Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0157

 

2019 оны 03 сарын 14 өдөр   

  Дугаар 221/МА2019/0157

Улаанбаатар хот

 

 

“Б х г н с г х х” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Б х г н с г х х” НҮТББ-ын тэргүүн Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй, “Б х г н с г х х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х г н с г х х” НҮТББ-ын тэргүүн Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Халхгол сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “П д т” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “П д т” ХХК-ийг хамтран хариуцагчаар гэснийг гуравдагч этгээдээр гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 гэснийг 29 гэж гэж тус тус өөрчлөн, Халхгол, Матад сумын Засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай Д.Г гэх иргэнээс гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд буюу нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс энэ нэхэмжлэлийг гаргаагүй байна. Уг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс маш тодорхой харагддаг ба Амараа овогтой Сүхбаатарыг томилсон байдаг. Уг төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс шүүхэд нийтийн эрх, ашгийг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан бол хавтаст хэрэгт авагдсан баримтаас Д.Ганцогт гэх хүн төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй бас нэг үндэслэл бий болж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд болох төрийн бус байгууллага нь хуульд заасан хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь дээрх 4 үндэслэлийн алинд хамааруулж, тэр нь дүрмийн зорилгодоо хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байхад шүүх хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж буй нэг үндэслэл болж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөх хүсэлт гаргахад шүүхээс уг хүсэлтийг огт шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б х г н с г х х” НҮТББ шүүхэд “Халхгол сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “П д т” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... орон нутгийн иргэдийн 300 орчим хүн ажилгүй байгаа, ... “П д т” ХХК түүхий тос олборлосноос хэдэн тэрбум долларын ашиг олж, хэдийг нь орон нутагт зарцуулах нь тодорхойгүй, ... сум орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гараагүй” гэж тайлбарлажээ.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах төдийгүй түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардсан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай ба нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

“Б х г н с г х х” НҮТББ нь 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан дүрмийн[1] зургаа дугаарт “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах” гэж зорилгоо тодорхойлсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн тохиолдолд нөлөөлөх байдлаар уг эрхийг нь хамгаалах чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх дүрмийн зорилго нь “...нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “П д т” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл, түүний маргаж буй дээрх үндэслэлтэй хэрхэн нийцэж байгаа, хариуцагч Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг хэрхэн зөрчсөний улмаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн, гэрээнд уг хуульд заасан асуудлаар ямар нэгэн зохицуулалтыг тусгахыг хүссэн эсэхийг тодруулалгүй, талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүрчээ.

Мөн захиргааны хэргийн шүүх нь хариуцагчийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн хариуцагчид даалгаж шийдвэрлэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад “гуравдагч этгээдтэй 2018 оны гэрээ байгуулах, жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллах” талаар хандаж байсан эсэх, хариуцагч тухайн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргасан эсэх талаарх баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хууль бусаар татгалзсан, огт шийдвэрлэлгүй орхигдуулсан эсхүл нэхэмжлэгч огт хандаагүй зэргийн аль нь болохыг тодорхойлсны үндсэн дээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх эсэх нь тодорхой болох бөгөөд хариуцагчид хандсан гэх баримтууд зөрүүтэй тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “...гэрээ байгуулж ажиллахыг хүссэн гомдол хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №09, №10 дугаар албан бичгээр тухайн шатны Засаг дарга нарт гаргасан...” гэж дурдсан боловч 2018 оны 10 дугаартай албан бичиг[2] нь Дорнод аймгийн Засаг даргад гаргасан гомдол байна.

Түүнчлэн анх “Б х г н с г х х” НҮТББ нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[3] хариуцагчаар Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга, “П д т” ХХК-ийг тодорхойлж, шүүх тэдгээрт холбогдуулан захиргааны хэргийг үүсгэж[4], улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 118 дугаар захирамжаар[5] “П д т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Дээрхээс үзвэл “П д т” ХХК нь тухайн хэрэгт хариуцагч, эсхүл гуравдагч этгээдийн алинаар нь оролцож, хуульд заасан ямар эрх, үүргийг эдлэн мэтгэлцэж байгаа нь тодорхойгүй байх тул хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Матад, Халхгол сумдын Засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн бөгөөд “Б х г н с г х х” НҮТББ нь Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргаж буй эсэх, хариуцагчаар тухайн сумын Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үгүй нь тодорхойгүй байх тул шүүх үүнийг тодруулж, холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй байна.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, “П д т” ХХК-д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-6 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-11 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-1 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-22 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-75 хуудас