Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

             Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн М.Баянсангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороонд  хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Мандал баг 9 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, тус тойрогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль дахин явуулахыг даалгах”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Баянсан, хариуцагч Б.Оюунчимэг, гуравдагч этгээд О.Сэрээтэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Сайнцагаан сумын иргэн М.Баянсан шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн Мандал баг /9-р тойрог/-т бие даан нэр дэвшсэн билээ. Гэтэл Сайнцагаан сумын Сонгуулийн хороо 2016 оны 9 сарын 8-ны өдрийн 03 тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолоор намайг бүртгэхээс татгалзсан тул би эс зөвшөөрч Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дундговь аймгийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 15 тоот шийдвэрээр...1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 156 дугаар зүйлийн 156.2.3, 157 дугаар зүйлийн 157.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бор хишигт овогт Маньдагийн Баянсангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 9 сарын 8-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхэс татгалзах тухай” 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр Маньдагийн Баянсанг бүртгэх шийдвэр гаргахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 221/МА2016/0664 тоот магадлалаар...1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...157.1-т заасныг баримтлан “гэснийг” 157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4а, 127 дугаар зүйлийн 127.4, 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Миний бие 2016 оны 10 сарын 17-ны өдөр Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны дарга Б.Оюунчимэгтэй уулзахад бид ингээд орхисон одоо бидэнд хамаагүй,  сумын сонгуулийн хороо татан буугдсан гэсэн. Би бичгээр хариу авах шаардлага тавьсан. 2016 оны 11 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сонгуулийн хорооны 11 сарын 8-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус сумын сонгуулийн хороог шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр буюу 2016 оны 11 сарын 17-ны өдрөөр татан буугдсанд тооцсон учир та аймгийн сонгуулийн хороонд хандана уу гэсэн хариуг 2016 оны 11 сарын 28-нд бичгээр надад ирүүлсэн.

Иймд би Дундговь аймгийн сонгуулийн хороонд 2016 оны 11 сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан. Дундговь аймгийн сонгуулийн хорооны дарга О.Чулуунбат...танай сумын сонгуулийн хороо шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэснээр татан буугдах тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй...” гэсэн хариуг сумын сонгуулийн хороонд өгсөн. Сумын сонгуулийн хороо 2016 оны 11 сарын 28-ны өдөр он сар бичээгүй М.Баянсан нь Дундговь аймгийн Сайнцагаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэгдсэн тул үнэмлэх олгов гэсэн 68 дугаартай үнэмлэхийг сумын сонгуулийн хорооны гишүүн Б.Эрдэнэтуяа надад гардуулан өгсөн. Иймээс нэр дэвшигчээр бүртгэж тогтоол гарган үнэмлэх олгосон тул сонгууль зохион байгуулах нь гэж үзэж 2016 оны 12 сарын 02-ны өдөр Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өлзийбаярт ...Сайнцагаан сумын 9-р тойрогт дахин сонгууль явуулж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн.

Гэтэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 19-ны өдөр “таны өргөдөлд заасан сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийг үндэслэн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин сонгуулийн хороог байгуулж сонгууль явуулах эрх зүйн нөхцөл бүрдээгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн тул сумын сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн.

Миний бие энэхүү байдлуудыг үндэслэн Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороонд /дарга Ч.Содномцэрэн/-д өргөдөл гаргасан.

Өргөдлийн хариуг 2016 оны 12 сарын 26-ны өдрөөр ...Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5-д зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороод нь сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дээд шатны байгууллага байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан харьяаллын дагуу тухайн нутаг дэвсгэр дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сумын сонгуулийн хорооны шийдвэр, эс үйлдэхүйд холбогдох гомдлоо гаргана уу... гэсэн хариуг ирүүлсэн.

Би энэ албан бичгийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр шуудан холбооны газраас хүлээн авсан. Цаг хугацааны хувьд шат шатны хурлын байгууллага, сумын сонгуулийн хороо зэрэг олон албан тушаалтанд хандсаар өдийг хүрсэн, мөн шинэ жилийн баярын амралт таарсан зэрэг шалтгаантай тул хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй  гэж үзэж байгаа.

 Иймд Сайнцагаан сумын сонгуулийн хороо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2016 оны 11 сарын 23-наас хойш зохион байгуулж намайг оролцуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Мандал баг 9-р тойрогт явагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хүчингүй болгож, тус сумын тойрогт дахин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулахыг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

            2. Хариуцагч Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны дарга Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “.......Сайнцагаан сумын сонгуулийн хороо гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хангахгүй орхиж шийдсэн.

Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 2016 оны 11 сарын 17-нд дуусгавар болж иргэн М.Баянсанд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, шүүхийн шийдвэрийг Сайнцагаан сумын Сонгуулийн хороо биелүүлсэн.

Дундговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоолд зааснаар иргэн М.Баянсанг сумын сонгуулийн хороо 2016 оны 11 сарын 23-нд тогтоолоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзсэн. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийг бүрэн гүйцэд ойлгоогүй дахин сонгууль явуулах нь Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны бүрэн эрх ч гэж ойлгоогүй байсан. Бидний хувьд аймгийн сонгуулийн хорооны тогтоолын дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа татан буугдана гэснийг бид нар юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэснээр шүүхийн маргаан дууссан, иймд сумын сонгуулийн хороо мөн татан буугдсан гэж үзэж байсан. Дараа нь сонгууль болох асуудлыг дараагийн сонгуулийн хороо хэрэгжүүлнэ гэдэг байдлаар бид нар хандаж байсан нь учир дутагдалтай болоод байгаа. Ер нь бол нэр дэвшигчээр бүртгүүлсэн бол сонгууль заавал явагдах нь ойлгомжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тэр сонгуулийг хувь хүний хувьд эсхүл сонгуулийн хорооны дарга байсны хувьд сонгууль дахин явуулах хүн нь мөн үү биш үү гэдэг асуудал дээр эргэлзэж байгаа. Ер нь бол Сайнцагаан сумын сонгуулийн хороонд мэргэжлийн хуульч байхгүйгээс бид Сонгуулийн тухай хуулийг бүрэн гүйцэд зөв ойлгоогүй юм их байна. Иймээс гомдол тэмцэл гэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хүлээн авах болно гэв.  
          4.Гуравдагч этгээд Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзээд, шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна. Миний хувьд хуулийн дагуу сонгуульд оролцсон гэж үзэж байгаа. Миний бие хувийн шалтгаанаар эзгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ./хх-130/

5.Гуравдагч этгээд Б.Хатанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие 2016 оны 10 сарын 19-ны сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Мандал баг 9-р тойрогт нэр дэвшиж, иргэдээс 600 хүний санал авч сонгогдсон. 2016 оны 11 сарын 2-нд Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар 2016-2020 он хүртэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллах бүрэн эрх зөвшөөрөгдөж төлөөлөгчөөр сонгогдсон. Иймээс дахин сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй байна ...” гэжээ./хх-131/

6.Гуравдагч этгээд Н.Майхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”...Монгол Ардын Намаас 9-р багт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж олонхийн санал авч 2016 оны 11 сарын 02-нд анхдугаар хуралдаанаар бүрэн эрхээ баталгаажуулан зөвшөөрөгдөж Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгч буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр одоог хүртэл ажиллаж байна. Харин дахин сонгууль явагдаж миний эрх хөндөгдөхгүй байх гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь би хууль зөрчөөгүй, ард түмэн олонхоороо сонгосон. Сумын сонгуулийн хороо хувь хүн 2-ын асуудлыг би мэдэхгүй. Би тус багаас 450 орчим иргэний санал авч гарсан. Ард иргэдээ хүндэтгэх байх гэдэгт итгэж байна...” гэжээ. /хх-136/

7.Гуравдагч этгээд Х.Хишигбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... иргэн миний хувьд сонгуульд хуулийн дагуу оролцсон. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй...” гэжээ./хх-138/

8.Гуравдагч этгээд О.Сэрээтэр шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-133/ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Баянсангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

“...М.Баянсангийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл сонгуульд зарцуулсан миний зардлыг хэн нөхөн төлөх нь тодорхойгүй байна...” Гэхдээ яг хичнээн төгрөг зарцуулсныг би одоогоор мэдэхгүй, намаас нэр дэвшсэн мөн нотлох баримт байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн  М.Баянсангаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хороонд холбогдуулан сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, Сайнцагаан сумын Мандал багийн 9-р тойрогт явагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хүчингүй болгуулах, тус тойрогт дахин сонгууль явуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг  /хх-1-8,125/, 2017 оны 1-р сарын 3-ны өдөр хүлээн авч 2017 оны 1-р сарын 5-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн./хх-31-32/

Шүүхээс хэрэгт цугларч ирсэн бичгийн баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

         1.Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл  гаргах  эрх, хугацааны тухайд:

Нэхэмжлэгчид Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 157.12-т “нэр  дэвшигчээр бүртгүүлсэн бол нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах эрхгүй”, 111 дүгээр  зүйлийн 111.4-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь доор дурьдсан журмаар шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах эрхтэй”, 111.4.1-т “орон нутгийн хурлын сонгуулийн тухайд тухайн шатны сонгуулийн хороонд холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд” гэж заасныг тус тус  үндэслэн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны эс үйлдэхүйтэй холбогдуулан Захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4, 114.5.3-т зааснаар нэхэмжлэгч М.Баянсан нь  Сайнцагаан сумын сонгуулийн хорооны шийдвэр үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-тэй холбогдуулан Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 сарын 28-ны өдрийн шийдвэрээр/-24/ аймгийн Сонгуулийн хороо болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд тус тус хандаж  2016 оны 12-р сарын 26-ны өдрийн хариуг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авснаар /хх-29-30/ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зйүлийн 113.5-д заасан хугацааг нэхэмжлэгчээс шалтгаалж хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

2.Нэхэмжлэгчийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сайнцагаан сумын Мандал баг 9-р тойрогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хүчингүй болгуулах, тус тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч М.Баянсангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9-р сарын 28-ны өдрийн 15 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 221/МА2016/0664 тоот магадлал, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн 698 тоотоор өгсөн шийдвэрийг хэрэгжүүлж Сайнцагаан сумын Мандал баг 9-р тойрогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг  гаргаснаа  2017 оны 1-р сарын 27-ны өдөр тодруулж Сайнцагаан сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэж  үнэмлэх олгосон атлаа сонгуульд оролцуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна.

Иймд энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, Мандал баг 9-р тойрогт  явагдсан сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулж өгөхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. /хх-125/

Нэхэмжлэгч М.Баянсангаас 2016 оны 09-р сарын 12-ны өдөр Сайнцагаан сумын сонгуулийн хороонд холбогдуулан “Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9-р сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан  нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах“ тухай нэхэмжлэлээр/хх-50-52/, 106 тоот шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэж /хх-53-54/, тус шүүхийн 2016 оны 9-р сарын 28-ны өдрийн 15 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 17-ны 221/МА2016/0664 тоот магадлалаар тус тус шийдвэрлэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч Сайнцагаан сумын сонгуулийн хороо биелүүлж 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчээр бүртгэх тухай” 06 тоот тогтоолоор /хх-69,103/ М.Баянсанг Мандал багийн 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл /хх-103/, тогтоол /хх-69/, нэр дэвшигчийн үнэмлэх /хх-10/ зэргээр тогтоогдож байна.

Сайнцагаан сумын сонгуулийн хороо нь ийнхүү нэр дэвшигчийг Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мандал баг, 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэсэн атлаа Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13-т заасан “сум дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр  гаргаснаас хойш  5 хоногийн дотор нийт  нэр дэвшигчийн  жагсаалтыг  нэгтгэж нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.3-т ”сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд  сум, дүүргийн сонгуулийн байгууллага”, 25 дугаар зүйлийн 25.3-т “сум дүүргийн сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг сум дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т ”Сум дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэх зэргээр заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлэхгүй  орхигдуулсан нь нэхэмжлэгчийн Сайнцагаан сумын сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшигчээр бүртгэж,  үнэмлэх олгосон атлаа сонгуульд оролцуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна” гэх, хариуцагчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тус сумын сонгуулийн хороо 2016 оны 11 сарын 23-нд нэр дэвшигчээр бүртгэж, тогтоол гаргаснаас хойш Сонгуулийн тухай хуулиар ямар ч ажиллагаа хийгээгүй болно” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байх тул Сайнцагаан сумын сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулж сонгуульд оролцуулах эрхийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сайнцагаан сумын Мандал баг 9-р тойрогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг хүчингүй болгуулах,  тухайн тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй, дээрх эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон сонгуульд нэр дэвших, улмаар сонгуульд оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ нэрлэн заасан нэхэмжлэлийн шаардлагаар /хх-1/ тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлбэл зохих байгууллага нь Сайнцагаан сумын сонгуулийн хороо бөгөөд сонгуулийн тухай хуульд заасан дээрх холбогдох ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул Сайнцагаан сумын мандал баг, 9-р тойрогт явагдсан 2016 оны сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчийг сонгох сонгуулийг хүчингүй болгож, тус тойрогт дахин сонгууль явуулахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороонд даалгах нь  зүйтэй.

Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 152 дугаар зүйлийн 152.1-т заасныг үндэслэн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 8-р сарын 18-ны өдрийн 10 тоот тогтоол / хх-50-51/  түүний 1-р хавсралтаар Сайнцагаан сумын Мандал багт 9-р тойргийг байгуулж, 5 мандаттай байхаар  тогтоосон.

Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн 10 тоот тогтоолоор Сайнцагаан сумын Мандал баг 9-р тойрогт нэрийн жагсаалтад бичигдсэн 1614 сонгогчдоос 818 нь буюу 50.43 хувийн сонгогчийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр бүхий 5 нэр дэвшигчийг санал авсан  дарааллаар жагсааж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлж, сонгуулийн дүнг  тайлагнажээ. /хх-47-53/ 

3.Хариуцагчаар татагдсан  Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны эрх зүйн байдлын  тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Дундговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 8-р сарын 12-ны өдрийн 01 тоот “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай” тогтоол /хх-40-42/ түүний хавсралтаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Сайнцагаан сумын Сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн хорооны 2016 оны 8-р сарын 31-ний өдрийн 03 тоот тогтоолоор /хх-44/ нэр дэвшигч Н.Майхүүг сонгуулийн хорооны гишүүнээс чөлөөлж Г.Мөнхтуяаг томилж бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулсан  байна.   

Нэхэмжлэгч М.Баянсангаас “Сайнцагаан сумын Сонгуулийн хороо татан буугдаагүй”, хариуцагч Сайнцагаан сумын сонгуулийн хорооны дарга Б.Оюунчимэг “сумын сонгуулийн хороо татан буугдсан” зэргээр зөрүүтэй тайлбарлаж маргадаг.

Сайнцагаан сумын сонгуулийн хорооны дарга болон гишүүдээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл гомдолд 2016 оны 11-р сарын 28-ны өдөр бичгээр өгсөн   шийдвэртээ /хх-24/ Дундговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 11-р  сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус сумын сонгуулийн хороог шүүхийн шийдвэр эцэслэн гарсан өдрөөр буюу 2016 оны 11-р сарын 17-ны өдрөөр татан буугдсанд тооцно гэж үзсэн атлаа 2016 оны 11-р сарын 17-ны өдрөөр  татан буугдсан гэх сонгуулийн хороо 2016 оны 11-р сарын 23-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж /хх-103/ М.Баянсанг бие даан  нэр дэвшигчээр бүртгэж 06 тоот “бие даан нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоол/хх-69/, 08 тоот тэмдэглэлийг /хх-103/  тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Сайнцагаан сумын сонгуулийн хороог татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй, нэр дэвшигчээр бүртгэж тогтоол гаргаснаар эрх зүйн байдал нь дуусгавар болоогүй үргэлжилж байна.

Түүнчлэн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12-р сарын 19-ны өдрийн 41 тоот албан бичгээр /хх-28/ сумын сонгуулийн хороог дахин байгуулан сонгууль явуулах эрх зүйн нөхцөл бүрдээгүй байна“ гэх баримт, гэрч Ц.Мөнгөнцоожийн “аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоолоор бол Сайнцагаан сумын сонгуулийн хороог татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй, учир нь шүүх дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэнээр сонгуулийн хороо татан буугдана гэж заагдсан байгаа.  Сайнцагаан сумын сонгуулийн хороо нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тамга тэмдгээ аваад бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа,  хэрэгжүүлээд  ч явах эрх нь нээлттэй гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг /хх-97-98/ гэрч О.Чулуунбатын  “Миний  бие 2016 оны орон нутгийн сонгуульд Аймгийн сонгуулийн хорооны даргаар 2016 оны 11 сар  хүртэл ажилласан. Сайнцагаан сумын сонгуулийн хороо  өөрөө өөрийгөө татан буугдсан гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 11-р сарын 8-ны өдрийн 04 тоот тогтоолоор 11 сумын сонгуулийн хороог татан буулгаж Сайнцагаан зэрэг 4 сумын сонгуулийн хороог шүүх дээрх  маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр татан буугдахаар зааж өгсөн. Үүнээс өөр тогтоол шийдвэр аймгийн сонгуулийн хорооноос гараагүй. Мөн сумын сонгуулийн хороог тамга тэмдэг албан бланкаа хүлээлгэж өгснөөр татан буугдана гэж үзэх ойлголт байхгүй ээ” гэх мэдүүлэг /хх-164-165/ зэрэг баримтуудаар Сайнцагаан сумын сонгуулийн хороо татан буугдсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн хариуцагчаас “аймгийн сонгуулийн хороо татан буугдчихсан байхад сумын сонгуулийн хороо ажиллах нь буруу, эргэлзээ төрүүлж байна“  гэж тайлбарлаж байх ба Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т ”сум дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллага, удирдлага, зохион байгуулалтыг сум дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-т “сум дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум дүүргийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж зааснаас үзэхэд дээрх тайлбар үгүйсгэгдэхээс гадна аймгийн сонгуулийн хороог Дундговь аймгийн Иргэдийн  төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн 29 тоот тогтоолоор 2016 оны 11-р сарын 14-ний өдрөөр дуусгавар болгосон байх /хх-45/ ба 2016 оны 11-р сарын 14-нөөс хойш буюу 2016 оны 11-р сарын 23-ны өдөр Сайнцагаан сумын сонгуулийн хороо хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж тогтоолоо  гаргасан байх тул  хариуцагчийн дээрх тайлбар мөн үндэслэлгүй болж байна.

Иймээс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 08-р сарын 12-ны өдрийн 01 тоот “сумын сонгуулийн хороо байгуулах тухай” тогтоол /хх-40-42/ түүний хавсралт, 2016 оны 8-р сарын 31-ний өдрийн 03 тоот ”зарим сумын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах тухай”  тогтоолоор/ хх-44/  нэмэлт өөрчлөлт оруулж бүрэлдэхүүнийг баталсан тогтоол ёсоор Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны   даргаар  Б.Оюунчимэг,  нарийн бичгийн даргаар  М.Энхбаяр,  гишүүдэд Г.Мөнхтуяа, Б.Эрдэнэтуяа, Г.Цогтсайхан, Р.Булгантамир, Д.Бадамцэцэг нарын бүрэлдэхүүнтэй сонгуулийн хорооны эрхзүйн байдал дуусгавар болоогүй гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Баянсангийн  нэхэмжлэлийн шаардлагаас нэр бүхий 5 хүний эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэдэг үндэслэлээр  шүүх 2017 оны 1-р сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар /хх-115-116/ Сайнцагаан сумын Мандал баг, 9-р тойрогт нэр дэвшсэн Б.Хатанцэцэг, О.Сэрээтэр, Н.Майхүү, Х.Хишигбат, Ц.Оюунцэцэг нарыг гуравдагч этгээдээр  татаж хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан хийгээд О.Сэрээтэрээс бусад нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж хүсэлтээ бичгээр /хх-130,131,136,138/ ирүүлсэн тул шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.

Сайнцагаан сумын Сонгуулийн хороо нь улсын төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаагаа зохион байгуулахаар хуульчлагдсан байх тул Сайнцагаан сумын сонгуулийн хороог улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.12, 157.13, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар  зүйлийн 163.2, 25 дугаар зүйлийн 25.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр  зүйлийн 34.1, 34.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Баянсангийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сайнцагаан сумын сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулж сонгуульд оролцуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Сайнцагаан сумын Мандал баг 9-р тойрогт явуулсан 2016 оны сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хүчингүй болгож, мөн тойрогт орон нутгийн сонгууль дахин зохион байгуулж явуулахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороо /дарга Б.Оюунчимэг/ -нд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баянсангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгох, Сайнцагаан сумын сонгуулийн хороог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т  зааснаар  шүүхийн шийдвэрийг  гардан авснаас  хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.СУГИРЖАВ.