Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0432/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Д.М,

Иргэний нэхэмжлэгч Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б овогт Э.Н-т холбогдох эрүүгийн 1818007500507 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.Н /РД: /, Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр байгаль орчны уулзварт 87-14 ТӨА улсын дугаартай Ниссан Фуга маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.М-ийг мөргөж эрүүл мэндэд баруун бугалга ясны хүзүү хэсгийн битүү хугарал, тархи доргилт, зулай, дух, чамархай, баруун нүдний зовхи, хацар, хамар, дээд уруул, баруун, зүүн сарвуу, баруун ташааны зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Н-ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг ороод буцаж явсан. Дархан-Уул аймгаас гарч явахад хохирогч гэнэт гарч ирээд осол гаргасан. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, бүрэнхий болж байсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Хохиролд 580.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Д.М-ийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн үед ажлаас гараад гэр лүүгээ явж байсан. 4 эгнээтэй замаар гараад явж байхад баруун талаас машин гараад ирсэн. Тээврийн хэрэгсэлд мөргүүлээд хэдэн минут ухаан алдсан байсан. Шүүгдэгчийг утсаараа яриулчих гээд гуйхад удаж байж яриулсан. Цагдаа дээр ирээд байхад цаана нэг хүнтэй суугаад байсан. Над дээр ирээд миний биеийн байдлыг асуугаагүй. Үнэнболд байцаагч хэрэг хүлээж авсан байсан. Маргааш нь шүүгдэгч би буруугүй, чи буруутай гэж хэлсэн. Би Ховд аймагт явж байхад биеийн байдал муудаад шүүгдэгч рүү утсаар залгатал 3 хоног утсаа аваагүй. Одоо байнга толгойн эм уудаг, хэл ам ээдэрдэг болсон. Намайг эмч 1 жил 6 сар тасралтгүй эм уу гэж хэлсэн. Тэр эм нь 24.000 төгрөгийн үнэтэй байсан. Иймд эмчилгээний төлбөр болон эм тарианы төлбөр, цалингүй 3 сар болсон. Иймд нийт цалин 2.400.000 төгрөг, эмийн төлбөр 1,200,000 төгрөг нийт 3.600.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Д-ын өгсөн: Би хүүхдээ эмчид үзүүлж, эмнэлэгт сахих гэж чөлөө авсан. Улаанбаатар хот руу очоод 2 хоног, дараа нь дахиж яваад 5 хоног, Нэгдсэн эмнэлэгт хүүхдээ сахиж 8 хоног нийт 15 хоног болсон бөгөөд би ажилгүй байсан 15 хоногийн цалин болох 540.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Тухайн үед манай ажлаас надад цалингүй чөлөө олгосон гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Р.Э-гийн өгсөн: Би 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар хот орох замд Дархан-Уул аймгийн Дархан сум өнгөрөөд байгаль орчны уулзвараар дүү Э.Н-ын эзэмшлийн 87-14 ТӨА улсын дугаартай Ниссан фуга маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал замын буюу машины зүүн талын модон дотроос нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тухайн газар нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй газар байсан. Тэгээд бид 2 машинаасаа буугаад нөгөө залуу дээр очиход 20 орчим насны залуу суучихсан, толгойгоо барьсан байсан бөгөөд баруун гар талын шанаанаас нь цус гарчихсан байсан. Би тэгээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 8-9/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад Э.Н нь 0.00 хувийн үзүүлэлт илэрлээ гэх тэмдэглэл /хх-ийн 7/,

Д.М нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 5940 дугаартай өвчний түүх /хх-ийн 34-42/,

Д.М-ийн толгойн хэсэг дэх чамархай, баруун хацар, духны хэсэгт зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 43/,   

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 978 дугаартай “Д.М-ийн биед баруун бугалга ясны хүзүү хэсгийн битүү хугарал, тархи доргилт, зулай, дух, чамархай, баруун нүдний зовхи, хацар, хамар, дээд уруул, баруун, зүүн сарвуу, баруун ташааны зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед унах, цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Э.Н нь 87-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Э.Н нь 87-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн. Д.М нь зам хөндлөн гарах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх Байгаль орчны уулзварын орчимд иргэн Д.М нь зам хөндлөн гарч явах үедээ 87-14 ТӨА улсын дугаартай Ниссан Фуга маркийн машинд мөргүүлж биед нь хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь зам тээврийн осол мөн гэх дүгнэлт /хх-ийн 49/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Ниссан Фуга маркийн 87-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, эд ангийн эвдрэл гэмтэлгүй, үйлдвэрлэлийн бус нэмэлт төхөөрөмжөөр тоноглогдоогүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53-57/,

 “Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1987 дугаартай “Э.Н-ын жолоодож явсан Ниссан Фуга маркийн 87-14 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 595.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Н-ын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр байгаль орчны уулзварт 87-14 ТӨА улсын дугаартай Ниссан Фуга маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.М-ийг мөргөсөн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун бугалга ясны хүзүү хэсгийн битүү хугарал, тархи доргилт, зулай, дух, чамархай, баруун нүдний зовхи, хацар, хамар, дээд уруул, баруун, зүүн сарвуу, баруун ташааны зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.М-ийн биед баруун бугалга ясны хүзүү хэсгийн битүү хугарал, тархи доргилт, зулай, дух, чамархай, баруун нүдний зовхи, хацар, хамар, дээд уруул, баруун, зүүн сарвуу, баруун ташааны зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Д.М нь эмчилгээний зардал 1.321.698 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон түүний ажил эрхлэлт, цалин хөлстэй холбоотой баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, хохирогч нь холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Д нь хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 15 хоног асарч энэ хугацаанд ажлаасаа цалингүй чөлөө авсан тул ажилгүй байсан хугацааныхаа цалин болох 540.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, “Улаанбаатар гурил” ХХК-ийн салбарын захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Д08/169 дугаартай “Цалингүй чөлөө олгох тухай” тушаал, өөрийн 000261665 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 580.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Б.Д-ын ........ тоот дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт, А.О-ийн ХААН банкны ...... тоот данснаас 2018 оны 11 сарын 12-нд, Э.Н-ын ..... тоот данснаас 2018 оны 11 сарын 10-нд ХААН банкны ...... дансанд тус тус 40.000 төгрөг шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байх тул хохирогч Д.М-ийн баримтаар нэхэмжилж буй эмчилгээний зардал болох 1.321.698 төгрөгөөс 580.000 төгрөг төлөгдсөн ба үлдэх 741.698 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтээс үзэхэд уг зам тээврийн осол гарч хохирогчийн биед гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол 741.698 төгрөгийг 300.000 төгрөгөөр бууруулж шүүгдэгчээс 441.698 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Д-ын ажилгүй байсан хугацааны цалинг түүний Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон 482.588 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1.200.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүх хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 924.286 төгрөгийн хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохиролд 924.500 төгрөг төлсөн болох нь Б.Д-ын ...... тоот дансанд Э.Н-ын ....... тоот данснаас 924.500 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь 3.600.000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.М-ийн явган хүний гарцгүй замаар ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхгүйгээр гарсан болгоомжгүй үйлдэл зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид торгох ялын хамгийн хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, төлөх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Э.Н-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн болгоомжгүй үйлдэл зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н нь ........... ажилладаг гэх боловч түүний цалин, орлогын талаар баримт хэрэгт авагдаагүй тул түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн   хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор тогтоогдсон төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хохирогчийн 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР