| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Г.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл
Шүүгдэгч А-Д-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ын Д-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Б- нарт холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт А-ын Д-,
Монгол улсын иргэн, Т овогт Д-ын Б-,
Шүүгдэгч А-Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч А-Д-ы 2018 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр багийн нуатг - - гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүнээс 280.000 төгрөгийг авч мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А-Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч А-Д-ы 2018 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нуатг Цагаанчулуутын өвөр гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүнээс 280.000 төгрөгийг авч мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр 03-ны орчим адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Тэгтэл Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Дэлгэр хааны өвөр гэх газарт Мустанкын адуу малладаг Ганбаа гэх залуу надад
“Арбулаг сумын зарын группд “хүрэн морь алдсан хүн байна уу” гэсэн зар байна. Танай адуу биш биз” гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр - сумын ИТХ-ын дарга Н.Б гэдэг хүн над руу утсаар залгаад “чиний адуунаас адуу хулгайд алдагдсан юм биш биз. Энэ хавиас хулгайд адуу алдагдсан байна. Адуу алдсан хүн нь олдохгүй байна” гэж хэлэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр - сумын 2 дугаар багийн нутаг Сонгинотын шил гэх газар Бооёо гэдэг айлын гадаа адуугаа хашиж бүртгэхэд зүсээрээ жижигхэн биетэй, маш номхон хүрэн морь алга болсон байсан. Би сумын цагдаа Жавхланд хэлээд цагдаа дээр ирж хүрэн морины толгой, арьс ширийг үзэхэд манай хүрэн морь мөн байсан. ...Би хулгай хийсэн залуугаас уг мөнгийг хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р тал/
Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хадам ах Д- 66-15 УНБ улсын дугаартай мөнгөлөг цагаан өнгийн жижиг машинтай манай сумын Баяраа гэх залуугаар Прадо маркийн машинаар нь чирүүлж явж таарсан. Тэгэхэд нь би Баярааг “чи яв, яв. Би чирээд Мөрөн оруулахаас” гэж хэлээд өөрийн 74-30 ХӨҮ улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн машинаар чирээд Мөрөн сумын 9-25А-18 тоот хашаанд авчирсан. Тэгэхэд Бүүвэй адууны махтай орж ирсэн. Тэгээд тэр “энэ махыг зарна. Мишээл дэлгүүрийн эзэнтэй ярьсан, аваад ир гэж байна” гэхээр нь махыг нь ачаад хадам ах Д-, Б- бид 3 Мишээл дэлгүүрийн эзэн Эрдэнэдалай гэдэг хүнд 561.000 төгрөгөөр зарсан. Миний хажууд Д-, Б- 2 яг тэнцүү хувааж авсан. Нэг хүнд 280,000 төгрөг оногдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
Шүүгдэгч А-Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд би өөрийн найз Б-ын гэрт очиход Б- гэртээ ганцаараа байсан ба урд өдөр нь архи уусан, шартаж үхлээ гээд хэвтэж байсан. ... Тэгээд буцаж Б-ын гэрт очиж Б-ыг үлдээгээд өөрийнхөө ногоон өнгийн мотоциклиор гэртээ хариад ээж болон хонио харчхаад сумын төв рүү явж дэлгүүрээс нэг шил Ерөөл нэрт 0,75 литрийн архи аваад гэрлүүгээ буцаж явах замдаа Цагаанчулуутын овооны өвөрт 30 гаруй тооны цайвар голдуу адууны захад оосор чирсэн хүрэн зүсмийн нэг тооны морь явахаар нь барьж аваад мотоциклийнхоо суудлын араас чирж явсан. Уяагаар хөтлөөд гэртээ авчирсан. Тэгээд гэртээ орж сүх аваад хулгай хийсэн хүрэн мориныхоо дух руу хоёр удаа цохиж нядлаад хатавч руу нь хутгаар хатгасан. Тэгээд ганцаараа өвчиж чадахгүй байхаар нь
Б-ын гэрт нь очиж Б-ыг авчраад бид хоёр хамжиж миний хулгай хийсэн 1 адууг нядалсан. Би архи ууж яваад л хулгай хийсэн. Түүнээс өөр ямар нэг санаа зорилго байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 15- ны орчим - сумын - багийн иргэн Д- манайд ногоон өнгийн мотоцикльтой ирсэн. ... Тэр орой 20 цагийн орчим Д- надад хандаж “хоёулаа манайд очье, би оосор чирсэн нэг адуу байхаар нь хөтлөөд ирсэн. Манай гэрийн гадаа байгаа би сая унагаачхаад ирлээ, хоёулаа хамжиж янзалж махыг нь аймаг оруулж тушаагаад мөнгийг нь хувааж авна” гэхээр нь би зөвшөөрч хамт гэрийн гадаа очиход хүрэн зүсмийн морь цуслаад орхисон байхаар нь хамжиж өвчөөд 4 мөч өвчүүтэйгээ 5 хэсэг болгоод Д-ы пүнзэнд зөөж оруулсан. Гэдэс дотор арьс толгойг нь мөн пүнзэнд шуудайд хийгээд тавьсан. Би тухайн үед “Энэ адууг хаанаас авсан юм” гэж Д-аас асуухад “1 дүгээр баг Цагаанчулуутын овооны хөндийд 30 гаруй тооны цайвар ихтэй адууны захад олс чирчихсэн явахаар нь авсан” гэж надад хэлсэн. ... Тэгээд Д- бид 2 яг тэнцүү хувааж явсан нэг хүнд 280,000 төгрөг оногдсон. Тухайн үед Батмөнхөд хандаж “энэ адуу миний адуу юм, банкны мөнгө тушаах гэсэн юм” гэж би хэлсэн. Бид хоёрыг хулгай хийсэн талаар мэдэх хүн бол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/
Мал үнэлсэн тайлан /хх-ийн 43-р тал/, Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгсэл, эд зүйлийн үнэлгээг тогтоосон тайлан /хх-ийн 47-р тал/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-11-р тал/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-18-р тал/зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч А-Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч А-Д-ы
2018 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Х гэх газраас иргэн Г.Тын нэг тооны адууг хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүнээс 280.000 төгрөгийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Г.Т, гэрч Д.Батмөнх, гэрч Э.Эрдэнэбилэг нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч А-Д-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А-Д-, Д.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч А-Д-, Д.Б- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А-Д- нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгч Д.Б- нь ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1838008290407 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 см урттай хар өнгийн бариултай, 13 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн 66-15 УБН улсын дугаартай Pancha jo маркийн авто тээврийн
хэрэгслийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул эзэмшигч А-Д-д буцаан олгож, мөн шүүгдэгч А-Д-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, гэрчилгээгүй, 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн Вени маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Д.Б-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Д-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Д.Б- нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Д-, Д.Б- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Д.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1838008290407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 см урттай хар өнгийн бариултай, 13 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, -- улсын дугаартай Pancha jo маркийн авто тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Д-д буцаан олгож, шүүгдэгч А.Д-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, гэрчилгээгүй, ногоон өнгийн Вени маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 1838008290407 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР