүртгэлд уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч М бүртгэгдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хариуцагч Ад хадгалагдаж байгаа талаар маргаагүй байна.

 

 Иймээс уг тээврийн хэрэгсэл нь өмчлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч хариуцагч Аын буюу “***” ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээний дагуу шугам хоолойн гагнуурын ажил үйлчилгээ хийхэд зориулан худалдан авч уг үйл ажилд хэрэглэсэн болох нь тогтоогдсон, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нийт үүрэг 30,543,000 төгрөгийн тооцоонд багтсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А уг тээврийн хэрэгслийг худалдан авсан 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзаагүй болно.

 

Хариуцагч А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг тээврийн хэрэгслийг чанарын шаардлага хангахгүй, ердийн элэгдэл хорогдлоос дордуулсан, тоносон байсан гэж дурдсан боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

Шүүхээс талуудын хамтын үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилго хэрэгжээгүй, энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй буюу уг шугам хоолойн гагнуурын ажил үйлчилгээг хийж хэдэн төгрөгийн орлого олсон, үүнээс ашиг, алдагдал гарсан эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэхүү нөхцөл байдлыг нотлоогүй, улмаар тэрээр анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хамтран ажиллаагүй талаар дурдсан, нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалтад зориулж гарсан зардал нийт 30,543,00 төгрөгийг хариуцагч төлөхөө бичгээр илэрхийлж байсан зэргээс тэдний хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул уг тээврийн хэрэгслийг хамтын үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгө гэж үзэж хуваарилах буюу нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээх үндэслэлгүй юм.

 

9. Хариуцагч Ааас гаргасан сөрөг нэхэмжлэлд шугам хоолойн гагнуурын ажил үйлчилгээнд хэрэглэсэн 17 нэр төрлийн 22,164,000 төгрөгийн эд зүйлүүд Мын эзэмшилд байгаа гэсэн үндэслэлээр түүний үнэ өртгийг мөнгөөр тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “…өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”-г заасан.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзвэл хариуцагч хөрөнгөө буцаан шаардах, үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх үүрэгтэй байдаг.

 

9.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг буцаан өгөхөөс татгалзаагүй бөгөөд хариуцагч Аын өөрийн хүсэлтийг үндэслэн автомашин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний зүйлүүдийг нэхэмжлэгч М  Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хөөврийн говь гэх газраас ачиж авчираад Сайншанд сумын 7-р баг, 116-07 тоотод байх Д гэх айлын гражид хадгалж байгаа талаар тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, мөн эд зүйлүүдээ авах талаар нэхэмжлэгч нь хариуцагчид цахим захидал бичиж байсан /мессеж/  /хх 76/, эд зүйлүүдийн гэрэл зураг /хх 46-47/ зэрэг нь хэрэгт авагдсан байх ба гагцхүү хариуцагч нь эд зүйлийн үнийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ  чанарын шаардлага хангахгүй болсон гэжээ.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авсан, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал болон эд зүйлүүдийг чанар байдлын улмаас буцаан өгөх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс эд зүйлийн үнийг гаргуулах үндэслэлгүй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

 Өөрөөр хэлбэл хариуцагч А эд зүйлүүдээ өөрөө хүлээж аваагүй ба ийнхүү эд хөрөнгөө хүлээж аваагүй үндэслэл, шалтгаанаа нотлоогүй тул  эд зүйлийг мөнгөөр үнэлж 22,164,000 төгрөг гаргуулахыг хүссэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

9.2. Түүнчлэн хариуцагч давж заалдсан гомдолдоо “...нэхэмжлэгчийн зөвшөөрдөггүй эд хөрөнгийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, Мын эзэмшилд ямар эд хөрөнгө байгаа талаар нарийвчлан тогтоогоогүй ...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхийг заасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Энэ нь хариуцагч А нь нэхэмжлэгч Мын эзэмшилд байгаа гэх эд хөрөнгийн хувьд шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд харин шүүхээс энэ эрхийг хангах, нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй  тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтыг шүүх бүрдүүлдэг ба тийм нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

 

Тодруулбал зохигчдын тайлбараар нэхэмжлэгч тухайн эд зүйлүүдийг буцаан өгөхөөс татгалзаагүй ба хариуцагч нэхэмжилсэн эд хөрөнгөө буцаан аваагүй нөхцөл байдал тогтоогдсоноос өөрөөр дээрх сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө нэр төрлөөрөө нэхэмжлэгчийн эзэмшилд бүрэн бүтэн байгаа эсэх нөхцөл байдлыг  буюу энэхүү шаардлага, үндэслэлээ хариуцагч нотлоогүй тул энэ тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар тухайн үйл баримтыг тогтоож, дүгнэх боломжгүй, улмаар энэ талаарх давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

9.3. Харин анхан шатны шүүх хариуцагч Аын сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “ ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан боловч мөнгө шаардах эрхтэй гэж заагаагүй байна “ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан боловч энэ нь шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-167.1.5-д тус тус зааснаар нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

10. Хариуцагч А нь давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дд өөрийгөө итгэмжлэлээр төлөөлүүлсэн боловч давж заалдах шатны шүүхийн шатанд төлөөлүүлэгчээсээ татгалзсан үндэслэлээ Д урьд нь Мад зөвлөгөө өгч байсан атлаа дараа нь намайг төлөөлсөн нь мэтгэлцэх зарчим хэрэгжиж чадаагүй гэснийг давж заалдах шатны шүүхээс хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлүүлэгч Аын эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаар Дын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан төлөөлөгчөөр оролцохыг хориглох үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчид зөвлөгөө өгч эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэх боловч энэ нь ямар байдлаар хэрэгжсэн, хариуцагчийг эрхийг хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхойгүй, тогтоогдоогүй байна.

 

Энэ талаар нэхэмжлэгч М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Даас зөвлөгөө эрх зүйн туслалцаа авахаар хандаж байсан талаар үгүйсгээгүй боловч өөр хэд хэдэн хуульчид хандаж зөвлөгөө, эрх зүйн туслалцаа авсан гэснээс үзэхэд зөвхөн Даас үзүүлсэн үйлчилгээний үр дүнд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, ийнхүү шүүхэд мэдүүлснээс хойш Д нь түүнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэхүү нөхцөл байдал нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

11. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ааас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00198 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Аын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Аын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан,  эсхүл  хүргүүлснээс

хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                                                   А.САЙНТӨГС