Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2023/00024

 

 

 

 

 

 

  2023            5          18                                                     223/МА2023/00024

 

 

 

“С” ХХК дахь Б

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2023/00164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхарт байрлах, “С”  ХХК дахь Б хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 1 дүгээр баг, Чандмань, хаалганы дугаар 1 тоотод байрлах “Ч х” ХК /2032597/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,071,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч  “С”  ХХК дахь Б хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, хариуцагчийн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С”  ХХК дахь Бхүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...М банк болон Сны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот М банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банкны зарим шаардах эрхийг Санд шилжүүлсэн. Мбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "С" ХХК-д Бхүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар "С" ХХК-д Бхүлээн авах албадлагын арга хэмжээ авч Бхүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Сны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Бхүлээн авагчид шилжсэн. Бхүлээн авагчаас Сны зарим актив, пассив, хөрөнгийг "Төрийн банк" ХХК-д шилжүүлж, Сны чанаргүй актив нь Бхүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд:

Зээлдэгч "Ч" х ХК-д олгосон чанаргүй зээл хамаарч байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл авах үеийн хаягтаа оршин сууж буй эсэх нь тодорхойгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж Хуулийн этгээдийн лавлагааг гаргуулан авч, зээлдэгчийн хаягийг тогтоосон. Иймд Бхүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. М банкны актив, пассив хөрөнгө тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралтын 2.13-т "Ч х" ХК /РД:2032597/ (Чандмань Уул) нь гэрээний шаардах эрхийн жагсаалтад байх тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Мөн хавсралтаар Мбанкны зээлийн сангийн лавлагаанд "Ч х" ХК /РД:2032597/ нь 2,407,456.00 төгрөгийн муу зээлтэй гэж тодорхойлогдсон зээл нь бидний нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл юм. Энэхүү зээл нь "М" банкнаас авсан зээл байгаа. Гэхдээ хэдийд зээл авсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ нь шилжиж ирээгүй. "М" банкнаас манайд ирэхдээ зээлийн хувийн хэрэг нь алдагдсан байсан. Мбанкнаас авсан даалгаврын хүрээнд нэхэмжлэл гаргаж, шүүхээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Зээлдэгч "Ч х" ХК-ийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,407,456.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,664,000 төгрөг, нийт 4,071,456 төгрөг байна. Иймд хариуцагч "Ч х" ХК- аас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,071,456.00 төгрөг гаргуулж, "С" ХХК дахь Бхүлээн авагчид олгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч “Ч х” ХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би "М" банкны анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нэхэмжлэгчийн яриад байгаа уг асуудлаар 2008 онд Чингэлтэй дүүргийн шүүх авч хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж н.Болдсайхан гэж хүн байсан. Нэгэнт "М" банкны хувьцаа эзэмшигч мөн бол өөрийн тань хувьцааны эрхийг сэргээж өгөх ёстой гэж хэлсэн. Миний бие энэ 26 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчийн ногдол ашгаа аваагүй тул миний хувьцаа эзэмших эрхийг сэргээгээд, хэн хэнээсээ өр авлагагүй болж, шүүхийн шийдвэрээр энэ хэрэг дууссан. Хоёрдугаарт: Тус компани нь байнгын оршин байгаа хаягтаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Манай компани "С" ХХК-аас хэзээ ч зээл авч байгаагүй, одоо ч банканд зээлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт буюу хэрэгт авагдсан баримтуудын 26 дугаар хуудсанд зээлийн үлдэгдлийг 0 болгож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хаав гэж шийдсэн. Энэ материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн архиваас олж авсан. Одоо бол эднийх надаас мөнгө нэхдэг, би эсрэгээрээ 26 жилийн ногдол ашгийн асуудлыг тавьж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч байгууллага өөрөө данс, тооцооны асуудлаа нарийн хийгээгүйн улмаас төлбөрийн үлдэгдэлтэй байна. Харин миний хувьд авлагатай, энэ банкийг татан буугдсан гэж бодсон. Гэнэт 26 жилийн дараа уг асуудлыг ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр бид нэг нэгэндээ авах, өгөх асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.  

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар “Чх” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 4,071,456.00 төгрөг гаргуулах шаардлага бүхий “С” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч “С”  ХХК дахь Бхүлээн авагчийн давж заалдах гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч "С" дахь Бхүлээн авагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а.Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг "С" ХХК-аас зээл авч байсан гэж тайлбар гаргасан, эсхүл үүнийг дэмжсэн ганц ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба өгөх ч боломжгүй юм. Тодруулбал:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч "Ч х" ХК-аас шаардаад байгаа мөнгөн төлбөр бол "М банк" ХХК болон "С" ХХК-н хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “М банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай" гэрээгээр шилжин ирсэн, ирэх үедээ зээлийн хувийн хэрэг нь алдагдсан цөөн хэдэн векселийн /шилжин ирсэн зээл/ нэг ба зээлийн гэрээ "М банк" ХХК болон “Ч х" ХК-н хооронд байгуулагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэл болгосон атлаа энэ нь хавтаст хэрэгт байгаа ямар баримтаар нотлогдож байгаа, яагаад хариуцагчийн тайлбарыг шууд үндэслэлээ болгосон талаараа тодорхой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

б.Шүүх дан ганц нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн. Гэтэл хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнээс үзвэл яг ижил үндэслэлээр хариуцагчийг тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдааны үед гаргасан тайлбарыг ижил нөхцөлд ялгамжтайгаар ашигласан, хариуцагч талд ашигтай байдлаар тайлбар хийсэн нь илт харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа нотолсон баримтуудыг гаргаж өгсөн атал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн байдал, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг ижил нөхцөлд ялгамжтайгаар ашигласан зэргээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай үл нийцэж байна.

в. Шүүхийн шийдвэрийн хэлбэрийн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана", Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т "Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж тус тус заасан.

Харин анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримт, маргаан бүхий асуудлын талаар хэрхэн яаж, ямар дүгнэлт хийж, ашиглаж байгаа талаараа тайлбарлаагүй орхигдуулсан нь хуулийн дээрх хэлбэрийн шаардлагад нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна.

г.Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүх хуралдаанд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Өмнөх төлөөлөгч ямар байдалтай шүүх хуралдаанд оролцсоныг мэдээгүй. Гэхдээ эрх хүлээн авагчийн шаардах эрх үүссэн хугацаа нь М банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ болон, Бхүлээн авагчаар томилох тухай Мбанкны Ерөнхийлөгчийн тушаалын он, сар өдрөөр тодорхойлогдох болно. Манай банкны шаардах эрх энэ үеэс үүссэн гэж үзэж байна. Мөн бүх зээлдэгч нараас жагсаалтын дагуу шаардлагаа гаргаж нэхэмжилж байгаа. Үүнээс гадна зээлийн гэрээтэй холбоотой баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Би өмнө нь авч байсан зээлээ төлөөд дууссан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр зээлтэй холбоотой маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Тухайн үед хариуцагч банкыг төлөөлөөд Болдсайхан гэх хүн шүүх хуралдаанд оролцож байсан. Тэр үед би авсан зээлээ бүгдийг нь төлөөд намайг хувь нийлүүлэгч мөн болохыг тогтоосон. Харин банкны тухайд надаас авсан зээлийн төлөлт барагдуулсныг дансандаа тусгаагүй байна.

Нэхэмжлэгч зээл төлсөн хувийн хэрэг алга болчихсон гэсэн мөртлөө манай байгууллагыг ямар зориулалтаар зээл авсан, хэдэн төгрөг авсан, хэдийг нь төлсөн, хэдэн төгрөгийг төлөөгүй гэж байгааг ямар баримтаар нотлоод байгааг ойлгохгүй байна.

 Би 26 жилийн ногдол ашгаа авна гэхээр 4.000.000 төгрөг нэхэмжлээд байна. Би дахин зээл авсан зүйл байхгүй, авсан зээлээ тухайн үедээ төлөөд дуусчихсан. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал надаас зээлийн үлдэлдэл 2.000.000 төгрөг нэхэмжлээд дээрээс нь хүү тооцож нийт 4.071.456 төгрөг  нэхэмжилж байна.

Зээл, хүү алданги тооцох асуудлын хувьд гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Энэ хугацаа өнгрөөд 26 жил болсон.

Харин би банкнаас 400.000.000 гаруй төгрөг нэхэмжлэх ёстой. Би улсаа хохироох зүйл хийгээгүй гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С”  ХХК дахь Бхүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ч зохигчдын хооронд үүссэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд  давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийв.

2. Нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагч нь 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр М банк, “Чандмань-Уул” ХК-нийн хооронд үүссэн 8,000,000 төгрөгний зээлийн гэрээний үүргээс зохих ёсор гүйцэтгээгүй үүргийн биелэлт үндсэн зээл 2,407,456 төгрөг, хүү 1,664,000 төгрөг нийт 4,071,456 төгрөг гаргуулахаар шаардахдаа М банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийн шаардах эрх Синд шилжсэн, Мбанкны албадлагын арга хэмжээ авах хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн. 

Хариуцагч “Чх” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа М банкны хувьцаа эзэмшигч байсан. Энэ үед авсан зээлээ буцааж төлсөн. Харин Снаас зээл авч байгаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

3.Хавтаст хэргийн 4-19, 29 дэх хуудсанд авагдсан нотлох баримтаас үзвэл, “С” ХХК  нь 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээгээр М банк” ХХК-ийн актив, пассив хөрөнгө, тэдгээрийн шаардах эрхийг шилжүүлэн авсан.

Мбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “М банк” ХХК-ийг татан буулгаж, албадлагын арга хэмжээ авах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, Бхүлээн авагчаар Ч.Аварзэдийг томилсон.

Мбанкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар, 2017 оны 7 дуаар сарын 31-ний өдрийн А-214 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаар, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258 дугаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А-202 дугаар, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-205 дугаар тушалуудаар албадлын арга хэмжээ авах хугацааг сунгасан байх ба 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаар тушаалаар Бхүлээн авагчаар Минжүүрийн Энхтөрийг томилжээ. Иймд нэхэмжлэлийг шаардлага гаргах эрх бүхий этгээд гаргасан гэж үзлээ.

Мөн хариуцагч “Чх” ХК нь анх “Чандмань-Уул” ХК хэлбэртэй хуулийн этгээдээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.

4.2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагч нь 8,000,000 төгрөгний зээлийг шилжүүлэн өгсөн, хариуцагч “Чх” ХК нь буцаан төлөх үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу  баримтаар нотлох нотолгооны үүрэг тус тус хувиарлагдаж байна.

Нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагч нь хариуцагч “Чандмань-Уул” ХК, М банкны хооронд байгуулсан 8,000,000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр гаргаж өгөөгүй ч 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг шилжүүлснээс хариуцагч 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг төлж, одоо үндсэн зээлээс 2.407.456 төгрөг үлсэн болохыг Сны зээлийн дансны хуулгаар нотолсон.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бусад үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй зөвхөн зээлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн хуульд заасан хэлбэрийн шаардлагыг шийдвэрийн үндэслэл болгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд “Чх” ХК-иас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдахаас шилжүүлэн өгсөн үндсэн зээлийг шаардах эрх үгүйсгэгдэхгүй юм.

6.Хариуцагч “Ч х” ХК нь М банкнаас авсан зээлээ буцаан төлж дууссан гэж байгаа ч баримтаар нотлоогүй.

Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр “Монгол улсын Иргэний хуулийн /1994 оны / 89-р зүйлийн 3-ыг баримтлан Чандмань уул ХК-ийг М банкны хувь нийлүүлэгч мөн болохыг тогтоож” гэж шийдвэрлэсэн болохоос зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагч “Ч х” ХК  үндсэн зээлээс 2,407,456 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 Гэхдээ хариуцагч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүснэ.

 7.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаарх тайлбартаа “эрх хүлээн авагчийн шаардах эрх үүссэн хугацаа нь М банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ болон, Б хүлээн авагчаар томилох тухай М банкны Ерөнхийлөгчийн тушаалын он, сар өдрөөр тодорхойлогдох болно. Манай банкны шаардах эрх энэ үеэс үүссэн гэж үзэж байна. Мөн бүх зээлдэгч нараас жагсаалтын дагуу шаардлагаа гаргаж нэхэмжилж байгаа...шүүхэд шинээр гаргаж өгөх баримт байхгүй” гэсэн.  

Хариуцагч “Ч х” ХК-ийн төлөөлөгч Б нь шүүх хуралдааны шатанд “...26 жилийн дараа зээлийн гэрээний талаар нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан хугацаа буюу 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хуульд тусгайлан заасан гурван жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “С”  ХХК дахь Бхүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 151/ШШ2023/00164 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар “Чх” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 4,071,456.00 төгрөг гаргуулах шаардлага бүхий “С” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1., 451 дүгээр үйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Чх” ХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,071,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК дахь Бхүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “С”  ХХК дахь Б хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧИД                                               М.МӨНХДАВАА

                                                                                        З.ТҮВШИНТӨГС