Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2023/00023

 

 

 

 

 

 

 

 2023             5            12                                           223/МА2023/00023  

 

 

Б.Х, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2023/00175 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 7 гудамж, 13 тоотод оршин суух, М овогт Б Х,

            Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 3 дугаар хороо, Бичигт, 9 дүгээр гудамж, 24б тоотод оршин суух, Х овогт Бын Э нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс, 2б гудамж, 3 тоотод оршин суух, Б овогт Б Б холбогдох,

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Нэхэмжлэгч Б.Х, Б.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Б.Э миний бие “Блак рок транс” ХХК-Д менежер ажилтай Б Б утсаар холбогдож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, 48-56 УНС улсын дугаартай LZZ5CLVB7CA723027 арлын дугаартай чирэгч толгой буюу зүтгүүрийн зориулалттай НОWО ZZ4257-V3241V загварын хүнд даацын автомашин болон 89-45 УЧ улсын дугаартай авто чиргүүлийн хамт 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. Ингэхдээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу өөрийн эхнэр Б.Хгийн нэр дээр бүртгэлтэй байсан уг автомашин болон чиргүүлийг Б.Б нэр дээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн өгсөн. Уг автомашиныг Б.Б өөрийн ажилладаг “Блак рок транс” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг хохироож байна. Уг төлбөрийг төлөх талаар удаа дараа утсаар болон зурвасаар шаардахад ажилд гарч чадаагүй байна, одоо мөнгө өгч чадахгүй, жилийн дараа, өөр хүнээс ав гэх мэтчилэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх болсон. Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна. Өмнө нь тус шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг тогтоосон болно. Иймд хариуцагч Б Бэс автомашин болон чиргүүлийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгт: Хариуцагчийн байр суурь ойлгомжгүй байна. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг аваагүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг. Мөн 60,000,000 төгрөгөөр авахаар тохирсон, 5,000,000 төгрөгийг нь н.Орхонд өгсөн, 10,000,000 төгрөгийг надаас үндэслэлгүй нэхэж байна гэх зэрэг эсрэг, зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хариуцагч нь өөрийн бичгээр гаргасан тайлбартаа худалдаж авсан гэдгээ зөвшөөрсөн, мөн засвар үйлчилгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн машин буюу тээврийн хэрэгсэл нь одоо Б.Б нэр дээр байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өөрөө аваагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгөхтэй холбоотой иргэний хэргийн зохицуулалт яригдана. Яагаад гэхээр Б.Б хүсэлтээр “Блак рок транс” ХХК-ийн захирлын нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр автомашиныг тухайн этгээдэд шилжүүлж өгсөн байдаг. 

Доголдол гарсан талаар хариуцагч зөвшөөрч байгаа боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Автомашины доголдолтой холбоотой зардлаа нэхэмжлэх эрхтэй, гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас доголдолгүй байсан гэдэг нь тогтоогдож байна. “Бүрэн минж” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг шилжүүлж аваад Б.Х нь Б.Б хүсэлтийн дагуу “Блак рок транс” ХХК-ийн захирал руу шилжүүлсэн. Тухайн үед Б.Хгийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан. 2022 оны 10 дугаар сарын 07-нд амаар тохиролцсон боловч 2022 оны 10 дугаар сарын 08-нд автомашиныг шилжүүлэх үед автомашин Б.Хгийн нэр дээр байсан.

Иймд Б.Б тухайн тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Одоо тухайн тээврийн хэрэгсэл Б.Б өмчлөлд байгаа нь Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тодорхой харагдаж байна.

Хариуцагчийн н.Орхонд үлдэгдэл мөнгийг төлсөн гэх тайлбар нь мөн үндэслэлгүй. Үлдэгдэл мөнгийг н.Орхонд өгөөрэй гэж нэхэмжлэгч нар хэлээгүй, зөвшөөрөл өгөөгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

            3.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь Б.Х, Б.Э нарын автомашин чиргүүлийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Нэгд: Б.Э нь анх надад тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг тус тус Б.Эгийн данс руу шилжүүлсэн. Гэтэл үндэслэлгүйгээр надаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би автомашины үлдсэн 5,000,000 төгрөгийг н.Орхон гэх хүнд өгсөн. Учир нь нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгсэл нь өмнө нь н.Орхоны нэр дээр байсан бөгөөд н.Орхоноос Б.Х нь худалдаж авахдаа үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлөөгүй учраас би н.Орхон руу үлдэгдлийг шилжүүлсэн юм.

Хоёрт: Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанаас авч үзвэл, Б.Х нь 48-56УНС улсын дугаартай, НОWО загварын хүнд даацын тээврийн хэрэгслийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор өмчилж эхэлсэн байх ба 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь дуусгавар болсон байна. Би Б.Х, Б.Э нарыг тухайн автомашины өмчлөгч гэдэгт итгэж, тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авдаг өдөр Хангийн боомт дээр хүргээд өгөөч гэж гуйхад Б.Эгийн аав нь хүргэж өгөх замдаа тээврийн хэрэгслийн мотор нь эвдэрч, Б.Э өөрөө ирж Улаанбаатар хот руу ачуулж яваад янзлуулсан. Тэгээд надад мотор ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Хангийн боомт дээр тээврийн хэрэгсэл ирж, ажилд гарахгүй 5 сар болж, анхны тээвэрт гарах үеэр тээврийн хэрэгслийн мотор, хроп дахиж эвдэрсэн. Тэгээд би мотор, хроп, яндан, радиатор, богино кардан шинээр сольж, 9,000,000 гаруй төгрөгийн засварын зардал гаргасан. Надад анхнаасаа доголдолтой тээврийн хэрэгслийг худалдсан ч гэсэн би тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг Орхон руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон.

Гуравт: Нэхэмжлэлд дурьдсан тээврийн хэрэгслийг надад зарах эрх бүхий өмчлөгч нь Б.Х, Б.Э нарын аль нь ч биш байх бөгөөд тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тодорхой бус байна гэжээ. 

 

            4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ Иргэний хуулийн 2 заалтыг дурдаж байна. Нэгт: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 нь эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой заалт юм. Эд хөрөнгө гэдэг нь тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Блак рок транс” ХХК руу автомашиныг шилжүүлэхэд Б.Б хүсэлтээр гэх ганц ч үг үсэг байхгүй. Тэгэхээр тус өдөр Б.Б хүсэлтээр автомашиныг шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

     Хоёрт: Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасныг үндэслэл болгож байна. Б.Э нь хэзээ, хэн гэдэг хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлж өгснөө санахгүй байна гэдэг. Гэрч Н.Б гэдэг хүнээс Б.Б рүү тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн үү гэж нэхэмжлэгч талаас асуухад хариулдаггүй, Б.Э мэднэ гэж хэлдэг. Худалдагч нь доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх ёстой, худалдаж байгаа хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолгүй байх ёстой. Мөнгө шилжүүлээд тэр өдөр автомашин “Блак рок транс” ХХК руу шилжсэн байдаг. Гэрээ хийсэн өдөр нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр. Мөн тухайн автомашин нь тос, масло нь гоожсон, мотор нь эвдэрсэн тул тээврийн хэрэгслээ хот руу чирч явсан байна. Хариуцагч нь тухайн  тээврийн хэрэгсэлд 9,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.  

 

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т  зааснаар хариуцагч Б.Бэс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгож,   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...

Б.Х, Б.Э нарын нэхэмжлэлтэй, иргэн Б овогтой Бат- Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/Ш2023/00175 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Нэг. Шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотолгооны хэрэгсэлд хамаарах зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар "Тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн зэрэгцээ хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Тухайлбал,

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн талаар шүүхээс оновчтой дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Б.Б нь Б.Этэй 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан юм. Гэрээ байгуулдаг өдөр хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.Э болон Б.Х нарын нэр дээр байгаагүй болохыг хэрэг үүсгэх үеэр олж мэдсэн. Тодруулбал, "Бүрэн минж" транс ХХК-ийн нэр дээр байсан нь автотээврийн Үндэсний тевийн лавлагаагаар тогтоогддог. Уг үйл баримтыг шүүгч тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэтэл өөрийн шийдвэрээс эрс шийдвэр гаргаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг няцааж шийдвэр гаргасан.

Иймд, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд хариуцагч нь хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн байна. Хариуцагч нь шүүх хуралдаан дээр энэ талаар өчнөөн хэлж, хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй болно.

Хоёрдугаарт, Б.Б нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр Б.Эгээс худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 70,000,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг ба гэрээг байгуулахад хажууд нь байгаагүй, мөн өөрийн аавыг гэрчээр дуудуулж мэдүүлэг авахуулсан. Хүний аав хүүхдийнхээ төлөө хэл гэснийг нь хэлнэ шүү дээ. Бодит нотолгоо, баримт байхгүй байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн үнийг тогтоож, шийдвэр гаргах нь шударга бус байгаа юм. Нөгөөтэйгүүр уг тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханшийн хувьд 70,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй юм.

Уг тээврийн хэрэгслийн үнийг бодитоор тогтоож, эд херенгийн үнэлгээ хийлгүүлэх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан "Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэх боломжтой юм. Учир нь 2012 онд үйлдвэрлэсэн чирэгч толгой, 2006 оны чиргүүл нь одоогийн ханшаар 70,000,000 төгрөгөөр үнэлэгдэж боломжгүй. Анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хохироож, гэрээний үнийн дүнг нотлох баримтүйгээр тогтоосон.

Хоёр. Шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-т "шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл" шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж заасан.

Шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсны дараа талуудын асуулт, хариултын үе шат эхэлсэн. Уг үе шатанд нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчид доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогддог бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэл тээвэрт явдаг байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргаж өгөх нь хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахад ач холбогдолтой байх тул уг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хуралдааны явцад хуралдаан даргалагчид гаргасан боловч хүсэлт гаргах үе шат дууссан гэх үндэслэлээр хангахаас татгалзсан.

Хариуцагчийн шүүх хуралдаан дээр тавьсан хүсэлт, шүүгчийн татгалзлын талаар 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 151/ТМ2023/00198 тоот тэмдэглэлд огт тусгаагүй байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд саад учруулж байна.

Гурав. Шүүх хуралдааны тэмдэглэлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.1-д "Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шуухийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ" гэж заасан байдаг.

Шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын хурал дээр хэлсэн, ярьсан зүйлүүдийг бүрэн бичээгүй, энд тэндээс нь түүвэрлэн бичсэн. Мөн тус тэмдэглэлд хариуцагчийн тайлбарт, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан мэтээр удаа дараа буруу бичиж, төөрөгдөлд оруулсан байна. Мөн тус тэмдэглэлд дурдсанчлан хариуцагч нь "Тээврийн хэрэгслийг "Хөсөг трейд" ХХК-д очоод "Блак рок транс ХХК"-ын хүмүүстэй уулзаад шилжүүлэн өгсөн байгаа" гэж хуралдаан дээр хэлээгүй. Мөн шүүх хуралдааны эхлэх цаг болон дуусах цагийг санаатайгаар буруу тавьсан байна. Учир нь шүүгч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт хурлын товыг мэдэгдсэн атал өөрөө 11 цаг өнгөрөөж шүүх хуралдааны танхимд ирсэн. Шүүгчийн хоцорч ирсэн нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Яаран сандран ирж, яаран шийдэх асуудал гарсан байх бөгөөд өмнөх гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр няцаасан гэж үзэж байна.

Гомдлын шаардлага: Иймд, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/Ш2023/00175 дугаартай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Х, Б.Э нар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Харин нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар 48-56 УНС улсын дугаартай,  зүтгүүрийн зориулалттай НОWО ZZ4257-V3241V загварын хүнд даацын автомашиныг 89-45 УЧ улсын дугаартай чиргүүлийн хамт Б.Б худалдахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

4. Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар 48-56 УНС улсын дугаартай,  зүтгүүрийн зориулалттай хүнд даацын автомашиныг  89-45 УЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Б хүсэлтээр түүний ажилладаг “Блак рок транс” ХХК-ийн захирал HE PENG HU-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн,  хариуцагч Б.Б гэрээний төлбөрт нийт 55,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон.

5. Харин нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар  “...тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон” гэж, хариуцагч Б.Б “...тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод би нийт 55,000,000 төгрөгийг Б.Эгийн данс руу, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг н.Орхонд шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон” гэж талууд гэрээний үнэ болон төлбөр төлсөн талаар маргасан.

6. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заасан. Иймд гэрээний талууд үнийн талаар гэрээнд тусгаагүй бол шүүх бус өөрсдөө тодорхойлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар 48-56 УНС улсын дугаартай,  зүтгүүрийн зориулалттай хүнд даацын автомашиныг 89-45 УЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Б 70,000,000 төгрөгөөр зарсан нь гэрч Ц.Бын “2020 оны 10 сард намайг Хэнтий аймаг руу ачаа буулгаж, Улаанбаатар хот руу явж байхад хүү Б.Э нь тухайн тээврийн хэрэгслийг Б.Б 70,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх 145-147/-ээр нотлогдсон.

Харин хариуцагч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар няцаагаагүй байна.

7.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж үзлээ.

8.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Бэс 15,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

  9. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х “...хариуцагчийн зүгээс тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэл тээвэрт явдаг байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргаж өгөх нь хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахад ач холбогдолтой байх тул уг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хуралдааны явцад хуралдаан даргалагчид гаргасан боловч хүсэлт гаргах үе шат дууссан гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн” гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурджээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх гомдлын агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөлд байдалд тооцох үндэслэлд хамарахгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт хуульчлан зохицуулсны дагуу хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхэд тэмдэглэлд өөрчлөлт оруулах санал гараагүй байна.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж үйлдэл буюу хэлцэл хийгдсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2023/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хгийн гаргасан давж заалдах хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ТҮВШИНТӨГС       

 

       ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ