Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01043

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01043

 

 

 

Д.У-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/00479 дугаар шийдвэртэй, Д.У-ны нэхэмжлэлтэй Ц.М-д холбогдох 1,550,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие тахиа, шувуу зарна гэсэн зарын дагуу Ц.М-тай уулзаад 1,550,000 төгрөгийн тахиа болон галуу, нугас зэрэг шувуу худалдан авахаар амаар тохиролцсон. Уг мөнгөө шувуугаа авахдаа төлнө гэж бодож байтал 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.М- над руу залгаж би хүнээс тахиа, шувуу бөөндөж авахаар тохирсон юм, чи мөнгөө одоо шилжүүлээд өгөөч гээд удаа дараа яриад байхаар нь Ц.М-ын Хаан банкин дахь 501649**** тоот дансанд 1,550,000 төгрөг шилжүүлсэн. Анх Ц.М-тай уулзахаар очиход түүний гэрт миний танил н.Цэцэгээ гэх хүн эхнэр нь гээд цуг байсан тул түүнд итгэсэн ба дараа нь н.Ц-тэй таарахад салчихсан гэж хэлж байсан.

Эрдэнэтэд ирээд шувууны үнийг асуухад миний итгэлийг эвдэж зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр өгсөн, мөн 1 машинд ачиж ирэхэд шувуунууд багтахгүй гэсэн тул зардлаа тооцож үзээд миний бие удалгүй түүн рүү залгаж би шувуу авахаа больё, мөнгөө буцааж авъя гэхэд Ц.М нь удахгүй, шувуунуудаа зараад мөнгийг чинь өгнө гэсэн одоог хүртэл өгөөгүй тул 1,550,000 төгрөгийг Ц.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Д.У-ны тус шүүхэд гаргасан 1,550,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.У-ны манай гэрт ирж 3,300,000 төгрөгийн тахиа шувуу авсан. Тахиа шувуу авахдаа эхлээд шувууны үнэ 1,300,000 төгрөг, тэжээлийн үнэ 200,000 төгрөг, охиндоо авсан туулайн бүжингийн үнэ 50,000 /өөрөө аваад явсан/ төгрөг, нийт 1,550,000 төгрөгийн урьдчилгаа гэж өгсөн. Тэгээд 7-10 хоногийн дараа үлдэгдэл 1,750,000 төгрөгийг надад өгч шувуугаа авах ёстой байсан.

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл бүтэн 2 сар шувуугаа аваагүй, би бас зарж болохгүй, миний наймаа худалдааг хааж намайг хохироосон. Энэ хугацаанд би шувуудын хоол тэжээлд 500,000 гаруй төгрөг зарцуулсан. Би удаа дараа Д.У-ны руу залгаж гуйсан боловч ирэх 7 хоногт, нэг бол удахгүй очино гэсээр байгаад 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай тахиа, шувууны байр галд өртөж бүх шувуу, амьтад угаартаж шатаж үхсэн. Иймд цаг хугацаандаа шувуугаа ирж аваагүй энэ хүний буруугаас болж хохирсон тул үлдэгдэл төлбөр 1,750,000 төгрөг, хоол тэжээлийн 500,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг Д.У-ныаас гаргуулна гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Тахиа шувуугаа аваачээ гэж над руу зөндөө ярьсан гэсэн байна. Хүний урманд одоог хүртэл над руу нэг ч залгаж үзээгүй. Тахиа шувуу нь шатаж үхсэн гэдэг нь худлаа, танил талаараа дүгнэлт гаргуулсан биз. Би энэ талаар хажуу айлын хүнээс асууж тодруулахад шатсан зүйл гараагүй, мэдэхгүй байна гэж хариулж байсан. Хэрэв шатсан бол өөрийн хариуцлагагүй үйлдлээ хүнд тохох гэсэн арга заль гэж үзэж байна.

Бид нийт 1,670,000 төгрөгөөр тахиа шувуу авахаар тохиролцож, мөн тусгай үүлдрийн туулайн бүжин 2 ширхэг нэмж нэг бүрийг 60,000 төгрөгөөр авахаар болж, 120,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба дараа нь 1,550,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-аас 1,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул Д.У-д холбогдох 2,250,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.М-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 55,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас 39,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь: Д.У-ны надаас нийт 11 нэр төрлийн 47 шувуу, туулайг 2,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд үүнээс 1,300,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Мөн нэмж 1ш туулайг 50,000 төгрөгийг бэлнээр, нийт 2,300,000 төгрөгийн амьтадыг дараа авахаар тохиролцож, миний эзэмшилд үлдээсэн бөгөөд Д.У-ны нь надад мөнгө шилжүүлэхдээ шувуунд тэжээл авах зорилгоор 250,000 төгрөг нэмж шилжүүлсэн. Би энэ хүнээс бэлнээр 50,000 төгрөг, дансаар 1,550,000 төгрөг нийт 1,600,000 төгрөгийг авсанаас 550,000 төгрөгийг тэжээлд зарцуулж, 50,000 төгрөгийн туулайг хүлээлгэн өгсөн. Би түүнийг үлдсэн 1,000,000 төгрөгөө өгөхөд үлдсэн амьтдаа өгөхөд бэлэн байсан ч шувуугаа авалгүй өнөөдрийг хүрч байна.

Би уг шувуудыг тэжээхэд нийт 550,000 төгрөгийн зардал гаргаснаас 250,000 төгрөгийг нэхэмжлэгчийг анх мөнгө шилжүүлэхдээ төлсөн гэж үзэж, үлдсэн 300,000 төгрөгийг шаардах эрхтэй. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг огт дүгнэж үзээгүй. Худалдан авсан шувуунд маань тэжээл аваад өгөөрэй гэж хэлсний дагуу би авч өгсөн тэжээлд 550,000 төгрөг зарцуулсан болохоо анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаж, нэхэмжлэгч ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 258 дүгээр зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэж заасан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа уг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлий 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангагдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт тооцооны гар бичмэл баримтыг гарган өгсөн боловч тус баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна агуулгын хувьд ойлгомжгүй тул нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Яагаад нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлах ёстой байсан. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсвэл зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/00479 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан тайлбараа анхан шатны шүүхэд мөн адил гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Д.У-ны нь хариуцагч Ц.М-д холбогдуулан 1,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2,250,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тахиа, галуу, нугас зэрэг шувуудыг худалдан авахаар хариуцагчид 1,550,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж зөв дүгнэжээ.

 5. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу хариуцагч Ц.М- нь худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.У-ны өмчлөлд тахиа, галуу, нугас зэрэг шувуудыг хүлээлгэн өгөх үүргийг, нэхэмжлэгч Д.Уы нь түүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч Д.У-ны нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,550,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. Харин хариуцагч Ц.М нь тахиа, галуу, нугас зэрэг шувуудыг Д.У-ны өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж үнийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 6. Сөрөг нэхэмжэлийн талаар:

Хариуцагч нь нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 7-10 хоногийн дотор үлдэгдэл 1,750,000 төгрөгийг төлж шувуугаа авах ёстой байсан боловч цаг хугацаандаа шувуугаа ирж аваагүйгээс тахиа шувууны байр галд өртөж, бүх шувуу, амьтад угаартаж шатаж үхсэн гэсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,750,000 төгрөг, шувуудыг 2 сар тэжээсэн хоол тэжээлийн үнэ 500,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэргийн 15 дугаар талд авагдсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн баримтад нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр төлөх болон хариуцагч шувуудыг хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийн байгаа газар очиж шувуудыг авах, эсхүл хариуцагч нь нэхэмжлэгчийн байгаа газарт шувуудыг хүргэж өгөх талаар талууд тохиролцсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх баримтыг ач холбогдолгүй гэж үзсэн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

6.1. Шувууны байранд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гал түймэр гарч, тахиа, галуу, тагтаа зэрэг амьтад гал түймэрт өртсөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай актаар тогтоогдсон боловч Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр зохицуулсан тул сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагч нь тахиа, галуу, нугас зэрэг шувуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй учраас эдгээр шувуу устсаны эрсдлийг хариуцагч өөрөө хүлээх тул гэрээний үлдэгдэл төлбөр 1,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

6.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.

Дээр дурдснаар нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 7-10 хоногийн дотор шувуугаа авах ёстой байсан гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нотлоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч шаардах эрхгүй тул шувуудыг 2 сар тэжээсэн хоол тэжээлийн үнэ 500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсгийг харгалзалгүйгээр шийдвэрлэсэн гэжээ.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй гэжээ. Хариуцагч нь дээр дурдсанаар нэхэмжлэгчийг худалдан авсан шувуудыг хугацаанд нь хүлээж аваагүй гэдгийг нотлоогүй тул шүүх уг заалтыг хэрэглэх үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/00479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН