Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01025

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01025

 

 

 

Ц.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/00707 дугаар шийдвэртэй Ц.Н-ын нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Сийн гэрээнээс учирсан хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц.Н нь ажлын шугамаар Б.С-тэй холбогдож, анх танилцсан юм. Миний бие өвс ачиж зарах ажилдаа зориулан том машин худалдаж авах талаар Б.С-д хэлэхэд надад 11 тонны даацтай, Хюундай Гоулд маркийн ачааны авто машин байна гээд бид тохиролцон уг ачааны машиныг 35,000,000 төгрөгт худалдаж авсан. Машины урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг түүний ХААН банкны 503954***** дансанд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлж, үлдэх 15,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд 2021 оны 12 дугаар сард 1 удаа, он гаргаад 2 удаа өвс ачин Улаанбаатар хот руу явахдаа би мотор муутай машин авснаа мэдээд өөрт нь хэлэхэд машинаа надад авчраад өгчих, би зараад машины төлбөрийг чинь буцаагаад гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд ч машин Б.С-ийн нэр дээр биш түүний эхнэрийн нэр дээр байдаг байсан. Б.С болон түүний эхнэр тухайн машиныг миний өмчлөлд шилжүүлээгүй учир машиныг түүний хэлсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод гэрт нь аваачиж хүлээлгэж өгсөн. Иймд хариуцагч Б.С-д машины төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Н болон Б.С нар түншийн харилцаатай байсан бөгөөд түүнээс машиныг аваач гэж гуйгаагүй, өөр хүнд зарахаар тохиролцсон байхад тэрээр зарчих гэсэн юм. Уг тээврийн хэрэгсэл манай эхнэр Л.С-ийн нэр дээр байдаг бөгөөд худалдах худалдан авах гэрээг эхнэртэй минь бичгээр байгуулсны үндсэн дээр зээлээр худалдаж аваад төлбөрийн урьдчилгааг миний данс руу хийсэн болно. Ц.Н-аас машины ашиглалтыг асуухад машины бүхээгийг тайраад тавьчихсан, өвсөө ачаад явж байна гэж байсан. Бидний хооронд худалдсан автомашин биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байсан, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Н-т шилжүүлсэн. Гэтэл 4 сар яаж ашигласан нь тодорхойгүй, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай машиныг эвдэлж сүйтгэсэн байдалтай, бүхээгийг нь тайрчихсан, гэрийн гадаа үлдээгээд зугтаад явсан. Түүнээс хойш машин асахгүй, амбаарыг нь тайрсан, дугуй нь элэгдэлтэй байдалтай орхисон байсан.

Иймд Ц.Н-т бүрэн бүтэн автотээврийн хэрэгсэл шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Дээрх машиныг 35,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ хийсэн. Үүнээс 20,000,000 төгрөгийг Б.С-ийн дансаар өгсөн. Ц.Н машиныг бүрэн бүтэн авч явсан. Худалдах, худалдан авах гэрээ цуцалсантай холбоотой хохирлоо шаардаж байгаа болно. Эрвээхий бүхээгтэй байтал тэрийг нь салгачихсан, мотор цохисон, асахгүй болгосон байсан. Иймд Ц.Н-ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **-** УАТ улсын дугаартай Хьюндай /Hyundai/ 11 тоннын даацтай цагаан өнгийн машиныг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд уг тээврийн хэрэгслийн урьдчилгаа 20,000,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон болно. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай машиныг эвдрэл гэмтэлтэй байдалтай гэрийн гадаа хаяаад явсан. Машинаа асаах гээд үзэхэд мотор цохисон, дугуйнууд нь элэгдэж муудсан, битүү бүхээгийг нь тайрсан байсан. Бид тээврийн хэрэгслийг худалдсаны дараа хэд хэдэн удаа машинд ямар нэг асуудал байгаа эсэхийг нягталж асуухад Ц.Н ямар ч асуудалгүй сайн машин, бид бүхээгийг нь тайраад хаячихсан одоо өвсөө ачаад дуусч байна гэсэн хариуг өгдөг байсан. Энэ нь уг авто машиныг зориулалтын бус ашиглаж байснаас болж уг эвдрэл гэмтэл бий болсон гэсэн үг.

Автомашины бүхээг болон моторын зах зээлийн ханш ийм байгааг сэлбэг худалдддаг газрын дундаж ханшаар тооцохын тулд зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хөдөлгүүр, бүхээг, кузов эвдрэлгүй гэх дүгнэлтийн талаар тайлбар байхгүй. Машины төлбөр дутуу төлөгдсөн учир түүний өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Машин кузовыг тасдагчаар тасдаад эвдээд авчихсан байсан, тасадсан энэ хэсэг нь хөдөө байдаг гэсэн, түүнийг хараагүй учир ашиглах боломжтой эсэхийг мэдэхгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.С-ийг татсан боловч түүнтэй гэрээ байгуулаагүй, харин өмчлөгч Л.С-тэй худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээнд тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг Ц.Н өөрөө хариуцна гэж заасан байдаг. Тээврийн хэрэгсэлд масло нэмээд яваад байвал яваад байна, харин ингэж маслыг нэмээд удаан явбал машины мотор эвдэрнэ гэдгийг аль аль нь зөвшөөрч байгаа боловч моторыг задалж үзэж байж ямар засвар хийх нь тогтоогдоно.

Иймд худалдах, худалдан авах гэрээ цуцалсантай холбоотой моторын үнэ 15,000,000 төгрөг, ачааны үнэ 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг Ц.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Машины мотор цохисон зүйл байхгүй, машиныг Б.С өөрөө шалгаж хүлээж авсаны дараа манай дүү Э.Б, н.Н нарт гэрт эхнэр байгаа, хашаанд оруулаад тавьчих, би юманд явах гээд байгаа гэж хэлсэн.

Дугуйны хувьд өөрт байснаараа байгаа. Учир нь Ковид 19 өвчин, мөн нутагт шүлхий гарсан гээд машиныг нь ашиглаагүй, 3 удаа өвс ачиж хот орж ирсэн. Машины бүхээгийг өөрт нь хэлж нугасаар нь тасалсан. Машин зориулалтын бүхээгтэй машин биш. Гар аргаар хийсэн бүхээгийг өвс ачих үед битүү бүхээгтэй байсан болохоор зориулалтын дагуу бүхээгийг нь авч өвс ачсан. Хамгийн гол нь бүхээгийг нь авч явах уу гэхэд наанаа үлдээчих, авах хүн байвал 2,500,000 төгрөгөөр өгчих гэсэн. Бүхээг нь одоо манай гэрийн гадаа байгаа.

Л.С-ийг танихгүй. Энэ хүнтэй би ярьж тохиролцож наймаа хийгээгүй. Машин бол зориулалтын тэвшээрээ байгаа.

Түүнээс гадна бие даасан шаардлагынхаа шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохгүй, шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Хэрэгт зарлагын баримт ирүүлсэн боловч хэн, хэнээс ямар зүйл худалдаж аваад, хичнээн төгрөгийн төлбөр төлсөн нь тодорхой бус. Эдгээр баримт нь Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан шаардлага хангасан санхүүгийн баримт биш байна. Дээрх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй.

Л.С нь машины мотор цохисон, ашиглах боломжгүй гэж үнийг шаардаж байгаа эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар машиныг хүлээж авснаас хойш техникийн үзлэгт орсон, гэтэл энэ баримтаар хөдөлгүүр, кузов, дугуй бүгд тэнцсэн дүгнэлтийг гаргасан байна. Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, гэтэл Ц.Н-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр уг автомашин нь ердийн тэвштэй тээврийн хэрэгсэл гэж заасан байхад бүхээгийг эвдэлсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнээс гадна хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа мотор нь хэвийн гэсэн мөртлөө итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд мотор гэмтэлтэй гэж зөрүүтэй тайлбар гаргасан нь ойлгомжгүй. Иймд Л.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

6. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Түүний худалдах, худалдан авах гэрээний хохиролд 25,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг дэмжиж байна.

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Л.Стэй, Ц.Н нь **-** УАТ улсын дугаартай Хьюндай /Hyundai/ 11 тоннын даацтай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулж 35,000,000 төгрөгөөр тохиролцсон. Харин 20,000,000 төгрөгийн урьдчилгааг миний данс руу хийсэн болно. Бид тээврийн хэрэгсэл худалдсаны дараа хэд хэдэн удаа машинд ямар нэг асуудал байгаа эсэхийг асуухад ямар ч асуудалгүй, сайн машин байна. Бид машины бүхээгийг тайраад хаясан одоо өвсөө татаж дуусаж байгаа гэж хэлж байсан. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийн гадаа машиныг орхиод хүлээлгэж өгөөөгүй хаяаад явсан. Машинаа асаах гэхэд мотор нь цохисон, дугуйнууд нь элэгдэж муудсан, бүхээгийг тайрч хаясан байсан. Б.С нь машины моторт ээлж хийхгүй бол болохгүй гэж хэлсэн. Иймд бие даасан шаардлага гаргасан Л.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.С-ээс 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгож,

Ц.Наас 25,000,000 төгрөг гаргуулах тухай Л.С-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг, Л.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь:

8.1.Бие даасан шаардлага болох авто машины моторын эвдрэл гэмтлийг шинжээч томилж эвдрэл гэмтлийг тогтоолгох, бүхээгийн үнийг мөн тогтоолгох хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн.

8.2. Шүүх хуралдааны үед талууд маргаан бүхий авто машины бүхээгийг тайрсан талаар маргадаггүй. Гэтэл шүүх уг авто машин анхнаасаа бүхээггүй байсан мэтээр дүгнэсэн нь талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн асуудлыг шүүх дангаар үгүйсгэсэн байна. Уг автомашинд засан сайжруулалтаар уг битүү бүхээгийг суурилуулсан бөгөөд худалдах худалдан авах гэрээ цуцалж байгаа тохиолдолд гэрээ цуцалсантай холбоотой хохиролд бүхээгийн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

8.3.Нэхэмжлэгч Ц.Н зээлээр худалдах худалдан авах гэрээг гуравдагч этгээд Л.С-тэй байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагчаар Б.С-ийг татаж хэрэгт хариуцагч биш этгээд болох нь тодорхой байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас авто машины бүхээгийг шүүх үнэлээгүйд гомдолтой байх тул бүхээгийн үнэ 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Бүхээгийн 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг асуудлын талаар үнэлгээ тогтоолгосон гэх баримт хэрэгт авагдаагүй. Тээврийн хэрэгсэл нь зориулалтын тэвштэй байсан. Мөн тээврийн хэрэгслийн хүлээлгэн өгсөн болон мөнгө шилжүүлэн өгсөн баримт зэрэг бүх харилцаанд Б.С оролцож байсан гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 20,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тээврийн хэрэгсэл нь эхнэр Л.С-гийн нэр дээр байдаг бөгөөд худалдах-худалдан авах гэрээг түүнтэй бичгээр байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Л.С оролцож бүхээгийн үнэ 10,000,000 төгрөг, моторын үнэ 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бодит үйлдлээр, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд бичгээр тус тус байгуулагдсан, хариуцагч нь эрхийн зөрчилтэй хөрөнгө, гуравдагч этгээд нь эрхийн зөрчилгүй хөрөнгө тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн эрх зүйн хувьд алдаатай дүгнэлтийг хийж, гэрээний оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гуравдагч этгээд Л.С байх ба тэрээр нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хохирлын талаархи шаардлагыг гуравдагч этгээдийн хувиар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

4. Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөв тодорхойлсны үндсэн дээр тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бөгөөд ингэснээр зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх боломж бүрдэнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаа тодорхойлох эрхтэй боловч шүүх гуравдагч этгээдийн маргаж буй зүйл, түүний үндэслэл буюу нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүссэн эсэхийг анхаарч, шаардлагатай бол нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийх учиртай.

5. Дээр дурдсанаар, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн худалдах-худалдан авах гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагчаар Б.С-ийг татсан нь ... хууль буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.БЯМБАСҮРЭН