| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0357/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\403 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018\ШЦТ\403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0357/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Хохирогч Ш.Б,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818005260393 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 3 эхнэр, хүүхдийн хамт ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Э
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн А0401 дугаартай төв засмал зам дээр Тоёота Приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ш.Бийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Хохирогч Ш.Бийн өгсөн “...Манай гэр Дархан Улаанбаатар чиглэлд явдаг засмал төв замын цаана байдаг тул би төв зам гарах гээд алхсан. Тэгээд төв замын гол хэсэгт ирээд зогсоход хар өнгийн машин миний хажуугаар өнгөрсөн. Тэрний араас бөөн гэрэл орж ирээд цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би замын гол хэсэгт явган суусан. Замын гол хэсэгт суугаад байж байтал хоёр залуу ирээд замаас гар гээд намайг чирээд байсан. Тэгэхээр нь би та нар явган хүний гарцан дээр хүн дайрчхаад явах гээд байна, цагдаа дууд гэхэд намайг замын хажуу руу гаргасан болохоор нь би замын гол хэсэг рүү мөлхсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны орой ажил тараад, ажлынхаа нэг ахын төрсөн өдрийг тэмдэглэж, 2 шил архи, 2,5 литртэй 1 пиво уусан. Би шууд гэртээ харихаар явж байтал, Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу урдаасаа хойшоо чиглэлтэй нэг портер эргэсэн. Гэтэл энэ хүний машин араас нь гарч ирээд намайг мөргөчхөөд, яваад өгсөн харин арын машины жолооч бууж ирээд та гайгүй юу гэхэд нь тэр машин намайг мөргөөд явчихлаа гэхэд нөгөө жолооч араас нь очиж шүүгдэгчийг зогсоож хамт над дээр ирсэн. Миний хөл хугарч, шагайгаараа эргэсэн байхад энэ хүн намайг замаас чирж гаргачхаад, хоёулаа тохиролцоё гэсэн. Харин би цагдаа дууд гэж хэлсэн. Арын машины жолооч нь намайг мөлхөөд явахад намайг харж дагаад явж байсан, гэтэл шүүгдэгч намайг хаяад явсан. Би арын машины жолоочоор өргүүлж, замын хажуугийн чулуун дээр суугаад эхнэрээ дуудаж эмнэлэгт ирсэн. Миний шагайны 2 талын хавчуурга яс, дотор тал нь хугараад гадна тал нь бяцарсан учир хадуулсан. Хөл яваад халаад ирэхээр өвдөх нь гайгүй. Би эмчилгээтэй байх хугацаанд 3 сарын турш цалин аваагүй. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, листний мөнгөний зөрүүг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг
Шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Дархан сум руу Дархан-Уул аймгийн Орхон сумын сургуульд ажилладаг 2 багш нарын хамтаар 22:00 цагийн үед ирж явахдаа ***** сумын хаалганы хурд сааруулагчийг давтал хажуунаас ирээд нэг зүйл ирээд мөргөхөд нь би машинаасаа буугаад хартал хохирогч нөхөр байсан. Чи чинь яаж байгаа нөхөр вэ, машинд суучих чамайг яваад эмнэлэг рүү явъя гэхэд урдаас нэг юм хэлээд байсан боловч би ойлгоогүй. Алив гэрээ заагаад өг, гэрт чинь хүргэе гэхэд миний өөдөөс хэрүүл хийгээд байсан. Би хохирогчийг арай гээд замаас гаргатал буцаж, мөлхөөд зам руу орсон. Би дахин замаас гаргатал надтай хамт энэ хүнийг замаас гаргаж өгсөн жолооч та хоёр учраа ол гэж хэлээд яваад өгсөн. Би хохирогчийг гайгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн талаар мэдээгүй байтал 2018 оны 08 дугаар сард цагдаа нар ирээд ийм зүйл болсон уу гэхэд тийм зүйл болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч *****ын өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 25 минутын үед миний утас руу***** залгаад та хаана байна. Манай нөхөр *****ийг *****ын том хаалга дээр машин мөргөчихсөн байна, хамт яваад ирэх үү гэсэн, ... Замдаа юу болсон талаар асуухад*****нэг жижиг маркийг нь мэдэхгүй машин мөргөөд явчихсан гэж хэлсэн. Мөргөсөн гэх машинаа мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг байсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,
Гэрч *****ийн өгсөн: “ ...Улаанбаатар талаас ирж явсан суудлын жижиг тэрэг мөргөж унагаагаад яваад өглөө гэж хэлсэн. Манай нөхөр*****хөл эвгүй болчихсон байна яваад ир гэж хэлсэн. Би *****т ахыг дуудаж *****ийг аваад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
Гэрч*****гийн өгсөн: “ ... хэвтэж байгаа хүнийг замын голоос гаргах гээд гарнаас нь сугадаж өргөөд замын хажуу руу гаргасан. Харин нөгөө хэвтэж байсан хүн замын хажуунаас өөрөө мөлхөөд замын гол хэсэгт ирээд явган суугаад байсан. Тэгэхээр нь би цуг яваа хүн нь юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
Гэрч *****ын өгсөн: “...22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ***** сумын ойролцоо явж байхад замын гол хэсэгт хүн хэвтэж байхаар нь баруун талруугаа дараад зогссон чинь зам дээр хэвтэж байсан хүн намайг машин мөргөчихлөө гэхээр нь би урд явж байсан машин руу харсан чинь замын баруун тал руу шахаад аваарын гэрлээ асаагаад зогссон машин байхаар нь би машинтайгаа хөдлөөд түүний урдуур ороод зогссон. Тэгээд би машинаас буугаад хойно зогсож байсан Приус-20 маркийн машин дээр зүүн талаар нь буюу зөв талаар нь очоод та нар хүн дайраад явах гэж байгаа юм биш биз дээ ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь урд нь сууж байсан хүн эгч нь зорчигч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойно зам дээр хэвтэж байгаа хүн рүү очиход приусийн жолооч замаас гаргасан. Тэгсэн нөгөө мөргүүлсэн хүн нь буцаад замын голруу хэвтэх гээд мөлхөөд байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/
Гэрч *****ийн өгсөн: “...харанхуйд миний сууж явсан талын толийг нэг хүн мөргөөд зам дээр унах шиг болсон. Тэгээд жолооч ***** машинаа тэр даруй зогсоогоод машинаасаа буугаад миний талаар очоод машиныхаа толийг үзсэнээ машины толь хагарсан байна гээд машинаа замын хажууруу гаргаж зогсоогоод зам дээр унасан хүн дээр явж очсон. Тэгээд нэлээн удаж байгаад ***** хүрч ирсэн юм. Тэгээд ***** ирээд “машины толь руу мөргөсөн хүн нэлээн согтуу байна. Замаас гаргаад суулгачихлаа. Үгэнд орохгүй юм эмнэлэг явъя гэсэн чинь явахгүй байна. Гайгүй юм шиг байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
Гэрч *****гийн өгсөн: “...2018.6.27-ны орой 22 цагийн үед байх орой бүрэнхий болж байх үед ***** сумын нутагт орж ирээд явж байтал ***** сумын төвд байдаг хурд сааруулагчийг дөнгөж өнгөрөөгөөд явж байтал гэнэт машины зүүн талаас пүд гэх чимээ гарсан. Тэгээд ***** ах машинаа замын хажуу руу замаа чөлөөлж зогссон юм. ***** ах машинаасаа буугаад зам дээр мөргүүлсэн хүн рүүочсон юм. Тэгээд хэсэг хөөж байгаад ***** буцаж ирээд “машины толгой руу мөргөсөн хүн нэлээн согтуу байна. Эмнэлэг рүү хүргээд өгье. Бие чинь яаж байна гэсэн чинь урдаас агсраад байна. Бие нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Орхон сум явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 85/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 700 дугаартай “...Ш.Бийн баруун шилбэний 2 хавчаар ясны битүү хугарал, мултрал, тавхай, шагай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.*****ийн 2018.9.14-ний өдрийн 36 дугаартай “...Жолооч С.Э нь*******улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: ... Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газар очно, Мөн бүлгийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгуллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно, мөн дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн“ гэх дүгнэлт /хх-ийн 36/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37, 38-40/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоож байна.
Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би ял, эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө хохиролд 1,500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хортой холбогдон гарсан зардлыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч орлого олох боломжтой, хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг хагалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Эт оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.Эаас гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч С.Э нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустах хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД