| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0142/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\399 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2018\ШЦТ\399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0142/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш холбогдох эрүүгийн 1718004220015 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 22-ны Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, хамтран амьдрагч Б.Ггийн хамт амьдардаг гэх, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Ш
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ******* тоотод хамтран амьдрагч *******тай маргалдан гарыг нь мушгиж зодох гэхэд нь салгахаар оролдсон дагавар хүү болох *******ыг мөргөж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч *******ын “...2017 оны 11 сарын 20-ны өдөр хичээлээсээ 19 цагийн үед иртэл гэрт ******* ах согтуу ирчихсэн байсан. Ээж хоол хийгээд хоолоо идэх гэхэд надад өглөө гээд уурлахад ээж “хүүхдэд хоол өгөхгүй юм бол нохойд өгөхгүй юу гэж хэлээд маргалдсан. Тэгтэл ******* ээж рүү уурлаад гарыг нь бариад авахаар нь би “боль гээд нүүр рүү нь гараараа цохьтол миний хувцаснаас татаж байгаад миний хамар руу мөргөсөн. Хамарнаас цус гарсан чинь гараад явсан. Ээж цагдаа дуудаад араас нь гарч барьж байгаад цагдаад өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ггийн “...Энэ муу их болчиж гэж хэлээд гар мушгиад дарахад манай хүү нүүрний орчим 2 удаа цохиход энэ муу гөлөг чинь зоддог болж гэж хэлээд хүүгийн нүүрний орчим нэг удаа мөргөөд гараараа мөн нүүр орчим нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 37-39/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1137 дугаартай “...Г*******биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Шүүгдэгч Б.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч*******, иргэний нэхэмжлэгч Б.Г нар нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж уг ялыг Дархан-Уул аймгийн НААҮГ-т эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 56 цагаар тооцон эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт*******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Шыг Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт өдөрт 4-өөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Шын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 56 цагаар тооцож эдлэх ялаас хассугай.
5 Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД