Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/0101

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн дарга, Байгаль

орчин, аялал жуулчлалын яаманд

тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:             Б.Мөнхтуяа

Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг                   

 Шүүгчид:                             П.Соёл-Эрдэнэ                     

                                                 Ц.Цогт

Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Их тойруу” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0596 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч М.А, Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0596 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаартай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэрийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлтийг буюу захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...”Г” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Э и” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоожээ...” гэх  боловч “Г” ХХК нь “Э и” ХХК-тай туслан гүйцэтгүүлэх ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд энэ хэрэгт ач холбогдолгүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компанийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй.

4. Мөн “Г” ХХК болон туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан гэх “Тж” ХХК нь МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2009 оноос хойш ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/59, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/26, 1/27, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8/2478 дугаартай албан бичгүүдэд тус тус тодорхой байхад “Г” ХХК болон гэрээ байгуулсан гэх “Э и” ХХК, “Тж”  ХХК-иудыг тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байсан, олборлолтын үйл ажиллагааг нь төрийн  байгууллагаас зогсоосон мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой атал Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, тэмдэглэл, Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 дүгээр албан бичиг зэргийг үндэслэн гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн хүлээсэн үүргээ дутуу баримт, нотолгоонд үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нь тодорхой байхад захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүргээ биелүүлээгүй үйлдлээ залруулж дахин шалга гэж давж заалдах шатны шүүхээс тус тус үзсэн нь үндэслэлгүй юм.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт болох Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл нь хэзээ гарсан, хэнд хаяглагдсан гэдэг нь тодорхойгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь уг мэдээлэл гэх баримтыг яаж олж авсан, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан бичгийн дагуу авсан бол хэзээ гардаж авсан зэрэг нь тодорхойгүй. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгийн хавсралтаар ирсэн бол яагаад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлтийн үндэслэл болгоогүй зэрэг нь ойлгомжгүй. Мөн уг мэдээлэл гэх баримт дээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой бичиг баримтын зөрчлийг шалгаж шийдвэрлэгдсэн талаар гол мэдээ нь байхад байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй гэж шалгалт хийсэн, зөрчлийн арга хэмжээ авагдсан талаар дурдагдаагүй болно.

7.  Ашигт малтмалын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/797 дугаар албан бичгийг “Г” ХХК-ийн талаас гаргасан баримт бөгөөд техник-эдийн засгийн үндэслэл нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцэгдээгүй гэдгийг “Г” ХХК нь анхнаасаа тусгай зөвшөөрлийн талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй гэдгийг нотлох зорилготой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь “Г” ХХК-ийг техник-эдийн засгийн үзүүлэлт байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

9. Шүүхийн магадлалд “...Дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ...ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам... гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай..., тухайлбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан... “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн “Их тойруу” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан хэмжээ ...нөхөн сэргээлт хийсэн эсэх зэрэг нь тодорхой бус байна. Дээрх нөхцөл байдлыг тодруулах нь Ашигт малтмалын тухай хуулийн …дүгнэлт гаргах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэж хуулийг буруу тайлбарласан.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг цуцлуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлт гарган Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн тул дээрх дүгнэлт болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэрээр цуцалсан.

11. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлтээ гаргасан байтал давж заалдах шатны шүүхээс ...маргаан бүхий 2020 оны 2020/05 дугаар дүгнэлт, түүнд үндэслэн гарсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 61 дүгээр шийдвэрийг захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах заалттай. Өөрөөр хэлбэл, “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрших “Их тойруу” нэртэй ашигт малтмалын ашиглалтын МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай хэсэгт нөхөх олговрыг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах зохицуулалттай. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хилийн заагийг тогтоож, кадастрын системд бүртгүүлдэг. Хэрэв өөрчлөлт орсон бол тухай бүр төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой тул усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан хэмжээг дахин тодруулах шаардлагагүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу “Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Их тойруу” нэртэй 624.07 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-011917 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Г” ХХК нь уг талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул ...тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэсэн үндэслэлээр, мөн уг шийдвэрийн үндэслэл болсон маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/05 дугаар дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Б.Б-ийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 тоот албан бичиг, Галуут сумын III багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул “Г” ХХК-ийн эзэмшиж буй ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр гарсан.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа”, “байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, эсхүл “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэдгийг эрх бүхий этгээдээс бодитойгоор тогтоосон байхыг шаардана.

16. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсэг нь дээрх нөхцөл байдлыг бодит байдал дээр шалгаж тогтоолгүйгээр зөвхөн орон нутгийн удирдлагын байгууллагуудын саналыг үндэслэн “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь, мөн уг дүгнэлтийг үндэслэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу бодит байдалд нийцээгүй, хууль бус байна.

17. Түүнчлэн, маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар заасан боловч хариуцагч нэхэмжлэгчийн энэ үйлдэл /эс үйлдэхүй/-г тогтоогоогүйгээс гадна, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан ерөнхий зохицуулалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

18. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхой, хэрэгт авагдсан баримтаар тухайн үндэслэл нь тогтоогдоогүй, хариуцагч нар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлээ өөрсдөө нотлоогүй байхад шүүхүүд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн үндэслэлээр үү, эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй юу гэдгээ дахин нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны актын үндэслэлээ тодорхой болгох, тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай байгааг шалгаж, давхцлын хэмжээг тодорхой болгох, MV-011917 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Их тойруу” нэртэй алтны шороон ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцэгдээгүй талаар тодруулах” гэх зэрэг маргаан бүхий актын үндэслэлд үл хамаарах асуудлыг тодруулахаар, мөн хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, хариуцагчаас нотолж чадаагүй “... “Г” ХХК нь хайгуулын болон үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад нуур, цөөрөм, тунгаагуур үүсгэсэн эсэх, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах, туслан гүйцэтгэгч өөр компаниар үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодруулах...” зэрэг ажлыг хариуцагчаар нөхөн хийлгүүлэх, алдааг засуулах зорилго бүхий үндэслэл зааж “маргаан бүхий захиргааны актын үндэслэл тодорхой бус, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэн холбогдох шийдвэрүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон байна.

19. Өөрөөр хэлбэл, шүүхээс тодруулах шаардлагатай гэж үзсэн “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай” гэх үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй буюу хариуцагчийн хяналтын гомдолд дурдсанчлан /Тодорхойлох хэсгийн 12/ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах/өөр үндэслэл/ заалттай.

20. Иймд, “... “Г” ХХК нь “Э и” ХХК-тай туслан гүйцэтгүүлэх ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, мөн “Тж” ХХК нь МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2009 оноос хойш ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 4/59, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 1/26, 1/27, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8/2478 дугаартай албан бичгүүдэд тодорхой байхад эдгээр компаниудыг тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байсан, олборлолтын үйл ажиллагааг нь төрийн  байгууллагаас зогсоосон мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой атал хийгээгүй, хууль бус байхад захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хариуцагч үүргээ биелүүлээгүй үйлдлээ залруулж дахин шалга гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцэгдээгүй гэдгийг “Г” ХХК нь анхнаасаа тусгай зөвшөөрлийн талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй гэдгийг нотлох зорилготой өгсөн байтал давж заалдах шатны шүүх “Г” ХХК-ийг техник-эдийн засгийн үзүүлэлт байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

21. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу уг хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлтээ гаргасан байхад шүүхээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн нь хуулийг буруу тайлбарласан…” буюу өөрийнх нь гаргасан шийдвэр хууль ёсны гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын хяналтын гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Их тойруу” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-011917 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

                  ШҮҮГЧИД                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                             Ц.ЦОГТ

                                                                                                                       Г.БАНЗРАГЧ