| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2017000000024 |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 11
С.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай С.Л-д холбогдох эрүүгийн 2017000000024 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамба, Д.Энхбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт С Л
С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Билүү түлүү” гэх газар А.Д-той Улаанбаатар хот руу орой явна, өглөө явна гэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдож түүний толгойн тус газар нь гараараа цохиж гавал тархины хавсарсан хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Л-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж 18 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан “...10 жилийн...” гэснийг “...8 жилийн...” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамба, Д.Энхбаатар нар хамтран гаргасан гомдолдоо: "Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь:
С.Л нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж бүрэн барагдуулсан.
Энэ хэргийн хохирогч С, түүний өмгөөлөгч Баярбаясгалан нар “...шийтгэх тогтоолд тусгагдсан хохиролтой холбоотой асуудал дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Оршуулгын болон бусад зардлаа бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол, саналгүй тул шүүгдэгч С.Л-д хорих ялаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна” гэсэн хүсэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн болон бусад тусламж үзүүлсэн, хохирол төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Шүүгдэгч С.Л болон хэргийн газар байсан гэрчүүд хэрэг гарсны дараа талийгаач А.Д-т эмнэлэгийн тусламж үзүүлэхээр яаралтай дуудлага өгч, тусламж ирэх хүртэл хугацаанд түүнийг сэргээх гэж ус цацах, хиймэл амьсгал хийх зэргээр зохих тусламж үзүүлж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Бие махбодын... байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Хэрэг гарах үед шүүгдэгч С.Л нь бие махбодын хувьд талийгаач Д-ын эрхшээлд байсан гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон гэж үзэж байна. Тодруулбал, тухайн үед талийгаач нь бие махбодын хувьд эрүүл саруул байсан, харин шүүгдэгчийн хувьд баруун гар нь хуучин хугаралтай, бүрэн эдгэрээгүй, хадуулсан (10 ширхэг хадаастай) боолт, сойлттой байсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн “...тухайн үед миний баруун гар эрүүл, хугараагүй байсан бол би найзыгаа цохихгүй, 2 гараараа түүнийг тэврээд байх байсан. Ийм хэрэг явдал гаргахгүй байсан... Гар хугарсан, бэртэлтэй байсан тэр үед найз маань хэт согтуу байснаас над руу зогсохгүй дайраад архины шилээр болон гараараа цохиж, газар унагаж, хугарсан гарыг минь хөндөөд байхаар нь ...түүнийг зогсоох гэж аргагүйдээ цохисон. Би маш их харамсаж байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг нь хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, С.Лгийн эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Талийгаач нь тухайн үед бусдаасаа илт их согтуу байсан, тэр үедээ шүүгдэгч рүү агсам тавьж, архины шилээр түүний дух руу 1 удаа цохисон. Архины шил хагарч, шүүгдэгчийн дух хэсгээс цус их гарсан. Шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоосон. (56 дахь тал) Улмаар талийгаач нь гадуур хувцсаа тайлж, цээж нүцгэн гадагш гарч, шүүгдэгчийг ална гэж дайрах үед газар унаснаас хугарсан гарынх нь бэхэлгээ хадааснууд хөдөлж, гэмтэл нь сэдэрсэн. Энэ нь С.Л-ийн эмчлүүлэгчдийн карт (90-95, 139-143, 149-153 дахь тал), мөрдөн байцаах тасгийн даргын албан бичиг (152 дахь тал), хорих 425 дугаар ангийн даргын албан бичиг (184 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогддог. Улмаар талийгаач нь гэр рүү орж, гал тогооны хэрэгсэл байдаг хэсгээс гялгар эд зүйл авч гарахдаа С.Л-ийн нүүр рүү гараараа 1 удаа цохиж, гэмтэл учруулсан болох нь хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (14-15 дахь тал) зэрэг баримтаар нотлогддог.
Хэрэг гарсны дараа С.Л нь өөрийн үйлдсэн хэргээ сайн дураар илчилж, дуудлага өгсөн.
Иймд өмгөөлөгч бид дээрх үндэслэлээр С.Л гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж бүрэн барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүхээс оногдуулсан ял шийтгэлд гомдсон зүйл байхгүй. Оршуулгын зардал 5,500,000 төгрөг, шүүгдэгч өөрийн лизингтэй машинаа өгсөн нь үнэн. Гэвч миний сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Би одоо 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, явж чаддаггүй. Өнөөдөр миний хүү амьд сэрүүн байсан бол биднийг асрах хүүхэд байсан гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Л нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм бурууд нь тохирсон ял оногдуулсан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг “Билүү түлүү” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А.Д нь айлын гадаа нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.
Эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хоёр шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, нягтлан шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд С.Л гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхээс С.Л-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуульд заасан тодорхой үндэслэлүүдийг дурдан тухайн зүйл, хэсгээр оногдуулж болох доод хэмжээний хорих ялыг оногдуулсныг шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч хоёул согтуурхаж маргалдсанаар бие биендээ хүч хэрэглэн халдсан нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, хэн аль руугаа довтлох замаар харилцан зодолдсон шинжтэй байх тул С.Лг хоёр шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, учирсан хохирол, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, эдлүүлэх дэглэм зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэний зэрэгцээ шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн С.Л-ийн хувьд хоёр шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамба, Д.Энхбаатар нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН